Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2020/00560

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, Б.Б,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, Г.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 66.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Э.Ө, хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Г.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нар оролцов. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч Б.Б, Г.Н нар нь А ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд ..... БРА улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн, Criuiser Prado 120 маркын автомашиныг барьцаалан зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөөгүй тул зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 2 удаа сунгасан. Гэрээний хугацаанд төлбөл зохих хүү 21.600.000 төгрөг болсон ба үүнээс зээлдэгч нар нь 4.400.000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаанд алдангийг 0.3 хувиар тооцохоор, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Иймд Б.Б, Г.Н нараас үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 17.200.000 төгрөг, гэрээний алданги 15.323.000 төгрөг, алданги 18.600.000 төгрөг нийт 71.123.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 4.723.200 төгрөгийг хасч 66.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Хариуцагч тал 27.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр гаргасан юм бол тэрийг тодруулмаар байна. Н гэдэг хүн хариуцагчаас хасч өгөөч гэж байна. Зээлийн гэрээ маань нотариатаар үйлдэгдэж баталгаажсан байгаа. Фидуцийн гэрээн дээр Нийн эзэмшлийн авто машиныг барьцаалж Нийн гарын үсэг зурагдсан байгаа. Хэрвээ энэ машин Нийн нэр дээр байгаагүй тохиолдолд тухайн нотариатч маань гэрээг баталгаажуулахгүй байх байсан. Нийн нэр дээр байсан учраас федуцийн гэрээн дээр Нээр гарын үсэг зуруулсан байгаа учир Нийг хариуцагчаас хасах боломжгүй. Тухайн зээлдэгч нар маань зээл авснаас хойш 4.400.000 төгрөг төлсөн байдаг. Тэрнээс хойш зээлийн гэрээнийхээ үүргийн хойноос явж байгаагүй, би өөрөө утасдаж ирж уулзаач гэдэг шаардлагыг тавьдаг байсан. Тэд нартай уулзаж ярилцахад шүүхээр шийдвэрлүүлмээргүй байна хоорондоо тохиролцъё гэдэг байсан. Би өөрсдийг нь дуудаж уулзаад ямар учраас төлөхгүй байсан шалтгааныг бичүүлж, гэрээний сунгалтыг 2 удаа сунгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэл дээр бичигдсэн гэрээний дугаар, огноо зөрж байгаа. Тэгэхээр өмнөх талуудын хооронд ийм гэрээтэй харилцаа байгаа учраас цаашдаа нэхэмжлэлийн үндэс болгож байгаа гэрээгээ зөв дугаар, огноогоор нь хэлээд явахыг нэхэмжлэгчээс хүсч байна. Бидний зүгээс Бат-Эрдэнэ нь А ХХК-тай гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Үүнд Б эхнэр Н нь ямар нэгэн байдлаар оролцоогүй, нийтдээ байгуулсан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээн дээр Б эхнэр Нийн хүсэл зоригийг тусгасан хэлцэл байгуулсан гарын үсэг баталгаа, тэмдэг байдаггүй учраас Н энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш, зээлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулсан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний дуусах хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгаа. Гэтэл талууд гэрээний сунгалт гэдэг баримтыг үйлдэж гэрээг сунгасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч мөнгө нэхэмжилсэн. Уг гэрээний сунгалт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш 16 хоногийн дараа гэрээний сунгалт хийгдсэн. Гэрээний сунгалт гэдэг ойлголт нь юу вэ? гэхээр  нэгэнт гэрээний хугацаа дууссаны дараа гэрээг сунгана гэсэн ойлголт байдаггүй. Талууд гэрээг сунгаж байгаа тохиолдолд гэрээний хугацаа дуусахаас өмнө харилцан тохиролцож дуусахаас өмнө юм уу, дуусахын өмнөх сүүлчийн өдөр гэрээг сунгаснаар гэрээ сунгагдсанд тооцогддог. Эхний сунгалт гэдэг баримтаар  2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл буюу 16 хоногийн дараа сунгасан. 2 дахь сунгалт гэдэг баримт 2019 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн, нэг ёсондоо өмнөх сунгалт буюу 2018 оны 11 дүгээр сараас хойш 13 сарын дараа энэ гэрээг сунгасан байна. Ийм сунгалт байж хэрхэвч болохгүй, хүссэн үедээ гэрээгээ сунгаад, гэрээ сунгаж байгаа нь өөрөө зээлдүүлэгч талд ашигтай, зээлийн хүүгээ авах эрх нь үүсдэг. Ийм байдлаар гэрээг сунгасан гэж үзээд хүүгээ нэхэмжлээд яваад байгаа нь хууль зөрчсөн асуудал. Тэгэхээр хариуцагчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр сунгасан сунгалт, 2019 оны 11 дүгээр сард сунгасан сунгалтууд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж ойлгож байна. Хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй, сунгая гэдэг хүсэлт байхгүй, дээрээс нь нэгэнт гэрээний хугацаа дууссан байхад гэрээг сунгана гэдэг ойлголт байж болохгүй. Дахин гэрээг шинээр байгуулах л ойлголт байгаа. Бидний төлсөн болон нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байгаагаар хариуцагч Бат-Эрдэнэ 4.400.000 төгрөг төлсөн. Би 27.000.000 төгрөгийн тооцооллыг гаргаж хэлье. Хүүнд  төлсөн 4.400.000 төгрөгөөс зээлийн гэрээний үндсэн  хугацаа 3 сар, нэг сарын хүү нь 800.000 төгрөг гэхээр 3 сарын нийт хүү 2.400.000 төгрөг, 3 сарынхаа үндсэн хүүг төлсөн гэж үзэж байгаа. 4.400.000 төгрөгөөс үлдэж байгаа 2.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 18.000.000 төгрөг, үүнээс хуульд заасны дагуу алданги 50 хувиар тооцож 9.000.000 төгрөг болно. Ингээд үндсэн зээл 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөг төлөх нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгчийн зүгээс алдангийг 2 янзаар тайлбарлаж байгаа. Гэрээний хугацааны алданги, гэрээний хугацаа дууссаны алданги гэж үзэж байгаа, ийм зүйл байдаггүй. Хуульд зөвхөн гэрээний үндсэн үүргийг гүйцэтгээгүй бол түүнд тохирох алдангийг тохирч авч болно гэж заасан байдаг. Гэрээн дээр заагдсан алдангийн хэмжээ их хэмжээтэй байгаа учраас үнийн дүнгийн 50 хувьд хүргээд хариуцагч талаас 9.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, ингээд нийт 27.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

 Хариуцагч Г.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Билгүүнзаяагийн ярьсаныг дэмжиж байна. Хариуцагч Н нь нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн байдлаар хэлцэл болон гэрээ байгуулаагүй болох нь тодорхой байгаа. Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нотлох баримтаар мөнгө төлөх тухай баримт байгаа энэ баримтад Нийн хууль, эрх зүйн мэдлэг дутууг ашиглаж гарын үсэг зуруулж авсан. Энэ нь нотлох баримтын хэмжээнд авч үзэх баримт гэж үзэхгүй байна. Тийм учраас Нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:                         

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Б, Г.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 71.123.200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 66.400.000 төгрөг болгож багасгасан болно.

    Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 27.000.000 төгрөгийг төлнө, хариуцагч Г.Н би А ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, нөхөр Б хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн төлбөр төлөх хүн биш гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөг зээлдэж авснаа хүлээн зөвшөөрч, зээлийн хүүд 4.400.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Бтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу автомашин барьцаалсан барьцаат зээлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж, 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай олгожээ. Зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож, графикт заасан үндсэн зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0.5 хувиар алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөхөөр гэрээгээр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дууссан ба гэрээний хугацааг 2018.4.11-ээс 2018.10.11 хүртэл, 2018.10.11-ээс 2020.4.11-ний өдөр тус тус 2 удаа сунгасан гэж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу дуусах өдөр гэрээгээ сунгах боломжтой түүнээс хойш гэрээг сунгах ойлголт байхгүй тул үндсэн зээл 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д Хуульд болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан тул хариуцагч Б.Б нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа 2018.10.11-ээс 2020.4.11-ний өдөр хүртэлх 18 сарын хугацаагаар сунгасан гэх “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай” гэрээний огноог 2019.11 гэж бичсэн байх ба өмнөх зээлийн гэрээний хугацаа 2018.10.11-ний өдөр дууссанаас хойш 1 жил 1 сарын дараа сунгасан мэтээр гэрээг хийсэн нь бодит үнэнд нийцээгүй, эргэлзээтэй байна. Хариуцагч Г.Н нь 2018.1.11-ний өдрийн зээлийн гэрээ болон 2018.4.27-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн гэрээнүүдэд түүний хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэхээр байна. Г.Н, Б.Б нар нь 2019.11.11-ний өдөр А ХХК-д мөнгө төлөх талаар хүсэлт гаргасан боловч 2019.11 сард хийсэн гэх гэрээ нь үнэнд нийцээгүй, эргэлзээтэй гэрээ тул зээлдэгч нарын гаргасан хүсэлт ч мөн адил хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шүүхэд гаргаагүй тул А ХХК, Г.Н хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй ба дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Нд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацааг дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хэтрүүлсэн байх бөгөөд энэхүү хэтэрсэн хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүрэг болох 22.373.344 төгрөгийн 50 хувиас хэтрэхээр байна. Үндсэн зээл 20.000.000 төгрөг, 2018.4.27-ны өдрийн зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 16 хоногийн дараа сунгалт хийсэн тул 16 хоногийн хүүг хасч тооцвол сарын хүү 800.000 төгрөг, өдрийн хүү 26.666 төгрөгx16=426.656 төгрөг, 2018.1.11-ээс 2018.4.11-ний өдөр хүртэлх 3 сарын зээлийн хүү 2.400.000 төгрөг, 2018.4.11-ээс 2018.10.11-ний өдөр хүртэлх 6 сарын зээлийн хүү 4.800.000 төгрөг үүнээс 16 хоногийн хүү буюу 426.656 төгрөгийг хасч 4.373.344 төгрөг, 3 сарын хүү 2.400.000+ 6 сарын хүү 4.373.344=6.773.344 төгрөг, үүнээс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 4.400.000 төгрөгийг хасч хүүнд 2.373.344 төгрөг,

Үүнээс үндсэн зээл 20.000.000 төгрөг +хүү 2.373.344 төгрөг=22.373.344 төгрөг, алданги 11.186.672 төгрөг нийт 33.560.016 төгрөгийг гаргуулахаар тооцов.

Иймд Б.Бэс үндсэн зээлийн төлбөрт 20.000.000 төгрөг, зээлийн хүүнд 2.373.344 төгрөг, алданги 11.186.672 төгрөг, нийт 33.560.016 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 513.566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33.560.016 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 325.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бэс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33.560.016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32.839.984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч Г.Нд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 513.566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 325.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ