Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 820

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ПЭ ХХК

Хариуцагч: МУСЯНХААГ

           Нэхэмжлэлийн шаардлага: ******* дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгох, 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, гуравдагч этгээд АХХК, Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ПЭХХК-ийн захирал Д.Т шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргасан тухайгаа “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар”-т 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж “манай компанид гэрээ байгуулах эрх олгосон НХААГ-ын шийдвэрийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэртэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхээр дээрх асуудлыг шийдвэрлэж дуустал Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 -д заасны дагуу захиргааны шийдвэрийг биелүүлэхгүй байж өгнө үү гэж хандсан.

Мэдэгдсээр атал Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа Монгол Улсын Сангийн яамны шийдвэрийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлж дахин үнэлгээ хийж 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 02/1547 тоот албан бичгээр манай компанийн хүргүүлсэн тендерийг шаардлагад нийцэхгүй гэж үзэн татгалзаж А******* ХХК болон Н******* ХХК-ийн түншлэлийг "хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-т шалгаруулж гэрээ байгуулах эрх олгоод байна.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С******* дүүргийн  Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор ******* дугаартай тендерт ПЭХХК 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр оролцож хамгийн бага үнийн санал өгсөн компаниар шалгарсан. Нийт 6 компани оролцсоноос хамгийн бага үнийн хамгийн сайнаар үнэлэгдэж 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан тоотоор хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгарч гэрээ байгуулах эрх олгогдсон. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу хуулийн хугацаа дууссаны дараа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулах эрхийнхээ дагуу очиход Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас холбогдох зөвлөмж бичиг, баримт ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж хуулийн хугацаа өнгөрсний дараа Сангийн яаманд гуравдагч этгээдээс гомдол гаргасан байдаг. 

Манай байгууллагын зүгээс Сангийн яамны тендерийг дахин үнэлэх тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

М.У үндсэн ажилтан биш бөгөөд манай компанийн хоорондын харилцааг хөдөлмөрийн түр гэрээгээр зохицуулсан. Тендерт оролцогчдод тавигдах шаардлагад холбоо мэдээллийн технологийн ажилтан 3 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байхаар заасны дагуу хийсэн гүйцэтгэсэн ажлын жагсаалт, дипломын хуулбар өмнө нь манайд ажиллаж байсан нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийн хуулбар  буюу мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласныг тодорхойлж баримтуудыг өгсөн. 

Түүнчлэн ПЭХХК-ийн 2015, 2016, 2017 оны цалин олголтын хүснэгтийг  Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор баталгаажуулж өгсөн. Үүнд М.У ПЭХХК-д 3 жил дарааллан тасралтгүй ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл  төлж байсан, 3 жил ажилласан туршлагыг хангаж байгаа тухай баримт  өгсөн юм.   

“Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-д тухайн инженер гэхээсээ илүү инженер техникийн ажилтнуудын ажлын туршлагыг баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийн даатгуулагчийн албан тушаалын өөрчлөлтийн тушаалын тэмдэглэл, шаардагдсан жилийн нийгмийн даатгалын шимтгэл  төлсөн тухай баримтуудыг ирүүлнэ гэж байна. М.Ууганцэцэг 3-аас дээш жил ажилласныг нотлохын тул  М.У нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, алба тушаалын өөрчлөлт, ажлаас чөлөөлөгдсөн хүсэлт, болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015, 2016, 2017 оны цалин олголтын лавлагааг тендерийн баримтад гаргаж өгсөн. Тиймээс 6.2.в-ыг хангахгүй байна гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй юм. 

“Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 13.1.ж.-ын 7,8-д  тодорхой заасан шаардлагыг ПЭХХК нь зураг төслийн “ТГГ” ХХК-тай байгуулсан гэрээ болон түүнийг дагалдах бусад материалуудаар 100 хувь нотлогдож байгаа.

            Талбайн ажлын зургийг баталгаажуулаагүй гэж үзсэн бөгөөд яаж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Үүнийг гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулахаас илүү баталгаажуулах  боломжгүй юм.

             Манай хүсэлтийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас өчигдөр тендертэй холбоотой материал шүүхэд ирсэнтэй танилцаж А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийн түншлэлийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж дүгнэсэнд бид өөрсдийн дүгнэлтээ өгсөн. Үүнд нэгдүгээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер байгаа эсэхийг  шалгаж үзэхэд А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтын нэгдүгээр хуудаснаас эхэлж алдаа байсан .

Түншлэл гэдэг түншлэлийн гэрээний үндсэн дээр талууд харилцан ойлголцож гэрээгээр зохицуулагдах хэн төлөөлөх, хэн нь түншлэх тухай /тендерийн бичиг баримтын 22 дугаар хуудсанд байгаа/ аль нэг гишүүн бүх гишүүний өмнөөс үүрэг хүлээн, зааварчилгаа хүлээн авах бөгөөд тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүнийг  ирүүлнэ гэж байдаг. Энэ нь түншлэлийн гэрээгээр зохицуулагдах ёстой юм.

Тендерт оролцогчдод тавигдах шаардлагын үг бүрийг биелүүлж ажилладаг  манай байгууллагыг Сангийн яам яагаад ийм дүгнэлт гаргаж тендерээс хассан.  2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ПЭХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар өнөөдөр яагаад анх гаргасан шийдвэрээ хамгаалахгүй байгаа нь ойлгомжгүй байна.” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 

Нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 005-ны өдрийн 02/1547 тоот албан бичгийг Ариун-очир ХХК болон Наранбулаг ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж гаргасан байгаа.  

Мэтгэлцээний явцад албан бичгийн дугаарт маргаан үүссэн тул  нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулъя. 

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооноос тухайн тендерт буюу түр нөхцөлтэй 240 ор бүхий С******* дүүргийн 125 дугаар цэцэрлэгийн тендерт Ариун-очир ХХК болон Наранбулаг ХХК-ийн түншлэлийг хамгийн  сайн үнэлэгдсэн тендер мэт үзсэн. Мөн ПЭХХК-ийг шаардлага хангаагүй тендер гэж татгалзсан шийдвэрийг  хүчингүй болгуулахаар тодруулж байна.

Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр гарсан Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор ******* дугаартай тендерт ПЭХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан шийдвэрийг тус тус хүчингүй болгох, 

 Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний 6-1/6455 тоот Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгох,  нэхэмжлэлийн шаардлага үр нөлөөгүй болсон тул үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан Захиргааны ерөнхий хууль 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг зөрчиж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны дахин үнэлсэн үйл ажиллагаа, шийдвэрийг хүчингүй болгуулах юм.

Ариун-очир ХХК болон Наранбулаг ХХК-ийн гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянаж үзээд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр С******* дүүргийн 125 дугаар Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор ******* дугаартай тендерт ПЭХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын өмнөх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан ПЭХХК-ийн зүгээс  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан. 

Шүүхэд хандсан учир 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  шүүхэд нэхэмжлэл өгсөн үйл баримтын хамт гомдлоо Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Уг бичигт шүүхэд маргаан үүссэн тул Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх тухай, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.4-д заасны дагуу гомдол ирсэн болон гэрээ байгуулах эрх олгож болохгүй гэсэн агуулгаар гомдол хүргүүлсэн. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дахин үнэлгээ явуулж ингэхдээ Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  шийдвэрийг давтсан шийдвэр гаргасан байдаг.

Сангийн яам ПЭХХК-ийг 3 үндэслэлээр тендерт оролцогчдод тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Нэгдүгээрт: Тендерт оролцогчдын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.2.в заалт, хүснэгтийн 5-д  холбоо дохиолол, мэдээллийн инженер гэдэг мэргэжилтэн хүснэгтийн дор дурдсан шаардлагыг хангаагүй буюу байгууллагын үндсэн ажилтан биш гэсэн үндэслэлээр тендерт оролцогчдод тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

М.У 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр түр ажиллах хөдөлмөрийн гэрээтэй бөгөөд тухайн байгууллагад ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ нь дуусаж ажлаас гарсан хүн юм. “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-д  ерөнхий инженер, барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэсэн гурван  албан тушаалтныг үндсэн ажилтан байхыг шаардсан бөгөөд энэ нь БД-8 маягтаар сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт батлагдсан байхыг шаардсаныг хавсаргаж ирүүлнэ үү гэсэн байна.

Манай ерөнхий инженер, барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бүгд ПЭХХК-ийн үндсэн ажилтан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг  ба БД-8 маягтын дагуу сүүлийн 3 сар буюу 05, 06, 07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбарыг хавсаргаж хүргүүлсэн юм.

“Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-аар Холбоо мэдээлэл технологийн инженерийг үндсэн ажилтан байхыг шаардаагүй юм. Харин 3  ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай, Холбоо мэдээлэл технологийн инженер байхыг шаардсан. М.Ууганцэцэг Холбоо мэдээлэл технологийн инженер бөгөөд мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатайг нь баталсан диплом, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийн хуулбарууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр шаардлагыг хангасан байхад Сангийн яам “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны  6.2.в-ыг зөрчиж М.У буюу Холбоо мэдээлэл технологийн инженерийг үндсэн ажилтан байх ёстой гэсэн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-саа хэтрүүлсэн шаардлага тавьж шийдвэр гаргасан нь хууль бус юм.

Хоёрт: “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 13.1.ж-ийн 5-д заасан Ажлын талбайн зохион байгуулалтын зургийг ирүүлсэн боловч баталгаажуулаагүй гэсэн байна. Ажлын талбайн зохион байгуулалтын зураг бол тухайн ажлыг талбайд ямар зохион байгуулалттай гүйцэтгэх,  кранаа хаана байрлуулах, туслах үүрэгтэй түр байрлах байгууламжаа байрлуулах, ажлын үндсэн талбай хаана байхыг  бүдүүвч схем зургаар зурж хүргүүлдэг юм.

ПЭХХК нь С******* дүүргийн 30 дугаар хороо, 125 дугаар цэцэрлэгт зориулж өргөтгөлийн барилгын талбайн зохион байгуулалтын схем зургийг зурж гүйцэтгэн инженер А.Г, хянасан гүйцэтгэх захирал Д.Т гэж гарын үсэг зурж, мөн баталгаажуулан итгэмжлэгдсэн эрх олгогдон ПЭХХК-ийн захирал  Д.Т, итгэмжлэл дээр дурдсан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байсан. Гэтэл үүнийг баталгаажуулаагүй гэж дурдсан байдаг.

Энэ тендер санал болгож өгч байгаа баримт учир гуравдагч этгээд хэн нэгэн баталгаажуулахгүй юм. Дээрх шаардлагыг хангасан байтал шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль бус юм. Мөн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны утга агуулгыг хэтрүүлсэн байна.

Гурав: “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 13.1.ж-ын 8-д “зураг төсөл боловсруулах байгууллагатай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж хүргүүлсэн байна” гэж  дурдагдсан байна.

Манай зүгээс  зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын шаардлага, нөхцөлүүд нь батлагдсан ТГТ ХХК-тай “С******* дүүрэг, 240 ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөл боловсруулах” гэрээ байгуулсныг хүргүүлсэн. Уг гэрээний агуулга нь тухайн ажлыг гүйцэтгэхэд зориулж зураг төсөл боловсруулах, зураг төсөв гаргах, экспертизээр батлуулах, зургийн зөвшөөрлийг хангуулах  гэх мэт зураг төсөлтэй холбоотой агуулгыг бүгдийг дурдаж өгсөн бөгөөд инженерүүд гарын үсэг зурсан байдаг.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн  хавсралтаар баталсан зураг төслийн ажлын жишиг үнийн цохолтоор үнийн цохолт хийж  төлөвлөн хүргүүлсэн.

Тиймээс ажлын зураг төсөл боловсруулах тухай хүчин төгөлдөр гэрээ, нэмэлт шаардлага буюу ажлын үнийн цохолт хийсэн баримтын хамт хүргүүлсэн бөгөөд дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Холболтын  ажлын зураг гэж “холболтын” гэж ганц үг орсноор энэ гэрээний мөн чанар, агуулга өөрчлөгдөхгүй бөгөөд энэ гэрээний агуулга бүхэлдээ ажлын зураг боловсруулах, түүнийг боловсруулах агуулгатай гэрээ юм. Гэтэл хариуцагч үүнийг буруугаар тайлбарласан байдаг. Нэхэмжлэлдээ гэрээтэй холбоотой тайлбарыг дэлгэрэнгүй дурдсан байгаа.

Тендерт оролцогчдод тавигдах шаардлагыг бүхэлдээ хангасан материал хүргүүлсэн байтал Сангийн яам “татгалзсан” гэж мэдэгдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар  Захиргааны ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулахгүйгээр Сангийн яамны шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж өгнө үү гэж албан тоот хүргүүлсэн боловч дээрх хуулийн заалтыг зөрчиж Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үнэлгээний ажил хийсэн байдаг.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хариу тайлбарт “манайх Сангийн яамны шийдвэрийг гүйцэтгэх ёстой” гэж тайлбарлаж байна. Гэтэл үнэлгээ гэдэг бол тухайн байгууллагын субъектив эрх  юм. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг эрх хэмжээнийхээ дотор дахин үнэлгээ хий гэж шийдвэрлэснээс биш ПЭХХК-ийг хас гэсэн шийдвэрийг Сангийн яам Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлээгүй юм.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ПЭХХК-ийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл өмнөх шийдвэрээ баталж дахин сонгох бөгөөд Сангийн яам болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой юм.

Гэтэл шүүхэд маргаан үүссэн гэж байхад дахин үнэлгээ явуулж өмнө гаргасан шийдвэрийнхээ 100 хувь эсрэг, Сангийн яамны шийдвэрийг дагаж байна гэж  шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн дахин үнэлгээ хийхдээ А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийн түншлэлийг шаардлага хангасан гэж үзсэн. Дахин үнэлгээ хийсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55 дугаар зүйл заасан ерөнхий болон тусгай шаардлага, “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны нөхцөлийг хангасан эсэхийг дахиж бүхэлд нь үнэлгээ өгөх ёстой юм. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хоёр дахь үнэлгээ  буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээ зөвхөн ПЭХХК-д хийсэн байдаг. Тиймээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хоёр дахь үнэлгээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бүрэн үнэлгээ хийгдээгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийн баримтууд ирсэн байгаа.

Манай компанийн хувьд дурдаад байгаа гурван нөхцөлд А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийн тендерийн материал шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж үзэхэд  гурван нөхцөлд бүгдэд нь шаардлага хангаагүй байна.

Хоёрт: А ХХК болон Наранбулаг ХХК-ийн ажлын талбайн зохион байгуулалтын  зургийг ПЭХХК-тай яг адилхан М.З захирал нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан бөгөөд өөр ямар ч баталгаа байхгүй юм. Үүнийг мөн хянаагүй бөгөөд хоёр адилхан материалын нэгийг шаардлага хангасан, нөгөөг нь хангаагүй гээд хоёр дахь дээр нь огт үнэлгээ өгөөгүй байдаг.

Гуравт: А******* ХХК нь А******* констракшн ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажлын зургийг дөрвөн компанитай дөрвөн агуулгаар “туслан гүйцэтгэгчийн гэрээ” гэж байгуулсан байдаг. Үүнд ажлын зураг гүйцэтгэх гэрээ гэж нэр томьёо байхгүй юм.

Туслан гүйцэтгэгчийн гэрээ “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-д үндсэн ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгчийг авч болно гэж заасан байдаг. Үндсэн ажил гэдэг бол барилга угсралтын ажил бөгөөд түүнийг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгч авч ажиллуулж болно. Энэ нь нийт ажлын 10 хувиас  хэтрэхгүй байхаар заасан байгаа. Ажлын зураг гүйцэтгэх гэрээ бол үүнээс тусдаа бөгөөд А******* ХХК болон Наранбулаг ХХК нь энэ шаардлагыг хангаагүй юм.

Дахин үнэлгээ хийж байгаа бол хамгийн багадаа энэ гурван шаардлагад үнэлгээ хийж  хэн нь шаардлага хангасан эсэх талаар харьцуулж дүгнэж тендер өөрөө зорилгодоо нийцэж, бодит байдалд хэрэгжих боломжтой, шударга, үр дүнтэй байх ёстой юм. Гэтэл энэ нь хийгдээгүй бөгөөд нэрийн төдий явуулж ПЭХХК-иас татгалзаж, А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, тендерт оролцогчдод тавигдах шаардлагыг тус тус хангаагүй  байх тул дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү.” гэв. 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж буюу манай яамны үйл ажиллагааны нэг чиглэл нь тендерийн гомдол маргааныг хянан үзэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заасан байгаа нь Сангийн яам тендерийн ажиллагаатай холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуулиар бус харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэдэг.

Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тендер шалгаруулалттай холбоотой аливаа гомдол маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй.

Харин үнэлгээний хорооны үйл ажиллагаанд Сангийн яам бие даан хөндлөнгөөс оролцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм.

Тус компаниас санал болгосон ажилтан М.У нь 2018 оны 5 сард ажлаас чөлөөлөгдсөн гэх мэдээлэл ирүүлсэн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн байсан. Мөн НД8 маягтын хүснэгтэд ч байгаагүй юм. Энэ нь ТОӨЗ-ны 6.2/в/-д заасан үндсэн ажилтан гэдэг шаардлагад нийцэхгүй байгаа юм.

Мөн ажлын талбайн зохион байгуулалтын зургийг ирүүлсэн боловч баталгаажуулаагүй, зураг төсөл боловсруулах гэрээг барилгын холболтын зураг төсөл боловсруулах гэрээ гэж хийсэн нь ТШӨХ-ийн ТОӨЗ 13,1/ж/-ийн 5.8-д заасныг хангахгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 125 дугаар цэцэрлэг-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо ПЭХХК-ийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзэн шалгаруулж 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/1332 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.

Уг тендер шалгаруулалттай холбогдуулан А******* ХХК Сангийн яаманд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасныг Сангийн яамны Хуулийн газар хянан шалгаж үзээд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 Гомдол хянасан тухай албан бичгээр ПЭХХК-ийн ирүүлсэн материалд “...холбоо, дохиолол, мэдээллийн технологийн инженерт санал болгосон М.Ууганцэцэг нь 2018 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн гэж 2 дахь файлын 5 дугаар хуудсанд ирүүлсэн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэсэн, НД8 маягтын 6, 7 дугаар сарын жагсаалтад нэр нь байхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 6.2 /в/ заалтыг хангахгүй байна” Мөн ажлын талбайн зохион байгуулалтын зургийг ирүүлсэн боловч баталгаажуулаагүй, зураг төсөл боловсруулах гэрээг барилгын холболтын зураг төсөл боловсруулах гэж хийсэн зэрэг нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 13.1 /ж/-ийн 5, 8 дахь заалтыг тус тус хангахгүй байна. Иймд захиалагчийн гаргасан үндэслэлгүй шийдвэрийг хуулийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, энэ тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье” гэсэн хариу ирсний дагуу дахин үнэлгээ хийж дараагийн хамгийн бага үнийн саналтай тендер ирүүлсэн байсан А******* ХХК болон Н******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/1649 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж хүргүүлсэн.

ПЭХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны Хуулийн газрын хэлтэс хянаж үзээд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1/7305 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг шаардлагад нийцсэн гэж үзэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн  төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх  бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ  нь эцсийн шийдвэр болно” гэж заасны дагуу тендерийг үргэлжлүүлэн гэрээ  байгуулахыг захиалагч байгууллагад мэдэгдсэн. Иймд ПЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд АХХК, Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

“А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэл нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, зохион байгуулсан “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 240 ор 1/Улаанбаатар, С******* дүүрэг, 125 дугаар цэцэрлэг/-ийн ******* дугаартай тендерт оролцсон. Тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр ПЭХХК-ийг шалгаруулсныг Сангийн яам өөрийн бүрэн эрхийн хүрээнд дахин нягтлан шалгасны үндсэн дээр тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 /в/, ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/ -ийн 5, 8 дах заалтыг хангахгүй байна гэж үзсэн. Энэ алдаа дутагдлыг Үнэлгээний хороо дахин нягталж, оролцогчдын тендерийн материалыг нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн байна. Иймээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэл-д Гэрээ байгуулах эрх олгох тухай албан мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн.

ПЭХХК-ийн тендерт ирүүлсэн материалд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/1547 тоо албан бичигт дурдсан зөрчлүүд илэрсэн гэдгийг Үнэлгээний хороо гаргаад дүгнэсэн. Тендерийн баримт бичигт заагдсан шаардлагыг хангасан эсэхийг үнэлэх эрх Үнэлгээний хороонд, гомдлын үндсэн дээр шалгах эрх Сангийн яаманд хуулиар олгогдсон байна. Энэ эрхийнхээ хүрээнд асуудлыг шалгаж, нягталж, алдаа зөрчлийг илрүүлсэн.

Гуравдагч этгээд А******* ХХК болон Н******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байх дор дурдсан үндэслэлүүд байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6 1/6455 тоотыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

-Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг компанид мэдэгдээгүй гэжээ. 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай Сангийн яаманд гаргасан гомдлыг хавсаргаж өгсөн байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яамнаас үзлэг хийж нотлох баримт гаргуулах үеэр ПЭХХК-ийн төлөөлөгч нар /тэмдэглэлд гарын үсэг зурсан хүн болон нэхэмжлэгчийн төлөөлөгч/ “Сангийн яамны газрын дарга /Энхболд / биднийг дуудаж, АХХК-иас ийм гомдол ирсэн гэж гомдлыг нь үзүүлж, шалгана гэж хэлсэн” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1-д гомдлыг хянан шийдвэрлэхдээ захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах талаар журамласан байна. Энэ тохиолдолд гомдлын дагуу тендерийн материалыг шалгахад, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуульд нийцээгүй, тендерийн шаардлагыг хангаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерийг шалгаруулах зорилгодоо нийцээгүй гэдгийг тогтоосон байна. Сангийн яам гомдлыг хүлээн авч, гомдлыг судалж, шалгах этгээд томилсноор, шалгах эрх бүхий этгээд шалгах шаардлагатай баримтуудыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргуулж, бичиг баримтанд шалгалт хийж, дээрх хуулийн зорилго, шаардлагад нийцсэн эсэхийг баримтанд тулгуурлан шалгасан байна. Ийнхүү шалгах гэж байгаа талаар, шалгах ажиллагаанд оролцох талаар манайд ч мэдэгдээгүй. Энэ бол баримт дээр хийгдсэн ажиллагаа. Тендерийн бичиг баримтыг дараа нэмж өгөх, засаж өгөх гэсэн ойлголт байхгүй бөгөөд нэгэнт ирүүлсэн оролцогчдын материал дээр үндэслэн тендер шалгаруулалтыг явуулдаг. Энэ тохиолдолд уг хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3-д заагдсан Гомдол гаргасан этгээд болон гуравдагч этгээдийг хүсэлтээр нь байлцуулах ажиллагаа хийгдэх боломжгүй. Нөгөө талаар гомдол гаргагч гомдол ирснийг мэдсэн ч ийнхүү хүсэлт гаргаагүй байна. 

-Нөгөөтэйгүүр, Захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан тул эрх бүхий байгууллага буюу Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд гомдлыг хянан үзнэ.

Захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шалгах нягтлах гомдол ирүүлсэн байхад Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд захиалагчийн шийдвэрийг шалгах хүртэлх хугацаагаар биелэлтийг түдгэлзүүлэх эрхтэй байна. 

Нөгөөтэйгүүр, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/6455 албан тоотоор түдгэлзүүлсэн ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй бөгөөд уг хуулийн 96 дугаар зүйлд нийцсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1-д гомдлыг хянан шийдвэрлэхдээ захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах талаар журамласан байна.

Нэхэмжлэгчийн тендерийн материалд дахин шалгаж нягтлахад хуулийн дээрх шаардлага хангагдаагүй байсан нь тогтоогдсон. Уг хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.2-т заасан сонгох боломжийн тухай ойлголт нь “хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн, боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх” тухай ойлголт бөгөөд нэг тендерт 2 буюу түүнээс дээш “хамгийн сайн” үнэлгээ өгөх тухай хуульд заагаагүй байх тул энэ зүйл заалтыг хэрэглэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан бүх заалтыг тухайн тохиолдолд авч хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд тендерийн харилцаа нь хуулийн нарийвчилсан зохицуулалттай байна. 

ПЭХХК нь тендерийн бичиг баримтандаа, М.У ажлаас чөлөөлөгдсөн тухай нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн баримт ирүүлсэн нь Холбоо дохиолол, мэдээллийн технологийн инженер одоо энэ компанид байхгүй байгааг нотолж байна. Харин тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 /в/ заалтаар, энэ тендерийн ажилд ажиллуулах ёстой голлох болон инженер техникийн ажилтнуудыг жагсааж бичсэн байна. Эдгээр инженер, техникийн ажилчдын жагсаалтыг МАЯГТ №ТШМ-2 заасны дагуу бөглөж ирүүлэх ёстой байна. Энэ жагсаалтын 5-д “Холбоо дохиолол, мэдээллийн техоногийн инженер'’ байгаагаас үзэхэд “Холбоо дохиолол, мэдээллийн техоногийн инженер” нь голлох эсвэл инженер, техникийн ажилтан байна Энэ заалтанд “ ажилтан, ажилтнууд нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх ба нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД8 маягтыг сүүлийн 3 сар /2018 оны 05,06,07 сар/-ын/ байдлаар хавсарган ирүүлнэ” гэсэн байна. ПЭХХК өөрөө Холбоо дохиолол, мэдээллийн техоногийн инженер М.Ууганцэцэгийг “санал болгосон” нь, энэ тендерээр шалгарсан тохиолдолд гүйцэтгэх барилгын ажилд Холбоо дохиолол, мэдээллийн техоногийн инженерээр энэ хүнийг ажиллуулна гэсэн хэдий ч энэ ажилтан нь үндсэн ажилтан гэдгийг баталсан баримт байхгүй байна. Энэ тендерт зориулж М.Ууганцэцэгтэй түр гэрээ байгуулсан нь "тухайн байгууллагын үндсэн ажилтан" байх шаардлагыг хангаагүй, зөрчсөн байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

-Зураг төсөл боловсруулах гэрээг ирүүлээгүй, барилгын холболтын зураг төсөл боловсруулах гэрээ ирүүлсэн байна гэснийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Уг тендерийн барилгын зураг төслийг холболтын зургаар барих ажил биш юм. Шинээр баригдах барилгад барилгын холболтын зураг хийхгүй. Нэхэмжлэгчийн зураг төслийн гэрээ нь эрх бүхий этгээдээр хийлгүүлсэн эсэх нь тодорхойгүй,  барилгын холболтын зургийн гэрээ байна гэж үзэж байна. Иймд Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/ 8-д "Зураг төсөл боловсруулах байгууллагатай зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан байна. Зураг төслийн холбогдох тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар зураг төслийг гүйцэтгүүлнэ. /гэрээнд хийгдэх ажил, үнийг дүнг тодорхой тусгасан байна. Тусгай зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ/ гэсэн заалтыг хангахгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

-Ажлын талбайн зохион байгуулалтын зургийг тендерийн баримт бичигт зааснаар ирүүлээгүй байна гэснийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

ПЭХХК нь ажлын талбайн зургаа баталгаажуулаагүй байсан нь Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/ 5-д “Ажлын талбайн зохион байгуулалтын зураг гаргаж, баталгаажуулан ирүүлнэ” гэснийг зөрчсөн байна бөгөөд ТШӨХ-ийн ТОӨЗ 13.1 /ж/-ийн дор “ТШӨХ-д заасан аль нэг баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан байна.

Дээрх үндэслэлүүдээр захиалагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргах тухай Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг зөрчсөн гэж маргажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасан “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” эрхийг хүрээнд Сангийн яамнаас, дахин үнэлгээг зохих журмын дагуу явуулахыг шаардсан. Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлсэн байна.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн тухай асуудлыг зохицуулсан байгаа нь дээрх Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. 

ПЭХХК нь А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг  шаардлагад нийцсэн гэж үзсэн шийдвэрийг хянаж өгөх гомдлыг мөн Сангийн  яаманд гаргасан байдаг. Энэ гомдлын дагуу Сангийн яам манай түншлэлийн тендерийн материалыг хянан үзэж, шаардлага хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу үргэлжлүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6-1 1/7305 дугаар Гомдол хянан үзсэн тухай албан тоотыг НХААГ-т, хувийг ПЭХХК-д хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч компани энэ талаар мэдэж байгаа.

Сангийн яамны энэ бичгийг хүлээж аваад ПЭХХК-ийн гомдлын дагуу шалгасан ч түншлэлийн материал шаардлага хангасан болохоор Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 02/1649 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан тоотоор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэрээ байгуулна уу гээд холбогдох материалуудыг хүргүүлсэн байна.

Тендерт оролцогчийн чадавхыг үнэлэх ажил бол тендерийн шалгаруулалтын үндсэн үнэлгээ байдаг. Тийм ч учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Тендерт оролцогчийн тендерийн материалыг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлага хангасан эсэхийг хянан үзэхэд ПЭХХК үндсэн шаардлагуудыг хангаагүй гэдэг нь тогтоогдсон.

ПЭХХК-ийн хүсэлт, гомдлоор манай түншлэлийн тендерийн материалд мөн хяналт шалгалт хийж үзээд, түншлэлийн ирүүлсэн материал шаардлага хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байгааг дахин нотолсон байхад ПЭХХК нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, тендерийн ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж бодож байна. ПЭХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан, дахин шийдвэрийг хянаж шалгасан асуудлыг ч манай 2 байгууллага мэдээгүй байсан. Гэрээ байгуулах эсэх тухай асуудлаа ярилцахаар явж байхад дээрх албан бичгүүд гарсныг мэдэж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас албан ёсоор гаргуулж авсан болно.

Түншлэгчдээс тендерийн баталгаа болгон 25 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, гэрээ байгуулах эрх олгосны дараа гүйцэтгэлийн баталгаа болгон 108 596 039 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус төлсөн байна.

Иймд ПЭХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Гуравдагч этгээд АХХК, Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Анх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ тендер  санал ирүүлсэн 6 компаниас хамгийн бага үнийн санал ирүүлсэн ПЭХХК-ийг шалгаруулсан. Үүний дараа хуулийн хугацаандаа хууль заасан эрхийнхээ хүрээнд А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийн түншлэл нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч шүүхэд маргасан юм.

Сангийн яам Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу захиалагчийн гаргасан үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн  байдаг. Тэгэхээр ПЭХХК  нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар гомдох үндэслэлгүй гэж үзэж байна.

 Хамгийн бага үнийн санал гэдэг бол хамгийн түрүүнд баримтлах тендерийн гол зарчим юм. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хараат бус ажилладаг бөгөөд манай ажилтан албан хаагчаас томилогдохоос гадна иргэний төлөөлөл, орон нутгийн Засаг даргын төлөөлөл, хөндлөнгийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл мөн ордог юм.

 Тендерийн үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргахдаа гаргасан алдааг үнэлгээнд нөлөөлөхгүй алдаа гэж үзэж үнэлж болдог бөгөөд ингэж гаргасан шийдвэрийг Сангийн яам нягталж үзээд ийм 3 алдаа байгаа тул гэрээ байгуулах эрх олгосныг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дахин үнэлгээ хийхээр өөр аргагүй юм.

Сангийн яамнаас “Тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин үнэлгээ хийж хуульд нийцсэн шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдье” гэсэн шийдвэрийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон  гомдол гаргасан компанид нэг нэг хувийг явуулсан байсан.

Үүний дагуу дахин үнэлгээ хийснийг нэхэмжлэгч үгүйсгэж шүүхэд хандсан юм. ПЭХХК-иас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт албан бичиг ирсэн байдаг. Төрийн алба, захиргааны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой бөгөөд тендер шалгаруулалтын ажил түргэн шуурхай явагдах ёстой гэсэн зарчмыг барьж нийтийн эрх, ашиг хөндөгдөн, төсвийн хөрөнгө татагдан гэж үзэж хуулийн хугацаанд нь явуулж дуусгахаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн юм. Энэ хугацаанд хэн нэг байгууллагаас албан бичиг ирсний дагуу үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй бөгөөд манайд маш олон бичиг ирж байдаг.

Манай  байгууллага Сангийн яамны  шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийж  тендерт оролцогчдоос ирүүлсэн хамгийн бага үнийн саналын хоёрт А******* ХХК болон Наранбулаг ХХК-ийн түншлэл байсан тул шалгарсан. Тендер шалгаруулалтын үйл ажиллагаа цааш явах гэтэл ПЭХХК  хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Гэтэл Монгол Улсын Сангийн яам энэ тендер шалгаруулалт хууль ёсны дагуу явсан тул тендерийг үргэлжлүүл гэсэн шийдвэрийг гаргасан тул ажиллагаа үргэлжилсэн юм.

Монгол Улсын Сангийн яамны ирүүлсэн шийдвэрийн аль аль нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан. Тиймээс бид энэ эцсийн шийдвэрийг дагадаг юм.

Монгол Улсын Сангийн яамны гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дахин үнэлгээ явуулсан. Үнэлгээний хороо 5 гишүүнээс бүрддэг бөгөөд анхны бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй буюу ПЭХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны гишүүд дараагийн компанийг шалгаруулсан байдаг. Манай байгууллага хариуцагч биш эрх ашиг мөн хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр татагдах байсан.

Монгол Улсын Сангийн яамны шийдвэрийн дагуу ПЭХХК-иас татгалзсан. Сангийн яамны албан бичигт “...тендер шалгаруулалтын үнэлгээг, шийдвэрийг хуулийн дагуу хүчингүй болгож ...” гэж бичсэн тул бид үүнийг барьж ажиллахаас өөр аргагүй юм.  Хэрэв манай байгууллага дахин үнэлгээ хийж ПЭХХК-ийг дахин шалгаруулах бол  аудит ирж Засаг даргад арга хэмжээ ав гэж албан бичиг өгч газрын дарга, тендерийн үнэлгээний хорооны гишүүд бүгд сахилгын арга хэмжээ авагдаж, цаашлаад ажлаасаа халагдана.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ПЭХХК-иас тус шүүхэд “******* дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зарласан ******* дугаар тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон боловч уг тендер шалгаруулалтад гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 6-1/6455 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрхийг түдгэлзүүлж, тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хянаад, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 дүгээр албан бичгээр ПЭХХК-ийг шалгаруулсан захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгджээ.

Нэхэмжлэгчийн гаргасан “******* дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх;”, 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.”, 55.3-т заасан эрхийн хүрээнд ******* дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн тендерт оролцох эрхийг хязгаарлаагүй бөгөөд захиалагчийн явуулсан тендерийн үнэлгээг хүчингүй болгож, дахин хийх шаардлагатай гэж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. 

Мөн нэхэмжлэгчээс Сангийн яамыг гомдол шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцуулаагүй гэж буруутгаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урина.” гэж заасан нь захиалагчийн тендер шалгаруулалттай холбоотой харилцаанд хамаарах зохицуулалт бөгөөд Сангийн яамны гомдол шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байна.

Иймд Сангийн яамны ПЭХХК-ийг шалгаруулсан захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас дахин үнэлгээ хийсэн үйл ажиллагаа, шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэв.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ******* дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин хийж, А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан бөгөөд уг тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа, шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Сангийн яамны ******* дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа  2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж, “...дахин үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулах ёсгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Харин Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  хуралдаж, ПЭХХК болон А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийн тендерийн баримт бичгийг үнэлэх үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.” гэж заасан журмаар явагдаагүй болох нь  дахин үнэлгээ хийсэн тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ”Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” гэж зааснаар үнэлгээний хорооны шийдвэр болох хурлын тэмдэглэлд:  “Тендерийн үнэлгээний хорооны дарга “Өмнөх шийдвэртэйгээ адил саналтай байна”, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга “Сангийн яам шаардлагад нийцээгүй гэж ПЭХХК-ийг үзсэн учраас шаардлагад нийцсэн дараагийн аж ахуйн нэгжийг шалгаруулах саналтай байна” гэснээс үзэхэд тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэрт дурдсан зөрчлийн  үндэслэл тус бүрийг дахин хэлэлцэлгүйгээр, өөрөөр хэлбэл тендерт оролцогчдын тендерийн бичиг баримтад дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулалгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Сангийн яамнаас ПЭХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл болох “... ажилтан М.Ууганцэцэг нь 2018 оны 5 сард ажлаас чөлөөлөгдсөн гэх мэдээлэл ирүүлсэн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн. НД8 маягтын 6, 7 сарын жагсаалтад байхгүй байгаа нь ТОӨЗ-ны 6.2/в/-д заасныг хангахгүй.

Мөн ажлын талбайн зохион байгуулалтын зургийг ирүүлсэн боловч баталгаажуулаагүй, зураг төсөл боловсруулах гэрээг барилгын холболтын зураг төсөл боловсруулах гэрээ гэж хийсэн нь ТШӨХ-ийн ТОӨЗ 13,1/ж/-ийн 5.8-д заасныг хангахгүй.” гэж үзсэн үндэслэлийг дахин үнэлгээ хийж тодруулаагүй.

Мөн Сангийн яамны ПЭХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлтэй тус компани маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайгаа захиалагчид мэдэгдсэн бөгөөд энэ тохиолдолд захиалагч  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д “Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй.” гэж заасан үүргээ биелүүлээгүй дахин үнэлгээ явуулж, гэрээ байгуулах эрх олгох үндэслэлгүй байжээ.

  Иймээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн ******* дугаартай тендерт дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч ПЭХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Ингээд нэхэмжлэгч ПЭХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага болох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэхүү шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан тус шүүхийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32018/7876 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 6-1/6455 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 47 дугаар зүйлийн 47.7, 54 дүгээр зүйлийн 54.5,  52 дугаар зүйлийн 52.1.7, 55.2, 55.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ПЭХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн дахин үнэлгээ явуулсан үйл ажиллагаа, А******* ХХК, Н******* ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “******* дугаартай тендерт ПЭХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/6709 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгчээс "Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 6-1/6455 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар тус шүүхийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32018/7876 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсныг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН