Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 169

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Т.Нансалмаа,

            шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмарсүрэнгийн Ховор-Эрдэнэд холбогдох 2016 2601 2226 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хайрхан сумын Соёлын төвд сантехникч, цахилгаанчин ажилтай, ам бүл-2, ээжийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 

Шүүгдэгч М.Х нь согтуугаар 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:      

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-7/, 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11/

- хохирогч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15:00 цагийн үед Сүхбат түүний найзын хамт 2 шил 0.75 литрийн архи уусан. Би давхрын автобусны буудал гараад 21 дүгээр хороолол эхнэр лүүгээ явах гээд ганцаараа автобус хүлээгээд явж байсан. Би Орших ахтай яриад зогсож байтал зам хөндлөн 2 залуу гараад ирсэн. Нэг нь цээж нүцгэн нөгөөх нь хар подволктой 2 залуу хойд талаас зам дагуу гарч ирээд “куртик өг” гээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Миний хамарнаас цус гараад тонгойтол нүүрэнд өшиглөөд нуруу луу цохисон. Тэгээд цаашаа явсан. Тэгээд тэр 2 залуу эргэж ирээд “ахаа уучлаарай” гэхээр нь юу ч дугараагүй. Миний ухаан балартсан. Гэтэл миний ар нуруу руу хутгалчихсан байсан. Намайг дээгүүрээ шалдан нөхөр нь цохиод байсан. Хар пудфолктой залуу нүүр лүү өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-16-17/,

- гэрч Ж.Бат-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад шинэ давхрын автобусны харалдаа зогсож байхад М.Мөнхбаяр буудлын харалдаа согтуу ганцаараа зогсож байсан. Надаас тамхи асуусан ба Нараа ах бид 2 дээр ирээд мэнд мэдээд зогсож байсан. Хойд талаас зам дагаад цээж нүцгэн шалдан залуу бас нэг подволктой залуу нэг хүүхэнтэй алхаж Мөнхбаярын шалдан цээж нүцгэн залуу нь нүүр лүү нь цохиод газар унагаасан. Тэгтэл Мөнхбаяр “Орших ах аа, намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд харахад нуруунаас нь цус гарч байсан. Тэгээд түргэн, цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-18-19/

- гэрч Г.Сосорбарамын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад автобусны буудал дээр М.Мөнхбаяр “эгч, би хутгалуулчихлаа” гэхээр нь очоод 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-20/,

- гэрч Х.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17-18 цагийн үед автобусны буудал дээр М.Мөнхбаяр согтуу явж байсан. ...Мөнхбаяр буудал дээр эвхрээд хэвтсэн байхаар нь асуухад “хутгалчихлаа” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-21-22/

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11999 дугаартай шинжээчийн:...М.Мөнхбаярын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралдалт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-зааснаар учрах үедээ амь биед аюултай хүд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-26/

- ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-53/

- шүүгдэгч М.Ховор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 8 дугаар сарын 27-нд би Баянхошууны эцэст зүс таних 3 залуугийн хамтаар 2 шил 0.75 литрийн архи уусан. 17 цагийн үед ганцаараа шинэ давхрын буудал дээр буугаад гэр лүүгээ алхаж явахад 4-5 залуу зогсож байсан. Би тэд нарын хажуугаар өнгөрөхөд нэг нь надаас “тамхи байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлээд өнгөрөхөд нэг нь араас хүрч ирээд намайг дагаж унагаагаад миний савхин куртикийг булааж аваад зугтаахаар нь би хойноос нь хөөсөн. Тэгэхээр нь би гэртээ очиж хутга аваад намайг дээрэмдсэн газар луу очиход тэнд танихгүй 3 залуу зогсож байхаар нь би очоод “та нар намайг дээрэмдсэн хүнийг таньж байгаа биз дээ, миний куртикийг олж өг” гээд маргаан эхэлсэн. Тэгэхээр нь би нэг залуутай зууралдаж байгаад 1 удаа цохисон. Нүүрээ дараад газар суухаар нь нуруунд нь 1 удаа хутгалчихсан...гэх мэдүүлэг /хх-119-121/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.   

 

Шүүгдэгч М.Х 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнхбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:       

- хохирогч М.Мөнхбаярын:...тэр залуу “куртик өг” гээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон...хамарнаас цус гарсан...нүүрэнд өшиглөөд...нуруу луу цохисон...ухаан балартсан...ар нуруу руу хутгалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,  

            - гэрч Ж.Бат-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн:...цээж нүцгэн шалдан залуу нь  Мөнхбаярын нүүр лүү нь цохиод...газар унагаасан...тонгойход нь өшиглөөд зодсон...Мөнхбаяр “намайг хутгалчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд харахад нуруунаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-18-19/

- гэрч Г.Сосорбарамын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад автобусны буудал дээр М.Мөнхбаяр “эгч, би хутгалуулчихлаа” гэхээр нь очоод 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-20/, 

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11999 дугаартай шинжээчийн:...М.Мөнхбаярын биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралдалт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-зааснаар учрах үедээ амь биед аюултай хүд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-26/

- шүүгдэгч М.Ховор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би нэг залуутай зууралдаж байгаад 1 удаа цохисон. Нүүрээ дараад газар суухаар нь нуруунд нь 1 удаа хутгалчихсан...гэх мэдүүлэг /хх-119-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Ховор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх талаар:    

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ багассан, сонгох санцтай, мөн тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” нь шинээр хуульчлагдсан буюу 2015 оны Эрүүгийн хууль үйлчлэхээс өмнөх гэмт хэрэгт хамаарахгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв болно.        

Хохирол төлбөрийн тухайд:   

Шүүгдэгч М.Х нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.         

Бусад асуудал  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, харин шүүгдэгчид торгох ял оногдуулахад харгалзах шаардлага хангагдахгүй, хохирогчид учирсан гэм хор бүрэн арилаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ял”-ын тухай саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч М.Ховор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ховор-Эрдэнийг 2 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

5. Шүүгдэгч М.Ховор-Эрдэнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР