Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 59

 

“П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Нийслэлийн худалдан авах

ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Л.Атарцэцэг

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                       П.Соёл-Эрдэнэ

                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:              Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ    

Нэхэмжлэлийн шаардлага: “НХААГ-18/0074 дугаартай тендерт “П Э” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгох, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0057 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээд “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч П.С, Л.Б, гуравдагч этгээд “Н т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулж,

Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээд “Н т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ё, гуравдагч этгээд “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.7, 52 дугаар зүйлийн 52.1.7, 54 дүгээр зүйлийн 54.5, 55.2, 55.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “НХААГ-18/0074 дугаартай тендерт “П Э” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т зааснаар нэхэмжлэгчээс “Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 6-1/6455 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар тус шүүхийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32018/7876 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсныг дурджээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0057 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.7.3, 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасныг баримтлан “П Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6709, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “…хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж…” гэснийг “хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж” гэж, “4” дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, З дахь заалтыг бүхэлд нь хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э-ын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, “Н т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “П Э” ХХК-ний нэхэмжлэлтэй Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох НХААГ-18/0074 дугаартай тендер шалгаруулалтын ажиллагааг эс зөвшөөрч Нийслэл дэх анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн Сангийн яаманд холбогдох хэсгийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0820 дугаартай шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0057 тоот магадлалаар өөрчлөлт оруулж, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хуульд бусад тооцсон байна.

4. Тус яамны зүгээс дээрх магадлалыг эс зөвшөөрч байгаа бөгөөд шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан техникийн шалгуурыг буруу тайлбарласан байна.

5. Тухайлбал нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримт бичигт тус компаниас санал болгосон М.У нь 2018 оны 5 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн талаар нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн, мөн нийгмийн даатгалын НД8 маягтад уг ажилтны нэр байхгүй байсан юм. Тодруулж хэлбэл захиалагчаас үндсэн ажилтан байхыг шаардсан байхад худал мэдээлэл ирүүлсэн ба ирүүлсэн мэдээлэл ирүүлсэн эсэхийг зөвхөн нийгмийн даатгалын холбогдох байгууллагын тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тодорхойлно.

6. Дээрх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад заасан шалгуурыг хангасан эсэхийг тодорхойлох албан ёсны баримт бичиг байхад ажиллаж байгаа гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0057 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд “Н т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ё хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/6455 тоот, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 02/1547 тоот албан бичгээр “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0820 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн 221/МА2019/0057 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6709, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

10. Нэг. Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6709 тоотыг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 /в/ заалтыг хангахгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй. “П Э” ХХК нь тендерийн бичиг баримтандаа, М.У ажлаас чөлөөлөгдсөн тухай нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн баримт ирүүлсэн нь Холбоо дохиолол, мэдээллийн технологийн инженер одоо энэ компанид байхгүй байгааг нотолж байна. Харин тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 /в/ заалтаар, энэ тендерийн ажилд ажиллуулах ёстой голлох болон инженер техникийн ажилтнуудыг жагсааж бичсэн байна. Эдгээр инженер, техникийн ажилчдын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2 заасны дагуу бөглөж ирүүлэх ёстой байсан шаардлагыг хангаагүй, зөрчсөн байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

11. Зураг төсөл боловсруулах гэрээг ирүүлээгүй, барилгын холболтын зураг төсөл боловсруулах гэрээ ирүүлсэн байна гэж үзсэн нь үндэслэлтэй. Уг тендерийн барилгын зураг төслийг холболтын зургаар барих ажил биш юм. Шинээр баригдах барилгад барилгын холболтын зураг хийхгүй. Нэхэмжлэгчийн зураг төслийн гэрээ нь эрх бүхий этгээдээр хийлгүүлсэн эсэх нь тодорхойгүй, барилгын холболтын зургийн гэрээ байна гэж үзэж байна. Иймд Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/ 8-д “Зураг төсөл боловсруулах байгууллагатай зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан байна. Зураг төслийн холбогдох тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар зураг төслийг гүйцэтгүүлнэ /гэрээнд хийгдэх ажил, үнийг дүнг тодорхой тусгасан байна. Тусгай зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ/ гэсэн заалтыг хангахгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Захиргааны хэргийн шүүхээс гэрээний агуулгыг тайлбарлах замаар тендерийн шаардлагад нийцсэн гэж дүгнэх боломжгүй юм.

12. Ажлын талбайн зохион байгуулалтын зургийг тендерийн баримт бичигт зааснаар ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс “ажлын талбайн зохион байгуулалтын зургийг хэрхэн баталгаажуулах талаар ТОӨЗ-д тодорхой шаардлага тавигдаагүй” гэж дүгнэснээр “П Э” ХХК-ийг ажлын талбайн зохион байгуулалтын зургийг баталгаажуулж ирүүлсэн гэж дүгнэсэн байна. Харин ТОӨЗ 13.1 /ж/ 5-д “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж, баталгаажуулан ирүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “баталгаажуулалт” шаардсан. Харин “П Э” ХХК-ийн ирүүлсэн ажлын талбайн зохион байгуулалтын зургийг баталсан эзэн этгээд байхгүй, хуулийн этгээдийн баталгаажуулалтын гол шаардлага болох тамга байхгүй байгаа нь тодорхой харагддаг. “П Э” ХХК нь ажлын талбайн зургаа баталгаажуулаагүй байсан нь Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/ 5-д “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж, баталгаажуулан ирүүлнэ” гэснийг зөрчсөн байх бөгөөд ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/-ийн дор “ТШӨХ-д заасан аль нэг баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан байна.

13. Хэрэв энэ “баталгаажуулалт” тамга дарсан гэдгийг нотлохын тулд тендерийн баримт бичгийн эх хувиас үзэж, дүгнэлт хийх шаардлагатай байсан. Учир нь шүүхэд материалууд дандаа хуулбар хувиар ирсэн байдаг.

14. Дээрх үндэслэлүүдээр захиалагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргах тухай Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

15. Нөгөө талаар, дээрх үндэслэлүүдэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахын тулд хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалж, талуудын маргаж буй бүх үйл баримтанд дүгнэлт хийх ёстой. Энэ ажиллагаа анхан шатны шүүх дээр бүрэн утгаараа хэрэгждэг тул тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 /в/, ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/ -ийн 5, 8 дахь заалтыг хангахгүй байна гэж үзсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот “Гомдол хянасан тухай” албан бичигт дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шат руу буцаах үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

16. Хоёр. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн байдаг.

  • 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны үйл ажиллагаа, дахин үнэлгээний үйл ажиллагааг хүчингүй болгуулах,
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 02/1547 тоот албан бичгээр “А-О” ХХК болон “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах

17. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрхэн шийдсэн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага ч мөн тодорхойгүй байна. Үнэлгээний хорооны ямар үйл ажиллагаа, дахин үнэлгээний үйл ажиллагааг ямар үндэслэлээр аль ажиллагааг нь хүчингүй болгуулах гэж маргаж байгаа нь тодорхойгүй байна.

18. Шүүхээс талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдсан шаардлагын хүрээнд хянан хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл шүүхээс дур мэдэн нэхэмжлэгчийн шаардаагүй асуудлаар дүгнэлт хийх боломжгүй юм.

19. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдэхдээ “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь аль нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аль шийдвэр буюу захиргааны актыг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх биелэгдэх шинжтэй байх шаардлагыг хангахгүй байна.

20. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг тодорхойлж өгсөн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “захиргааны үйл ажиллагаа” гэж “Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг ойлгох тухай” заасан байна. Хуульд ингэж нэг мөр ойлгохоор тодорхойлсноос үзэхэд, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд шийдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүхээс захиргааны ямар акт, гэрээ захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн тодорхойгүй байх тул 221/МА2019/0057 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

21. Гурав. Давж заалдах шатны шүүх ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн тухай: Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын маргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс харагдаж байна.

22. Тухайлбал, “П Э” ХХК нь “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шаардлагад нийцсэн гэж үзсэн шийдвэрийг хянаж өгөх гомдлыг мөн Сангийн яаманд гаргасан ба энэ гомдлын дагуу Сангийн яам манай түншлэлийн тендерийн материалыг хянан үзэж, шаардлага хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу үргэлжлүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7305 дугаар “Гомдол хянан үзсэн тухай” албан тоотыг НХААГ-т, хувийг “П Э” ХХК-д хүргүүлсэн байдаг.

23. Өөрөөр хэлбэл түншлэлийг шалгаруулсан асуудлаар нэхэмжлэгч талын гомдлоор өөр нэг захиргааны шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэрийн талаар буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7305 дугаар “Гомдол хянан үзсэн тухай” албан тоот хүчинтэй хэвээр байхад зөвхөн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сэргэх боломжгүй, ямар эрх ашиг сонирхол нь сэргэх гээд байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүх “Сангийн яамнаас нэг нөхцөл байдалд өөр өөр буюу өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн агуулгатай байр суурь илэрхийлсэн гэж дүгнэхээр байна” гэж шал хөндлөн дүгнэлт хийсэн байгаа юм /магадлалын хянавал хэсэг, 13х-ийн дороосоо 2 дахь абзаци/. Учир нь, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7305 дугаар тоот бол 1-рт, тусдаа бие даасан шийдвэрийг агуулсан албан бичиг, 2-рт, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6709 тоотоос өөр агуулгатай нь тодорхой харагдана. 6-1/7305 дугаар албан тоотыг хэрхэх талаар нэхэмжлэлийн шаардлага байхгүй болно.

24. Мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс түншлэлийн тендерийн материал шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийж байгаа нь яах аргагүй нэхэмжлэгч талын байр суурийг хамгаалсан шинжтэй, хэт нэг талыг барьж шийдсэн гэдгийг харуулж байна.

25. “П Э” ХХК-ийн хүсэлт, гомдлоор манай түншлэлийн тендерийн материалд мөн хяналт шалгалт хийж үзээд, түншлэлийн ирүүлсэн материал шаардлага хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байгааг дахин нотолсон байхад “П Э” ХХК нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, тендерийн ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж бодож байна. Хэрэв ингэж маргаан үүсгээгүй байсан бол олон хүүхдийг хамруулах цэцэрлэгийн барилгын ажил цаг хугацаандаа хэвийн явагдаж байх байсан.

26. Түншлэгчдээс тендерийн баталгаа болгон 25,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 13-нд, гэрээ байгуулах эрх олгосны дараа гүйцэтгэлийн баталгаа болгон 108,596,039 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-нд тус тус төлсөн нь хэвээр байгаа болно.

27. Иймд дээрх үндэслэлүүдээр “П Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

28. Гуравдагч этгээд “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 221/MA2019/0057 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-т заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

29. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар тус тус шүүхэд шаардлага гарган хандсан.

30. Нэг. Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичиг нь захиргааны акт биш. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” хэмээн заасан байна.

31. Тус албан бичгээр Нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерийн баримт бичиг нь шаардлага хангасан эсэхийг заалт бүрээр үзэхэд тодорхой шаардлагуудыг хангаагүй байгаа учраас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “П Э” ХХК-ийн тендерийн баримт бичгийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг зохих журмын дагуу хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн тус албан бичиг нь нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлаагүй бөгөөд түүний эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй баримт бичиг байна.

32. Харин нэхэмжлэгч нь Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийсэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны шийдвэрт хуульд заасан журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргах бөгөөд Сангийн яамны гомдол хянасан эцсийн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.1-т заасны дагуу шүүхэд хандах эрх нь үүсэх байсан гэж ойлгож байна.

33. Гэтэл Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

34. Хоёр. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь болон хэргийн оролцогчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзэх үүргээ биелүүлэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

35. Гуравдагч этгээд “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие болон “Н т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхээс бидний гомдлыг хянан үзэхдээ гомдолд дурдсан үндэслэл тус бүрээр бус зөвхөн хянавал хэсэгт буй “...Иймд дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн хууль болон ТШӨХ, ТОӨЗ-д нийцээгүй Сангийн яамны шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгосноор уг шийдвэрийн дагуу хийгдсэн Үнэлгээний хорооны дахин үнэлгээний шийдвэр мөн адил хууль бус байх үр дагавартай тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох боломжгүй” гэсэн өгүүлбэрээр л шийдвэрлэн хангахгүй орхисонд гомдолтой байна. Учир нь давж заалдах гомдолдоо Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн шийдвэр нь хуульд заасан журмын дагуу явагдаж гарсан болохыг бид хангалттай тайлбарласан гэж ойлгож байна.

36. Үүнээс гадна Давж заалдах шатны шүүхээс Үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гаргасан эсэх, гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэсэн эсэх, Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргасан эсэхийг огт тодруулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 6-1/7305 дугаар албан бичиг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

37. Иймд дээрхи үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

38. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

39. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 125 дугаар цэцэрлэг/”-ийн ажил”-ын тендер шалгаруулалт зарлаж, шалгаруулалтад нэхэмжлэгч “П Э” ХХК-иас гадна нэр бүхий 5 компани оролцжээ.

40. Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу “П Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн байна.

41. Нэхэмжлэгчээс “...Сангийн яам...гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг компанид мэдэгдээгүй...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасан журмыг зөрчсөн...Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх журмыг баримтлаагүй...Хууль зүйн бодит үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэж, хариуцагч Сангийн яам “...Сангийн яам тендерийн ажиллагаатай холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуулиар шийддэггүй...үнэлгээний хорооны үйл ажиллагаанд ...бие даан хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй...ажилтан М.У нь 2018 оны 5 сард ажлаас чөлөөлөгдсөн...НД8 маягтын хүснэгтэд байгаагүй...үндсэн ажилтан гэдэг шаардлагад нийцэхгүй” гэж, хамтран хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “...Сангийн яамны Хуулийн газрын хэлтэс хянаж үзээд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7305 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “А-О” ХХК, “Н т” ХХК-ийн түншлэлийг шаардлагад нийцсэн гэж үзэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу ирүүлсэн” гэж тус тус маргажээ.

42. Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/”-ийн ТОӨЗ-ны 6.2. (в)-д “...Холбоо дохиолол, мэдээллийн технологийн инженер нь ...мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх...Ерөнхий инженер, Барилгын инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, ажилтнууд нь тухайн байгууллагын үндсэн ажилтнууд байх ба нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг сүүлийн 3 сарын байдлаар хавсарган ирүүлнэ...”, 13.1 (ж)-ийн 5-д “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж баталгаажуулан ирүүлнэ”, 13.1 (ж)-ийн 8-д “Зураг төсөл боловсруулах байгууллагатай зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан байна. Зураг төслийн холбогдох тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар зураг төслийг гүйцэтгүүлнэ.” гэж тус тус заасан байна.

43. М-ын У нь 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг “Цахилгаан холбоо” мэргэжлээр Холбооны инженерийн бакалавр зэрэгтэй төгссөн, “П Э” ХХК-д холбооны инженерээр 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мэргэжлээрээ 3 жил 5 сар ажилласан, түүнтэй  “П Э” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл ТОӨЗ-ны 6.2. (в)-д заасан шаардлагыг хангасан болох нь баримтаар нотлогдож байх тул хариуцагч болон гуравдагч этгээд нараас хяналтын журмаар гаргасан энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

44. “ТОӨЗ-ны 13.1 (ж)-ийн 5-д заасны дагуу “П Э” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 151 дэх талд авагдсан СХД-ийн 30-р хороо, 125 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын талбайн зохион байгуулалт, бүдүүвч схем зурагт компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарагдсан байхад “баталгаажуулаагүй” гэж үзсэн нь ойлгомжгүй, ТОӨЗ-ны 13.1 (ж)-ийн 8-д нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийн 88 дахь талд авагдсан “ТГТ” ХХК-тай байгуулсан “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 240-н ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” нийцээгүй гэсэн үндэслэл тогтоогдоогүй, зөвхөн гэрээний нэрийг “холболтын зураг төсөл боловсруулах” гэж тодорхойлсноороо ТОӨЗ-ны 13.1 (ж)-ийн 8-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэж болохгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.                  

45. Дээрх үндэслэлээр “... давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтээр хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй, зөвхөн нэг талын гомдлыг хянаж үзсэн, албан бичиг нь захиргааны акт биш” гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0057 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээд “Н т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ё, гуравдагч этгээд “А-О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд нараас тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН