Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02321

 

 

 

 

 

 

 

 

 

Т.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02328 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01820 дугаар шүүгчийн захирамжаар Т.А-аас 85 769 630.14 төгрөг гаргуулан, Гэрэл кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205038989 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж, 6 дугаар байр, 28 тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76 350 200 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2205038989 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москва гудамж 6 дугаар байр, 28 тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 76 350 200 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын14-ний өдрийн 182/Ш32020/01820 дугаар захирамжаар Т.А-аас 85 769 630.14 төгрөг гаргуулж, Гэрэл кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038989 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо Шинэ хотхон /16101/ Москва гудамж, 6 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 48,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20300338/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20300338/122 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч Т.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038989 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо Шинэ хотхон /16101/ Москва гудамж, 6 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 48,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/339 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээч Э.Эрдэнэбатыг томилсон байна. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээч Э.Эрдэнэбат дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 76 350 200 төгрөгөөр үнэлж, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4-122/23827 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдлийг хүргүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдох явцад үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн хойно нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, шинэ хотхон /16101/ Москва гудамж 6 байр 28 тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76 350 200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2020/01820 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.А-аас 85 769 630.14 төгрөг гаргуулан, Гэрэл кредит ББСБ ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх-ийн 20-21-р тал/

 

Нэхэмжлэгч Т.А- нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 182/ГХ2020/00198 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 19-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Т.А-т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москва гудамж, 6 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038989 дугаарт бүртгэгдсэн, 48.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хураасан байна. /хх-ийн 27-32-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Т.А- нь 200 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн ч, төлбөр авагч Гэрэл кредит ББСБ ХХК тус үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 35-36-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 76 350 200 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 37-56-р тал/

 

Хариуцагч Н- нь эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Т.А-т 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт заасанд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч Т.А- нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлжээ. /хх-ийн 59-р тал/

 

Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч тайлбар болон давж заалдах гомдолдоо шинжээч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисонд гомдолтой гэх боловч хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК нь барьцаа хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд уг үнэлгээг хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шинжээч томилуулах тухайн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ