Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/01275

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр                   Дугаар 102/ШШ2021/01275                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Оийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нд холбогдох,

Гуравдагч этгээд: С/,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,600,000 /хорин нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, хариуцагч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, Т.Баярцэцэг, гуравдагч этгээд Г.С, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Нтай 2016.09.16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 16,0 сая төгрөгийг, 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2017.04.16-ны өдрийг хүртэл бэлнээр өгч, нотариатаар баталгаажуулж зээлсэн.         Гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч зээлээ төлөөгүй тул үндсэн зээлд 16,0 сая төгрөг, хүү 5,6 сая төгрөг, нийт 21,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Н.Нг Вьетнам явахад нь 10,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн, явсных нь маргааш нь 9,0 сая төгрөгийг манаачаас түүний ээж нь ирж авсан. Зээлсэн 19,0 сая төгрөгөөс хариуцагч 3,0 сая төгрөг төлснийг хасч, үлдэх 16,0 төгрөгт зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж, нотариатад дансаар шижүүлсэн гэж батлуулсан гэв.

        

Хариуцагчаас шүүхэд болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Стай танилцаж, 2012 онд түүний “Тэлмэнжороо морь” ХХК-ийн нэр дээр Вьетнамын 3 иргэнийг оруулж ирж засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж түүнээс олсон орлогоо Стай тэнцүү хувааж авдаг байсан. 2015 онд би Вьетнам руу хувийн ажлаар явах шаардлага гарсан тул Сгаас 10,0 сая төгрөг зээлж, тухайн үед С үйл ажиллагааны бүх орлогыг өөрөө авч надад өгсөн 10,0 сая төгрөгийн тооцоог дуусгахаар тохиролцсон. Намайг Вьетнамаас ирэхэд С бид хоёрын хамтран ажиллуулдаг засварын газарт Г.О үйлчилгээ авахаар ирсэн бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, урьдчилгаа 50 хувийг хүлээж авдаг ажил хийдэг болсон байсан. Тухайн үед энэ ямар учиртай хүн бэ гэж Сгаас асуухад миний дотны ээжээс ялгаагүй хүн гэж намайг Г.Отэй танилцуулсан. Үүний дараа С “миний дүү нотариат орж гэрээ хийх шаардлагатай байна” гэж удаа дараа утсаар ярьж, ажил дээр очиход байнга хэлдэг байсан, би юун гэрээ вэ гэхэд, чамд өгсөн мөнгөө баримтжуулья, би Оээс авч өгсөн, Оюунаа нэхээд байна гэхээр нь би тэр чинь надад ямар хамаатай юм, бидний тооцоо дуусч байгаа гэхэд, Оюунаатай гэрээ хийж салахгүй бол болохгүй байгаад байна. Миний дүүд ч муу зүйл байхгүй” гэхээр нь дагаад нотариат орсон чинь 16,0 сая төгрөгийн гэрээ хийх болсон. Тухайн үед би “та чинь надад 16,0 сая төгрөг хэлээгүй шүү дээ” гэхэд хажуу талаас нудраад байсан учраас тухайн гэрээг хийх болсон. Тэр үед нотариатч та хэд мөнгөө өгч авалцсан уу, бэлнээр бол миний хажууд өгөөд гарын үсэг зураарай гэхэд дансаар хийсэн гэж худал хэлэн зээлийн гэрээг батлуулсан. Г.Отэй байгуулсан 2016.09.16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө бэлнээр аваагүй, гэрээнд заасан шиг дансаар шилжүүлээгүй, дансны хуулгаас  хариуцагч санхүүгийн эх үүсвэртэй болоогүй нь харагдана. Өмнө нь 19,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж байсан бол одоо 2 удаа 10,0 болон 9,0 саяар зээлсэн гэж зөрүүтэй тайлбар гаргаж байна. Тэгээд бас ээжид нь өгсөн гэж анх удаа ярьж байна. О, С нар нийлж зээлийн гэрээг ашиглан зээл олгосон мэт нэхэмжлэл гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н надаас Вьетнам явах гэж байнаа, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би От хэлж энэ 2-ыг холбож өгсөн. Тэгээд 2015 оны 02 сард 10,0 сая төгрөгийг Вьетнам явахад нь өгсөн, үүрээр ниссэн тул маргааш нь 9,0 сая төгрөгийг манаачдаа үлдээхэд Нгийн ээж нь ирж авсан. Тэр Вьетнамаас 1 сарын дараа ирсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

        

Г.О, Н.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа дууссан, үүргээ биелүүлээгүй тул зээлийг хүүгийн хамт гаргуулна гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь Г.Оээс зээл аваагүй, зээлийн гэрээг Г.Сгийн хүсэлтээр байгуулсан, харин Г.Сгаас зээл аваад хоорондын тооцоо дууссан гэж маргав.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Н.Н нь Г.Сд 10,000,000 төгрөг зээлэх шаардлагатайгаа хэлж, зээлийг  Г.Сгаас авсан гэж, харин Г.С нь түүнд зээл өгөөгүй гэж, Г.О нь зээлийг Н.Нд өгсөн, хариуцагч зээлийг Г.Оээс аваагүй гэж мэтгэлцсэн бөгөөд Г.Сгийн хүсэлтээр Г.О нь Н.Нд зээлдүүлсэн хэргийн үйл баримт болон талуудын ярианы бичлэгээр тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуралдаан дээр хариуцагчийг Вьетнам явсны маргааш нь хариуцагчийн ээжид 9,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлах ч хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс зохигч 2016.09.16-ны өдөр Зээлийн гэрээг нөхөн байгуулан нийт 19,000,000 төгрөгөөс зээлд буцаан төлсөн 3,000,000 төгрөгийг хасч, 16,000,000 төгрөгийг үнийн дүнгээр гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөг зээлэх хүсэл зоригоо хариуцагч Г.Сд илэрхийлж, тэрээр Г.От хэлснийг хүлээн зөвшөөрч зээлсэн, дараа нь гэрээнд харилцан тохиролцож, гарын үсгээ зурж, баталгаажуулсан байх тул талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Хариуцагч нь Вьетнам улс руу хувийн ажлаар явахдаа 10,000,000 төгрөгийг зээлж явсан, энэ талаар маргаагүй, 2017.02.09-ний өдрөөс 2017.09.13-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд сар бүрийн дундуур нэхэмжлэгчид төлбөр хийсэн зэргээс дүгнэхэд зээлийг нэхэмжлэгчээс аваагүй талаархи хариуцагчийн татгалзал үгүйсгэгдлээ.

 

Хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс зохигч 2016.09.16-ны өдөр Зээлийн гэрээг нөхөн байгуулахдаа 6,000,000 төгрөгийг нэмсэн байгааг зээлсэн гэж үзэхгүй юм.

 

Иймд Г.О нь 10,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин Н.Н нь зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Зохигч зээлийг 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д нийцсэн, Н.Н нь зээлийн гэрээний хугацаанд хүүний төлбөрт сар бүр 500,000 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2017.04.16-ны өдөр үндсэн зээлд 10,000,000 төгрөг, хүүнд /500,000х7/ 3,500,000 төгрөг буюу нийт 13,500,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь 2017.02.09-ний өдрөөс 2017.09.13-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд нийт 5,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн буюу хүү төлөх үүргээ биелүүлсэн байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 13,500,000 төгрөгөөс төлсөн 5,300,000 төгрөгийг хасч, нийт 8,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч тал Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийг шилжүүлэн өгөөгүй тул гэрээ байгуулагдсанд тооцохгүй гэж маргасан боловч мөнгө зээлсэн гэх Г.С нь мөнгө зээлээгүй талаар тайлбар гаргаснаар няцаагдаж байх ба Г.Сгаас зээлж, түүнд буцаан төлсөн талаараа нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 265,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн        115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Нгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,200,000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан, От олгож, шаардлагаас үлдэх 13,400,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

         

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 265,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ