Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0658

 

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0658

Улаанбаатар хот

 

 

Ж.Н-гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, О.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Н-ийн нэхэмжлэлтэй, Улсын Ерөнхий прокурор, Прокурорын мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрээр: Прокурорын байгууллагын тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.6, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.5 дахь заалтад заасныг баримтлан Ж.Н-ийн нэхэмжлэлээр Улсын Ерөнхий прокурор, Прокурорын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан гаргаснаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н-д холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулж, Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/47 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын Ерөнхий прокурорт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н давж заалдах гомдолдоо: “Ж.Н-ийн нэхэмжлэлтэй, Улсын Ерөнхий прокурор, Прокурорын мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Тайжууд овогт Ж.Н миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдол гаргаж байна. Үндэслэл нь

Анхан шатны шүүхээс Прокурорын байгууллагын тухай хуулийн 4.1, 18.1.4, 18.1.6, 42.1, 43.1, 43.1.5, дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

1. Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс прокурор Ж.Н надаас мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авахдаа Төрийн албаны тухай хууль болон Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгах, дүгнэх журмуудыг зөрчсөн бөгөөд энэхүү зөрчил нь шалгалтын дүнд бүхэлд нь нөлөөлж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад  энэ талаар бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, Прокурорын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг шалгах, дүгнэх журамд зохицуулснаар мэргэжлийн шалгалтыг мэргэжлийн зөвлөлийн даргаас томилогдсон ажлын хэсэг авах ёстой юм.

Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаар тушаалаар Ж.Н-аас мэргэжлийн шалгалт авах ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсэг нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шалгалт авсан ба дүнгээ гаргахдаа ажлын хэсэг байгуулагдахаас өмнөх хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан хяналтын прокурор Ж.Н миний ажлыг 2014 он, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар шалгасан прокурор Д.Б-ын шалгалтын материал хяналтын ажлын чанар, үр дүнгийн үзүүлэлтэд 30 онооноос 20 оноо өгч шалгалтын нийт дүнг гаргасан нь хууль бус юм.

Учир нь Д.Б прокурор, хяналтын  прокурор Ж.Н миний ажлыг шалгаад, мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад орох шаардлагатай гэж дүгнэсэн болохоос энэхүү шалгалт нь Мэргэжлийн зөвлөлийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шалгалтын нэг бүрэлдэхүүн гэж үзэх боломжгүй бөгөөд цаг хугацааны хувьд зөрүүтэй үйл баримтууд юм.

Нөгөөтээгүүр энэхүү үзүүлэлтэд ямар үндэслэлээр 30 оноос 20 оноо өгсөн тодорхойгүй, Хяналтын прокурор миний 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажлын үзүүлэлтийг дүгнээгүй орхигдуулсан зэргээр хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн гэж үзсэнтэй санал нийлэх боломжгүй.

2. Анхан шатны шүүхээс “энэхүү маргаантай харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахгүй нарийвчлан зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулиар зохицуулагдана” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг шалгаж, үнэлэх, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбоотой харилцааны хувьд нарийвчлан зохицуулсан хууль нь Монгол Улсын Төрийн албаны хууль байхад энэ хуулийг хэрэглээгүйд маш их гомдолтой байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт маргаанд хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн 2006 оны мэргэжлийн түвшин тогтоох шалгалт болон 2007, 2011, 2013 онуудын шалгалт өгч байсан үйл баримтуудад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзнэ.

4. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх нэмэгдэлд хамааралгүй зэрэг дэвийн нэмэгдэлтэй холбоотой үйл баримт, журам болон нэхэмжлэгч миний хүсэлт зэрэгт дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээ авах тухай хүсэлт болон зэрэг дэвийн нэмэгдэл олгох журамтай холбоотой хүсэлтүүд хоорондоо хамааралгүй бөгөөд хоёр өөр, тусдаа асуудал байхад хольж, хутган дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаартай шийдвэрийг Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Н нь “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Н-д холбогдох илт хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулж, Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Улсын Ерөнхий прокурорт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны үндэслэн хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн “Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс прокурор Ж.Н надаас мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авахдаа ...Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг шалгах, дүгнэх журмуудыг зөрчсөн бөгөөд энэхүү зөрчил нь шалгалтын дүнд бүхэлд нь нөлөөлж, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэсэн гомдолд дүгнэлт өгөхөд шаардлагатай үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Энэхүү хэргийг өмнө нь анхан шатны журмаар шийдвэрлээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1078 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 221/МА2017/0223 дугаар магадлал гарч байжээ. Дээрх магадлалд “нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдуулан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, тал бүрээс нь харьцуулан үзэж, үнэлэлт дүгнэлт хийгээгүй” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг бүрэн тодруулах, маргаж буй зарим нөхцөл байдал, үйл баримтыг тогтоох шаардлагатай тухай, мөн нэхэмжлэлийн зарим шаардлагын жинхэнэ хариуцагч хэн байх талаар дурдсан боловч магадлалын зарим заалт биелээгүй байна.

Талуудын маргаж байгаа гол зүйл бол /тогтоовол зохих нөхцөл байдал/ “шалгалт хэзээний, ямар шийдвэрээр эхэлсэн гэж үзэх вэ” гэдгийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын хэсэг томилж байгаа шийдвэр нь шалгалтыг эхлүүлж байгаа шийдвэр юм үү эсвэл Мэргэжлийн комиссын гишүүн Д.Б прокурорыг томилж, Ж.Н-ийн ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний байдлаар шалгуулж байгаа нь “шалгалт эхэлж байгаа хугацаа” юу гэдгийг тогтоох шаардлагатай байна.

Нөгөө талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Баянжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 40 хуудас “танилцуулга” гаргасан байх бөгөөд дээрх танилцуулгад “...Ж.Н-г Мэргэшлийн түвшин тогтоох шалгалтад оруулах саналтай байна” гэжээ. Ийнхүү санал гаргаснаар “шалгалтыг эхэлсэн” гэж үзэх үү гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Учир нь хэрвээ Прокурорын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Б “Ж.Н-г мэргэшлийн түвшин тогтоох шалгалтад оруулах шаардлагагүй” гэсэн танилцуулга бичсэн бол түүнээс шалгалт авахгүй байсан уу “Танилцуулга” нь мэргэшлийн шалгалт авахгүй байх үр дагавартай юм бол Ж.Н-ийн ажлыг 2015 оны 11 дүгээр сард Прокурорын мэргэжлийн зөвлөлөөс хүн томилогдон очиж шалгаж байгаа үйлдэл нь “мэргэшлийн шалгалтын нэг хэсэг” болж чадахааргүй байна.

Хэрвээ энэ цаг үеэс /2015 оны 11 сард Ж.Н-ийн ажлыг шалгаж эхэлснээр/ Прокурорын мэргэшлийн шалгалт эхэлж байгаа бол энэ нь холбогдох дүрэм, журам болон хуулийн аль зүйл, заалтаар энэ цаг үеэс эхэлж байгаа гэж анхан шатны шүүх үзээд байгаа болохоо үндэслэх шаардлагатай.

Түүнчлэн 2005 оны 11 дүгээр сард Д.Б-ыг Ж.Н-ийн ажлыг шалгаж, танилцуулга бичүүлэхээр томилсон ямар шийдвэр байна гэдгийг тогтоох шаардлагатай. Хариуцагчийн тайлбараар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дарга Г.Э нь Д.Б прокурорыг томилсон” гэж олонтаа дурдагдаж байгаа боловч чухамхүү Д.Б-ыг томилсон ямар нэгэн эрхийн акт хэрэгт авагдаагүй байна. Эдгээрт дүгнэлт өгөх нь маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нөгөө талаас “Прокурорын мэргэжлийн комиссын гишүүн Д.Б шалгалт хийсэн үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлтийг өөрөөр нь гаргуулаад шалгаж байгаа  прокурор хянадаг” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал “үүнтэй танилцаагүй, сүүлд нөхөж зуруулсан танилцуулга хэрэгт байгаа. Үүнийг сүүлд мэдсэн” гэж маргадаг. Үүнийг тодруулж, шалгалт хийх үедээ уг үзүүлэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан юм уу, нэхэмжлэгчийн гаргасан үзүүлэлт аль нь болох, түүнийг хянаж шалгаад Д.Б прокурорын шалгасан нь аль нь болох, сүүлд засвар ямар үндэслэлээр орсон эсэхийг шалгах, маягттай нийцүүлэн өөрчилсөн гэж тайлбар бичсэнийг тодруулж, ямар ямар үзүүлэлтийг өөрчилсөн юм, ийнхүү үзүүлэлтийг өөрчилснөөр Ж.Н-ийн ажлын үзүүлэлтэд нөлөөлсөн эсэхийг тогтоох шаардлагатай.

Мөн комиссын ажиллах журамтай холбоотой хугацааны асуудлуудыг анхан шатны шүүх тодруулж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.  Дүрэмд зааснаар “3 жил тутамд явагддаг шалгалт”-ыг хийснийхээ дараа шийдвэр гаргах хугацаа гэсэн нэг ойлголт, бас тухайлсан дээд шатны прокуророос шалгаж байгаа шалгалтад танилцуулга шийдвэр гаргаснаас хойш 15 хоног гэсэн хугацаа байна. Энэ хугацааг хэзээнээс яаж тоолох юм гэдэг талаар дүгнэлт хийх шаардлагатай.

Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргын шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дараа Ж.Н-г мэргэшлийн шалгалтад оруулсан байна. Эдгээрийг тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийн эцэслэн шийдвэрлэсэн байх тул дээрх асуудлуудыг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй, үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР