Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02335

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/03463 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч Ш-нд холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 350 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Ш-нд явагдаж буй иргэний хариуцагч төлбөр төлөгч И- ХХК-иас 1 305 775 781 төгрөг гаргуулан, төлбөр авагч А- ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэх ажиллагааны явцад иргэн Б.А-ын арилжааны банк дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэн шүүхийн шийдвэрт заагаагүй хувь хүний хөрөнгө, үйл ажиллагаанд хууль бусаар халдан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад гомдолтой байна. Б.А- нь И- ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. Б.А-аас шүүхийн шийтгэх тогтоол болон бусад шүүхийн, арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөр барагдуулахтай холбоотой ямар ч шийдвэр гараагүй болно.

Гэтэл хувь иргэний эд хөрөнгөд халдан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуульд нийцэхгүй байна. Ш- Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14300054/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын дагуу Б.А-ын Хас банкин дахь 5000569357, Хаан банкин дахь 5007776412, 5046475476, 5046484991, 5085067743 дугаартай дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжилсэн байна. Мөн тус албаны 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 3/9886 дугаартай албан тоотын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095711 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 13345, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/3 дугаар байр, 3 давхар, 304б тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Мөн сүүлд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б.А-ыг А- ХК дахь банкны эрх хүлээн авагчид 522 310 313 төгрөгийн мөнгөн төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлэн цаашид хөрөнгө тогтоох ажиллагаа хийх тухай тайлбарласан. И- ХХК нь анх А- ХК-ийн тусгай зориулалтын компани хэлбэрээр байгуулагдсан бөгөөд Монголын анхны зээлийн картын системийг нэвтрүүлж байсан. Тухайн үеийн хууль дүрмийн дагуу банк бие даасан хуулийн этгээд байгуулах боломжгүй байсан тул зээлийн картын үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байгуулахдаа Б.А-, Н.Б-, Asian Payment System ХХК нарын нэр дээр И- ХХК-ийг байгуулсан. Компанийн хувь эзэмшлийн 40 хувийг Б.А- эзэмшдэг боловч үйл ажиллагаанд оролцоогүй, компанид сонирхол илэрхийлээгүй байсан болно. Дээр дурдсан шийтгэх тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу явагдах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь И- ХХК-иас төлбөр барагдуулах болохоос Б.А-ын хувь хөрөнгө, үйл ажиллагаанд чиглэн явагдах учиргүй. Битүүмж тогтоогоод байгаа үл хөдлөх хөрөнгө нь Б.А-ын И- ХХК-д оруулсан хөрөнгө биш бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш үүссэн хөрөнгө юм. Мөн Б.А- нь И- ХХК-ийн үйл ажиллагаанд аливаа байдлаар оролцоогүй бөгөөд Б.А-ын мөнгөн болон хөдлөх хөрөнгүүд нь компанийн хөрөнгөд холилдоогүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа илт хууль бус явагдаж байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 350 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу Ш-нд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч А- ХК дахь банкны эрх хүлээн авагч, төлбөр төлөгч И- ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14300054/02 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор арилжааны банкууд дахь нэхэмжлэгчийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 1 306 075 781 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр А- ХК дахь банкны эрх хүлээн авагчид 522 310 313 төгрөг төлөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, түүнчлэн хариуцагч байгууллагын 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 3/9886 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095711 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 13345, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/3 дугаар байр, 3 давхар, 304б тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор И- ХХК-иас 1 305 775 781 төгрөг гаргуулж А- ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11, 44.2.13-т заасан ажиллагаа явуулахад төлбөр төлөгч И- ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, арилжааны банкинд данс эзэмшдэггүй, үлдэгдэлгүй болох нь эрх бүхий байгууллага болон арилжааны банкуудаас авсан лавлагаа, мэдээллээр тогтоогдсон бөгөөд тус компанийг 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Asia Payment Systems ХХК /50 хувь/, Б.А- /40 хувь/, Н.Б- /10 хувь/ үүсгэн байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10/13 тоот албан бичгээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт төлбөр төлөгчийн нийт төлбөр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ. Төлбөр төлөгч И- ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Б.А- бүртгэгдсэн ба хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө нь эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болох нь Улсын бүртгэлийн албан бичгээс үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.А-ын үл хөдлөх эд хөрөнгийн хувьд битүүмжлэх тогтоол гараагүй, харин албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байдаг гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш-ны шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14300054/02 дугаар бүхий төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор арилжааны банкууд дахь нэхэмжлэгч Б.А-ын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 1 306 075 781 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр А- ХК дахь банкны эрх хүлээн авагчид 522 310 313 төгрөг төлөхийг нэхэмжлэгч Б.А-д мэдэгдсэн, хариуцагчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/9886 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095711 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 13345, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/3 дугаар байр, 3 давхар, 304б тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-наас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор И- ХХК-аас 1 305 775 781 төгрөгийг гаргуулж А-ны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Гүйцэтгэх баримт бичигт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, төлбөр төлөгч И- ХХК нь 6 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон мөн шүүхийн шийдвэрт заасан төлбөр барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Б.А- нь И- ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг нь улсын бүртгэлийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ. Төлбөр төлөгч И- ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Б.А- бүртгэгдсэн ба түүний бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүйг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Ш-нд холбогдуулан, арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн тогтоол, 522 310 313 төгрөгийг А- ХК-ийн Банкны эрх хүлээн авагчид төлөх тухай мэдэгдэл болон үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичиг зэргийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор И- ХХК-иас 1 305 775 781 төгрөг гаргуулан, А- ХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэсний дагуу тус шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 350 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 79-113-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие И- ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй бөгөөд надаас төлбөр гаргуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байхгүй, гэтэл И- ХХК-ийн төлбөрийг миний хувийн өмчөөс төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн бол хариуцагч татгалзалдаа төлбөр төлөгч И- ХХК нь эзэмшил болон өмчлөлдөө ямар нэгэн хөрөнгөгүй, арилжааны банкуудад данс эзэмшдэггүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Төлбөр төлөгч И- ХХК-ийн хувьцааны 10 хувийг Н.Б-, 40 хувийг нэхэмжлэгч Б.А-, 50 хувийг Эйшиа пэймент системс/Asia paement systems/ ХХК эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-ийн 182-р тал/

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/9886 дугаар албан бичгээр Л.Эрдэнэцэцэг, Б.А- нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/3 дугаар байр, 3 дугаар давхар, 304Б тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095711 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, /хх-ийн 57-р тал/

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 14300054/02 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.А-ын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилсэн, /хх-ийн 55-р тал/

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14300054/10 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгч Б.А-ыг 522 310 313 төгрөгийг А- ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн дансанд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлөхийг тус тус мэдэгджээ. /хх-ийн 59-р тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж,

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Б.А-ын И- ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд уг үйл баримтад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13345/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/3 дугаар байр, 3 дугаар давхар, 304Б тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095711 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.А-, иргэн Л.Эрдэнэцэцэг нар бүртгэгдсэн байхад өмчлөгч Л.Эрдэнэцэцэгт мэдэгдэлгүйгээр уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасанд нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/03463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Г.ДАВААДОРЖ