Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01068

 

    Х.Онтуганы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан,Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00178 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Х.Онтуган,

Хариуцагч : Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

Хариуцагч : Баян-Өлгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч : Монголын ахмадын чөлөөт холбооны Баян-Өлгий салбар,

Нэхэмжлэлийн шаардлага:  4.947.688 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ахмадын хороо нь татан буугдаагүй, 2013.04.19-ныг хүртэл хууль ёсоор хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн байгууллагаас үл хамаарах шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон юм. Төрийн бус байгууллагын тухай хууль, аймгийн Ахмадын хорооны дүрэм ёсоор хуулийн хүчинтэй үйлчилж байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аймгийн ахмадын хорооны үйл ажиллагааг тасалдуулсан. Аймгийн Ахмадын хорооны удирдлага, ажилтан нар 2013.04.19-ний өдрөөс 2013.12.18-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшлийн байранд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор хууль ёсоор аймгийн Ахмадын хорооны даргаар сонгогдсон Х.Онтуган би цалин хөлсгүй хохирсон юм. Х.Онтуган би 2013.04.19-ний өдрөөс 2013.12.18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа. Учир нь 2014.01.01-ний өдрөөс эхлэн Засгийн газраас Монголын Чөлөөт Ахмадын хороотой гэрээ байгуулсан, Баян-Өлгий аймгийн Засаг даргаас аймгийн Чөлөөт Ахмадын хороотой гэрээ байгуулсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр "Ахмадын ордон" нь Монголын Чөлөөт Ахмадын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарт шилжсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан юм. Энэхүү нэхэмжлэл нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1, 41.2-д заасан зарчимтай нийцнэ. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын нөөц сангаас Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1, 41.2-д тус тус зааснаар хуульд тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас аймгийн Ахмадын хорооны дарга X.Онтуган надад төрийн албан хаагчийн учруулсан цалин хөлсөөр учирсан хохирол болох 4.947.688 төгрөгийг гаргуулан Х.Онтуган надад олгож өгөх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал хариу тайлбартаа: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.3, 20.1.4-т заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013.04.19-ний өдрийн 58 тогтоолоор аймгийн ахмадын хорооны чуулганыг хууль, дүрмийн дагуу, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, бүх сумдын төлөөллийг бүрэн оролцуулж албан ёсоор хуралдуулахыг зөвлөсүгэй гэсэн шийдвэр гарсан. Ийнхүү Тэргүүлэгчдийн хуралдаанаас Ахмадын Хорооны хуралдааныг дахин хийхийг зөвлөсөн болохоос биш хуралдааныг зохион байгуулаагүй юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Ахмадын Хорооны даргад цалин олгодог, санхүүжүүлдэг байгууллага биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012.12.05-ны өдрийн 10 тогтоолоор 2013 оны төсөв хэлэлцэж батлахад аймгийн Ахмадын хороонд орон нутгийн төсвөөс 49.8 мянган төгрөгийн хөрөнгийн санхүүжилт олгохоор хуваарилсан. Нэхэмжлэгч нь 2013.04.19-ний өдрөөс 2013.12.18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилжээ. Засаг дарга би төрийн бус байгууллагын ажилд удирдлагыг чөлөөлсөн, томилсон шийдвэр гаргаагүй бөгөөд төрийн бус байгууллагын удирдлагыг хэрхэн сонгох асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдсэн юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс Ахмадын хорооны удирдлагын томилгооны асуудал маргаантай байсан учир санхүүжилтэд хяналт тавьж ажилласан болно. Ахмадуудын төрийн бус байгууллагуудын хоорондох маргаантай асуудлаас болоод нэг төрийн бус байгууллагын тэргүүний авч чадаагүй цалинг аймгийн Засаг дарга хариуцахгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэжээ.

Хариуцагч Ахмадын Чөлөөт холбооны Баян-Өлгий аймгийн салбар шүүхэд гаргасан  тайлбартаа: Ахмадын хороо гэх байгууллага нь хуучин Монголын Ахмадын Холбоо гэх байгууллагын аймгийн салбар гэж үзэж байна. Монголын Ахмадын Холбоотой Засгийн Газар гэрээгээ цуцалсан. Цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Төрөөс авч буй санхүүжилтийг зогсоосон байгаа. Иймд Х.Онтуганд манай Чөлөөт Холбооны зүгээс болон төрөөс санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00178 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 4.947.688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Онтуганд олгож, хариуцагч аймгийн Засаг дарга, Монголын чөлөөт ахмадын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, тус аймгийн Засаг дарга болон Монголын ахмадын чөлөөт холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан 4.947.688 төгрөгийн хохирол, цалин гаргуулах тухай Х.Онтуганы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Ахмадын холбоог зохион байгуулах бага хурлаар 1986.03.25-ны өдөр баталсан 49, 58 тогтоолоор Ахмадын хороо хууль ёсоор байгуулагдаж, үйл ажиллагааг явуулаад 27 жил болж байна. Аймгийн Ахмадын хороо нь эрх бүхий байгууллагаас баталсан дүрэмтэй, улсын бүртгэлд хуулийн этгээдийг бүртгүүлсэн хуулийн этгээд юм. Баян-Өлгий аймгийн Ахмадын хорооны 01 дүгээр тогтоолоор Х.Онутган намайг аймгийн Ахмадын хорооны даргаар сонгосон юм. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 2013.04.18-ны өдөр "Чуулган дахин хуралдуулах тухай" 58 дугаар тогтоол гарснаар олон жил хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн аймгийн Ахмадын хороо цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж үйл ажиллагаа явуулж байсан байрнаас хөөгдөж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч гаргасан тогтоолыг үндэслэн Ардчилсан намын ахмад гишүүн Д.Нуржаубай тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс хуралдаж, аймгийн Ахмадын хороог хууль бусаар татан буулгах хууль бус тогтоол гарган шинээр аймгийн Ахмадын холбоо гэх эрх зүйн чадамжгүй байгууллагыг байгуулах эх үүсвэр бий болсон юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 58 дугаар тогтоолыг Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2014 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгон эцэслэн шийдвэрлэсэн юм. Дээд шүүхийн 2014 оны 58 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт "...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид чуулганыг дахин хуралдуулах талаар шийдвэрлэж, зохион байгуулсан зэргээс тухайн акт нь захиргааны актын захирамжилсан шинжийг агуулж байна...  төрийн бус байгууллагын "өөрөө удирдах ёсны" зарчмыг хүндэтгэн ажлаагүй, тэдгээрийн үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нь оролцож, тус аймгийн Ахмадын хороо хэмээх төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага болох чуулганыг хуралдуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна..." гэсэн дүгнэлт хийсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 58 дугаар тогтоол гарч, хууль бус Ахмадын холбоо гэх байгууллага байгуулагдсанаар аймгийн Ахмадын хорооны дарга Х.Онтуган би үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон юм. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 76\919 дүгээртэй шийдвэрээр Д.Нуржаубай тэргүүтэй аймгийн Ахмадын холбоо гэгч байгууллага хууль бусаар байгуулагдсан гэдгийг нотолсон юм. Иргэний хуулийн 497.1, 497.3, 498 2, 510.1-г  хэрэглэн маргааныг шийдвэрлэх ёстой байтал шүүх Иргэний хуулийн дээрхи заалтуудыг хэрэглээгүй нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Онтуганаас гаргаж өгсөн 150 хуудас нотлох баримтуудыг хариуцагч болох Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид няцаалт хийж чадаагүй байхад зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн 1 хуудас бүхий тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1, 42.2 –г тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь мөн хуулийн 116.2-г ноцтой зөрчиж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын Ахмадын чөлөөт холбооны Баян-Өлгий аймгийн салбар гомдолд өгсөн хариу тайлбартаа: Ахмадын хороо гэх байгууллага нь бидний ойлгож байгаагаар хуучин Монголын Ахмадын Холбоо гэх байгууллагын аймгийн салбар гэж үзэж байна. Монголын Ахмадын Холбоотой Засгийн Газар гэрээгээ цуцалсан. Цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Төрөөс авч буй санхүүжилтээ зогсоосон байгаа. Монгол Улсын Засгийн Гараас Монголын Ахмадын Чөлөөт Холбоотой гэрээ байгуулсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр: “Ахмадын ордон” нь Монголын Ахмадын Чөлөөт Холбооны Баян-Өлгий аймаг дахь салбарын эзэмшилд шилжиж үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн. Нэгэнт ахмад настанд үйлчилэх үйлчилгээг Монголын Ахмадын Чөлөөт холбоо гүйцэтгэх болж санхүүжилтийг Аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн хяналтын доор зарцуулж байгаа учир одоогоор хуулийн этгээд болох Ахмадын Хороо гэх байгууллагад манай төсвөөс нэг ч төгрөг зарцуулах боломжгүй болно. Ахмадын Хорооны дарга гэх Х.Онтуганд манай холбооны зүгээс болон төр засгаас ямар нэгэн эрх, үүрэг хүлээлгээгүй, өмнөх гэрээг засгийн газрын шийдвэрээр цуцалсан, төрөөс санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй тул тус Холбооноос нэхэмжилж буй төгрөгийг хариуцахгүй болно гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Хариуцач байгууллага болох Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын ахмадын чөлөөт холбооны Баян-Өлгий салбараас нийт 4.947.688 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Х.Онтуган шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч нарын үйл ажиллагааны улмаас 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан...” гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх Баян-Өлгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох шаардлагыг хангаж, бусад хариуцагч нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо, нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх Х.Онтугааны нэхэмжлэлийн талаар хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар чуулган дахин хуралдуулах тухай 58 дугаар тогтоол гаргасан хуульд нийцээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр тогтоогдсон байх тул Х.Онтуганы нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс 2013 оны 12 сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгийг хохирол гэж үзэн шаардах эрхтэй бөгөөд шүүх 4.947.688 төгрөгийг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.   

Харин анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас мөнгө гаргуулахдаа төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм учруулсан талаархи Иргэний хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00178 дугаар шийдвэрийн тогтоох хэсийн нэг дэх заалтын “...498 дугаар зүйлийн 498.2...” гэснийг “...497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 95.000 төгрөгийг захирамжаар Х.Онтуганд буцааж олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ