Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01008

 
 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/03463 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2335 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба

 

нэхэмжлэл: шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, Д.Оюу нарын хяналтын журмаар 2021.01.13-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, шүүхийн 2013.11.06-ны өдрийн 350 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд явагдаж буй иргэний хариуцагч төлбөр төлөгч Интерпэй ХХК-иас 1,305,775,781 төгрөг гаргуулан, төлбөр авагч Анод банк ХХК-ийн эрх хүлээн авагчид шилжүүлэх ажиллагаа явагдсан. Энэ явцад иргэн *******ын арилжааны банк дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэн шүүхийн шийдвэрт заагаагүй хувь хүний хөрөнгө, үйл ажиллагаанд хууль бусаар халдан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад гомдолтой байна. ******* нь Интерпэй ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. *******аас шүүхийн шийтгэх тогтоол болон бусад шүүхийн, арбитрын хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөр барагдуулахтай холбоотой ямар ч шийдвэр гараагүй болно. Гэтэл хувь иргэний эд хөрөнгөд халдан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хуульд нийцэхгүй байна. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019.06.14-ний өдрийн 14300054/02 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын дагуу *******ын Хас банк, Хаан банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжилсэн байна. Мөн тус албаны 2019.06.11-ний өдрийн 3/9886 дугаартай албан тоотын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол 13345, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/3 дугаар байр, 3 давхар, 304б тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Мөн сүүлд 2020.07.20-ны өдөр *******ыг Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 522,310,313 төгрөгийн мөнгөн төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлэн цаашид хөрөнгө тогтоох ажиллагаа хийх тухай тайлбарласан. Интерпэй ХХК нь анх Анод банк ХХК-ийн тусгай зориулалтын компани хэлбэрээр байгуулагдсан бөгөөд Монголын анхны зээлийн картын системийг нэвтрүүлж байсан. Тухайн үеийн хууль дүрмийн дагуу банк бие даасан хуулийн этгээд байгуулах боломжгүй байсан тул зээлийн картын үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байгуулахдаа *******, Н.Батхуяг, Asian Payment System ХХК нарын нэр дээр Интерпэй ХХК-ийг байгуулсан. Компанийн хувь эзэмшлийн 40 хувийг ******* эзэмшдэг боловч үйл ажиллагаанд оролцоогүй, компанид сонирхол илэрхийлээгүй байсан болно. Дээр дурдсан шийтгэх тогтоол, шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу явагдах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Интерпэй ХХК-иас төлбөр барагдуулах болохоос *******ын хувь хөрөнгө, үйл ажиллагаанд чиглэн явагдах учиргүй. Битүүмж тогтоогоод байгаа үл хөдлөх хөрөнгө нь *******ын Интерпэй ХХК-д оруулсан хөрөнгө биш бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш үүссэн хөрөнгө юм. Мөн ******* нь Интерпэй ХХК-ийн үйл ажиллагаанд аливаа байдлаар оролцоогүй бөгөөд *******ын мөнгөн болон хөдлөх хөрөнгүүд нь компанийн хөрөнгөд холилдоогүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа илт хууль бус явагдаж байх тул БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, шүүхийн 2013.11.06-ны өдрийн 350 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, төлбөр төлөгч Интерпэй ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шийдвэр гүйцэтгэгчийн 2019.06.14-ний өдрийн 14300054/02 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор арилжааны банкууд дахь нэхэмжлэгчийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 1,306,075,781 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2020.07.20-ны өдрийн мэдэгдлээр Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид 522,310,313 төгрөг төлөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, түүнчлэн хариуцагч байгууллагын 2019.06.11-ний өдрийн 3/9886 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095711 дугаартай, 8/3 дугаар байр, 3 давхар, 304б тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: ШШГТХ-н 44.2.11, 44.2.13-т заасан ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Интерпэй ХХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, арилжааны банкинд данс эзэмшдэггүй, үлдэгдэлгүй болох нь эрх бүхий байгууллага болон арилжааны банкуудаас авсан лавлагаа, мэдээллээр тогтоогдсон. Тус компанийг 2007.05.11-ний өдөр БНХАУ-н Asia Payment Systems ХХК /50 хувь/, ******* /40 хувь/, Н.Батхуяг /10 хувь/ үүсгэн байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014.01.02-ны өдрийн 10/13 тоот албан бичгээр тогтоогдсон. ШШГТХ-н 93.4-т төлбөр төлөгчийн нийт төлбөр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, мөн Компанийн тухай хуулийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ. Төлбөр төлөгч Интерпэй ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр ******* бүртгэгдсэн ба хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө нь эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болох нь Улсын бүртгэлийн албан бичгээс үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх ажиллагаа Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 101/ШШ2020/03463 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2019.06.14-ний өдрийн 14300054/02 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор арилжааны банкууд дахь *******ын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 1,306,075,781 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн, шийдвэр гүйцэтгэгчийн 2020.07.20-ны өдрийн мэдэгдлээр Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид 522,310,313 төгрөг төлөхийг *******д мэдэгдсэн, 2019.06.11-ний өдрийн 3/9886 дугаар албан бичгээр *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095711 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 13345, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8/3 дугаар байр, 3 давхар, 304б тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2335 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/03463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, Д.Оюу нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмчлөл болон эзэмшилд бүртгэлтэй хөрөнгө, хөрөнгийн эрхийг тодруулахаар эрх бүхий байгууллагаас лавлагаа мэдээлэл авахад тухайн хуулийн этгээдийн эзэмшилд болон өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн эрх тогтоогдоогүй, дансанд мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн дүрэмд, дүрмийн сан нь оролцогч талуудын оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх бөгөөд нийт хэмжээ нь 291.2 сая төгрөг гэсэн.Интерпэй ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь тухайн компанийг үйл ажиллагаа явуулдаггүй, үйл ажиллагаанд биет байдлаар оролцоогүй, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болон хувьцаа эзэмшигч гадаадын хөрөнгө оруулалттай компаний талаар мэдэх зүйл байхгүй талаар тайлбар тэмдэглэл өгдөг. Энэ нь тухайн компанийн тайлан тэнцэлд хөрөнгө, орлого ялган зааглагдсан эсэхийг түргэн шуурхай тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул тухайн хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг хамгаалах арга хэмжээг хуулийн дагуу авсан бөгөөд хөрөнгөд битүүмжлэх, худалдан борлуулах арга хэмжээг аваагүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн зүгээс төлбөр төлөгч Интерпэй ХХК-ийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг Компанийн тухай хуулийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн байх тул хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулах боломжийг хаасан гэж үзэхээр байна. Иймд төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс болон хөрөнгө битүүмжлэх, хасалт хийх ажиллагааг Компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан /явагдаж байгаа/ тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.07.24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн 2019.06.14-ний өдрийн 14300054/02 дугаар тогтоол, 2020.07.20-ны өдрийн мэдэгдэл, 2019.06.11-ний өдрийн 3/9886 дугаар албан бичгийн дагуу хийгдсэн ажиллагааг тус тус хүчингүй болгохыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.01.10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Интерпэй ХХК-иас 1,305,775,781 төгрөг гаргуулж Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийн дагуу хийгдсэн ажиллагаанд ******* гомдол гаргасан байна.

 

Интерпэй ХХК-ийн хүчин төгөлдөр улсын бүртгэлд тусгагдсанаар нэхэмжлэгч *******ыг тус компанийн үүсгэн байгуулагч, 40 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзнэ.

 

Төлбөр төлөгч Интерпэй ХХК-ийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувьцаа эзэмшигч нарынхаа хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тодруулах ажиллагааг хариуцагчийн зүгээс хийгээгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах баримтгүй байна.

 

2. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримт гаргаж өгөх үүргийг зохигч хүлээнэ. Шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг харьцуулан үнэлж нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/03463 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2335 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД