Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0890/З |
Дугаар | 128/ШШ2024/0879 |
Огноо | 2024-11-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0879
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* ХХК /РД:******/
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулж гаргасан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, Д.А*******, иргэдийн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар шийдвэр /мэдэгдэл/-ийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Г******* ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Манай байгууллага Баянзүрх дүүргийн 20-р хороо, У*******анд байрлах 120540,8м2 газарт мод үржүүлгийн газар хийхээр төлөвлөөд байгаа тул тус газрыг дээрх зориулалтын дагуу олгон бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/913 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Г******* ХХК-д Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120540 м.кв газрыг мод үржүүлэг /ногоон төгөл байгуулах/ зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон.
3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Г******* ХХК-д хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 540,019,200 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг авахыг мэдэгдсэн.
4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Г******* ХХК-д хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлөөгүй учир Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад тус тус заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн байна.
5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-09/3965 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Г******* ХХК-д хандан Нийслэлийн Дотоод аудитын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 16-38/03 дугаартай албан шаардлагаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1-т тус тус заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах дүгнэлт гарсан тул төлөхийг шаардсан.
6. Иймд Г******* ХХК-иас дээрх дүгнэлтэд тус компанийн газар багтсан эсэхийг тодруулахаар хүсэлт явуулахад Дотоод аудитын албанаас Г******* ХХК-д хандан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/211 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 онд хийж гүйцэтгэсэн санхүүгийн хяналт шалгалтаар 23 байгууллагатай холбоотой зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 16-38/03 дугаартай албан шаардлагыг хүргүүлэн ажилласан. Дээрх зөрчилтэй байгууллагын жагсаалтад танай байгууллага байхгүй болно гэж мэдэгдсэн.
7. Улмаар Г******* ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23/05 дугаар хүсэлтээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан ...бидний зүгээс танай албан бичигт дурдсан Дотоод аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт, түүнд манай компанийн газар багтсан эсэхийг тодруулахаар хүсэлтийг зохих байгууллагад гаргасан. Нийслэлийн Дотоод аудитын албанаас 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 2/211 дүгээр албан бичгээр хариу ирсэн. Тус хариунд улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай 16-38/03 дугаартай албан шаардлагад манай компани багтаагүй болохыг мэдэгдсэн байсан. Бид Монгол Улсын газрын нэгдсэн цахим систем болох egazar.gov.mn болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн газрын үнэлгээнээс өөрсдийн эзэмшил газрыг шүүж үзэхэд Х-9 буюу хэнтийн зах хаяа уулын ойт хээрийн тойрогт хамаарч байгаа. Дээр дурдсанчлан Дотоод аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлтэд манай компанийн газар ороогүйн дээр бүсчлэлийн хувьд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу Х-9 үнэлгээний тойрогт хамаарч байх тул харьяалах бүсчлэлээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх хүсэлтэй байна гэж хүсэлт гаргажээ.
8. Ийнхүү Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Г******* ХХК-д хандан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дүгээр Хариу мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлээр Танай компани нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120540 м.кв газрыг мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар эзэмших эрх авсан. Тухайн газрын Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу газрын үнэлгээний 9 зэрэглэл (бүс)-д хамаарч мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар 1 м.кв газарт 4480 төгрөг буюу 120540 м.кв * 4480 төг = 540,019,200 төгрөг (таван зуун дөчин сая арван есөн мянга хоёр зуу)-ийг төлөхөөр байна.
Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Х-9)-д зөвхөн тариалангийн зориулалттай газар хамаарах бөгөөд мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалт нь хамаарахгүй тул дээрх тодорхойлсон дүнгээр төлбөрийг төлж барагдуулна уу. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 заалтын дагуу гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн"-ийг мэдэгджээ.
9. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, тус нэхэмжэлийг шүүх хүлээн авч хянаад 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0060 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг баримтлан Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хангаж, дуудлага худалдааны анхны үнийг дахин тогтоох хүртэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай мэдэгдлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
10. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс 221/МА2024/0190 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхэр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс магадлалийг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж тус шүүхээс 001/ШХТ2024/0204 дүгээр тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П******* 2023 оны 08 дугаарс арын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаний Баянзүрх дүүрэг, хуучнаар 20 дугаар хороо, одоогийн 35-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1332705628 дугаартай, 10586мкв газрыг Нийслэлийн засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар мод үржүүлдэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар эзэмшдэг.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 01-09/3965 дугаар албан бичгийг манай компанид ирүүлж Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16-38/03 дугаар албан шаардлагаар Газрын тухай хуулийн 33.1.2, 36,1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах дүгнэлт гарсан тул төлөхийг шаардсан байсан.
Иймд бидний зүгээс албан бичигт дурдсан Дотоод аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт, түүнд манай компанийн газар багтсан эсэхийг тодруулахаар хүсэлтийг зохих байгууллагад гаргасанд Нийслэлийн Дотоод аудитын албанаас 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 2/221 дугаар албан бичгээр хариу ирэхдээ 2020 оны 12 сарын 07-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 16-38/03 дугаартай албан шаардлагад манай компани багтаагүй болохыг мэдэгдсэн байсан.
Бид Монгол улсын газрын нэгдсэн цахим систем болох egazar.gov.mn болон Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн газрын үнэлгээнээс өөрсдийн эзэмшил газрыг шүүж үзэхэд Х-9 буюу хэнтийн зах хаяа уулын ойт хээрийн тойрогт хамаарч байгаа.
Дээр дурдсанчлан Дотоод аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлтэд манай компаний газар ороогүйн дээр бүсчлэлийн хувьд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу Х-9 үнэлгээний тойрогт хамаарч байх тул үүний дагуу дуудлага худалдааны үнэ төлөх хүсэлтээ 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23/05 албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн.
Гэтэл газрын албанаас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар албан бичгийг бидэнд ирүүлэхдээ уг бүсчлэлийн дагуу бус Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу газрын үнэлгээ 9 зэрэглэл (бүс)-д хамаарахаар байна гэж үзэж мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтын дагуу дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг мэдэгдсэн.
Манай компаний зүгээс газрын албанаас ирсэн дээрх хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бидний эзэмшиж буй газар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар Газрын үнэлгээний тойрог зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний Х-9 буюу хэнтийн зах хаяа уулын ойт хээрийн тойрогт хамаарч байгаа болно.
Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь хууль зөрчиж манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, Ц.Н******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "Г******* " ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дүгээр албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
"Г******* " ХХК нь нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/913 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120540 м.кв газрыг мод үржүүлэг /ногоон төгөл байгуулax/ зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтад "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно." гэж заасан бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн тус албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлөөгүй учир Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6, 36.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул хүчингүй болгох мэдэгдлийг хүргүүлсэн.
Монгол улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс). суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар "Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1га газрын суурь үнэлгээ"-г тус тус баталсан.
Дээрх тогтоолын дагуу "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ"-нд бэлчээр, тариалан, хадлангийн зориулалттай газар хамарахаар заасан. Нэхэмжлэгч "Г******* " ХХК-ийн эзэмшлийн газрын зориулалт нь мод үржүүлэг /Ногоон төгөл байгуулах/ зориулалттай учир "Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн га газрын суурь үнэлгээ"-нд хамааруулж газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тооцох боломжгүй юм.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ""нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар..... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байх бөгөөд Г******* " ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа мэтээр шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г******* " ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/913 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120540 м.кв газрыг мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх авсан. Маргаан бүхий газар тухайн үед Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 25 дугаар тогтоолын дагуу газрын үнэлгээний 9 дүгээр зэрэглэлд хамаарч байсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/39 дүгээр тогтоолоор 12 дугаар зэрэглэлд хамаарч байна гэх нотлох баримт ирүүлсэн.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт "...газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасан. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно." гэж заасан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Засаг даргын захирамжийн хүрээнд дуудлага худалдааны үнэ 540 сая 19 мянга 200 төгрөг төлөх мэдэгдэл хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт "...газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна." гэж заасан. Үүний дагуу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаартай албан тоот мэдэгдлийг хүргүүлсэн.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Монгол улсын хэмжээнд бүх газрын талаарх мэдээллийг нэгтгэж авдаг байгууллага. Тухайн байгууллагаас тодруулга авахад Нийслэлд тариалангийн талбай тогтоох Засгийн газрын тогтоол гаргаагүй гэх хариу ирүүлсэн. Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай тогтоол батладсан ч нийслэлд тариалангийн талбай тогтоосон зохицуулалт байхгүй гэжээ.
14. Иргэдийн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний зүгээс дүгнэхэд 120540 м.кв газар нь маш том хэмжээтэй газар байна. Хэрэв мод үржүүлэг, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нэг газар хийх боломжтой гэж үзэж байна. Улаанбаатар хотын захын дүүргүүдэд нэг айлын газар гэхэд хэдэн арван сая төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл асар том хэмжээтэй зуун мянга гаруй м.кв газрыг ашиглах гэж байгаа тохиолдолд газрын төлбөрийг төлөөд ашиглаж болохгүй юм болов уу гэж хөндлөнгийн зүгээс бодож байна. Хуульд заасныг мөрдөнө гэсэн дүгнэлттэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үзээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгч Г******* ХХК-аас тус шүүхэд хандан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар шийдвэр /мэдэгдэл/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар нь Х-9 буюу Хэнтийн зах хаяа уулын ойт хээрийн тойрогт хамаардаг тул Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ-гээр буюу 12 сая төгрөг төлөх боломжтой гэж тайлбарласныг, хариуцагч ...Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, 1 га газрын суурь үнэлгээ-гээр тооцох ёстой тул мэдэгдэл хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.
3. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар шийдвэр /мэдэгдэл/-ээр ...Тухайн газрын "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ" нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу газрын үнэлгээний 9 зэрэглэл (бүс)-д хамаарч мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалтаар 1 м.кв газарт 4480 төгрөг буюу 120540 м.кв 4480 төг = 540,019,200 төгрөгийг төлөхөөр байна, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Х-9)-д зөвхөн тариалангийн зориулалттай газар хамаарах бөгөөд мод үржүүлэг, ногоон төгөл байгуулах зориулалт нь хамаарахгүй тул дээрх тодорхойлсон дүнгээр төлбөрийг төлж барагдуулах, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтын дагуу танай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн-ийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан ба хэдийгээр тухайн албан бичиг нь мэдэгдлийн шинжтэй боловч нэхэмжлэгчид дээрхи мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг мэдэгдсэн шинжээрээ нэхэмжлэгчид дарамт учруулсан, заавал биелэгдэх захиргааны акт гэж үзнэ.
5. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна, 23.2.13-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах гэж, 36 дугаар зүйлийн 36.1-д Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно гэж, мөн хуулийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан...газар эзэмшүүлэх асуудлыг...нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус заасан.
6. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын 3 дугаар хавсралтын тайлбар хэсэгт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэгт эрчимжсэн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж, хүлэмжийн аж ахуй, газар дээрх, доорх зоорь, Газрын тухай хуулийн 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү талбайд тариалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалахад зориулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар гэж заажээ.
7.Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20-р хороонд байрлах 120540 м2 хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаагаар мод үржүүлэг /ногоон төгөл байгуулах/ зориулалтаар эзэмших эрх олгосон, уг газар нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бус), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолын 3 дугаар хавсралтад дурдсан "Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ"-ний хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн бүсэд буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" 12/39 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 12 дугаар бүсэд хамаарагдаж байгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/2561 дүгээр албан бичгээр тодорхойлсон болно.
8. Өөрөөр хэлбэл, эдгээр хууль болон Засгийн газрын тогтоолын заалтууд, Барилга хот байгуулалтын сайдын баталсан аргачлалын дагуу авч үзвэл нэхэмжлэгч компанийн эзэмшил газар нь мод үржүүлэг, ногоон төгөл гэх зориулалтаараа таримал ургамал тариалахад зориулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газар-т хамаарч байх ба энэ тохиолдолд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-ын 2 дугаар хавсралт Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ-ний дагуу Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад Нийслэлийн газрын үнэлгээний 9 дүгээр зэрэглэл (бүс)-д Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх газарт 1 га газрын суурь үнэлгээ 64 сая буюу 1 м2 газрын суурь үнэлгээ 6400 төгрөг, 208 дугаар тушаалын Хүснэгт 1-д заасан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 9 дүгээр зэрэглэл (бүс)-д харгалзах итгэлцүүр 0.7. Иймд 120540 м.кв газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь: 6400 төг/м2 х 0.7х 120540 м2 = 540,019,200 төгрөг болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Тодруулбал, нэхэмжлэгч Г******* ХХК-ийн эзэмшиж буй газар нь газар зүйн байршлын хувьд Х-9 буюу Хэнтийн зах хаяа уулын ойт хээрийн тойрогт хамаарч байх боломжтой хэдий ч Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх газрын үнэлгээний зэрэглэл нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан хил заагтай адил байх бөгөөд, энэ нь тухайн газрын зориулалт, ашигт шинжээр нь тодорхойлсон үнэлгээ болохын хувьд газар зүйн байршил энд хамаарахгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтай газар эзэмшдэгийн хувьд 9 дүгээр бүсчлэлээр төлбөр төлөхөөр байна.
10. Түүнчлэн нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хууль болон гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-09/3965 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар албан бичгүүдээр хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй 4 жил орчим хугацаа өнгөрсөн нь нэхэмжлэгчийн хувьд хууль бус үйлдэл, энэ утгаараа хариуцагч захиргааны байгууллагаас хүргүүлсэн мэдэгдэл нь түүний эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн үндэслэл бүхий шийдвэр бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
11. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс "Дотоод аудитын мэдэгдэлд манай компанийн нэр ороогүй" гэх үндэслэл дурдан маргасан хэдий ч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6523, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-09/2456, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-09/3965, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд Нийслэлийн Дотоод аудитын албанаас 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 2/221 дугаар албан бичгээр ...зөрчилтэй байгууллагын жагсаалтад танай байгууллага багтаагүй гэснийг үндэслэн нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж байсан гэж дүгнэх боломжгүй, энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
12. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч болохын хувьд хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ зохих журмын дагуу биелүүлж төлбөр хураамжийг тогтоосон хугацаанд нь бүрэн төлж байх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, хариуцагч удаа дараа шаардсан, 12,0 сая төгрөг төлөх боломжтой гэж тайлбарласан хэдий ч энэ үнийн дүнгээрээ ч төлбөр төлөөгүй байгааг дурдах нь зүйтэй.
13. Иргэдийн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд Миний зүгээс дүгнэхэд 120540 м.кв газар нь маш том хэмжээтэй газар байна. Хэрэв мод үржүүлэг, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нэг газар хийх боломжтой гэж үзэж байна. Улаанбаатар хотын захын дүүргүүдэд нэг айлын газар гэхэд хэдэн арван сая төгрөгийн үнэтэй байдаг, гэтэл асар том хэмжээтэй зуун мянга гаруй м.кв газрыг ашиглах гэж байгаа тохиолдолд газрын төлбөрийг төлөөд ашиглаж болохгүй юм болов уу гэж хөндлөнгийн зүгээс бодож байна, хуульд заасныг мөрдөнө гэсэн дүгнэлттэй байна гэсэн нь шүүхийн энэ шийдвэрээр дэмжигдэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, 36 дугаар зүйлийн 36.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-09/1909 дугаар шийдвэр /мэдэгдэл/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ