Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00134

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00134

 

 

Б.Цы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02558 дугаар шийдвэртэй

Б.Цы нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, мөн жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8 689 800 төгрөг, олон жил ажилласны урамшуулал болох 1 500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8 037 600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216 700 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булган, түүний өмгөөлөгч П.Анударь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, түүний өмгөөлөгч Г.Орхон , Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК (Компани гэх)-д ажилд орж, нийт 25 жилийн турш тасралтгүй, үнэнч шударгаар ажилласаар ирсэн. Энэ хугацаанд 2005 оноос 2020 он хүртэл Компанийн голлох үйл ажиллагаа болох зэсийн баяжмалын cap бүрийн ачилтыг дангаараа хариуцан, амжилттай ажиллаж, компанийн ашиг орлогыг ямагт нэмэгдүүлсээр ирсэн. Компанийн гүйцэтгэх захирал болох Чой Жон Үн нь 2018 оны 11 дүгээр сард гүйцэтгэх захирлаар томилогдон ирсэн бөгөөд тухайн үеэс эхлэн намайг ялгаварлан гадуурхаж, албан тушаалаа ашиглан дарамт үзүүлж эхэлсэн, компанид ажилласан 25 жилийн хугацаанд миний бие ганц ч минут ажлаас хоцорч үзээгүй, архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан өөрийн ажил үүргийг бодитоор, зохих ёсоор, амжилттай гүйцэтгэж ирсэн. Чой Жон Үн нь намайг ажлаас халах шалтаг хайн, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ажлын хамт олны үзсэн уран сайхны киноноос зөвшөөрөлгүй гарсан гэж шалтаглан хөдөлмөрийн гэрээг цуцална хэмээн дарамталж, Warning letter буюу сануулах бичиг өгч хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулан хагас өдрийн цалин хасаж байсан, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг огт зөрчөөгүй. Тухайн өдөр үзсэн кино нь Терминатор хэмээх компанийн үйл ажиллагаа болон миний ажил үүрэгтэй огт хамааралгүй уран сайхны кино байсан бөгөөд маш чанга дуу чимээтэй байсан тул бие эвгүйрч кино дуусахаас хэдхэн минутын өмнө зурвас үлдээгээд гарсан. Уг сануулах бичиг нь Хөдөлмөрийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2-т ажил олгогч нь Ажилтанд зөвхөн түүний ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг тавина. гэж заасныг зөрчсөн. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр надад орон тоо хасах тухай (Removing the Position One principle professional) мэдэгдэл өгсөн боловч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон тоог цөөрүүлсний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал өгсөн. Чой Жон Үн нь намайг хувийн өс хонзонгоор ажлаас халсны бас нэгэн илрэл бол жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болон он удаан жил ажилласны урамшууллыг надад олгоогүй. Уг урамшууллуудыг зөвхөн надад олгоогүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний хоёрдугаар зүйлийн 6-д заасан заалтыг зөрчсөн. Урамшууллуудыг зөвхөн надад олгохгүй байхын тулд цалинг 02 дугаар сарын 20-ны өдөр тооцож олгосон нь Хөдөлмөрийн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 2-т ...Ажилтны цалинг сард нэг удаа, cap бүрийн 21-ний өдөр олгоно гэж заасныг мөн зөрчсөн. Компани надад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон тоо хасах тухай (Removing the Position One principle professional) мэдэгдэл өгсөн тухайд дурдсан бөгөөд орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино хэмээн Улсын Дээд шүүхийн тайлбарт заасан байна. Гэтэл манай компанид хоёр тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаал байдаг. Мөн миний хариуцдаг байсан зэсийн баяжмалын бизнес сүүлийн 6 жилийн турш тасралтгүй өргөжиж, эдийн засгийн хувьд компанийн түүхэнд байгаагүй их амжилтыг бий болгосон атал 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон тоог цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал өгсөн. Компанид хоёр тэргүүлэх ажилтан байдаг ч яг ямар шалгуураар намайг сонгож халах болсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Компанид хэдийгээр хоёр тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаал байдаг боловч миний бие зэсийн баяжмалын үйл ажиллагааг дангаараа сүүлийн 15 жил хариуцаж ирсэн бөгөөд миний хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг дээр ч мөн зэсийн баяжмалын үйл ажиллагааг хөгжүүлэх гэж заасан байдаг. Нөгөө тэргүүлэх мэргэжилтэн бол алтны асуудал хариуцдаг, энэ нь компанийн тогтмол үйл ажиллагаа биш. Хоёр тэргүүлэх мэргэжилтэн гэдэг орон тооны нэгийг цөөрүүлэхдээ ямар үндэслэл, шалгуураар цөөрүүлснээ заагаагүй, мөн голлох үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэх мэргэжилтний орон тоог цөөрүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс Компанийн хууль бус 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, намайг тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8 689 800 төгрөг гаргуулах, манай байгууллага жил бүр цагаан сарын урамшуулал болох 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгодог бөгөөд хөдөлмөрийн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 2-р заалтад ...Ажилтны цалинг сард нэг удаа, cap бүрийн 21-ний өдөр олгоно гэж заасны дагуу энэ жилийн цагаан сарын урамшууллыг 02 дугаар сарын 21-ний өдөр олгох байсан. Гэтэл дээрх урамшууллыг зөвхөн надад олгоогүй бөгөөд ийнхүү олгохгүй байхын тулд миний цалинг 2 дугаар сарын 20-ны өдөр тооцож, урамшууллыг хасаж олгосон. Иймд хариуцагчаас цагаан сарын урамшуулал болох 8 689 800 төгрөгийг нэхэмжилж байна. Олон жил ажилласны урамшуулал болох 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8 037 600 төгрөг гаргуулах, манай байгууллагаас компанид олон жил ажилласан ажилтнуудад Long term service recognition буюу он удаан жил ажилласны урамшууллыг ажилласан 5, 10, 15, 20, 25, 30 дахь жилд нь олгодог. Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр анх компанид ажилд орсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 25 жил тасралтгүй ажилласан байтал холбогдох дотоод журмын дагуу 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоогүй. Иймд хариуцагчаас дээрх урамшуулал буюу 8 037 600 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр урамшууллыг надад олгохгүй гэсэн тул би урамшуулал олгох тухай хүсэлт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)-ийг бичиж, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирал Чой Жон Үнд гардуулан өгсөн. Надад урамшууллуудыг олгохгүй тухай намайг ажлаас халахаас өмнө шийдэж би түүнд нь хүсэлт хүртэл бичгээр өгсөн байтал хариуцагчаас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариу тайлбартаа манай компани энэ тухай жил бүрийн 3 дугаар сард шийдвэрлэдэг, 2020 оны шийдвэр Б.Цыг чөлөөлсний дараа гарсан гэх ор үндэслэлгүй худал тайлбар өгч, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлсэнд маш их харамсаж байна. Сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах, Гүйцэтгэх захирал Чой Жон Үн нь томилогдож ирсэн цагаасаа Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин, намайг гадуурхаж, ажлаас халах шалтаг хайн дарамталсаар 25 жилийн турш бүх сэтгэл зүрх, мэдлэг чадвар, залуу насаа зориулан ажилласан ажлаас минь намайг халсан. Миний бие түүнийг томилогдож ирсэн цагаас маш их дарамт, шахалт амссан бөгөөд насаараа ажилласан ажлаасаа тэтгэвэрт гарахаас хэдхэн сарын өмнө халагдаж, хамт ажиллаж байсан ажилтнууд, хамтран ажилладаг байсан хүмүүс цаашлаад гэр бүл, найз нөхдийн дунд миний нэр хүндийг унагасан үйлдлээс болж сэтгэл санааны хүнд дарамтанд орж, маш их хохирч байна. Тиймээс хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216 700 төгрөг гаргуулна. Хагас өдрийн цалинг хасахдаа миний ээлжийн амралт 24 өдөр байх ёстой байснаас 0.5 өдрийг хасаж, олгох ёстой байсан ээлжийн амралтын олговрын дүнгээс хагас өдрийн цалинг суутгах байдлаар хассан. Үүнтэй холбоотой Компанийн нягтлан бодогчийн тооцооллыг хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд тус тооцооллын дагуу ээлжийн амралтын олговрыг 24 өдрөөр биш 23.5 өдрөор тооцож олгосон болохыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №20/17 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" захирлын тушаалын эхний хавсралтаас харж болно. Иймд, өөрийн нэг өдрийн цалинг дээрх №20/17 тушаалд заасны дагуу 433 400.85 төгрөгөөр тооцож хагас өдрийн цалин болох 216 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус тус нэхэмжилж байгаа тул эдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э ХХК нь гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай буюу Хонконгийн Эрдсам лимитед компанийн 100 хувь хувьцаа эзэмшдэг компани байгаа. Тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй БНХАУлсын Самсунг С&Т Хонконг компанийн худалдах, худалдан авах гэрээнд зуучлах, мөн дээрээс нь тээвэрлэлт хийж өгөхөөр харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2019 он, 2020 ондуудад Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан баяжмалыг худалдаж авах шинэ гэрээг байгуулж чадаагүй, энэ үүднээс Э ХХК 2020 онд урамшуулал олгох нөхцөл байдал 50 хувиар буурсан. Манай компани Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс зэс худалдаж авах, зуучлахаас гадна алт худалдаж авах мөн дээрээс нь том дугуйнуудыг бусад байгууллагад худалдах үйл ажиллагаа явуулдаг. Эрдсам лимитед компани маань Хонконг Самсунг С&Т компанийн байгуулсан гэрээний урамшуулал 50 хувиар буурсантай холбогдуулаад, 2019 оны 01 дүгээр сарын 06-нд мэдэгдэл ирсэн байдаг. Ер нь Эрдэнэттэй байгуулсан гэрээнүүдтэй холбогдуулаад тэргүүлэх мэргэжилтний орон тоог бууруулах үр дагавар мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тэргүүлэх мэргэжилтний орон тоог бууруулах үүрэг өгсөн. Тэргүүлэх мэргэжилтний 2 орон тоонд И.Одсүрэн, Б.Ц нар ажилладаг байсан. Гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хэн нь ямар эрх үүрэгтэй болохыг харгалзаж үзээд, Б.Ц нь дан одоо зэсийн баяжмалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бол И.Одсүрэн нь алтны худалдаа, том дугуй худалдах, мөн шинэ бизнес хөгжүүлэх болон зэсийн баяжмалтай холбоотой ажлыг давхар хариуцдаг хүн байсан учраас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Б.Ц гэдэг хүнд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл өгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын урамшууллыг олгоод, ажлаас халах мэдэгдлийг өгсөн. Тус мэдэгдэл ямар учиртай бэ гэхээр ер нь бол удаан ажилласан Б.Ц гэдэг хүнийг өөр ажил албан тушаалд ажиллах боломжоор хангасан хуулийн зохицуулалтын дагуу мэдэгдлээ өгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тушаал гарсан. Тушаал нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу орон тоог цөөрүүлсэн шийдвэр болсон. Нэгэнт энэ компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Хонконгийн лимитед компани, Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас дагаж биелүүлэх хууль журамтай. Мэдэгдлээ өгөөд зохих журмын дагуу шалгуураа тавиад Б.Цыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн. Чой Жон Үн гэдэг хүний өөрийнх нь хүсэл зоригоос үл шалтгаалж, хувьцаа эзэмшигч болоод энэ гэрээний нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, шийдвэр гаргасан учраас хариуцагч хуульд заасны дагуу чөлөөлсөн шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр маань Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасантай нийцэж байгаа. Цагаан сарын урамшууллыг олгоогүй талаар өмгөөлөгч нар маань хариу тайлбартаа цагаан сарын урамшууллыг 3 сард олгосон гэдэг зөрүүтэй тайлбар бичсэн байна. Цагаан сарын урамшууллыг 2020 оны 02 дугаар сарын 21-нд олгосон байгаа. Цагаан сарын урамшууллыг цагаан сарын өмнөх өдрүүдэд олгодог. Энэ нь нийгмийн даатгалын баримтаар харагдаж байгаа, Б.Цд яагаад олгоогүй вэ гэхээр 2020 оны 01 дүгээр сарын 17-нд мэдэгдэл өгөөд, 2020 оны 02 дугаар сарын 20-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт, хавтаст хэргийн 15-16 дугаар талд байгаа 2020 оны 02 дугаар сарын 20-ны тушаалаа аваад, тус өдрөө ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаас халагдсан. Ингэж ажлаас халагдсан учраас энэ урамшууллыг олгох боломжгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар талд авагдсан баримтуудыг нэхэмжлэгч маань буруу тайлбарлаж байна. 124-125 дугаар талд авагдсан баримтууд нь ямар агуулгатай вэ гэхээр 2019 оны 3 дугаар сарын 18-нд Б.Ц, И.Одсүрэн, н.Дэлгэрмаа нар нь ийм төгрөгийн цалинтай байсан гэдэг тушаал байгаа, манайх яагаад ийм тушаал гаргадаг вэ гэхээр жил болгон ажилтны цалинг шинэчилдэг. Олон жил ажилласан урамшууллыг олгоогүй гэдэг юмыг ярьж байна. Манай олон жил ажилласны урамшуулал олгодог зохицуулалт байхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8 689 800 төгрөг, олон жил ажилласны урамшуулал болох 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8 037 600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216 700 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Цы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Цы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70 200+743 00/ нийт 813 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-д заасны дагуу хууль зөрчөөгүй гэж үзнэ гэж дүгнэснээр тус заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч хариуцагч компанийн байнгын ажлын байранд 25 жилийн турш ажилласан. Хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан аль ч гэрээнд ийнхүү хугацаатай байгуулах шаардлага, шалтгаан байхгүй, тийм хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй болохыг шүүх зөв дүгнээгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт адил ажил үүрэг эрхэлдэг, бөгөөд адил албан тушаалтай ажилтнуудаас тодорхой тоогоор багасгах талаар зохицуулсан. Гэтэл хариуцагч компанийн ажилтан И.Одсүрэн нь нэхэмжлэгчтэй адил Тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаалтай боловч өөр ажил үүрэг эрхэлдэг байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, гэрч И.Одсүрэнгийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон байтал шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Хоёр тэргүүлэх мэргэжилтэн өөр ажил үүрэг гүйцэтгэдэг гэдэг үйл баримт нотлогдож, шүүх үүнийг хүлээн зөвшөөрч шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн хэрнээ орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсныг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэн. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Байгууллагад хоёр мэргэжилтэн албан тушаалтай ажилтан ажилладаг байж болно. Гэтэл тэдгээр нь өөр, өөр ажил үүрэг хариуцан гүйцэтгэдэг мэргэжилтнүүд бол тэдгээрийг ажил, албан тушаалын нэг байрны ажилтнууд гэж үзэхгүй. Эдгээрийг нэг албан тушаалын хоёр өөр ажлын байрны ажилтнууд гэж үзэх ёстой. Үүнийг Дээд шүүхийн зөвлөмжид Эдгээр олголтуудад ажил, албан тушаалын нэг байрны асуудал хамааралтай болохыг анхаарвал зохино гэж маш тодорхой заасан. Хариуцагчийн гүйцэтгэх захирал хоёр тэргүүлэх мэргэжилтэн дундаас өөрийн үзэмжээр нэхэмжлэгчийг ялгаварлан сонгож, ажлаас халсан. И.Одсүрэн нэхэмжлэгчээс олон төрлийн ажил хийдэг байсан гэдэг бол илэрхий худал тайлбар юм. Хэрэв И.Одсүрэн нэхэмжлэгчээс олон төрлийн ажил эрхэлдэг байсан бол нэхэмжлэгчийн цалин И.Одсүрэнгийнхээс их байх ямар ч үндэслэл байхгүй байсан. Түүнээс гадна нэг албан тушаалтай ажилтнууд хэдий ч эрхэлдэг ажил нь ялгаатай учраас түүнийг нь шалгуур үзүүлэлт болгож халж байгаа бол энд орон тоо цөөрүүлэх тухай асуудал яригдахгүй. Тус тушаалд орон тоо бодитоор цөөрсөн эсэх, ямар үндэслэлээр орон тоо цөөрч байгаа, ямар шалгуураар И.Одсүрэнг биш нэхэмжлэгч Б.Цыг сонгож ажлаас халсан тухай ганц ч үг, өгүүлбэр, баримт байхгүй. Орон тоо цөөрүүлж байгаа учраас Б.Цыг ажлаас хална, нөгөө тэргүүлэх мэргэжилтэн И.Одсүрэнд ажлаа хүлээлгэж өг гэдэг агуулгатай, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, ялгаварлан гадуурхсан тушаал гаргасан. Түүнчлэн, хариуцагч Эрдсам интернэшнл ХХК нь бүтэц, зохион байгуулалт өөрчилсөн талаар ямар нэг шийдвэр гаргаагүй ба орон тоо цөөрсөн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх орон тоог цөөрүүлсэн болох нь дээр дурдсан бичгийн нотлох баргттуудаар тогтоогдож байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Үнэхээр орон тоо цөөрсөн байсан бол Хариуцагч компани ажилтнуудын бүтэц, зохион байгуулалтаа урьдчилан баталж, тушаалд хавсаргаж нэхэмжлэгчид ч тэр, шүүхэд ч тэр зохих ёсоор нотлох ёстой байсан. Хариуцагч талаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай 2021 оны гэрээ байгуулаагүйгээс компанийн орлого буурсан, үүнээс болж орон тоо цөөрүүлсэн гэдэг боловч энэ үндэслэлээ ажил олгогчийн буюу Захирлын тушаалд заагаагүй. Хариуцагчийн орлого буурсан гэдэг бол худал тайлбар, хариуцагч тал энэ тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нөгөө талаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ байгуулаагүй бол нэхэмжлэгчийн гэрээг цуцлах үндэслэл болно гэх заалт нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээнд огт тусгагдаагүй болохыг шүүх зөв дүгнээгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Нэхэмжлэгчид орон тоо цөөрүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй, өгсөн тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүх орон тоо цөөрүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчсөн үйлдлийг зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Хариуцагчаас гаргаж, шүүхээс шийдвэрийн үндэслэлээ болгосон урамшууллын гэрээнүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтад тавигдах шаардлагыг хангаагүй. Шүүх И-мэйлээр ирүүлсэнд үзлэг хийж бэхжүүлсэн гэх боловч үзлэгээр эдгээр гэрээг хэдний өдрийн и-мейлээр ирсэн гэрээтэй харьцуулсан нь тодорхойгүй байсан, тиймээс ч үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй. Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болох эсэх нь тодорхойгүй 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Hong Soon Seung-д хүргүүлсэн мэдэгдэл болон 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гэсэн баримтуудыг дурдсан. Энэ нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын соёрхон баталсан Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц-ийн 3 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн. Гүйцэтгэх захирал Чой Жон Үн нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн дарамталсаар дараа жилийн 2 дугаар сард нь орон тоо цөөрүүлсэн гэх бодит бус шалтгаанаар нэхэмжлэгчийг ажлаас халсан. Энэ баримт нь хариуцагчийн орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэл бодит бус болохыг нотлох чухал баримт бөгөөд гүйцэтгэх захирал нэхэмжлэгчид түүний албан үүрэгтэй нь огт хамааралгүй шаардлага тавьж урьдаас үндэслэлгүйгээр халахаар төлөвлөж байсан үйл баримтыг нотлох хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт юм. Нэхэмжлэгч нь Хариуцагч компанийн гол үйл ажиллагаа болох зэсийн баяжмалын үйл ажиллагааг өдөр тутам буюу дангаар хариуцан ажилладаг байсан тухай үйл баримт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бол хариуцагч компанийг үүсгэн байгуулагдсанаас хойш зэсийн баяжмалын үйл ажиллагаанд хамтран ажиллаж буй харилцагч компани гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх энэхүү гуравдагч этгээдээс гаргасан нотлох баримтыг үнэлээгүй хэрнээ хариуцагчаас гаргасан, И.Одсүрэн ч бас зэсийн үйл ажиллагааг хариуцдаг гэж харуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн хөдөлмөрийн гэрээнд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Тус хөдөлмөрийн гэрээ хуурамч болохыг нотлох баримт хасуулах тухай хүсэлтэд дэлгэрэнгүй тайлбарлаж, шүүх хурлын үеэр нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрийн гэрээтэй харьцуулан олон удаа шүүгчид тайлбарласан. Энэ хөдөлмөрийн маргаанд аливаа ашиг сонирхолгүй гуравдагч этгээд болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн гаргасан албан бичгийг шүүх огт үнэлээгүй хэрнээ энэ маргаанд хариуцагчийн байр сууриас оролцож буй ажил олгогчийн гаргасан хуурамч баримтыг үнэлсэн. Нэхэмжлэгч халагдсан өдрөө буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр И.Одсүрэнд Эрдэнэт үйпдвэр ТӨҮГ-тай холбоотой гэрээ болон дагалдах баримт бичиг, файлууд-ыг хүлээлгэн өгч, И.Одсүрэн хүлээн авч гарын үсэг зурсныг энэхүү баримт нотолно. Хариуцагчийн хариу тайлбарт Тус компани Монгол Улсад үүсгэн байгуулагдсан үеэсээ Хонгконгийн Самсунг С&Т Хонгконг ХК-г Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулах ажилд зуучлах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар дурдсан, энэ талаар маргаагүй. Хариуцагч компани зэсийн баяжмалын үйл ажиллагааг зөвхөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулах замаар хэрэгжүүлдэг. Тэгвэл тус үйл ажиллагаатай холбоотой хамгийн чухал баримтууд болох гэрээ, дагалдах баримт бичиг, файлуудыг нэхэмжлэгчээс И.Одсүрэнд хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгчийг тус үйл ажиллагааг дангаар хариуцдаг байсан, И.Одсүрэн хариуцдаггүй байсныг нотлох, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт. Захирлын тушаалаас нэхэмжлэгч Б.Ц 3,100 ам.доллар, харин И.Одсүрэн 3,000 ам.долларын цалин авч байсныг харж болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох талаар заасан. Нэхэмжлэгч Б.Ц Хариуцагчийн голлох үйл ажиллагаа болох зэсийн үйл ажиллагааг дангаар хариуцдаг байсан нь цалин хөлсний хэмжээгээр нотлогдоно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан 7 баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг үндэслэн гаргасан ба баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг шүүгчид удаа дараа тайлбарласан хэдий ч шүүгч тэдгээр баримтад үндэслэн хэргийг шийдсэн. Цагаан сарын урамшууллыг 3 дугаар сард шийдвэрлэдэг гэж тайлбарласан боловч шүүхийн журмаар нийгмийн даатгалын газраар баталгаажсан цалин хөлсний хүснэгт гаргуулахад 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс бусад бүх ажилтанд үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгосон болох нь баримтаар тогтоогдсон, эдгээр нь шагналт цалин хэсэгт бүртгэгдсэн. Ийнхүү хариуцагч шүүхэд худал тайлбар гаргасан нь илэрснээс гадна хэргийн 109-112 дугаар хуудаст авагдсан захирлын хуурамч тогтоолуудыг нөхөж шүүхэд гаргасан. Жил тутам гаргадаг тушаал мөртлөө нэхэмжлэгчийн халагдсан сард мөрдөгдөхгүй байхаар буюу 11 сарын хугацаатай мөрдөгдөхөөр заасан. Цагаан сарын урамшуулал олгох хугацааг 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл, 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл гэж зааснаас үзвэл 2020, 2021 онуудын 02 дугаар сарын дундуур болсон цагаан сарын урамшуулал олгогдохгүй мэт харагдаж байна. Урамшууллыг албаар нэхэмжлэгчид олгохгүйн тулд доорх баярын өдрийн байдлаар ажиллаж байгаа үлдсэн ажилчдад олгосугай гэсэн боловч үүний агуулга нь нийтээр амрах баярын өдөр ажиллаж байгаа ажилтанд өгөх цалин буюу нэмэгдэл хөлсөнд хамаарахаар байна. Нийтээр амрах баярын өдөр ажиллаж байгаа ажилтанд өгөх цалинг нэмэгдэл хөлс гэж нэрлэхээр, нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2 дахин нэмэгдүүлж олгох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан. Хариуцагч нэг хоногийн наана, цаана гэх шалтгаар нэхэмжлэгчид урамшууллыг олгоогүй. Иймд нэхэмжлэгчид цагаан сарын урамшууллыг нэхэмжлэгчийн ажилласан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тооцож буюу хөдөлмөрлөсөн хугацааны үр дүнд нь тохируулан, халагдсан нэг өдөрт холбогдох хэсгийг хасаад олгох ёстой байсан. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Ажилтны сарын цалин нь сар бүрийн ажлын өдөрт тохирсон байх бөгөөд Ажилтны бодитоор ажилласан өдрийн тоонд үндэслэн тооцогдоно гэж заасныг шүүх зөв тогтоогоогүй. Хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулсан тус журмын Long-time service буюу удаан ажилласны урамшуулал хэсэгт ажилтан 25 жил ажилласан бол 1,300 ам.доллар болон 9 өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор заасан. Нэхэмжлэгч хариуцагч компанид 1995 оны 01 дүгээр сарын 1-ийн өдрөөс эхлэн ажилласан талаар шүүхийн үндэслэх хэсэгт бичсэн, талууд маргаагүй. Ажиллах хугацаанд 2004 онд 4 сарын тасалдал байгаа гэж хариуцагч тайлбарласан ч тухайн үеийн хариуцагчийн удирдлагууд нэхэмжлэгчийг АНУ-аас ирж, буцаад ажилдаа орвол 4 сарын хугацааг ажилласнаар тооцъё'' гэж тохиролцсон болохыг нэхэмжлэгч тайлбарласан. Нэхэмжлэгчийн тайлбарласан энэхүү үйл баримт нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээр нотлогдож байгаа. 2005 онд нэхэмжлэгчийг компанид 10 жил ажилласан гэж тооцон нэхэмжлэгчид олгосон тус оны 12 дугаар сарын цалин хөлс 1 325 160 төгрөг буюу 10 жилийн турш ажилласны урамшуулал багтсан цалин хөлс, 2010 онд нэхэмжлэгчийг компанид 15 жил ажилласан гэж тооцон нэхэмжлэгчид олгосон тус оны 4 дүгээр сарын цалин хөлс 4 757 820 төгрөг буюу 15 жилийн турш ажилласны урамшуулал багтсан цалин хөлс, 2015 онд нэхэмжлэгчийг 20 жил компанид ажилласан гэж тооцон нэхэмжлэгчид олгосон тус оны 3 дугаар сарын цалин хөлс 13 581 377 төгрөг буюу 20 жилийн турш ажилласны урамшуулал багтсан цалин хөлс байна. Дээрх баримтаар нотлогдож буй үйл баримтыг шуүх зөв тогтоогоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирал Чой Жон Үн нь намайг ялгаварлан гадуурхаж, албан тушаалаа ашиглан маш олон удаа дарамт үзүүлж байсны нэгэн илрэл нь надад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн Warning letter буюу Сануулах бичгээс тодорхой харагддаг. Тус сануулах бичгийг уншвал 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлын хамт олны үзсэн Терминатор хэмээх уран сайхны киноноос зөвшөөрөлгүй гарсан тул надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална хэмээн дарамталж байсан нь тодорхой харагдана. Тухайн өдөр үзсэн кино нь Терминатор хэмээх компанийн үйл ажиллагаа болон миний ажил үүрэгтэй огт хамааралгүй уран сайхны кино байсан бөгөөд маш чанга дуу чимээтэй байсан тул бие эвгүйрхч кино дуусахаас хэдхэн минутын өмнө зурвас (Киноноос явах болсноо мэдэгдсэн зурвасын гэрэл зураг) үлдээгээд гарсан. Ажлаас халах талаар намайг энэ үеэс эхлэн сүрдүүлж байсан бөгөөд сүрдүүлээд зогсохгүй үүнтэй холбоотойгоор хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хагас өдрийн цалинг минь хассан. Хагас өдрийн цалинг хасахдаа миний ээлжийн амралт 24 өдөр байх ёстой байснаас 0.5 өдрийг хасаж, олгох ёстой байсан ээлжийн амралтын олговрын дүнгээс хагас өдрийн цалинг суутгах байдлаар хассан. Үүнтэй холбоотой Компанийн нягтлан бодогчийн тооцооллыг хавтаст хэргийн ХХ-39-р хуудсаар харж болох бөгөөд тус тооцооллын дагуу ээлжийн амралтын олговрыг 24 өдрөөр биш 23.5 өдрөөр тооцож олгосон болох нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалын эхний хавсралт буюу 2хх.57 хуудсаар нотлогдоно. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-д холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тэргүүлэх мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, мөн жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8 689 800 төгрөг, олон жил ажилласны урамшуулал болох 1 500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8 037 600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216 700 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Эрдсам Интернэшнл ХХК-д нэхэмжлэгч Б.Ц 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс албан тушаалын нэршил солигдож тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байсан байна. /1хх.14-32/

Ажил олгогч Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 дугаартай тушаалаар тус компанийн тэргүүлэх мэргэжилтэн (ерөнхий менежер) Б.Цтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. Дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 12 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 4.а дахь хэсэгт заасан заалтыг баримталж, Э ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001-HR дугаар компанийн ажилтны орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлийг заажээ. /1хх.16-17/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Компанид хоёр тэргүүлэх ажилтан ажилладаг бөгөөд ямар шалгуураар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах болсон нь тодорхойгүй, хууль зөрчиж ажлаас халсан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э ХХК-ийн үүсгэн байгуулагч Гонконгийн Эрдсам компани Лимитед нь Хонконгод үүсгэн байгуулагдсан компани бөгөөд хувьцаа эзэмшигч нь БНСУ-д үүсгэн байгуулагдсан Самсунг Си энд Ти Хонконг Лимитед байна. /1хх77-127/

Эрдсам компани лимитэд компанийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр-ээр Эрдэнэтийн зэсийн баяжмалтай холбоотой үйл ажиллагаа тодорхой бус байдалд орж, тус байгууллагатай байгуулсан гэрээний тоо цөөрч байгаа гэсэн үндэслэлээр Э ХХК-ийн ажилчдын орон тоог цөөрүүлж, тэргүүлэх мэргэжилтний нэг орон тоог хасаж бусад орон тоог хадгалж үлдэхийг Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Чой Жон Үн-д үүрэг болгосон үйл баримт тогтоогджээ. /1хх.78-79/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Цд 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Э ХХК-ийн тэргүүлэх мэргэжилтний нэг орон тоог хасах тухай мэдэгдлийг гардуулан өгсөн, нэхэмжлэгчид 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 9 166 428 төгрөгийг олгосон байна. /1хх.14-15/

Э ХХК-д Тэргүүлэх мэргэжилтэн-ийн албан тушаалд Б.Ц, И.Одсүрэн гэсэн хоёр ажилтан ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...тэргүүлэх мэргэжилтний хоёр орон тоонд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан И.Одсүрэн, Б.Ц нарын хөдөлмөрийн гэрээнд заасан буюу тэдний хийж гүйцэтгэдэг ажил үүргийг нь харьцуулаад, Б.Цыг зөвхөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ байгуулах болон худалдан авсан зэсийн баяжмалын сар бүрийн ачилтын ажлыг хариуцдаг, И.Одсүрэнг мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай гэрээ байгуулах асуудлаас гадна түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасан Алт, зэс, дугуйн бизнес хөгжүүлэх, шинэ бизнес хөгжүүлэх зэрэг компанийн бусад бүхий л бизнесийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байдлыг нь шалгуур болгож Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч Э ХХК, ажилтан Б.Ц нарын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.т Ажилтны ажил үүрэг /Ерөнхий менежер/, 2/. Зэсийн баяжмалын үйл ажиллагааг хариуцах, 2/. Шинэ биз нес хөгжүүлэх гэж заасан, тэргүүлэх мэргэжилтэн компанийн ажилтан И.Одсүрэнтэй 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3-т. Ажлын байр /Ерөнхий менежер/, 1/. Алт, зэс, авто дугуйны бизнес ажиллагааг хөгжүүлэхэд оролцох, 2/. Шинээр бизнес ажиллагаа хөгжүүлэхэд оролцох гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтан Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тус байгууллагад ажиллаж байгаа хоёр тэргүүлэх мэргэжилтний хөдөлмөрийн гэрээний 3.1-т заасан ажил үүргийн шалгуур үзүүлэлтийг харгалзан хэнийг нь үргэлжлүүлэн ажиллуулахыг сонгох эрх нь ажил олгогчид хамааралтай гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна./1хх.7-13, 91-96/

Шүүх хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Хэргийн 80 дугаар талд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Урамшууллын гэрээ авагдсан, уг гэрээ 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжихээр заасан, нэхэмжлэгчийн урамшууллын гэрээ байгуулагдахаас өмнө ажлаас халсан байх тул түүний урамшууллын 8 689 800 төгрөг авах шаардлагыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Чой Жон Үнийг 2018 оны 11 сард томилогдож ирснээс хойш, ажилтнуудаа нас хүйсээр нь ялгаварлаж, албан тушаалаа ашиглаж, ялгаварлан гадуурхаж, ажлаас үндэслэлгүй халсан, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас шалтгаалан сэтгэл санааны хохирол учирсан гэх боловч уг байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй.

Б.Ц олон жил ажилласны урамшуулал болох 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8 037 600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216 700 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 374 890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО