Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/717

 

 

 

 

 

 

 2023              7             18                                        2023/ДШМ/717

 

 

З.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Б-д холбогдох 2203005840517 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... ... овгийн ...-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........ төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../.

Шүүгдэгч З.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам, Элсэн цаг төвийн урд замд N C  маркийн ..-.. УНГ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 1.1. “ажлын тоормосны идэвхжил нь МNS4598 стандартад заасан үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй байх”, 5.3 дахь хэсэгт засан “...гэрэл нь ... бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч А.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: З.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэс дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгий 1-10 тоотод оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч З.Б-ын 564721 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлж, шүүгдэгч З.Б нь хохирогч А.Б-д 3.120.000  төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Б нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Б-аас 6.790.050 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь дараах факт, нотлох баримтаар тогтоогдож байна.

З.Б-ын ..-.. УНГ улсын дугаартай N C маркийн авто машины 1 дүгээр тэнхлэгийн тоормос бүрэн бүтэн байдлыг хангасан талаар:

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолын “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” бүхий MNS84598:2011 дугаар бүхий “Монгол улсын стандарт”-ын 6.2.1-т “... Суудлын автомашины хөдөлгөөний удаашралт 8 м/сек2 хүртэл явагдах үед урд дугуйнууд хойд дугуйнуудаас урьтаж тоормослоно...” гэж заасан.

Хавтаст хэргийн 65 дугаар хуудас дахь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ээр “...Нэгдүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 5,58 кН, баруун талдаа 4,55 кН зөрүү нь 2%...” гэж тодорхойлсноор бүрэн бүтэн байдлыг хангасан.

Энэ нь явган зорчигч, хохирогч А.Б-ийг мөргөн ослын шалтгаан нь тоормосны үйл ажиллагаатай холбоогүй болохыг харуулж байна.

Тээврийн хэрэгсэл хурдтай яваагүй талаар:

Осол болох үед З.Б нь тоормосын 2 дугаар тэнхлэгийн бүрэн ажиллагааны шаардлаггүйгээр, 1 дүгээр тэнхлэгийн тоормос ажиллаж байгаа үед зогсолт хийх боломжит хурдаар явж байсныг дараах зураг-1 болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр тогтоож байна.

Зураг-1 дэх байрлалыг үзвэл нийтлэг хэллэгээр “5 шар”-ын төмөр замын гарам даваад удаагүй буюу эргэлтийн дараах туушин зам дээр осол гарсан нь “Хурд авах” боломжгүй нөхцөл байдлыг харуулж байна.

Хавтаст хэргийн 177 дугаар талд гэрч С.Ц-ийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг харуулж байна. Осол болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсан бэ? гэх асуултад “...20 орчим км цагийн хурдтай явж байсан...” гэжээ.

Хавтаст хэргийн 181 дүгээр талд шинжээчийн мэдүүлэгт “... Гэвч тухайн нөхцөл байдалд жолооч явган зорчигчийг ямар зайнаас харсан, харах агшинд автомшины хурд ямар байсан зэргээс хамаарна. Тиймээс 2 дугаар тэнхлэгийн тоормос муу байснаас шалтгаалан явган зорчигчийг мөргөсөн гэж шууд үзэж болохгүй.

... 2 дугаар тэнхлэгийн тоормос ашиглаатай байсан бол явган зорчигчийг мөргөхгүй зогсох боломжтой байсныг тогтоох боломжгүй,

... явган зорчигч зам дагуу хоёр тийш сайн харагдах шинжээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн өнгөрүүлсний дараагаар эгц хөндлөн гарах ёстой. Тиймээс явган зорчигч нь 5, 6 дугаар дүрмийг зөрчсний улмаас зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” гэжээ.

Хавтаст хэргийн 189 дүгээр талд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3 шинжээчийн “Техникийн шинжээчийн дүгнэлт”-ээр “...явган зорчигч А.Б согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай, ... тухайн замд тээврийн хэрэгсэл давуу эрхтэй оролцоно, ... Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байх том оврын тээврийн хэрэгсэл нь үзэгдэх орчинг хязгаарладаг учир тэдгээр тээврийн хэрэгслийн дундаас явган зорчигч гэнэт гүйцэж гарч ирэх нь зам тээврийн осолд нөлөөлнө.

Явган зорчигч А.Б нь 5, 6 дугаар заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна ...” гэжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, 3.1.6-д “...“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг...”, 3.1.7-д “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг”, 3.1.11-т “...“явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг...” хэлнэ гэж тус тус заажээ.

Дээрх хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаар бүхий “Дүрэм шинэчлэн батлах” тухай тогтоолын хавсралт “Монгол улсны замын хөдөлгөөний дүрэм” -ийн Тавд явган зорчигчийн үүргийг заасан. Тус дүрмийн 5.1-д “Явган зорчигч” нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна.

2022 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”-д ... явган зорчигчийн ойх мөргүүлсэн хэсгийн А үсгээр ...”, гэрэл зургийн үзүүлэлтэд А цэг нь зүүнээс баруун чиглэл бүхий Тууш замын чиглэлийн тээврийн хэрэгсэлийн гол эгнээд байрласан байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх үүргийг хохирогч А.Б биелүүлээгүй болохыг харуулж байна.

А.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.8-д “Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэрэгдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн мөн тус дүрмийн 5.12.т Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно:   а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх тухай заасан хориглосон заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ШУТИС-ийн Техникийн шинжээч нарын 03/20 дугаар дүгнэлтэд “...Явган зорчигч А.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тээврийн осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай. Тухайн замд явган зорчигч тээврийн хэрэгсэл 2-ын аль нь давуу эрхтэй оролцох вэ гэх асуултад тээврийн хэрэгсэлд давуу эрхтэй оролцоно. Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байх том оврын тээврийн хэрэгсэл нь үзэгдэх орчныг хязгаарладаг учир, тэдгээр тээврийн хэрэгслийн дундаас явган зорчигч гэнэт гүйн гарч ирэх нь зам тээврийн осолд нөлөөлнө ...” гэжээ.

Эдгээр нөхцөл байдлуудыг үзвэл З.Б-ын захиргааны хэм хэмжээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг гарсан гэх үндэслэл бүрдэхгүй бөгөөд хохирогч гэх А.Б-ийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт ”Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заажээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн заалтыг зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал буюу шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүй, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээ гарч байх тул шүүгдэгч үйлдсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй.

Иимд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн 2203 0058 40517 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Б-ыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж зааснаар гэм хорын асуудлыг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх” буюу “in dubio pro reo” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хуульт ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм.

Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, үгүйсгэх аль нэг шийдвэрийг гаргахын тулд үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийх боломжийг олгох үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нотолгооны стандартыг нарийвчлан тогтоодог нь эрүүгийн эрх зүйн онол болон олон улсын түвшинд тогтсон ойлголт юм.

Шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэтэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх, хангалттай эсэх, үнэн зөв эсэх, эргэлзээгүй эсэх, хуульд заасан арга хэрэгслээр цугларсан эсэх зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгаж, үнэлснээр хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт гаргана.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд, шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтын бүрэн бус байдал, хохирогчийн хууль бус үйлдэл, хэргийн газрын үзлэг бүрэн бус болон бусад нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл бүрдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөгчийн магадлагааг хэлж байна. Уг магадлагаанаас болж анхан шатны шүүхээс хэрэг буцсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд явган зорчигчийг буруугүй гэж дурдаагүй. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, гэхдээ осол гарах болсон шалтгаан нь жолооч техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцоогүй гэдэг. Тээврийн хэрэгслийн тоормос хэвийн ажиллаж байсан бол самбаачлах боломж байсан. Тоормосны мөр үүссэн тохиолдолд камерын бичлэгтэй харьцуулаад хурдыг тодорхойлох боломжтой. Гэвч тоормосны мөр гараагүй болох нь хэргийн газрын үзлэг болон техникийн шинжээчийн дүгнэлтээс харагддаг. Явган зорчигч буруутай боловч, зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон байдал гэж шинжээч дүгнэлтдээ тодорхой тусгасан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн техник хяналтын төвийн дүгнэлтэд осол гарах шалтгаан нөхцөлийг тодорхой дурдсан. Эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс зөв үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүгдэгч З.Б-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасч, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй тул тухайн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх, жижүүрийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/, хохирогч А.Б-ийн /хх 14, 174/, гэрч С.Ц-ийн /хх 177/, иргэний хариуцагч Д.О-ын /хх 38/ нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13047 дугаар дүгнэлт /хх 52-54/, Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 999501 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 62/, Техникийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03/20 дугаар дүгнэлт /хх 189-190/, шинжээч эмч Н.Мөнхзулын /хх 181-182/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Б-ыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам, Элсэн цаг төвийн урд замд N C  маркийн ..-.. УНГ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ Жолооч энэ дүрмийн\ 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 1.1. “ажлын тоормосны идэвхжил нь МNS4598 стандартад заасан үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй байх”, 5.3 дахь хэсэгт засан “...гэрэл нь ... бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэжээ.

Гэтэл тухайн өдөр зам тээврийн осол үйлдсэн болохоо шүүгдэгч З.Б хүлээн зөвшөөрдөг хэдий ч тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа зам тээврийн ямар нэгэн зөрчил гаргаагүй талаар мэдүүлдэг. Мөн гэрч С.Ц хохирогчийн буруутай байдлаас болж зам тээврийн осол гарсан, мөн шинжээчийн дүгнэлт хохирогчийн буруутай үйлдлээс болсон гэж дүгнэсэн байхад шүүх тус баримтуудыг яллах баримтаар тооцож үнэлсэн нь нотлогооны ач холбогдлын хувьд эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс З.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Аливаа хүний гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч А.Б-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний орой 21 цаг 30 минутын орчим ажил дээрээ архи ууж байгаад замын эсрэг талын дэлгүүр орж архи, тамхи авах гээд зам хөндлөн гарах үедээ зүүнээс баруун чиглэлтэй явж байсан машинд дайруулж ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн. ...би осолд орох үедээ зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг хараагүй. ...осол гарах үед явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан. ...надад тухайн зам тээврийн осолтой холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орчихлоо. ...” /хх 14/,

хохирогч А.Б-ийн дахин өгсөн “...товчооны замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гэтэл зорчих хэсгийн 1-р эгнээнд улаан өнгөтэй том оврын автомашинууд зогсчихсон цаг агаарын хувьд бороо цас орж байсан. Тэгээд би 1-р эгнээнд зогсож байсан том машины урдуур зам хөндлөн гарах гээд алхаад гартал нэг машин ойрхон ирчихсэн, тэгээд би газар уначихсан байсан. ...Би тухайн үед машины урдуур гараад машин ирж байгааг хараагүй шууд л зам хөндлөн гарсан. ...” /хх 174/,

шүүгдэгч З.Б-ын “...2022 оны 9 дүгээр сарын 21-ний орой 21 цаг 30 минутын орчим N C  маркийн ..-.. УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Өмнөговь аймгийн Цагаан хад руу явахаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 шарын төмөр замын призр гараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан чинь замын хойд талаас нэгдүгээр эгнээнд зогсож байсан машин дундаас нэг эрэгтэй хүн зам хөндлөн гарахаар явган хүний гарцгүй хэсгээр гүйгээд гараад ирэхээр нь би тормоз гишгэсэн боловч зогсож амжилгүй тухайн хүнийг мөргөж осол гарсан. ...” /хх 49/,

гэрч С.Ц-ийн“...2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б, Эрка, Сайхнаа, Цэрэндагва нарын хамт Б ах жолоо бариад N C  маркийн ..-.. УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Өмнөговь аймаг руу бид хэд явах гээд 5 шарын төмөр замын гарам гараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр том оврын 2 шаланз болон жижиг суудлын автомашинууд цуваад зогсчихсон байсан ба 2 том шалаанзны голоор нэг хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд жолоо барьж явсан Б тухайн хүнийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд машинаа зогсоогоод цагдаа түргэнд дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн явган зорчигч явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Осол болсон газрын ойр орчимд явган хүний гарц харагдаагүй. Осол болох үед бөглөрөл байхгүй, цаг агаарын хувьд цас орж байсан, зам гулгаатай харагдах орчин хязгаарлагдмал байсан. ...” /хх 177/ гэх мэдүүлгүүд,

Техникийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03/20 дугаар “...Техникийн шинжээчид ирүүлсэн материалд авагдсан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын шинжээчдийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 999501 дугаартай дүгнэлтэд дурдсанаас үзэхэд, а/. жолооч З.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

б/. Явган зорчигч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

в/. Уг зам тээврийн осол гарахад замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

г/. Жолооч З.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а заалт, Явган зорчигч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 заалтыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. ...” /хх 189-190/ гэх дүгнэлт,

шинжээч эмч Н.Мөнхзулын “...Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын төвийн шинжээчийн дүгнэлтэд 2 дугаар тэнхлэгийн тоормос зогсоогүй, их гэрлийн тусгалын хүч ойр дээр стандарт шаардлага хангахгүй байна гэж авагдсан байна. 2 дугаар тэнхлэгийн тоормос зогсоогүй байгаа гэмтлээс шалтгаалан автомашины тоормосны зам тодорхой хэмжээгээр уртасна. Гэвч тухайн нөхцөл байдалд жолооч явган зорчигчийг ямар зайнаас харсан, харах агшинд автомашины хурд ямар байсан зэргээс нь хамаарна. ...” /хх 181-182/ гэх мэдүүлэг,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-9/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь 80-38 УНГ улсын дугаартай “Nissan Caravan” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан үйл баримт нь түүний гэм бурууд эргэлзээ төрүүлж байна.

Шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгчийг зам тээврийн осол гаргасан гэдгийг үгүйсгэсэн боловч анхан шатны шүүх шүүгдэгч З.Б-ын гэм бурууг тогтооход ач холбогдолтой дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч З.Б-ыг прокуророос “Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 1.1. “ажлын тоормосны идэвхжил нь МNS4598 стандартад заасан үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй байх”, 5.3 дахь хэсэгт засан “...гэрэл нь ... бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсан заалтуудыг зөрчсөн гэж ялласан бөгөөд хэргийн нөхцөл байдал, ослын шалтгаан нөхцөлийг судлахад тэрээр тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хохирогч А.Б-ийн мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэхүү осолд түүний гэм буруу тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж хуульчилсан.

Ялангуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "...учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй..." гэх ойлголтын хууль зүйн хэрэглээний хувьд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх зэрэг нөхцөлийг хамааруулан үзэхээс гадна гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол буюу гэмт хэргийн субъектив шинж болох гэмт хэрэг, хор уршигт хандсан хандлага үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгохоор байна. Гэмт хэргийн субъектив шинж нь нийгэмд аюултай хэрэг үйлдсэн гэмт хэрэгтний ухамсар, хүсэл зоригийн уялдаа холбоо, өөрөөр хэлбэл, аливаа гэмт хэргийн дотоод мөн чанарыг тусган илэрхийлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинжийг томъёолохдоо гэмт хэргийн объектив шинжид хамааруулсан бодит нөхцөл байдалд гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааг гэмт хэргийн субъектив шинжийн агуулга болгон тусгасан байдаг. Гэмт хэргийг зүйлчлэх явцад нийгэмд аюултай гэмт хэргийн бодит нөхцөл байдал ба тухайн гэмт хэргийн субъектив шинж хоорондоо нийцэж, тохирохгүй байвал тухайн төрлийн гэмт хэргийн шинж байна гэж үзэж, зүйлчилж болохгүйг анхаарах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан шүүгдэгч З.Б-ын хувьд уг зам тээврийн осолд гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзнэ. 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч З.Б-ын холбогдсон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна. Энэ талаар шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

            Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнийн гаргасан цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/636 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Тээврийн прокурорын газраас З.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу З.Б-д холбогдох 2203005840517 дугаар эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР