Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01069

 

М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/0391 дүгээр шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,     

Хариуцагч Д.Отгонжаргалд холбогдох,

22.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Цэцэгмаа, хариуцагч Д.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Отгонжаргалд 2014.12.03-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2014.12.31-ний өдөр 12.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015.01.20-ны өдөр 6.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015.02.26-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Гэвч сүүлийн мөнгө авснаасаа хойш мөнгөө өгөх нь багасаад сүүлдээ бүр өгөхөө байсан. Тэгээд намайг аргалж бай удахгүй өгнө л гэдэг байсан. Тэгээд 2015.06.09-ний өдөр хоёулаа тооцоо нийлье гээд авсан өгсөн мөнгөө тооцоод үлдэгдэл 33.000.000 төгрөг байна гэж нийлсэн. Ингээд бид харилцан тохиролцож үлдэх мөнгө болох 33.000.000 төгрөгийг тухайн өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар бичгээр гэрээ байгуулсан. Д.Отгонжаргал ч хүлээн зөвшөөрч энэ өдрөөс хойш нийт 2.250.000 төгрөгийг төлсөн. Мөн өмнө нь би Д.Отгонжаргалын эгч Д.Өсөхжаргалд 6.500.000 төгрөг 7 хувийн хүүтэй зээлсэн байсныг Д.Отгонжаргал төлж байна гэж нийт 8.670.000 төгрөгийг цувуулан байж төлсөн байдаг ба үүнийг дээрх зээлийн төлөлтөд оруулж тооцьё гэж бодож байна. Би 33.000.000 төгрөгөнд хүү тооцохгүй. Иймээс Д.Отгонжаргалд зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 33.000.000 төгрөгөөс дээрх 2.250.000 төгрөг болон 8.670.000 төгрөгийг хасч нийт 22.080.000 төгрөгийг Д.Отгонжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн М.Цэцэгмаагаас нийт 49.000.000 төгрөг цувуулж авсан. Мөнгө авсан цагаас эхэлж би хүү үндсэн мөнгийг тухайн үед өдөр болгон хасалт хийж явдаг байсан. 2015.03.30-ны өдөр М.Цэцэгмаа эгчид тооцоо дуусгахаар очиж бид 2 миний машинд мөнгийг бодож 31.500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. 2015.03.30-ны өдрөөс хойш 11.000.000 төгрөгний тооцоотой байсан. Энэ мөнгийг анх би хүнд авч өгөөд хүүг нь өгч яваад өөрийн мөнгөнүүдийг дарж дуусаад өөрөөр нь өгөхөөр тохирч дансаар өгч дуусгасан. 2016 оны 06 дугаар сард надаас”... Отгоо эгч нь хүмүүсийн хүүний өрөнд унаад байна хажуу ломбардны хүмүүсээс мөнгө аваад амьтан хүнд өгчихсөн байсан юм, тэр хүмүүст чамд өдрөөр нь гаргачихсан гээд хэлчихсэн тэр хүмүүс удахгүй өгнө, чи эгчдээ тус болооч гэрээ хийгээд гарын үсэг зураад өгөөч тэр хүмүүсийн итгэлийг олохгүй бол болохгүй байна..”  гэсэн учраас надад өмнө нь тусалсан байсан дээр нь манай хамаатан гэдгээр нь би бичгээр гарын үсэг зурж өөрийнх нь хэлж бичүүлсэн үгээр бичгээр гэрээ хийж өгсөн. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард гэрт ирж ломбардныхан мөнгө нэхээд байна чи очоод уулзаадахаач гээд би очиж уулзсан. Үлдэгдэл 14.000.000 төгрөг өгнө гээд л хэлчих тэгээд болно. чи хүнээс мөнгө авах юм чинь тэрийг орж ирэхээр өгье гээд хэлчих би тэр хооронд аргална гэж хэлүүлж байсан. 31.500.000 төгрөг төлөхдөө би дэлгүүр авах гэж хүнээс 42.000.000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөөрөө М.Цэцэгмаа эгчийн мөнгийг хаасан. Ингээд 42.000.000 төгрөгөө тухайн үед би төлөөд барагдуулсан. М.Цэцэгмаа нь надад 49.000.000 төгрөг зээлүүлэхийн өмнө над дээр ирж уулзсан, би тэр үед энэ хүнтэй мөнгө төгрөгний асуудалгүй байсан. Миний төрсөн эгч болох Д.Өсөхжаргалд 6.500.000 төгрөг зээлсэн. Хүнээс 15 хувийн хүүтэй авч өгсөн. 2013.11.15-нд гэж хэлсэн. Эгч чинь надад 11.800.000 төгрөг өгсөн одоо хүртэл хүү нь тасраад 8.600.000 төгрөг болчихоод байна, эгчийн дүү зохицуулах арга байна уу гэж надаас гуйсан. Би тухайн үед эгчийгээ бодоод өдрөөр нь төлж эхний сар 1.650.000 төгрөг өгсөн, дараа сард нь хүүг нь 7 хувь болгож 8.670.000 төгрөг төлсөн. Миний эгчид төлсөн мөнгө тусдаа төлөгдсөн байтал 2 жилийн өмнөхөөр бодож эгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж 12.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Би энэ хүнийг эхнээсээ хүнийг хуурч мэхлэн байсан бол тухайн үед 15 хувийн хүүтэй мөнгө эгчийнхээ өмнөөс төлөхгүй байсан. Дээр нь эгчид маань анхнаасаа 7 хувийн хүүтэй зээлчихээд надаас 15 хувиар бодож хуурч авсан байсан. Би тухайн үедээ 1.650.000 төгрөг төлчихөөд одоо больё их өндөр хүүтэй юм байна гэхэд эгчээс 7 хувь болгочихлоо, дахиад хүүтэйгээ өгөөд 10 сая болчихлоо гэж хэлээд дахин би төлсөөр 8.670.000 төгрөг болсон байсан. Би өөрийн төлсөн мөнгийг өөрөөсөө, эгчийнхээ мөнгийг тусд нь төлсөн болохоор тусд нь гаргуулмаар байна. Тухайн үед эгчийн мөнгө гэж энэ хүн ийм их мөнгө төлүүлээгүй бол би давхар хүү төлөхгүй байх байсан. Эгч маань энэ хүнд нийт 11.500.000 төгрөг төлж барагдуулсан. Анх авсан мөнгө нь 6.500.000 төгрөг, 7 хувийн хүүтэй авсан байдаг гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/0391 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан Д.Отгонжаргалаас 4.340.000 төгрөг гаргуулж М.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлээс 17.740.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Д.Отгонжаргалаас 84.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нь дэвтэр төлсөн мөнгөний тооцоо болон данс руу шилжүүлсэн мөнгийг буруу тооцоолсон. Өөрөө хэлбэл, 9.200.000 төгрөгийг 7.200.000 төгрөг гэж, мөн дансаар шилжүүлсэн 10.815.000 төгрөгийг ер тооцоогүй. Үүнийг зөвхөн нь хагасыг нь нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр 9.450.000 төгрөг гэж тооцсон. Давж заалдах шатны шүүх уг алдааг мөн залруулаагүй. Бас М.Цэцэгмаагаас нийтдээ 38.000.000 төгрөг авч түүнийг бэлнээр 20.600.000 төгрөг, дансаар 10.815.000 төгрөг, дэвтэр дээр бэлнээр 1.700.000 төгрөг, эгчийн мөнгө гэж авсан эхэндээ 1.650.000 төгрөг, дараа саруудаас 8.670.000 төгрөг, 43.435.000 төгрөг, мөн 3 дугаар сарын 31-ний өдөр 31.501.000 төгрөг нийт 74.396.000 төгрөг төлсөн байгаа. Шүүхийн шийдвэр болон магадлалд нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр гэж бичсэн нь хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг зөрчсөн. Дансны хуулга дээрх тооцоог нэг бүрчлэн шалгаагүй юм. Иймд шийдвэр, магадлал өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Цэцэгмаа нь зээлийн үүрэгт 20.080.000 төгрөгийг Д.Отгонжаргалаас гаргуулах нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээг үндэслэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг шүүх хариуцагчид шүүх хуралдаан болох өдөр танилцуулсан /хх-103/ байх бөгөөд эсрэг талын гаргасан нотлох баримтад тайлбар өгөх, шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг хариуцагчид цаг хугацааны хувьд олгоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-г зөрчжээ. 

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг давж заалдах шатны шүүх хэрэгжүүлээгүй нь буруу байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэл, түүний үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/0391 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлсөн нийт 84.390 төгрөгийг    Д.Отгонжаргалд буцааж олгох захирамж гаргасугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ