Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01899

 

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01899

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “СД” ХХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөр, алданги нийт 83,826,363 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, даатгалын хураамжийн төлөгдөөгүй үлдэгдэл 22,421,000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Г.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А И” ХХК болон ”СД” ХХКнарын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18/421-А /10С1800105/ дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ-ний дагуу даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт 55,884,242 (тавин таван сая найман зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг, алдангид 27,942,121 (хорин долоон сая есөн зуун дөчин хоёр мянга нэг зуун хорин нэгэн) төгрөгийн алданги, бүгд 83,826,363 (наян гурван сая найман зуун хорин зургаан мянга гурван зуун жаран гурван) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

“А И” ХХК нь 2015 оноос хойш “СД” ХХК-тай хамтран ажилласан бөгөөд Тоног төхөөрөмжийн 18/421-А /10С1800105/ дугаартай даатгалын гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай шинэчлэн байгуулсан. “А И” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Катодын зэс боловсруулах үйлдвэрт 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 25 минутад цахилгааны хэлбэлзэл үүссэний улмаас тоног төхөөрөмжид гэмтэл учирсан. Гэрээний Үндсэн эрсдэлийн 4-т Бүх төрлийн цахилгааны эрчим хүчний эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал, тасалдал, газардуулга гэж заасны дагуу тус гэмтэл нь даатгалын тохиолдолд хамаарч байсан.

Иймд гэрээний 5.1.1-д ...даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд энэ тухай 72 цагийн дотор даатгагчид мэдээлэх гэсний дагуу даатгалын тохиолдлыг гэрээт хугацаанд мэдэгдсэн ба “СД” ХХК-ийн ажилтан н.Цэнджаргал 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 20 минутад Ослын газрын тэмдэглэл үйлджээ. Гэрээний 5.1.4-т4 Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 180 хоногийн дотор эвдрэл, хохирлын талаар эцсийн тайлан, баримт, материалыг бүрэн гүйцэд, хууль дүйн дагуу өөрийн зардлаар бүрдүүлж ирүүлэх гэсний дагуу “А И” ХХК-ийн зүгээс хуанлийн 159 дэх хоног буюу 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн ”СД” ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээний 6.9-д Даатгагч бүрэн шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэн барагдуулна гэж заасан боловч ”СД” ХХКнь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд компанийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд нөхөн төлбөр шийдвэрлүүлэх гомдлыг гаргасан бөгөөд хорооны зүгээс нөхөн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзэж, Даатгагчид гэрээний үүргийн дагуу нэхэмжлэлийг барагдуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Манай компанийн зүгээс асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хичээсэн боловч ”СД” ХХКнь өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй байна. Иймд “А И” ХХК, ”СД” ХХКнарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Тоног төхөөрөмжийн даатгалын 18/421-А /10С1800105/ дугаартай гэрээний дагуу даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт 55,884,242 (тавин таван сая найман зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг, гэрээний 13 дугаар зүйлийн 13.8-д Даатгагч нь гэрээнд тохирсон хугацаа, нөхцөлийн дагуу хохирлын нөхөн төлбөрийг төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд тооцож Даатгуулагчид төлнө гэж заасны дагуу 355 хоногийн алданги 99,194,529.55 (ерэн есөн сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорин есөн төгрөг тавин таван мөнгө) төгрөг болж байгаа тул Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх 27,942,121 (хорин долоон сая есөн дөчин хоёр мянга нэг зуун хорин нэгэн) төгрөгийн алданги, бүгд 83,826,363 (наян гурван сая найман зуун хорин зургаан мянга гурван зуун жаран гурван) төгрөгийг “СД” ХХК-аас гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Цахилгааны гэмтлээс болж инвертор гэмтсэн гэх боловч энэ гэмтэл болон хохирлын хооронд шалтгаант холбоотой эсэхийг тогтоосон баримтгүй байна. Бид энэ талаар татгалзлаа өмнө нь илэрхийлж байгаагүй ч энэ нь шүүхийн шатанд энэ талаар маргаж болохгүй гэсэн үг биш. Түүнчлэн хохирлын үнэлгээ тогтоосон үнэлгээчний дүгнэлтэд ойлгомжгүй зүйлс байна. Үнэлгээчний нислэгийн тийзний нэг талын үнийг шууд хоёроор үржүүлэн хохиролд тооцож байгаа зэрэг нь үнэлгээчний дүгнэлт үндэслэлгүй болохыг илтгэж байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ”А И” ХХК болон ”СД” ХХКнарын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 18/421-А /10С1800105/ дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжийн үлдэгдэл 22,421,000 төгрөгийг ”А И” ХХК-аас гаргуулж, “С Д” ХХК-д олгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

“А И” ХХК болон “СД” ХХКнарын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 18/421-А /10С1800105/ дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ байгуулсан. Тус гэрээний үндсэн нөхцөлийн хураамж төлөх хуваарь гэсэн хэсэгт хураамжийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус бүр 7,473,666.2 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэтэл “А И” ХХК нь даатгалын хураамжийг гэрээнд заасан хуваарьт өдрүүдэд төлөөгүй бөгөөд одоог хүртэл даатгалын хураамж төлөгдөөгүй байгаа. “А И” ХХК нь “СД” ХХК-тай байгуулсан Даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул 18/421-А /10С1800105/ дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжийн үлдэгдэл 22,421,000 төгрөгийг “А И” ХХК-аас гаргуулж, “СД” ХХК-д олгуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “СД” ХХК-ийн “А И” ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18/421-А /10С1800105/ дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжийн төлбөр болох 22,421,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ гэрээний үндсэн нөхцөлийн хураамж төлөх хуваарь гэсэн хэсэгт хураамжийг 2018.09.28-ны өдөр, 2018.12.28-ны өдөр, 2019.03.28-ны өдөр, 2019.06.28-ны өдрүүдэд тус бүр 7,473,666.52 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон хураамжийн үлдэгдэл 22,421,000 төгрөгийг "“А И” ХХК-аас гаргуулж олгож өгнө үү гэжээ. Гэтэл “А И” ХХК болон “СД” ХХК-ийн хооронд 2018.09.25-ны өдөр 18/421-А/10С11800105/ дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ-г байгуулсан ба “А И” ХХК нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу даатгагчаас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн 2018.09.27, 2018.12.17, 2019.03.26-ны өдрүүдэд тус бүр 7,473,666.52 төгрөг буюу нийт 22,420,999.56 төгрөгийг даатгалын хураамжид төлсөн.

Хоёр. ”А И” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах үйлдвэр дээр 2018.12.09-ний өдөр даатгалын тохиолдол гарч гэрээнд заасан арга хэмжээг авч, даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг холбогдох баримтын хамт 2019.05.14-ний өдөр даатгагчид хүлээлгэн өгсөн боловч даатгагч нь гэрээний 6.9-д заасны дагуу 5 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэн барагдуулах үүргээ биелүүлээгүй. Мөн даатгалын гэрээгээр ”СД” ХХКнь манай компанийн 18 тэрбум төгрөгийн дүнтэй үйлдвэрийн нарийн тоног төхөөрөмжийн эрсдэлийг шилжүүлэн авахдаа гэрээний 9.8-д заасны дагуу хүлээсэн гэрээг давхар даатгалд 100 хувь даатгуулах үүрэг хүлээсэн.

“СД” ХХКнь 2019.05.15-ны өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны шалгалт тус компанийн үйл ажиллагаанд орсон, 2019.05.22-ны өдрийн 04/294 тоот албан бичгээр давхар даатгалд хамрагдаагүй учир 2019 оны 1-р улирлын байдлаар төлбөрийн чадвар 91.59 хувь байгаа талаар манай компанид мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам-ын 2.18-д Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа нь 110 хувь буюу түүнээс илүү байвал зохино", 2.20-д Хэрэв даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцаа 100 хувиас доош байвал даатгагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцно гэж заасны дагуу төлбөрийн чадваргүй гэж үзэхээр заасан.

Иймд гэрээний 10.3-т ...Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах, учруулсан хохирлыг шаардах гэж заасныг үндэслэн “А И” ХХК нь 2019.06.12-ны өдрийн 1/337 дугаартай албан бичгээр 2019.06.28-ны өдөр төлөх ёстой гэрээний 4 дэх төлбөрийг 2018.12.09-ний өдөр гарсан даатгалын тохиолдлын нөхөн төлбөрөөс суутгуулан шийдвэрлэх саналаа хүргүүлсэн. ”СД” ХХКтус саналыг зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний 4.5-д заасны дагуу даатгалын хураамжийг хуваарийн дагуу даатгагчаас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ гэж заасны дагуу 4 дэх шатны төлбөрийн нэхэмжлэл ирүүлээгүй болно. Эдгээр үндэслэлээр “СД” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ”А И” ХХК нь хариуцагч “СД” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу төлөх нөхөн төлбөрт 55,884,242 төгрөг, алдангид 27,942.121 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ”СД” ХХКнь нэхэмжлэгчээс даатгалын хураамжийн төлөгдөөгүй үлдэгдэл 22,421,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “СД” ХХК-тай 2015 оноос хойш даатгалын гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд тус компанид даатгуулсан тоног төхөөрөмж нь 2018 оны 12 дугаар сард цахилгааны хэлбэлзлийн улмаас эвдэрч, ажиллагаагүй болсон. Улмаар даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу даатгалын компаниасаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч ”СД” ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, цахилгаан хэлбэлзсэн үйл баримт, тоног төхөөрөмжид гэмтэл гарсан үйл баримт нэгэн цаг мөчид тохиолдсон байж болох ч энэ нь шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл болохгүй. Энэ талаар нотолсон баримт байхгүй тул даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан сөрөг шаардлага гаргасан байх ба ”А И” ХХК”СД” ХХКнарын хооронд байгуулсан Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрт 22,421,000 төгрөгийг гаргуулах эрхтэй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрөн 4 удаагийн төлөлтөөр дээрх үнийн дүн бүхий хураамжийг шилжүүлэх ёстой нь үнэн бөгөөд эхний гурван удаагийн төлөлтийг хийж гүйцэтгэсэн, харин талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээсэн 18 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг минь давхар даатгуулах үүргээ биелүүлээгүй зэргээр гэрээгээ зөрчсөнд үндэслэж дэх удаагийн 7,473,666 төгрөгийн төлөлтийг даатгалын нөхөн төлбөрөөс суутгуулах боломжтой гэж үзсэн. гэж хариу тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

1. Нэг талаас “А И” ХХК, нөгөө талаас “СД” ХХКнар харилцан тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 18/421-А дугаартай Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээ байгуулжээ /хх-ийн 11-19 дүгээр тал/. Тус гэрээний хавсралт /хх-ийн 19-22 дугаар тал/-аар гэнэтийн ослын тодорхой эрсдэлээс урьдчилан сэргийлж даатгуулсан эд хөрөнгийн жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтын 75 дугаарт талуудын маргааны зүйл болсон инвертор гэх тоног төхөөрөмж бүртгэгдсэн болон уг тоног төхөөрөмж нь диод, модул зэрэг иж бүрдэл хэсгүүд орсон төхөөрөмж болох бодит байдлын тухайд зохигчид маргаагүй болно. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байна. Энэхүү даатгалын гэрээнд даатгагчаар “СД” ХХК, даатгуулагчаар “А И” ХХК нар оролцжээ.

Түүнчлэн зохигчид даатгалын гэрээний даатгалын эрсдэл гэсэн хэсэгт бүх төрлийн цахилгаан эрчим хүчний эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал, тасалдал, газардуулгаас шалтгаалсан эвдрэл, гэмтэл хамаарахаар заасан тухайд маргаагүй. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй гол үндэслэлээ тайлбарлахдаа тухайн цаг мөчид тохиолдсон цахилгааны хэлбэлзэл нь инверторыг гэмтээсэн болох нь тогтоогдоогүй, өмнө нь бид даатгалын тохиолдол ба гэмтлийн хоорондын шалтгаант холбоог тогтоосон баримт нэхэж байгаагүй хэдий ч энэ нь өмгөөллийн хууль зүйн үйлчилгээний үр дүнд ийм татгалзал гаргаж болохгүй гэсэн үг биш гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч тус тайлбарыг эс зөвшөөрөн, цахилгааны хэлбэлзлийн улмаас тоног төхөөрөмж гэмтсэн үйл явдал 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон, тухайн үед даатгуулагч нэн даруй арга хэмжээ авч гэрээнд заасан холбогдох баримтаа бүрдүүлэн даатгагчид хандахад инверторын модул, диодод учирсан эвдрэлийн гэмтлийн үнэлгээг гаргуулж ирснээр төлбөрийг төлөх боломжтой болохоо илэрхийлж байснаас өөрөөр гэмтэл нь цахилгааны хэлбэлзлээс болоогүй талаар урьд өмнө нь ямар ч татгалзал гаргаж, энэ талаар нэмэлт материал шаардаж байгаагүй гэж тайлбарлаж байна.

 

2. Нэгдүгээр хавтаст хэргийн 78 дугаар талд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/13 тоот албан бичиг авагдсан байх ба тус бичигт 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 25 минутад АТ2 авто трансформаторт богино залгаа болж гэмтэл гарснаас хүчдэлийн хэлбэлзэл үүссэнийг дурджээ. Уг албан бичиг нь “А И” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цахилгаан түгээх компанид явуулсан 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн цахилгааны хэлбэлзлийн талаар тайлбар хүссэн албан бичгийн хариу байна. /хх-ийн 80 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний 5.3-т даатгалын тохиолдол бий болмогц даатгуулагчийн бүрдүүлбэл зохих баримт бичгийн талаар зохицуулсан байх ба 5.4-т Даатгуулагчийн бүрдүүлсэн баримт бичиг нь эргэлзээтэй эсвэл бүрэн бус бол даатгагч нь энэхүү гэрээнд дурдсан шаардлагатай гэж үзсэн бичиг баримтыг шаардаж болохоор,6.9-д даатгагч бүрэн шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэн барагдуулна гэж, 5.6-д нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийн асуудлыг гагцхүү 2 тохиолдолд 10 хоногийн хугацаагаар хойшлуулахаар тус тус заажээ. Гэвч “СД” ХХК-иас ”А И” ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн 04/145 тоот албан бичиг /нэгдүгээр хх-ийн 220 дугаар тал/-т даатгалын гэрээний хэрэгжилт хэвийн үргэлжилж байгааг дурдсаны зэрэгцээ 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахилгааны хэлбэлзлийн улмаас инверторт саатал үүсэж даатгалын тохиолдол бий болсон талаарх мэдээллийг бид хүлээж авсан. Хохирлын тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчнээр үнэлүүлж нотлуулах шаардлагын дагуу бид Арвижих Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Ч.Мыг хохирол болсон газар луу явуулж анхан шатны үзлэгийг хийлгэсэн. Даатгалын зүйл болох инверторт учирсан хохирлыг засах, сэргээх ажлын үнэлгээг гаргуулж нөхөн төлбөрийн материалыг бүрэн ирүүлэх үед бид гэрээний дагуу хохирлыг нөхөн төлөхөд бэлэн байгаа болно. гэж тайлбарласнаас үзвэл тэдний томилсон даатгалын мэргэшсэн үнэлгээчнээр хохирол үнэлүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь баримт бичгийн дутуу байдлыг бүрдүүлэх учиртайг илэрхийлснээс өөрөөр даатгалын тохиолдол бий болоогүй хэмээн татгалзаж байсан нь тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, ”СД” ХХКнь даатгалын тохиолдол үүсээгүй, эрсдэл бий болоогүй гэж үзэж байгаа бол энэ талаар баримт бичгийг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байх бөгөөд энэ нь даатгалын нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийг 10 хоногоор хойшлуулж, асуудлыг ийнхүү сунгасан хугацаанд дахин сайтар хянан, маргаан гарвал холбогдох газраар хугацаа алдалгүй шийдвэрлэх нөхцөл бололцоог хангах зорилготой заалт байна. Санхүү банк, даатгалын үйлчилгээ зэрэг бизнесийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж буй байгууллагууд гэрээний болон бизнесийн сахилга баттай, ажил хэрэгч байх нь тэдэнд тавигдах зүй ёсны шаардлага мөн. Гэвч ”СД” ХХКнь шүүхэд маргаан үүсгэх хүртэл хугацаанд баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэхэд шаардлагатай баримтгүй тул даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхэд эргэлзээтэй байгаа талаар нэг ч удаа татгалзал гаргаагүй байна.

 

3. Даатгуулагч “А И” ХХК нь “СД” ХХК-иас ирүүлсэн 04/145 тоот албан бичгийг хүлээн авч даатгагчийн сонгон заасан үнэлгээчин Ч.Манлайбаатараар хохирлын үнэлгээг хийлгүүлжээ. Үнэлгээ тогтоосон тайлан 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гарчээ. /хх-ийн 38-44 дүгээр тал/. Ийнхүү үнэлгээний тайланг хүлээн авсан боловч даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг судалж байгаагаа илэрхийлж хамтын ажиллагаа үргэлжлэх талаар “СД” ХХК-иас “А И” ХХК-д албан бичиг ирүүлсэн байх боловч уг албан бичигт гэрээнд заасан хугацааны дотор нөхөн төлбөрийн асуудлыг нэг тийш шийдвэрлэлгүй удааж буй шалтгаан, үндэслэлээ дурдаагүй байна. Гэрээний 9.5-д хэрвээ даатгагч хохирлыг даатгалын тохиолдол биш гэж үзсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ албан бичгээр мэдэгдэх талаар тодорхой заажээ. Түүнчлэн цахилгааны хэлбэлзэл үүссэн цаг мөч, үйлдвэрт саатал гарч үйл ажиллагаа нь бүхэлдээ зогссон цаг мөчтэй давхцаж байхын зэрэгцээ “А И” ХХК-ийн инженер болон засварын төлөвлөгч, менежер, ерөнхий инженерийн хамтран үйлдсэн гэмтэл саатлын бүртгэлээр ийнхүү цахилгааны хэлбэлзлийн улмаас инвенторын модулд эвдрэл үүссэн гэх үндэстэй байна.

Эдгээр нөхцөл байдал нь хариуцагч ”СД” ХХК-ийн цахилгааны хэлбэлзэл ба хохирлын хооронд шалтгаант холбоогүй хэмээн тайлбарлаж байгаа татгалзал үндэслэлгүй болохыг илтгэж байх ба даатгуулагчийн гэрээнд заасан журмын дагуу гаргасан нөхөн төлбөрийн шаардлагыг хугацаа алдалгүйгээр гэрээнд заасан процесс ажиллагааны дагуу шийдвэрлэлгүй удаашруулсан, тодорхой бус байдал үүсгэж 2 жил орчим хугацаа хэтрүүлсэн явдал нь даатгагчийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байх боломж, үндэслэл нь болох учиргүй.

 

4. Нэхэмжлэгч даатгалын үнэлгээчний гаргасан хохирлын үнэлгээнд үндэслэн инверторын эвдэрсэн модулын үнэ 28,247,622 төгрөг болон ажлын хөлсний бусад зардлыг оролцуулан нийт 55,884,242 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагаас 33,247,622 төгрөгийг хангах боломжтой гэж үзлээ. Шинжээчийн дүгнэлтэд эвдэрсэн тоног төхөөрөмжийн үнэлгээг тогтоож, элэгдэл хорогдлыг тооцон 28,247,622 төгрөгөөр модулын хохирлын хэмжээг тооцсон явдалд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин ажлын хөлс, тээврийн зардалд гаргасан үнэлгээг талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний холбогдох заалттай уялдуулан зөв тодорхойлох нь зүйтэй. Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний үндсэн нөхцөлийн нэмэлт үйлчилгээ хэсэгт хохирол үнэлгээчин, шинжээч томилон ажиллуулах зардал хөлс, хохирлын үнэлгээний төлбөрийг нөхөн төлбөрийн дүн дээр нэмж төлөх-өөр тохирсон байна. Гэвч гэрээний 6.7-д Даатгалын нөхөн төлбөрийн дүнд нурангийг зайлуулах, гал унтраах арга хэмжээний зардал, үнэлгээний зардал, шинжээчийн зардлыг даатгагч нь 5,000,000 төгрөг хүртэл олгох-оор заажээ.

Даатгалын үнэлгээчний тогтоосон ажлын хөлс, тээврийн зардлын талаар нэхэмжлэгч Монхорус ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гадаадаас ирж ажилласан, нарийн мэргэшил шаардсан тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэлийг тогтоосон мэргэжилтнүүдэд гаргасан зардал гэж тайлбарлаж байх ба энэ нь дээр дурдсан гэрээний 6.7-д дурдсан, үнэлгээний болон шинжээчийн зардалд орох үндэстэй байна. Иймд тус зардлын хэмжээг хохирлын үнэлгээнд дурдсан дүнгээр бүрэн гаргуулах боломжгүй байх тул гэрээнд заасан дээд хязгаар болох 5,000,000 төгрөгөөр тооцон хангаж шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэгч алдангийн төлбөрт 27,942,121 төгрөг нэхэмжилж байна. Талуудын байгуулсан гэрээний 13.8-д заасны дагуу алданги тооцох эрх нэхэмжлэгчид байна. Гэвч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийн хэмжээг бууруулах боломжтой гэж дүгнэв. Даатгалын тохиолдол 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон буюу даатгалын хураамжийн төлөлт хэвийн байсан үед тохиолджээ. Улмаар даатгагчийн санхүүгийн байдалд сөрөг үзүүлэлтүүд илэрч төлбөрийн чадвар муудсан байх боломжтой үеүдэд нэхэмжлэгч талаас тохирсон хугацаандаа даатгалын хураамжийн 4 дэх удаагийн төлөлтөө хийгээгүй саатуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Биелүүлэх хугацаа нь болсон ижил шаардлагуудыг харилцан тооцож болох хууль зүйн боломжтой хэдий ч энэ талаар нэхэмжлэгчийн тавьсан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгаагаа илэрхийлж хариуцагчаас хариу албан бичиг илгээж байсан тухай баримт хавтаст хэргийн 199 дүгээр талд авагджээ. Иймд даатгагчаас даатгуулагчид төлөх алдангийн хэмжээг 50 хүртэл хувиар бууруулж тооцох боломжтой гэж дүгнэн алдангийн төлбөрт 8,311,905 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан хариуцагч ”СД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 33,247,622 төгрөг, алдангийн төлбөрт 8,311,905 төгрөг, нийт 41,559,527 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”А И” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч ”СД” ХХКнь нэхэмжлэгчид ”А И” ХХК-д холбогдуулан даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрт 22,421,000 төгрөг нэхэмжилж байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу даатгалын хураамжид 2018 оны 09 дүгээр сарын 27, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус 7,473,666.52 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч ”А И” ХХК нь эхний 3 удаагийн төлбөрийг нэгэнт төлсөн гэх хариу тайлбар гаргаж байх ба тус тайлбарыг хариуцагч ”СД” ХХКхүлээн зөвшөөрч байна. Харин 4 дэх удаагийн төлөлтийг ”А И” ХХК нь даатгалын гэрээний дагуух нөхөн төлбөрөөсөө хасаж тооцуулах хүсэлт гаргаж байсан боловч тус хүсэлтийг ”СД” ХХК-иас хүлээж аваагүй байна. Нэгэнт даатгалын гэрээний дагуу даатгалын хураамж төлөх нь даатгуулагчийн үндсэн үүрэг байх тул хураамжийн хэсэг болох 7,473,666.52 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгчийн даатгалын хураамжийн үлдэгдэл хэсэг буюу -тэй тэнцэх хэсгийг төлөөгүй шалтгаанаа тайлбарлаж, энэ талаар тухай бүр даатгагчид мэдэгдэж байсан болон даатгалын хураамжийн зонхилох хэсгийг төлсөн, түүнчлэн даатгалын тохиолдол даатгалын хураамж төлөлт хэвийн явагдаж байсан үед тохиолдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үлдэгдэл хэсгээ төлөөгүй нэхэмжлэгчийн үүргийн зөрчил даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр шаардах эрхийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэл үйл баримтыг бүхэлд нь нэгтгэн үзэж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу хариуцагч ”СД” ХХК-иас 41,559,527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”А И” ХХК-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,266,836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч ”А И” ХХК-аас 7,473,666 төгрөгийг гаргуулж, хариуцагч ”СД” ХХК-д олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,947,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигчид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дээрх үүргийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасны дагуу харилцан тооцож холбогдох хэсгээр дуусгавар болгох боломжтойг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч ”А И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,081.81 төгрөгийг, хариуцагч ”СД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”СД” ХХК-иас 365,748 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”А И” ХХК-д, нэхэмжлэгч ”А И” ХХК-иас 134,529 төгрөгийг гаргуулж хариуцагч ”СД” ХХК-д тус тус олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу хариуцагч “СД” ХХК-иас 41,559,527 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А И” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А И” ХХК-иас 7,473,666 төгрөгийг гаргуулж, хариуцагч “СД” ХХК-д олгон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,266,836 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,947,334 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч ”А И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,081.81 төгрөгийг, хариуцагч ”СД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,055 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ, Н.БАЯРМАА