Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00126

 

 

 

 

Г.О-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03039 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.О-ийн хариуцагч Н.Н-д холбогдуулан зээл 21 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Н.Н-тай 2016.9.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2017.4.16-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээл 16 000 000 төгрөгийг түүнд бэлнээр өгч гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлээ төлөөгүй тул зээл 16 000 000 төгрөг, хүү 5 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг Н.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: С2008 онд танилцаж улмаар 2012 онд түүний “Т” ХХК-ийн нэр дээр Вьетнам улсын 3 иргэнийг оруулж ирж, авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлогоо 50х50 хувиар хувааж авдаг байсан. Ингээд 2015 онд би Вьетнам улсад хувийн ажлаар явах шаардлага гарсан тул Сарантуяагаас 10 000 000 төгрөгийг зээлсэн.

Вьетнам улсаас ирэхэд бидний хамтран ажилуулдаг авто засварын газарт Г.О ажилд орсон байсан. Үйлчилгээ авахаар ирсэн бүх тээврийн хэрэгслийг бүртгэж засварлуулах гэж байгаа тээврийн хэрэгслийн урьдчилгаа 50 хувийг хүлээж авдаг ажил хийж байсан. С нотариат орж гэрээ хийх шаардлагатай байна гэж удаа дараа утсаар ярьж, ажил дээр байнга хэлээд байхаар нь юун тухай ямар гэрээ болохыг асуухад чамд өгсөн мөнгийг Г.О с авсан О нэхээд байна, чамд өгсөн мөнгийг баримтжуулаад гэрээ хийе, миний дүүд ямар ч муу зүйл байхгүй гэхэр нь дагаад нотариат орсон чинь 16 000 000 төгрөгний үнийн дүн бүхий гэрээ хийх болсон. Тухайн үед би 16 000 000 төгрөг зээлээгүй гэхэд хажуу талаас нудраад байсан учраас гэрээг батлуулсан. Г.О байгуулсан 2016.9.16-ны өдрийн зээлийн гэрээгээр түүнээс нэг ч төгрөгийг бодитоор аваагүй. Г.О, С нар нийлж дээрх зээлийн гэрээг ашиглаж зээл олгосон мэтээр шүүхэд ханджээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н- холбогдох 21 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчийн хооронд 2016.9.16-ны өдөр 16 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, “алданги тооцохгүй нөхцөлтэйгээр зээлийн гэрээ хийгдсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хурлын үед хариуцагч Н.Н “мөнгийг аваагүй” гэж маргасан боловч хэрэгт авагдсан Хаан банкны “орлогын мэдүүлэг”-р 2017.09.13-нд 1 000 000 төгрөг, 2017.08.16-нд 500 000 төгрөг, 2017.07.17-нд 600 000 төгрөг, 2017.06.16-нд 700 000 төгрөг, 2017.05.05-нд 1 000 000 төгрөг, 2017.05.29-нд 500 000 төгрөг, 2017.02.09-нд 1 000 000 төгрөг, нийт 5 300 000 төгрөгийг Н.Н-аас Г.О-т шилжүүлсэн, Мөн гэрч Г.С “Г.О16 000 000 төгрөгийг бэлнээр Н.Н-д грашид өгсөн" гэсэн мэдүүлэг зэргээр хариуцагчийн тайлбар няцаагдаж, үгүйсгэгдэх бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь татгалзлаа “нотолж чадаагүй” болно.

Гэтэл анхан шатны шүүх нь ямар нотлох баримтад үндэслэж, “16 000 000 төгрөгийг хариуцагчид гэрээний дагуу бэлэн болон бэлэн бусаар өгсөн нь тогтоогдоогүй гэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Н.Н-д холбогдуулан зээл 16 000 000 төгрөг, хүү 5 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 23 /

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх юм.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлдүүлэгч биш, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Хэрэв нэхэмжлэгч нь хариуцагчид 16 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгаа бол мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгснөө болон зээлийн хэмжээгээ нотлох үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гэрч Г.С-ийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудыг иш татжээ. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө 16 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь Г.С 10 000 000 төгрөгийг шаардах эрхээ Г.О-т шилжүүлсэн, 10 000 000 төгрөг төлөгдөөд дууссан гэх агуулгатай тайлбар гарган мэтгэлцжээ. Хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн / зээл төлж байсан гэх/ баримтаас үзэхэд зарим мөнгийг хариуцагч Г.О-т шилжүүлжээ. /хх 41-43/

 

Талуудын тайлбараас үзэхэд гэрчээр асуугдсан Г.С-ийн  эрх ашиг хөндөгдөхөөр байгааг анхан шатны шүүхээс анхаараагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох юм.

 

Анхан шатны шүүх тухайн хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд дууны бичлэг буюу Сиди нь нотолгооны хэрэгсэлд хамаарч байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч нь энэ хэргийн оролцогчдод хамааралтай зүйлээ бичиж авсан Сиди бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргажээ. /хх 22/

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглох хэдий ч талуудын хоорондын зээлийн тооцоололд буюу өөрсдөд нь хамаарах бичлэгийг гаргасныг анхан шатны шүүхээс үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 16.13-т иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. Хувь хүний нууцын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна гэжээ. Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар "хувь хүний нууц" гэж хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгохоор заажээ.

 

Хэргийн оролцогч бусад хүнтэй ярьж байгаа яриаг бичээд авсан уу, өөрсдөдөө хамаарах өөрсдийнхөө асуудлыг бичиж авсан уу, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь нууцыг задруулж байгаа асуудал мөн үү гэдэгт шүүх анхаар ч дүгнэлт өгөхгүйгээр нотлох баримтыг үнэлэхгүй үлдээснийг учир дутагдалтай гэж үзнэ.

 

Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хувь хүн нууцаа өөрөө хамгаалах бөгөөд мөн хуульд зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцах эрхтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь хувь хүний нууцтай холбоотой, түүнчлэн туршилт, үзлэг хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Анхан шатны шүүхээс Сидид бичлэгт үзлэг хийж бэхжүүлэхдээ мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан, хэргийн оролцогчдыг оролцуулан үзлэг хийж тэмдэглэл үйлдэх юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах зааснаар тэмдэглэлд ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлээс үзэхэд Сидид гарч буй дуу хоолой хэний дуу хоолой болох, тухайн зүйлийг хэлсэн этгээдийн санал бодол засвар, мэтгэлцээн зэргийг тусгаагүй байна. Тэмдэглэлээс хэргийн оролцогчид үзлэгт оролцсон эсэх нь тодорхойгүй, мөнгөн шилжүүлгийн баримтаар хариуцагч зарим мөнгийг яагаад Г.О-т, зарим мөнгө яагаад С гэх хүнд шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах юм. Нотлох баримтын зарим нь хэлэлцэгдээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэцлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 265 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ИЧИНХОРЛОО

    

                                                ШҮҮГЧИД                         А.МӨНХЗУЛ

    

                               Ш.ОЮУНХАНД