Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0087/З |
Дугаар | 221/МА2017/0640 |
Огноо | 2017-09-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0640
2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2017/0640 | Улаанбаатар хот |
Г.Х, Б.Г, Б.Г нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Х, Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т, О.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Х, Б.Г, Б.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Д болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Х, Б.Г, Б.Г нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 130-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.5, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн ХААТШУТҮН-д олгосон 0.28 га газрын бусдын 300 м.кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 300 м.кв газар ашиглах эрхийг хангаж, ХААТШУТҮН-д олгосон газар ашиглуулах .... тоот гэрчилгээний 1554.5 метр газартай холбоотой хэсгээс Г.Х-ийн үлдэх 213.5 м.кв болон нэхэмжлэгч Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг тэнцүү хувааж ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Г.Х, Б.Г, Б.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Д нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгч бидний нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.
1. Анхан шатны шүүх хариуцагч нь гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Г.Х-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгч Г.Х нь маргаан бүхий газарт 1976 оноос амьдарч ирсэн, нөхөр, үр хүүхдүүдийн хамт он удаан жил тухайн газрын нөхцөл байдлыг засан сайжруулж, үл хөдлөх хөрөнгө барин амьдарсан. 2012 оны 4 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд болон дүүрэг, нийслэлийн Газрын алба, Байгаль орчин аялал жуучлалын яаманд удаа дараа газар ашиглах хүсэлтүүд гаргаж байсан гэж зөв зүйтэй дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаагүй нь буруу болов.
2. Нотлох баримтууд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн дагуу тал бүрээс нь бодитойгоор хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх асуудалд алдаа гаргав. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд маргаан бүхий газрыг ямар нэг байдлаар хамааруулан 2003 оны 04 дүгээр сарын 29-нд 033 дугаартай гэрчилгээ олгож байжээ. Мөн хүрээлэнд нийслэлийн Засаг дарга 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ...... дугаартай гэрчилгээ олгож байсан ба тус хүрээлэн газрын төлбөр байнга төлдөг аж.
Энэхүү маргаан бүхий газар дээр байгаа цехийн барилга гарааш нь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болох нь олон нотлох баримтаар нотлогдож байгаа нэхэмжлэгч Б.Г нь 2012 оны 04 дүгээр сарын 20, 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд нэхэмжлэгч Б.Г нь 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглуулах хүсэлт гаргасан нь нотлогдож байхад анхан шатны шүүх тэд нарыг 2015 оны 11 дүгээр сараас өмнө газар ашиглуулах тухай хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргаагүй гэж буруутгасан. Гуравдагч этгээдийн газар ашиглах гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зураагүй нь уг гэрээ нь бүрэн хүчин төгөлдөр биш гэдгийг харуулж байна.
Нэхэмжлэгч нар нь 1554.5 ам метр газраа нөхөн сэргээж засан сайжруулж, Монгол Улсын Газрын тухай хуульд заасныг хашиж, хамгаалан ашиглаж байгаа Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын сайд ч одоогийн байдлаар Зайсангийн 700-аад өрхөд ашиглаж байгаа хэмжээгээр нь газраа ашиглах эрх олгосон. Иймд анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Засаг даргын хүчингүй болгосон шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Г.Х-д 300 ам метр газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Г.Х, Б.Га, Б.Г бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн газрын маргаан, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Нэхэмжлэгчдийн амьдарч байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа хэдий ч нэхэмжлэгч Г.Х талийгаач нөхөр, үр хүүхдүүдийн хамт он удаан жил тухайн газрын нөхцөл байдлыг засаж сайжруулан үл хөдлөх хөрөнгө барин амьдарч, 2012 оны 04 дүгээр сараас Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа, дүүргийн болон нийслэлийн Газрын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд удаа дараа газар ашиглах хүсэлтүүдийг гаргаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд гэрчүүдийн мэдүүлгүүд, талуудын тайлбараар нотлогддог.
Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тэдний гаргасан хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгч Г.Х-ийн бодитойгоор амьдарч буй газраа баталгаажуулах, тухайн газрыг ашиглан амьдрах эрх зөрчигдсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Учир нь зохигчийн маргаж буй Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд байрлах 0.28 га талбай бүхий газрыг 197 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ХААШУТН-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаартай тушаалаар “...туршилтын механик цех лаборатори...”-ийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
ХААТШУТН нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор анх үүсгэн байгуулагдсан бөгөөд төрийн өмчийн хуулийн этгээд болно.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 1 дүгээр хороонд зохих зөвшөөрөлгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж нэр бүхий айл өрхийн оршин сууж байсан газрыг ашиглах эрхийг гэрчилгээжүүлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулан бөгөөд нэхэмжлэгч Г.Х-ийн одоо оршин сууж байгаа газар ХААТШУТҮН-ийн 0.28 га газартай давхцаж байсан тул гэрчилгээ олгоогүй нь хууль ёсны байгаа юм.
Нэхэмжлэгч Г.Х-ийн нөхөр А.Б нь гуравдагч этгээд болох ХААТШУТҮН-д ажиллаж байхдаа тус нэгдлийн газар дээр байрлаж байсан байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй агуулах байсан газрыг засаж сэлбэн орон сууцны хэлбэрт оруулан амьдарч байсан бөгөөд хамт олны зүгээс энэхүү байрыг А.Б-д шилжүүлэн өгсөн байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газрыг Монгол Улсын иргэн, аж, ахуй нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчин, сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох талаар зохицуулсан бөгөөд иргэн болон аж, ахуй нэгж газар ашиглахад тодорхой шаардлагууд тавигдахаар байхад анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд тэнд суурьшсан 440 гаруй иргэд амьдарч байгаа газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч Г.Х-ийн хүсэлт гаргасан газрыг газрын давхцалтай гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүй нь төрөөс газрыг ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчимтай нийцээгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн илт үндэслэлгүй, маргааны үйл баримтыг буруу тайлбарласан гэж үзнэ.
Учир нь нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гуравдагч этгээдэд олгосон 0.28 га газраас 1554.5 метр квадрат газрын газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах шаардлага rapracан бөгөөд дээрх газраас 1554.5 метр квадрат газрыг ашиглах эрхтэй гэдгээ хангалттай бичгийн нотлох баримтуудаар нотолж чадаагүй юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар А.Б-д 300 метр квадрат талбай бүхий газрыг Газрын тухай хууль заасны дагуу эзэмшүүлж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн А/607 дугаартай захирамжаар “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун урд талд Хөдөө аж, ахуйн техникийн шинжлэх ухаан технологи үйлдвэрийн хашаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар иргэн А.Бд иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 300 метр квадрат газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн захирамж хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй болно.
Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамж нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч нар уг захирамжийг мэдсэн хэрнээ өнөөдрийг хүртэл уг захирамжийн талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байдаг.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэнд “..гэр бүлийн хэрэгцээний болон аж, ахуйн зориулалтаар...” газрыг өмчлүүлэхээр заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй газар нь хязгаарлалтын бүсэд харьяалагдаж байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8-д заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд огт хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт байхгүй болно. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “...тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ...” гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Туршилтын механик цех, лаборатори” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2008 онд хийлгэсний үндсэн дээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар 0.2, га газрыг 5 жилийн хугацаанд эзэмших эрхтэй болсон байхад хууль болон хэрэгт авагдсан энэ үнэлгээний тайланд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Нөгөө талаар нарийвчилсан зохицуулалттай хуульд энэ талаар тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс маргаж буй хязгаарлалтын бүсэд хамаарах 1554.5 метр квадрат талбай бүхий газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг огт хийлгээгүй байдаг бөгөөд энэ хэмжээний газар эзэмших эрхтэй гэдгээ хуульд зааснаар болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргалаа.
Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн нотлох баримтаар 2886 метр квадрат газар эзэмшдэг талаар, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээг харуулсан зураг зэрэг бичгийн нотлох баримтуудад шүүхийн зүгээс огт үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Х, Б.Г, Б.Г нар “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын болон уг тушаалын дагуу гуравдагч этгээд ХААТШУТҮН-д олгосон газар ашиглуулах ..... тоот гэрчилгээний 1554.5 метр квадрат газартай холбоотой хэсгийг хүчингүй болгох, энэхүү 1554.5 метр квадрат газраас нэхэмжлэгч Г.Х-д 513.5 метр квадрат, Б.Г-д 527.5 метр квадрат, Б.Г-д 513 метр квадрат газрыг ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч талаас “...он удаан жил Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны гэр хороололд буюу маргаан бүхий газарт амьдарч, одоо байгаа газрын хур хогийг цэвэрлэн, амины орон сууц барин амьдарч байгаа газрыг олгож баталгаажуулахгүй байгаа нь хууль бус” гэж, хариуцагчаас “Г.Х, Б.Г, Б.Г нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчин амьдарсан” гэж, гуравдагч этгээдийн зүгээс” нэхэмжлэгч нар 1554.5 м.кв газрыг юуг үндэслэн эзэмших эрхтэй байсан талаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд олгосон 0.28 га газраас 1554.5 м.кв газрыг нэхэмжлэгч нар яаж ашиглаж байсан гэдгийг нотлох ёстой. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна” гэж маргаж, тус тусын үндэслэлийг гаргажээ.
Ерөнхий шийдлийн хувьд нэхэмжлэгч Г.Х-г маргаан бүхий газарт он удаан жил амьдарсан, газар эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэж, харин Б.Г, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэн Г.Х маргаан бүхий газарт 1976 оноос амьдарч ирсэн нь тогтоогдож байх бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.
Ийнхүү амьдарч байх хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар А.Б-т Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Соёмботын 2-1-д 300 м.кв газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/607 дугаар захирамжаар А.Б-т эзэмшүүлсэн 300 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байсан хууль зүйн факт байна.
Энэ нь тухайн газрыг иргэн Г.Х эзэмших, ашиглах ямар ч эрхгүй болох нь тогтоогдоод Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан хэрэг огт биш байна. Гагцхүү өөр этгээд гаргах эрхийн актыг урьтаад өөр /эрх олгогдоогүй/ этгээд гаргасан байжээ. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/607 дугаар захирамж нь Г.Х-г газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд болохыг тогтоосон, тухайн иргэн тэр газарт хамааралгүй гэдгийг нотолсон захиргааны акт гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хариуцагчийн зүгээс “Г.Х, Б.Г, Б.Г нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчин амьдарсан” гэдэг тайлбарыг гаргаж маргажээ.
Бодит байдал дээр Г.Х маргаан бүхий газарт 1976 оноос амьдарч ирсэн нь тогтоогдсон гэж үзэхээр байна. 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан бөгөөд уг хуулийн Арванзургадугаар зүйлийн 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох ... эрхтэй” гэж заасны дагуу Зайсангийн аманд хуулийн дагуу /хууль зөрчсөн гэх баримтгүй/ амьдарч байжээ.
Хариуцагчийн тайлбарлаад байгаа “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” 1995 оноос хүчин төгөлдөр болж үйлчилсэн байна. Ингэснээр нэхэмжлэгчийн амьдарч байгаа газар энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах болжээ. Түүнээс биш хууль хүчин төгөлдөр болсны дараа Г.Х хуулийн заалт зөрчиж, сүүлд нүүж ирээд амьдарсан асуудал огт байхгүй байна. Иймд түүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж амьдарсан гэж үзэхгүй. Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан нь хууль хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлснээс хойш аливаа иргэн, аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газарт газар ашиглах болвол дээрх зориулалтаар ашиглах ёстой болохыг тогтоосон заалт гэж үзэхээр байна.
Г.Х талийгаач нөхөр, үр хүүхдүүдийн хамт он удаан жил тухайн газрын нөхцөл байдлыг засан сайжруулж, үл хөдлөх хөрөнгө барин амьдарч, 2012 оны 04 дүгээр сараас Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа (өргөдөл нь 2 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас), дүүргийн болон нийслэлийн Газрын алба, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа газар ашиглах хүсэлтүүдийг гаргаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүд, талуудын тайлбараар нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
“Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-235 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд ...зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд тэнд суурьшсан 440 гаруй иргэнд амьдарч байгаа газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч Г.Х-ийн хүсэлт гаргасан газрыг газрын давхцалтай гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүй нь төрөөс газрыг ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчимтай нийцээгүй гэж үзнэ” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч Г.Х-гийн хүүхдүүд болох нэхэмжлэгч Б.Г, Б.Г нарын тусгай хамгаалалттай газар нутагт гэр бүлийн зориулалтаар газар ашиглах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүх “Б.Г, Б.Г нар 2015 оны 11 дүгээр сараас өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт зааснаар газар ашиглах тухай хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргаж байгаагүй, ... өөрөөр хэлбэл тэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1554.5 м.кв газраас нэхэмжлэгч Б.Г 527.5 м.кв, Б.Г 513 м.кв газрыг нэхэмжлэх эрхтэй талаараа хангалттай нотлоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Үүнээс гадна дээрх иргэд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-235 дугаар тушаал зэргийг иш татаж маргаж байх тул дээрх эрхийн актын талаар дүгнэлт өгөх, уг эрхийн актад нэхэмжлэгч 2 иргэн яагаад хамаарахгүй гэж үзсэн талаар дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тусгай хамгаалалттай газар нутагт он удаан жил суурьшин амьдарч байгаа иргэдийн талаар хэлэлцэн, уг хуралдааны 17 дугаар тэмдэглэлээр “.../уг/ иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасан, үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар “... Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг газар дээр нь шалгаж, бүртгэлжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан, үүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзвэл, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдахаас өмнө тухайн байршилд суурьшин амьдарч эхэлсэн иргэдийн хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, уг хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, тусгай хамгаалалттай газарт он удаан жил суурьшин амьдарч байгаа газрыг нь “хашааны” зориулалтаар олгох зохицуулалт гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэр нь 1994 оноос өмнө Богдхан уулын Дархан цаазат газар, Зайсангийн аманд хашаа хатган суурьшин амьдарч байгаа иргэдийн хувьд 1994 онд батлагдсан хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, иргэдэд өөрийн он удаан жил суурьшин амьдарсан хашааны газраа цаашид ашиглах эрхийг төрөөс баталгаажуулах зорилготой, харин уг тогтоолоор Зайсангийн аманд гэр бүлийн хамт амьдарч байсан бүх хүн уг амны аль нэг хэсэгт дураараа хашаа хатган, газар ашиглах “давуу эрх”-ийг олгоогүй гэж үзэхээр байна. Хэрвээ “олгосон” гэж үзвэл Үндсэн хуульд заасан “тэгш эрх”-ийн зарчим зөрчигдөнө.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Б.Г, Б.Г нар нь төрсөн ах дүүс бөгөөд тэдний эцэг А.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 2 гудамжны 1 тоотод хүүхдүүдийн хамт “он удаан жил амьдарч” байгаа, “.../хүүхдүүд нь/ насанд хүрч, тус тусдаа өөрийн гэсэн газартай болохыг хүссэн” нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, дээрх 2 иргэн Зайсангийн аманд, өөрийн эцэг, эх, гэр бүлийн хамт “он удаан жил амьдарч байсан” хашааны газар биш, зэргэлдээ орших өөр газарт шинээр хашаа хатган, түүнийгээ Засгийн газрын дээрх шийдвэрийн хүрээнд “ашиглах эрхтэй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй,
Харин, дээрх нэр бүхий иргэдийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх шаардлагыг хангасны үндсэн дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “...газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргах”, үүний дагуу бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тэгш эрхийн үндсэн дээр тус газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олж авах хуулийн боломжтой, шүүх иргэдийн уг эрхийг үгүйсгээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0524 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.5, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-289 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн ХААТШУТҮН-д олгосон 0.28 га газрын бусдын 513.5 м.кв газраар давхцалтай хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Х-д 513.5 м.кв газар эзэмшүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдэх “Б.Г-д 527.5 м.кв, Б.Г-д 513 м.кв газрыг ашиглуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР