Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00006

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02533 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар  шийдвэрээр Н.Б-оос холбогдох, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282 535 700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, 759 дүгээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, өрөө орон сууцыг 156 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2020.4.1-ний өдрийн 19281049/05 дугаар тогтоолоор хураан авч, шинжээчийн тогтоосон үнээр худалдан борлуулах санал гаргасан.  Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 784 418 900 төгрөгийн 70 хувиар тооцон 549 093 230 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.4.7-ны өдрийн 4/187 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020.4.20-ны өдрийн №151/01 дугаар үнэлгээний тайлангаар 4 өрөө орон сууцны үнэлгээг 2020.4.20-ны өдрийн байдлаар үнэлж зах зээлийн үнийг 784 418 900 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг 2020.5.11-ний өдөр хүлээн авсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3-т заасныг үндэслэж дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Манай барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн унэлгээг 2-оос доошгүй үнэлгээний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглаж, байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж Хөрөнгө-Истимэйт ХХК-ийн 2020.4.20-ны өдрийн №151/01 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: .Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.2-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрээр Н.Б-оос181 780 645 төгрөгийг гаргуулж Х.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, мкв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020.4.7-ны өдрийн 4/187 дугаар тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 784 418 900 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2020.4.21-ний 4/14799 дугаар тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020.4.20-ны өдрийн №151/01 Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч би 2020.10.12-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус иргэний хэрэг хянан шийдвэр ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохоор болсон бөгөөд 2020.10.12-ны өдөртөө хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааны товыг мэдсэн болно. Улмаар шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ хангаж, маргааш нь 2020.10.13-ны өдрийн 9.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцохоор өглөө 8.00-д гэрээсээ гараад авто замын түгжрэлд орсны улмаас шүүгчийн туслах Б.Ж-тэй утсаараа холбогдон энэ талаараа мэдэгдэж. очиж байгаагаа мэдэгдэн, шүүгчид хэлэн шүүх хуралдааныг эхлүүлэхгүй түр хүлээхийг хүссэн болно.

 Ингээд 9 цаг 25 минутад шүүх дээр ирэхэд шүүх хуралдаан эхэлчихсэн байсан. Шүүх хуралдаан дууссаны дараа нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И мөн тус шүүх хуралдаанд хоцорч ирээд хэргийн оролцогчийн хувиар бус шүүх хуралдааны танхимд зүгээр л сууж оролцсоныг хожим мэдсэн.

Хэдийгээр шүүхээс өмнө нь буюу 2020.10.02-ны өдөр анх товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгч ирээгүй байсан ч талуудыг мэтгэлцэх эрхээ эдлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2020.10.13-ны өдрийг хүртэл нэг удаа хойшлуулж шийдвэрлэж байсан ч энэ нь 2020.10.13-ны өдрийн шүүх хуралдеа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр, ялангуяа өмгөөлөгчгүйгээс хуралдааныг цаашид явуулсныг зөвтгөх хууль зүйн хангалттай үндэслэл болохгүй гэж үзэж байна.

 Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчиж хуулийн 34.3-д заасан эрхийг эдлэх боломжийг хязгаарлаж, шүүх хуралдааныг яаруу сандруу хийсэн нь хардлага төрж байгаа юм. Өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцоход тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол өмнөх шүүх хуралдаа дуусаагүй байна гэдэг шалтгаанаар олон цаг, минутаар шүүх хурлаа эхпэхийг хүлээх, зохигч болох нөгөө талы хүртэл иртэл нь хүлээж байгаад шүүх хуралдаанд оролцох тохиолдлууд нэлээд гардаг бөгөөд харин өмгөөлөгчийн хувьд шүүгчийн туслахаар дамжуулан шалтгаанаа хэлж хоцорч ирж байгаагаа хэлж түр хүлээхийг хүссээр байтал энэхүү боломжоор хангаагүйд гомдолтой байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгч С.Х-с татгалзах хүсэлттэй байсан, учир нь тэрээр шүүхийн гүйцэтгэх хуудасны үндэслэл болсон өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан шүүх хуралдааныг даргалсан, даргалагч шүүгч байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 “...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 91.1.4-т заасан “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлтэй байсан, түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс гэрчээр хөрөнгийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг оролцуулж тодруулах зүйлүүд байсан, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх, шинжээч томилсон тогтоол, хөрөнгө хураасан тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолтой маргах, бусад хуульд заасан хүсэлт, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 “... өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан. /хх 1-2, 37/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2015 дугаар шийдвэрээр Н.Б-оос180 719 100 төгрөгийг гаргуулж Х.Болдод олгож шийдвэрлэсэнийг Улсын дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 515 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

 

 Хариуцагч нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн  2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 19281049 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх 38, 51, 1-2, 37/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Б-ийн  өмчлөлийн Ү-улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  Стадион оргил тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн эдгээр ажиллагаа хүчинтэй байна. /хх 56,58/

 

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн ба төлбөр авагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг 690 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэхээр байна. /хх 62/

 

Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 4/187 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. /хх 63/

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаар Ү-улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 784 418 900 төгрөгөөр үнэлжээ. /хх 66-75/

 

 Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон байна. Нэхэмжлэгч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дээрх хугацааг зөрчиж гомдол гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаа НШШГГ-т ирүүлснийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр талуудад танилцуулсныг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. /хх 77/

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч талд зохих журмын дагуу шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн болох нь хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 98/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02533  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

             

              ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

             

          Ш.ОЮУНХАНД