Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 442

 

Г.З-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан хийж, Г.З-гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0622 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.З-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З-гийн ажилгүй байсан хугацааны цалинг дотоод аудитын ахлах мэргэжилтний цалингийн шатлалаар тооцож, нэхэмжлэгчид улсаас олгосон тэтгэмжүүд, одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцон олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0622 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.З-гийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх цалинг дотоод аудитын ахлах мэргэжилтний цалингийн шатлалаар тооцож, 3.952.682 /гурван сая есөн зуун тавин хоёр мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговор дээр урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн дүнгээс одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүү болох 953.450 /есөн зуун тавин гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг нэмж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг болон хуульд заасан татвар, шимтгэлийг суутган хасч тооцон нэхэмжлэгч Г.З-д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие ...магадлалын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагч /ийм ажил, албан тушаал хууль, эрх зүйн актуудад байхгүй/ Ц.А-ийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар хууль зүйн үндэслэлгүй тушаалаар ажлаас халагдсан. Энэ талаарх нэхэмжлэлийг шүүх авч хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Нэхэмжлэгч Г.З-гийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тооцож 3.952.682 /Гурван сая есөн зуун тавин хоёр мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би одоо 55 настай, над шиг 55 настай хүнийг Монголд ажилд авах уу.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам намайг хууль зүйн үндэслэлгүй ажлаас халчихаад надад урд нь ч, одоо ч ажил олгоогүй л байна. Харин шүүхийн шийдвэр гарч би одоо хуучин яамандаа ажилдаа орохоор боллоо. Миний бие 22 настайгаасаа эхэлж 55 нас хүртлээ 33 жил төрийн байгууллагад ажилласан. Би хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээр ажлаасаа халагдаад ажилгүй байж байхдаа амьдрахын эрхэнд, ар гэрээ тэжээхийн эрхэнд албан газрын үүд хаалгыг олон хоног, олон сар царайчлан, гуйж байж жирэмсний амралттай хүний оронд Баянгол дүүрэгт түр хугацаагаар ажилд орсон нь үнэн. Энэ ажлын байрыг би өөрөө хөөцөлдөж байж олж авсан болохоос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам намайг ажлын байраар хангаагүй. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээр намайг ажлаас халаагүй бол би ийм байдалтай явахгүй, миний эрх ч зөрчигдөхгүй байсан. Иймд, миний ажилгүй байсан хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл буюу 2017 оны 6 дугаар 30-ны өдөр хүртэл 10 сар байхаар тогтоож, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг мөнгөн дүнгээр 11.443.120 /Арван нэгэн сая дөрвөн зуун дөчин гурван мянга нэг зуун хорь/ төгрөг байхаар тогтоож өгнө үү.

Тооцооллыг дараахь байдлаар хийлээ. 2016 оны эхний 8 сард 9.154.450 /Есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн цалин авчээ. /цалингийн тодорхойлолтыг хавсаргав/

9 154 450 / 8 сар =1.144.312 төгрөг /сарын дундаж цалин/

1 144 312 * 10 сар =11.443.120 төгрөг

  1. Шүүхийн шийдвэрт “Урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн дүнгээс одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцон олгох” гэжээ. Одоо ажиллаж байгаа энэ ажлын түр байрыг би өөрөө хөөцөлдөн байж олж авсан нэгдүгээрт, хоёрт хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээр ажлаас халсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлын байраар хангаагүй. Ажилгүй, орлогогүй олон сар байлтай нь биш гээд дүүрэгт нэг түр ажил өөрөө олж хийж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам намайг хууль бусаар ажлаас халсан нь шүүхээр тогтоогдсон, энэ хугацаанд ямар нэг ажил олж хийсний төлөө хөдөлмөрлөх эрхээ хасуулж мөн хязгаарлуулж болохгүй гэж бодож байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүүг тооцож олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
  2. Г.З-д олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг буцааж суутгах шийдвэрийг шүүх гаргасан. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээр ажлаас халагдаж 4 сар буюу 120 хоног орчим ажил хайж явж байхдаа аргагүйн эрхэнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний /нэмэгдлүүд ороогүй/ 1 удаагийн тэтгэлэг авсан нь үнэн. Үүнийг шүүх авч үзэхдээ нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ гэж дүгнээд миний эрх сэргээгдсэн учраас би тэтгэлгийг буцааж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөл дүгнэхдээ Төрийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн баталсан эрх зүйн актуудад “даргын үүргийг түр хариуцагч” гэсэн нэр томьёо, хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг “даргын үүргийн түр хариуцагч” гэсэн үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан төрийн албан тушаалтны гэм хорыг төр хариуцна гэж бодож байна. Иймээс нэг удаагийн тэтгэлгийг буцааж төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

            Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг баримтлан хууль бус шийдвэрээр ажлаас халсны үр дагаврыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцаж арилгах учиртай гэж үзэж байна. Иймд, магадлалын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад дээр дурдсан 3 өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Г.З Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 2016 оны 9 дүгэар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон. Анхан шатны шүүх “Хариуцагч нь “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.З-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ” гэж дүгнэж, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дотоод аудитын мэргэжилтний 2 албан тушаалд шалгаруулалт явуулсан тухай нотлох баримт байхгүй, ажлаас чөлөөлсөн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг баримтлаагүй байна гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хэвээр үлдээхдээ “нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан нөхцөл байдал үүсээгүй байна. Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан нөхцөл байдал үүссэн байж болох ч хариуцагчийн зүгээс чөлөөлсөн тушаалдаа хуулийн дээрх зүйл заалтыг баримтлаагүй” гэж дүгнэн хариуцагчийг буруутгасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд дараах байдлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Учир нь, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Засгийн газрын бүтцийн тухай хуулиар 100 хүний орон тооны хязгаартай ажиллаж байсан Хөдөлмөрийн яам /хуучин нэрээр/, 70 хүний орон тооны хязгаартай ажиллаж байсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /хуучин нэрээр/ нэгдэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор тус яамны орон тооны дээд хязгаарыг 117 байхаар батлагдсан тул бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас зарим орон тоо цөөрсөн. Тэдгээрийн нэг нь Г.З-гийн ажиллаж байсан дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал юм. Хөдөлмөрийн яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал-2, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал-2 байхаар батлагдаж, үйл ажиллагаа эрхэлж байсан бол шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дотоод аудитын асуудал хариуцсан албан тушаал нийт-2 байхаар зохион байгуулагдсан. Ингэснээр хуучин хоёр яамны нийт 4 албан тушаал нь 2 болж, 2-оор цөөрсөн.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. Энэ дагуу Хөдөлмөрийн яамны дотоод аудитын мэргэжилтэн М.Э боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.С, Г.З нараас давуу байсан. Харин Г.С нь Г.З-гаас ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр зэрэгтэй/ тул дотоод аудитын 2 орон тоонд ажлын байр нь хадгалагдаж үлдсэн М.Э, Г.С нарыг үргэлжлүүлэн томилсон.

Энэхүү шалгаруулах ажиллагаа нь төрийн албан хаагчдын хувийн хэрэг, төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн системд тусгагдсан мэдээлэл, ярилцлагад үндэслэн хийгдсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Нэхэмжлэгч энэ асуудлаар маргаагүй учраас шүүх холбогдох гэрч нарыг асуугаагүй, нотлох баримтыг нэмж цуглуулаагүй гэж ойлгож байна. Мөн нэхэмжлэгчийг ажлын байраар хангах асуудлаар яамнаас харьяа байгууллагуудад албан бичгээр чиглэл хүргүүлсэн. Харин нэхэмжлэгч нь уг шийдвэрийн дагуу холбогдох байгууллагуудад албан ёсоор хандаагүй байна. Тухайлбал, тус яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс ирсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлсөн бодит нөхцөл байдал нь ийм байхад шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

            Хоёр. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг Г.З-г ажлаас чөлөөлөх тушаалдаа баримтлаагүй гэж давж заалдах шатны шүүх хариуцагчийг буруутгасан.

            Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь “Төрийн албан хаагчийн баталгаа”-г зохицуулсан хуулийн зохицуулалт билээ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд хэрэглэх биш, энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Г.С, М.Э нарыг томилох тушаалд илүү хамаарах нэмэлт баталгаагаар хангасан зохицуулалт гэж үзнэ. Учир нь, уг хуулийн зохицуулалт, утга агуулга нь орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн үлдэж буй төрийн жинхэнэ албан хаагчдыг шалгаруулсны үндсэн дээр томил гэж ажил олгогчийг үүрэгжүүлэх хэлбэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангасан. Харин хуулийн бичилт, техникийн хувьд дээрх нөхцөл байдлын хувьд шалгараагүй үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлнө гэж Төрийн албаны тухай хуульд бичээгүй байна.

Иймд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг хэрэглэсэн. Мөн ажлаас чөлөөлөхдөө төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж, тэтгэмж олгох зохицуулалт болох 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үед Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг нь батлагдаагүй буюу Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдээгүй байсан. Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн. /хуульд өөрчлөлт орохоос өмнөх байдлаар/ Учир нь, нэхэмжлэгчийн ажлын байр цөөрсөн бөгөөд мэдлэг чадвар, мэргэшлийн хувьд хамгийн илүү шаардлага хангасан иргэдийг үлдсэн 2 ажлын байранд авч ажиллуулсан нь хууль зөрчөөгүй.

Гурав. Шүүхүүд Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж заасныг хариуцагч зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хийгээгүй дүгнэлт гэж үзэж байна.

Нэгд, нэхэмжлэгч тал Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг хариуцагч биелүүлээгүйтэй холбоотой эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар даалгах нэхэмжлэл гаргаагүй, талууд эдгээртэй холбогдуулж маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй, шүүхээс гарах шийдвэрт ач холбогдолгүй /уг дүгнэлтэд шүүхийн шийдвэр үндэслэгдээгүй/, талуудын тайлбар, татгалзал, нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт уг дүгнэлттэй холбоотой ямар ч хуулийн заалтыг баримтлаагүй, зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг л баримталсан байна. Сайд яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох эрх хэмжээг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана” гэж заасан. Гэтэл шүүх хуулийн уг заалтыг баримталж шийдвэрлээгүй, хэн этгээд дурын этгээд биш, уг хуулийн хүрээнд үүрэг гүйцэтгэж байсан яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хэрэгжүүлж байсан субьектийн шийдвэрийг эрхгүй этгээдийн шийдвэр мэтээр дүгнэсэн боловч дүгнэлтээ шийдвэр гаргахдаа баримтлаагүй гэж үзэж байна.

Хоёрт. Төрийн албаны зөвлөлийн даргын албан бичиг нь анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй, илт хууль бус захиргааны акт болно. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг энэ журмаар тогтоосон харьяаллын дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан.

Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 9-д “Маргааны шинж байдлыг харгалзан Зөвлөлийн дарга уг комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тухайн Зөвлөлийн аль нэг гишүүнээр даргалуулна. Гомдлыг хянан шалгах ажлыг комиссын дарга хариуцан зохион байгуулна”, 13-д “Комисс нь маргаанд холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж, тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсох, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн гомдол гаргагч иргэнээс гаргуулан авч танилцах эрхтэй” гэж, 16-д “Зөвлөл дүгнэлтийг хэлэлцээд, тогтоол гаргах, эсхүл дахин шалгуулахаар комисст буцаах шийдвэр гаргана” гэж заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь Г.З-гийн гомдолд маргаан үүсгээгүй, талуудаас тайлбар аваагүй, комисс байгуулаагүй, тогтоол гаргаагүй, зэрэг нь маргааныг ер шийдвэрлээгүй болохыг илтгэж байна. Зүй нь уг асуудлаар маргаан үүсгэж, Төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргах ёстой.

Мөн хамтын удирдлагатай байгууллагын талаар Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн даргын албан бичиг нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан шийдвэр биш байсан бөгөөд эрх зүйн ямар ч үр дагаваргүй албан бичиг байсан. Уг Төрийн албаны зөвлөлийн даргын албан бичгийг яам биелүүлээгүй, маргах хугацаанд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан тул анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсэхгүй илт хууль бус шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой эс үйлдэхүйг буруутгаж, даалгах нэхэмжлэл гаргаагүйг дахин шүүх сайтар анхаарах ёстой байсан.

Дөрөв. Төрийн албан тухай хууль болон уг хуульд нийцүүлэн баталсан эрх зүйн актуудад даргын үүргийг түр хариуцагч гэсэн хуулийн заалт байхгүй ...түр хариуцагчийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэстэй гэж үзлээ гэсэн шүүхийн дүгнэлт нь хуульд үндэслээгүй дүгнэлт юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “даргын үүргийг түр хариуцагч”-ийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн нь илт хууль бус захиргааны акт гэж маргасан. Гэтэл Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хариуцуулсан шийдвэрийг гаргасан. Энэ тушаалын дагуу тус яамны нь Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр газрын дарга Ц.А ажилласан. Өөрөөр хэлбэл, яамны албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх зэрэг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан бүхий л эрхийг хэрэгжүүлж байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т дахь заалт Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу Засгийн газраас яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ёстой байсан гэжээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны хууль буюу энэхүү түр орлон гүйцэтгэх харилцаанд ерөнхий зохицуулалт болсон хууль нь бусад нарийвчилсан зохицуулалттай хуулиудтай /энэ тохиолдолд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль/ зөрчилдөхгүй байх нөхцөлийг хууль тогтоогч “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж хуульчилсан байна. Энэ нь яамны Төрийн нарийн бичгийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх харилцаанд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг баримтална. Харин ийм хууль байхгүй бол Засгийн газраас баталсан журмыг баримтлахыг ямар нэгэн хууль хэрэглээ, хэм хэмжээний зөрчилдөөн гаргахгүйгээр шууд хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.1-д “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана” гэж заажээ. Энэхүү эрх бүхий албан тушаалтан нь хэн байх тухай Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д сайд болохыг тодорхой зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “даргын үүргийг түр хариуцагч”-ийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүссэн маргааны төрлийн хувьд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан билээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ажилтан нь нэхэмжлэгч Г.З нарын хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан юм. Иймд ажил олгогч тал болох яамыг төлөөлөн шийдвэр гаргаж байсан этгээдийг ажилтныг томилох, чөлөөлөх эрхгүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Төрийн албанд төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах зарчим үйлчлэх ёстой тул яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн, шүүх эрх бүхий байгууллагаас хууль бус болохыг тогтоогоогүй, уг асуудлаар нэхэмжлэл гарч шүүх шийдвэрлээгүй.

Тав. Шүүх өөрийн санаачлагаар тус хэрэгт гуравдагч этгээдүүдийг татсан хирнээ гаргасан шийдвэр нь гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг хөндөж байхад шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байхад шүүх уг асуудлаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй. Хэрэв шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгч Г.З шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцаан тогтоогдож байгаа тул гуравдагч этгээдээр татагдсан төрийн жинхэнэ албан хаагчдын аль нэг нь ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсч байна. Шүүхүүд хэргийн оролцогчдын тайлбар, татгалзал бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байтал хариуцагчийн тайлбарууд, гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөхөөр байхад шүүх дахин захиргааны акт гаргахыг даалгах хэлбэрээр шийдвэр гаргах боломжтой байсан ч уг хэлбэрийг хэрэглээгүй нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хэрэгжих нөхцөл байдлыг тодорхойгүй болгож байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар хийсэн дүгнэлтүүдийг хүчингүй болгож өөрчлөх, мөн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өөрчлөн зохион байгуулагдсан” гэсэн үндэслэлээр тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын ахлах мэргэжилтэн Г.З-г үүрэгт ажлаас  нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Г.З-гээс “...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр миний эрхэлж байсан дотоод аудитын мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн. ...Хариуцагч нар орон тоо 2 болсон гэдэг боловч одоо 3 аудитор ажиллаж байгаа, тус орон тоонд Г.С, М.Э, Н.Баасанням нар ажиллаж байгаа” гэж маргасан бол,

хариуцагчаас “Хуучнаар ажиллаж байсан Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нэгдэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдаж, Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор тус яамны орон тооны дээд хязгаар 117 байхаар батлагдсан. ...хуучин ажиллаж байсан яамдад 2,2 дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан, шинээр зохион байгуулагдсан яаманд дотоод аудитын мэргэжилтний орон тоо 2 байхаар батлагдсан. Ингэснээр хуучин хоёр яамны 4 орон тоо нь 2 болж, 2-оор цөөрсөн. Иймд ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д ...зааснаар сонгон шалгаруулж М.Э, Г.С нарыг ажилд томилж, хуульд зааснаар  Г.З-г ажлаас нь чөлөөлж, тэтгэлэг олгосон” гэсэн тайлбар гаргасан байна.

Шүүхүүд, нэхэмжлэгч Г.З-гийн урьд эрхэлж байсан, яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын мэргэжилтний орон тоо хасагдаагүй, түүний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ...дотоод аудитын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь ямар нотлох баримтад үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасантай нийцээгүй байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарын бичгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ...Дотоод аудитын тасгийн дарга Ж.Баясгалан, дотоод аудитын ахлах мэргэжилтэн Г.З, дотоод аудитын мэргэжилтэн Н.Баасанжав нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдэлд цалингийн сангийн хамт шилжүүлсэн байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарын бичгийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудитын мэргэжилтнээр М.Э, Г.С нарыг томилж, мөн даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар дотоод аудитын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан  Г.З-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэтгэлэг олгосон байна.

Гэвч хэрэгт шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтэц, орон тоог баталсан шийдвэр, тухайлбал Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудитын мэргэжилтний орон тоог 2-оор баталсан шийдвэр, тус батлагдсан орон тоонд сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан, аудитын ахлах мэргэжилтний орон тоо батлагдсан эсэхтэй холбоотой нотлох баримт бүрэн авагдаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т  заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу болжээ.   

Иймд, анхан шатны шүүх тус яамны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудитын мэргэжилтний орон тоо хэд байхаар батлагдсан /нэхэмжлэгч 3 орон тоо байгаа гэж маргаж буй/, батлагдсан дотоод аудитын мэргэжилтний орон тоонд хуульд зааснаар хэрхэн сонгон шалгаруулалтыг явуулж ажилд томилсон, одоо хэн хэн ажиллаж байгаа болон нэхэмжлэгчийн маргаж буй дотоод аудитын ахлах мэргэжилтний албан тушаал хэвээр хадгалагдсан үлдсэн зэргийг шалгаж холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодруулж, дүгнэлт хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Иймд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дээрх нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0522 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0622 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж, түүнд буцаан олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ

                                ШҮҮГЧ                                                             Б. МӨНХТУЯА