Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02320

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02756 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-гийн хариуцагч Д- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанид 2018 оны 10 дугаар сараас орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл намайг ажил үүргээ гүйцэтгэх гэсэн боловч удаа дараа ажил гүйцэтгүүлээгүй, амарч бай гэх байдлаар ханддаг байсан. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулж нягтлан руу холбогдож тушаал гаргуулж өгөхийг шаардахад тушаалтайгаа танилц гэж хэлсэн. Компани дээр очиход 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэсэн огноотой тушаал гаргаж ирээд буцаж дээшээ гараад 2020 оны 6 дугаар сарын 16 гэж балаар дээр нь засаад 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энэ тушаалыг гардаж авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох журам зэргийг зөрчиж, ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул ажлаас халсан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 15 хоногоор бодож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралтыг нь олгосон боловч ажилдаа ирэхгүй, утас нь холбогдохгүй байсан учир ажлаас халсан болно. Мөн түүний эхнэр ирж уулзаад цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэхэд нь эхнэр Б.С-гийн данс руу тэтгэмж 4 000 000 төгрөг шилжүүлж байсан. Мөн түүнтэй эвлэрэх санал гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардсан тул эвлэрэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч талаас тайлбартаа түүнийг зөрчил гаргаагүй гэж дурдаж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилдаа ирэхгүй байсан тул үүнийг зөрчил гэж үзэж байгаа. Мөн удаа дараа ажил үүрэг гүйцэтгүүлээгүй гэж тайлбарлаж байна. Энэ үйл баримттай холбоотой баримт байхгүй. Тушаал засвартай талаар хүний нөөцийн мэргэжилтэн гэрчээр оролцох тул тодруулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 17 848 721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд: Д- ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэсэн. Гэтэл шүүхээс өөрийн сайн дурын үндсэн дээр тушаалын агуулгыг илт гуйвуулан тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7 гэж үзсэн нь шүүх хөндлөнгийн байр сууриа алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн оролцогч шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин тэрээр өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар дамжуулан хэргийн оролцогч өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлж байгаа гэсэн үг. Энэ үүднээс авч үзвэл шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэж заасан байдаг. Г.Б-гийн ял оногдуулсан тогтоол нь Монгол Улсын Дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан бичгээр гараагүй байгаа талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарладаг. Нөгөө талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс торгох ялаар торгосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Дээрх үйл баримтуудаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй байгаа нь харагддаг. Мөн Д- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсгийг үндэслэл болгоогүй. Хариуцагчийн тайлбар ч энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тайлбар ирүүлээгүй атал шүүх хаанаас, өөрийн санаачилгаар ямар агуулгаар ойлгож үндэслэл болгосон нь тодорхойгүй. Шүүхэд байхгүй эрх хэмжээгээ хэтрүүлэн тушаалыг шүүх засварлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд зайлшгүй үндэслэл, шаардлага үүссэн талаар нотлоогүй, мөн ийнхүү үндэслэл шаардлагаа Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй байна. Гэтэл шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг дээрх байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Гэтэл шүүхээс хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд байхгүй заалтыг ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журамд тусгасан байх бөгөөд шүүхээс хуульд нийцээгүй заалтыг нотлох баримтаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан. Шүүх гэрчийг шүүх хуралдааны явцад загнаж, тушаалаа буруу гаргалаа ингэж гаргах ёстой байсан мэтээр удаа дараа асууж, тайлбарлаж байсныг дурьдах нь зүйтэй. Учир нь шүүх хөндлөнгийн байр сууриа алдсан, хариуцагчийн өмнөөс ажилласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Гэтэл шүүхээс гэрч О.Өгөөмөрийн мэдүүлгийг гэж үзэн нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж хуульчилсан атал шүүх хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган авч үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2 дэх хэсэгт хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Д- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Д- ХХК-ийн гүйцэтгэх захиралтай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 3-6-р тал/

 

Нэхэмжлэгч Г.Б-г ажлаас чөлөөлсөн хариуцагч Д- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэжээ. /хх-ийн 3-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан.

 

Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх бөгөөд энэ хугацаанд талуудын хэн аль нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавьсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх хуулийн зохицуулалтад зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг анх заасан хугацаагаар дахин сунгагдсанд тооцно. Өөрөөр хэлбэл, ажил олгогч дээрх тушаалыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан өдөр бус 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нөхөн гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцээгүй байна.

 

Хэрэгт хариуцагч байгууллагын ажилтнуудын ирцийн бүртгэл, шүүхийн шийтгэх тогтоол болон магадлал нотлох баримтаар авагдсан бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Б-г ажил тасалсан, гэмт хэрэгт холбогдсон тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч эдгээр үндэслэлийг тушаалд заагаагүй, ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бий болсон хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцэхгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Г.Б-д ээлжийн амралт олгосон, мөн түүний нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан зэрэг үйл баримт нь талуудыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үргэлжлүүлж байсныг тодорхойлж байна. /хх-ийн 7, 29-р тал/

 

Иймд нэхэмжлэгч Г.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байх тул түүнийг хариуцагч Д- ХХК-ийн орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26 900 146 төгрөгийг хариуцагч Д- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Г.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалин 2020 оны 2 сард 4 370 000 төгрөг, 3 сард 5 500 392 төгрөг, 4 сард 4 000 000 төгрөг, нийт 13 870 392 төгрөг байна. 13 870 392 төгрөгийн дундаж 4 623 464 төгрөгийг /13 870 392нийт : 3 сар = 4 623 464 дундаж цалин/, ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдөр хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 5 сар 18 хоног /4 623 464 : 22 = 210 157, 210 157 х 18 хоног = 3 782 826, 4 623 464 х 5 сар = 23 117 320, 23 117 320 + 3 782 826 = 26 900 146/-ийн цалин 26 900 146 төгрөгийг хариуцагч Д- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэсэн болно. /хх-ийн 7-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Б-г Д- ХХК-ийн орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26 900 146 төгрөгийг хариуцагч Д- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Г.Б-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Д- ХХК-д даалгасугай гэж,

 

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Д- ХХК-иас 292 450 төгрөг гаргуулан, улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ