Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00127

 

 

 

 

“АИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2020/01909 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “АИ” ХХК-ийн хариуцагч “СД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, алдангид 83 826 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, Ш.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани 2015 оноос “СД” ХХК-тай тоног төхөөрөмжийн 18/421а10с1800105 тоот даатгалын гэрээтэй ажиллаж байсан бөгөөд 2018.09.25-ны өдөр жилийн хугацаатай шинэчлэн байгуулсан. “АИ” ХХК-ийн Орхон аймгийн суманд байрлах зэс боловсруулах үйлдвэрт 2018.12.09-ний өдрийн 20 цаг 25 минутад цахилгааны хэлбэлзэл үүссэний улмаас тоног төхөөрөмжид гэмтэл учирсан. Гэрээний 4 дүгээр зүйлд бүх төрлийн цахилгааны эрчим хүчний эрсдэлд цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, болгино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал, тасалдал, газардуулалт хамаарах тул тус гэмтэл нь даатгалын тохиолдол мөн юм. Гэрээний 5.1.1-д даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд энэ тухай 72 цагийн дотор даатгагчид мэдээллэх гэсний дагуу даатгалын тохиолдлыг гэрээт хугацаанд мэдэгдсэн.

“СД” ХХК-ийн ажилтан Ц нь 2018.12.11-ний өдрийн 16 цаг 20 минутад ослын газрын тэмдэглэл үйлдсэн. Гэрээний 5.1.4-д хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 180 хоногийн дотор эвдрэл хохирлын талаар эцсийн тайлан баримт материалыг бүрэн гүйцэд хууль зүйн дагуу өөрийн зардлаар бүрдүүлж ирүүлэх гэж заасны дагуу “АИ” ХХК хуанлийн 159 дэх хоног буюу 2019.05.16-ны өдөр нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн даатгагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний 6.9-д даатгагч бүрэн шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материал хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэн барагдуулна гэж заасан ч үүргээ биелүүлээгүй. Иймд компани 2019.07.05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд нөхөн төлбөр шийдвэрлүүлэх гомдлыг гаргасан. Хороо нөхөн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзээд даатгагчид гэрээний үүргийн дагуу нэхэмжлэлийг барагдуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Нэхэмжлэгч асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээсэн боловч даатгагч төлбөрийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч “Монхорус интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулж, инвертерийг оношлуулж, үзлэг хийлгэж, засаж засварлахад нийтдээ 71 285 858 төгрөгийн зардал гаргасан. Дээрх зардлыг хариуцагч зөвшөөрөөгүй, манай материалыг хүлээн авсны дараа өөрсдөө “МҮ” ХХК-иас хохирлын үнэлгээ хийлгэж 55 884 242 төгрөг болгосон. Энэ үнэлгээг нь бид маргаагүй.  Иймд даатгалын нөхөн төлбөрт 55 884 242 төгрөг, гэрээний 13.8-д зааснаар 355 хоногийн алданги 99 194 529 төгрөгийг Иргэний хуульд нийцүүлэн 50 хувьтай тэнцүүлж 27 942 121 төгрөг нийт 83 826 363 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “СД” ХХК‑иас 83 826 363 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АИ” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч “АИ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 577 081 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “СД” ХХК‑иас 577 081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч”АИ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “Хариуцагч түүний төлөөлөгч О.Б нь 2020.08.18-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэж, баримтад гарын үсэг зурсан байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2020.09.03-ны өдрийн шүүх хуралдаанд О.Б нь өөрийн хүсэлтээр Г.С-г өмгөөлөгчөөр оролцуулахаар, өмгөөлөгчөөрөө дамжуулж хүсэлтээ хүргүүлсэн. Өмгөөлөгч шүүх хуралдаанд товлогдсон цагт очсон боловч О.Б-н хүсэлтэд зурагдсан гарын үсэг өмнөх баримтуудад зурагдсан гарын үсгээс өөр байна гэх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийг ч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж, хуульд заасан хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой.Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “АИ” ХХК нь хариуцагч “СД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, алдангид 83 826 363 төгрөг гаргуулахаар шаардсанд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. /хх 94/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч авах эрхтэй. Өмгөөлөгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй юм.

 

Анхан шатны шүүх О.Б нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэж, баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Г.Сг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтэд зурагдсан гарын үсэг өмнөх баримтуудад зурагдсан О.Б гарын үсгээс өөр байна гэж шинжээчийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар дүгнэлт хийж, хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд нийцээгүй, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх юм. Өмгөөлөгч авах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэх боломжгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2020/01909 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.ИЧИНХОРЛОО

      

                   ШҮҮГЧИД                       А.МӨНХЗУЛ

      

    Ш.ОЮУНХАНД