Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00679

 

 

2021           06            08                                          001/ХТ2021/00679

 

..................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02756 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2320 дугаар магадлалтай,

..................нэхэмжлэлтэй

..................ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., түүний өмгөөлөгч ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........... нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанид 2018 оны 10 дугаар сараас орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл намайг ажил үүргээ гүйцэтгэх гэсэн боловч удаа дараа ажил гүйцэтгүүлээгүй, амарч бай гэх байдлаар ханддаг байсан. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулж нягтлан руу холбогдож тушаал гаргуулж өгөхийг шаардахад тушаалтайгаа танилц гэж хэлсэн. Компани дээр очиход 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэсэн огноотой тушаал гаргаж ирээд буцаж дээшээ гараад 2020 оны 6 дугаар сарын 16 гэж балаар дээр нь засаад 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энэ тушаалыг гардаж авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох журам зэргийг зөрчиж, ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул ажлаас халсан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 15 хоногоор бодож 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралтыг нь олгосон боловч ажилдаа ирэхгүй, утас нь холбогдохгүй байсан учир ажлаас халсан болно. Мөн түүний эхнэр ирж уулзаад цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэхэд нь эхнэр ..............-ийн данс руу тэтгэмж 4 000 000 төгрөг шилжүүлж байсан. Мөн түүнтэй эвлэрэх санал гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардсан тул эвлэрэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч талаас тайлбартаа түүнийг зөрчил гаргаагүй гэж дурдаж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилдаа ирэхгүй байсан тул үүнийг зөрчил гэж үзэж байгаа. Мөн удаа дараа ажил үүрэг гүйцэтгүүлээгүй гэж тайлбарлаж байна. Энэ үйл баримттай холбоотой баримт байхгүй. Тушаал засвартай талаар хүний нөөцийн мэргэжилтэн гэрчээр оролцох тул тодруулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02756 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ..................ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 17 848 721 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн ..................нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2320 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч .........-г ..................ХХК-ийн орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26 900 146 төгрөгийг хариуцагч ..................ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч .........д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ..................ХХК-д даалгасугай гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч ..................ХХК-иас 292 450 төгрөг гаргуулан, улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд: 1.Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 -т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгасанд тооцно гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, өөрчлөх үндэслэлээ болгосон нь буруу байна. /магадлалын 5 дахь тал / Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн. Учир нь 23.3-т хөдөлмөрийн гэрээг сунгагдсан гэж үзэх гол үндэслэл буюу ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа гэх нөхцөл байдлыг буруу дүгнэсэн байна. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.23 өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.11 өдрийн 756 дугаар магадлалаар .................. нь цагдан хоригдож байсан нь нотлогдож байх бөгөөд энэ нь ажлаа гүйцэтгэсээр байсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэх хөдлөшгүй нотлох баримт юм. Шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг зөрчиж дээрх нотлох баримтын хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлээгүй. Уг баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2-т заасны дагуу хөдөлмөрийн хугацаатай гэрээ шууд сунгагдах нөхцөл боломжгүй байсныг нотлон харуулж байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ хугацаатай гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдснийг харуулж байна. 2. Дээр дурдсаны дагуу ажилтан 3 сарын турш ажил үүргээ гүйцэтгээгүй, ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь тогтоогдож байгаа бөгөөд ..................ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2, 6.2.1-т хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох харилцааг зохицуулсан, Хөдөлмөрийн гэрээний 12.1.2.1 хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 12.1.2.5 шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан зэрэг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл бүрдснээс гадна мөн Хөдөлмөрийн хуулийн 37.1.3-т дурдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдал бүрэн тогтоогдож байгаа тул ажилтныг буруу халсан гэж үзэх үндэслэлгүй байна. 3. ..................тэй хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа 2 тал харилцан тохиролцож, 1 жилийн хугацаатай, хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж байгуулсан бөгөөд ажил олгогчийн зүгээс энэхүү гэрээг байгуулахад ямар нэгэн дарамт шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн ямар нэгэн оролцоогүйгээр байгуулсан төдийгүй ажилтан өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр хугацаатай байгуулж, түүнийгээ зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Ажилтан 2020.03.23 өдрөөс ажил, албан үүргээ гүйцэтгээгүй, хөдөлмөр эрхлээгүй нь тогтоогдож байгаа, мөн чөлөө авсан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөл байдал тогтоогдоогүй ажил олгогч ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд 3 сар ажилдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй ажилтныг шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж ажил хөдөлмөр эрхлээгүй нь ажил олгогчийн буруугаас шалтгаалаагүй байхад ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх хариуцагч ..................ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай ..................нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

.................. нь 2019.03.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ..................ХХК-д орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилласан ба 2020.06.15-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 3-6-р тал/

Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон хугацаа 2020.02.28-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгч нь ажиллаж байгаад 2020.03.10-наас ээлжийн амралтаа авсан үйл баримтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж зааснаар гэрээний хугацаа мөн хугацаагаар сунгагдсан байна.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2020.06.15-ны өдрийн Б/09 дүгээр тушаалд гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийг заасан нь хуульд нийцээгүй боловч нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, эхнэр нь ирж уулзаад Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэхээр нь 2020.03.10-наас ээлжийн амралтыг олгож, тэтгэмж 4,000,000 төгрөгийг өгсөн, 4 сарын 1-ний өдөр ажилдаа орох байсан боловч ирээгүй учраас ажлаас халсан, нэхэмжлэгч нь 2020.03.23-2020.06.11 хүртэл цагдан хоригдсон байсан гэж тушаалын үндэслэлийг тайлбарласан, уг үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Тушаал хэлбэрийн хувьд хуульд нийцээгүй боловч хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг хариуцагч тайлбарлаж, баримт гарган өгсөн, нэхэмжлэгч ажил тасалсан гэх зөрчлийг үгүйсгээгүй, хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч 2 сар ажилдаа ирээгүй үйл баримт тогтоогдсон, нэхэмжлэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан байхад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ.

Давж заалдах шатны шүүх тушаалын хэлбэрийг эрх зүйн актын хувьд дүгнэхдээ агуулгыг анхаараагүй нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил, сахилгын шийтгэл, эрх зүйн актын хэлбэр, агуулгын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогчийн тушаал хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах эрхтэй, .................. нь сахилгын ноцтой зөрчил гаргасан байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2320 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/02756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 292,451 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ЦАГААНЦООЖ

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                              Б.МӨНХТУЯА