Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02280

 

 

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн хариуцагч Б.Б-, Г.Н- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 66 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Э.Н, хариуцагч Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Г.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б-, Г.Н- нар нь “А-” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд 07-70 БРА улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн, “Прадо 120” маркийн автомашиныг барьцаалан зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөөгүй тул зээлдэгч нарын хүсэлтээр гэрээг 2 удаа сунгасан. Гэрээний хугацаанд төлбөл зохих хүү 21 600 000 төгрөг болсон ба үүнээс зээлдэгч нар нь 4 400 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаанд алдангийг 0.3 хувиар тооцохоор, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Иймд Б.Б-, Г.Н- нараас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 17 200 000 төгрөг, гэрээний алданги алданги 33 923 000 төгрөг нийт 71 123 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 4 723 200 төгрөгийг хасч 66 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл дээр бичигдсэн гэрээний дугаар, огноо зөрж байгаа. Тэгэхээр өмнө нь талуудын хооронд ийм гэрээний харилцаа байгаа учраас цаашдаа нэхэмжлэлийн үндэс болгож байгаа гэрээгээ зөв дугаар, огноогоор нь хэлээд явахыг нэхэмжлэгчээс хүсч байна. Б.Б- нь “А-” ХХК-тай гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Үүнд Б.Бат-Эрдэнийн эхнэр Г.Н- нь ямар нэгэн байдлаар оролцоогүй, нийтдээ байгуулсан зээлийн гэрээ болон фидуцын гэрээн дээр Б.Бат-Эрдэнийн эхнэр Г.Н-ийн хүсэл зоригийг тусгасан хэлцэл байгуулсан гарын үсэг баталгаа, тэмдэг байдаггүй учраас Г.Н- энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш, зээлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 сарын хугацаатайгаар байгуулсан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний дуусах хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгаа. Гэтэл талууд гэрээний сунгалт гэдэг баримтыг үйлдэж гэрээг сунгасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч мөнгө нэхэмжилсэн. Уг гэрээний сунгалт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш 16 хоногийн дараа гэрээний сунгалт хийгдсэн. Гэрээний сунгалт гэдэг ойлголт нь юу вэ гэхээр нэгэнт гэрээний хугацаа дууссаны дараа гэрээг сунгана гэсэн ойлголт байдаггүй. Талууд гэрээг сунгаж байгаа тохиолдолд гэрээний хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцож дуусахаас өмнө юм уу, дуусахын өмнөх сүүлчийн өдөр гэрээг сунгаснаар гэрээ сунгагдсанд тооцогддог. Эхний сунгалт гэдэг баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл буюу 16 хоногийн дараа сунгасан. 2 дахь сунгалт гэдэг баримт 2019 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн, нэг ёсондоо өмнөх сунгалт буюу 2018 оны 11 дүгээр сараас хойш 13 сарын дараа энэ гэрээг сунгасан байна. Ийм сунгалт байж хэрхэвч болохгүй, хүссэн үедээ гэрээгээ сунгаад, гэрээ сунгаж байгаа нь өөрөө зээлдүүлэгч талд ашигтай, зээлийн хүүгээ авах эрх нь үүсдэг. Ийм байдлаар гэрээг сунгасан гэж үзээд хүү нэхэмжлээд байгаа нь хууль зөрчсөн асуудал. Тэгэхээр хариуцагчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр сунгасан сунгалт, 2019 оны 11 дүгээр сард сунгасан сунгалтууд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж ойлгож байна. Хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй, сунгая гэдэг хүсэлт байхгүй, дээрээс нь нэгэнт гэрээний хугацаа дууссан байхад гэрээг сунгана гэдэг ойлголт байж болохгүй. Дахин гэрээг шинээр байгуулах л ойлголт байгаа. Бидний төлсөн болон нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байгаагаар хариуцагч Б.Б- 4 400 000 төгрөг төлсөн. Хүүд төлсөн 4 400 000 төгрөгөөс зээлийн гэрээний үндсэн хугацаа 3 сар, нэг сарын хүү нь 800 000 төгрөг гэхээр 3 сарын нийт хүү 2 400 000 төгрөг, 3 сарын үндсэн хүүг төлсөн гэж үзэж байгаа. 4 400 000 төгрөгөөс үлдэж байгаа 2 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 18 000 000 төгрөг, үүнээс хуульд заасны дагуу алданги 50 хувиар тооцож 9 000 000 төгрөг болно. Ингээд үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг төлөх нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгчийн зүгээс алдангийг 2 янзаар тайлбарлаж байгаа. Гэрээний хугацааны алданги, гэрээний хугацаа дууссаны алданги гэж үзэж байгаа, ийм зүйл байдаггүй. Хуульд зөвхөн гэрээний үндсэн үүргийг гүйцэтгээгүй бол түүнд тохирох алдангийг тохирч авч болно гэж заасан байдаг. Гэрээн дээр заагдсан алдангийн хэмжээ их хэмжээтэй байгаа учраас үнийн дүнгийн 50 хувьд хүргээд хариуцагч талаас 9 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, ингээд нийт 27 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

Хариуцагч Г.Н- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнзаяагийн ярьсныг дэмжиж байна. Хариуцагч Г.Н- нь нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн байдлаар хэлцэл болон гэрээ байгуулаагүй болох нь тодорхой байгаа. Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн нотлох баримтаар мөнгө төлөх тухай баримт байгаа энэ баримтад Г.Н-ийн эрх зүй, хуулийн мэдлэг дутууг ашиглаж гарын үсэг зуруулж авсан. Энэ нь нотлох баримтын хэмжээнд авч үзэх баримт гэж үзэхгүй байна. Тийм учраас Г.Н-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-эс зээлийн гэрээний үүрэгт 33 560 016 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32 839 984 төгрөгийн шаардлага болон хариуцагч Г.Н-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 513 566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-эс 325 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Б Бат-Эрдэнэ, Г.Н- нар майай компанийн байранд ирж уулзан зээл авах шаардлагатай байгаа тухайгаа хэлж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Б.Б- зээлийн гэрээнд гарын үсэг зурж, мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийн гэрээний дагуу эхнэр Г.Н-ийн зөвшөөрлөөр түүний өмчлөлийн “Тоёота прадо” маркийн 07-70 БРА улсын дугаартай автомашиныг барьцаалж нотариатаар батлуулж, таньдаг хүмүүс байсан тул итгэж автомашиныг нь аливаа байдлаар захиран зарцуулах эрхийг хязгаарласан үйлдэл хийхгүйгээр дээрх гэрээнүүдийг байгуулсан. Хариуцагч тал барьцаалсан автомашинаа өнөөдрийн байдлаар бусдад худалдсан, хамтдаа ирж зээлийн өр төлбөрөө удахгүй төлнө, шүүхээр явахгүйгээр төлөх боломжтой гэж зээлийн гэрээний хугацааг дахин дахин сунгуулж байсан юм. Хариуцагч Г.Н- нь анх нөхөр Б.Бат-Эрдэнийн хамт ирж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 363 дугаартай зээлийн гэрээг байгуулахад байсан, гарын усэг зураагүй боловч зээлийн гэрээг байгуулснаас хойш зээл хойшлуулах талаар байнга уулзаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийн гэрээний дагуу эхнэр Г.Н-ийн зөвшөөрлөөр түүний өмчлөлийн “Тоёота прадо” маркийн 07-70 БРА улсын дугаартай автомашиныг барьцаанд авч, нотариат орсон, 2018 оны 4 дүгээр сарын 27, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд амаар болон бичгээр “А-” ХХК-д хүсэлт гаргаж зээлийн гэрээний хугацааг сунгасан гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчээс хариуцагчаар Б.Б-, Г.Н- нарыг тодорхойлсон. Хариуцагч тал 2019 оны 11 сард гэрээ байгуулагдсан гэдэгтэй маргадаггүй, хууль, эрх зүйн мэдлэг дутууг ашиглаж гэрээг зуруулсан гэдэг тайлбарыг гаргасан атал шүүхээс хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхгүй, эргэлзээтэй баримт гэж үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгчээс Б.Б-, Г.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал шүүхээс “... нэхэмжлэгч байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шүүхэд гаргаагүй тул “А-” ХХК Г.Н- нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй ба дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Н-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальж үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагч Г.Н-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Г.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж болох байсан ч хариуцагч нар барьцаалсан автомашинаа зарсан үйл байдлыг нэхэмжлэгч мэдэж байгаа, шийдвэр гарсан ч биелэгдэх боломжгүй болсон тул шүүхэд энэ талаар хандаагүй болно. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг гэрээний 1-т зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байсныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 18 сарын хугацаагаар сунгав” 2 дахь заалтаар энэхүү гэрээ нь талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 363 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болно” гэж тодорхой дурдсан. Талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан нотлох баримтыг үнэлээгүй. Шүүхээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү гэрээ байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 21 600 000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 4 400 000 төгрөгийг хасч 17 200 000 төгрөг, нийт төлөх ёстой дүн 37 200 000 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувь 2020 оны 4 дүгээр сарын 11-нээс нэхэмжлэл гаргах огноо хүртэл 5 буюу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 19 902 000 төгрөг, хуульд заасан 50 хувиас хэтэрсэн тул 37 200 000 төгрөгийн 50 хувь болох 18 600 000 төгрөг буюу зээл 20 000 000 төгрөг, хүү 17 200 000 +алданги 18 600 000 төгрөг, нийт нэхэмжлэгчээс 55 800 000 төгрөгийг гаргуулах боломжтой байсан атал хугацаа сунгасан гэрээнүүдийг буруу тайлбарлаж хэрэглэж 33 560 016 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд дээрх гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар 22 239 984 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч “А-” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 11 -ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан байдаг. Улмаар талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 27 -ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ гэх баримтыг анхан шатны шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, уг гэрээгээр сунгагдсан 6 сарын хугацаанд хамаарах хүү, анзыг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 27 -ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас 16 хоногийн дараа байгуулагдсан байдаг. Гэрээний хугацаа сунгалт гэдэг нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил үйлдэгдэх ёстой бөгөөд харин нэгэнт гэрээний хугацаа дууссаны дараа гэрээг сунгах тухай хууль зүйн ойлголт байхгүй юм. Анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгах хүртэлх 16 хоногийн хүүг ямар үндэслэлээр хасаж тооцсон тухай шийдвэрт огт дурдаагүй. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримт буюу 2018 оны 4 дүгээр сарын 27 -ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж буй талаараа шийдвэрийн үндэслэх хэсэгт заавал тусгах ёстой юм. Хариуцагч Б.Б- нь гэрээний хугацааг сунгах хүсэл зориггүй байсан боловч зээлдүүлэгч “А-” ХХК нь Б.Бат-Эрдэнийг зээлийн дарамтад байгааг ашиглаж түүнийг гэрээнд гарын үсэг зурахгүй байхын аргагүй байдалд оруулан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын зуруулсан нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар илэрхий болсон тул уг гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Бат-Эрдэнийн зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийг 27 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч Б.Б-, Г.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 66 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Н- бүхэлд нь, хариуцагч Б.Б- зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч “А-” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “А-” ХХК нь 20 000 000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын  хугацаатай, гэрээний хугацаанд зээлийг буцаан төлөөгүй тохиолдолд биелүүлээгүй үнийн дүнгийн 0.2 хувиар, гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлэх, хариуцагч Б.Б- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч Б.Б- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. Мөн өдөр талууд хариуцагчийн өмчлөлийн “Прадо” маркийн 07-70 БРА улсын дугаартай автомашиныг үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 4-5-р тал/

 

Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч Б.Б-тэй 2018 оны 4 сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл, 2019 оны 11 сард дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 4 сарын 11-ний өдөр хүртэл тус тус сунгасан байна. /хх-ийн 6-7-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2018 оны зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч 2019 оны 11 сар гэсэн огноотой зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, үнэн, зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэж, энэ хугацааны хүү, алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

            Тодруулбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан тул хариуцагч Б.Бат-Эрдэнийг хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгасан гэж үзнэ. Иймд зээлийн гэрээ сунгагдаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Харин нэхэмжлэгч “А-” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н-тэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн мөнгөн хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлээгүй байх тул хариуцагч Г.Н-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Б.Б- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “А-” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй юм. 

           

            Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дуусч, талууд 2018 оны 4 сарын 27-ны өдөр гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар буюу 2018 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл сунгасан байна. Анхан шатны шүүх энэ хугацааны зээлийн тооцооллыг үндсэн зээл 20 000 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 4 400 000 төгрөгийг хасаад хүү 2 373 344 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй.

 

            Өөрөөр хэлбэл, эхний зээлийн гэрээний хугацаа 2018 оны 4 сарын 11-ний өдөр дуусч, 16 хоногийн дараа буюу 2018 оны 4 сарын 27-ны өдөр гэрээний хугацааг сунгасан байх тул шүүх 16 хоногийн хүүг хасч тооцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх 27 сарын хугацааны хүү, алданги тооцуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

                        Харин анхан шатны шүүх 2019 оны 11 гэсэн огноотой 2020 оны 4 сарын 11-ний өдөр хүртэл сунгасан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хугацааны хүү, алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хэргийн 7 дугаар талд авагдсан 2019.11 гэсэн огноотой гэрээг 2019 оны 11 сарын 11-ний өдөр сунгасан гэж тайлбарласан байх тул уг хугацаанаас 2020 оны 4 сарын 11-ний өдөр хүртэлх зээл, хүү, алдангийг дараах байдлаар тооцох нь зүйтэй.

           

            Үүнд: 2019 оны 11 сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 сарын 11-ний өдөр хүртэлх 5 сарын хүү нь 4 000 000 төгрөг /800 000сарын хүү  х 5 сар = 4 000 000₮/, өмнөх хүүгийн үлдэгдэл 2 373 344 төгрөг дээр 4 000 000 төгрөгийн хүүг нэмбэл нийт хүү 6 373 344 төгрөг болно. Үндсэн зээл 20 000 000 төгрөг дээр хүү 6 373 344 төгрөгийг нэмбэл 26 373 344 төгрөг болох ба уг дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алданги тооцвол 13 186 672 төгрөг /26 373 344₮ : 2 = 13 186 672₮/ болно.

 

            Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 39  560 016 төгрөг /20 000 000 үндсэн зээл + 6 373 344 хүү + 13 186 672 алданги/-ийг хариуцагч Б.Б-эс гаргуулан нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 26 839 984 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасанд тус тус нийцнэ. 

           

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, ... гэсний дараа 232.4,” гэж нэмж, “... 33.560.016 ...” гэснийг “39 560 016” гэж, “... 32.839.984 ...” гэснийг “26 839 984” гэж,

2 дах заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Н-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дах заалтын “... 325.750 ...” гэснийг “355 750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б-эс төлсөн 119 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 269 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног

өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

                                                                                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ                                     

                                         ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                               Г.ДАВААДОРЖ