Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00939

 

Т.Анарын нэхэмжлэлтэй

                иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02328 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2321 дүгээр магадлалтай, 

Т.Анарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Т.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01820 дугаар шүүгчийн захирамжаар Т.Анараас 85,769,630.14 төгрөгийг Гэрэл кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205038989 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/ Москва гудамж 6 байр 28 тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76,350,200 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 76,350,200 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасны дагуу гомдол гаргаж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын14-ний өдрийн 182/Ш32020/01820 дугаар захирамжаар Төмөрийн Анараас 85.769.630,14 төгрөг гаргуулж, Гэрэл кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т.Анарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038989 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо Шинэ хотхон /16101/ Москва гудамж, 6 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай 48,53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20300338/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 20300338/122 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч Т.Анарын өмчлөлийн 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр зуун сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр авагч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/339 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Э.Эрдэнэбатыг томилсон байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 76,350,200 төгрөгөөр үнэлж 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4-122/23827 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдлийг хүргүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдох явцад үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн хойно нэхэмжлэлийг гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/Ш32020/07553 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02328 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, шинэ хотхон /16101/ Москва гудамж 6 байр 28 тоот хаягт байрлах, 48,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 76,350,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т.Анарын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Анарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2321 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ. 

ХЯНАВАЛ 

Т.Анар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Т.Анараас 85,769,630 төгрөг гаргуулж Гэрэл кредит ББСБ ХХК-д олгох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.14-ны өдрийн 01820 дугаар захирамжийг биелүүлэхдээ төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн, шүүхийн шийдвэрт заасны дагуу барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москва гудамж 6 дугаар байр, 28 тоотын 48.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулжээ. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан.  

Хэргийн баримтаас үзвэл, төлбөр төлөгч орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч эс зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, авагч нар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй байна.  

Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь орон сууцыг 76,350,200 төгрөгөөр үнэлжээ /хэргийн 35-36, 44-56 тал/.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах ба хариуцагч үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Анарт 2020.06.19-ний өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2020.07.07-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.  

Шинжээч нь өртгийн хандлагын арга, мөн барилгын шинж байдал, хэмжээний талаар тоо баримт, мэдээ материалд судалгаа хийж, энэ талаар үнэлгээний тайланд тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцжээ.  

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Шинжээчээр ажилласан Хөрөнгө эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу олон улсын болон үндэсний стандартыг баримталсан, үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт бага гэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар, шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02328 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2321 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ  

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ 

  Д.ЦОЛМОН  

Х.ЭРДЭНЭСУВД