Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00187

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02933 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-с хариуцагч Б.Д-д олбогдуулан гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие хариуцагч Б.Д-д 2019.4.4-ний өдөр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Ө болон “ИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Э болон “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт  төлөөлөх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай өгсөн.

Миний зүгээс уг итгэмжлэлийг олгохдоо хариуцагчид “...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, надад хамааралгүй нэхэмжлэл. Нэхэмжлээд байгаа зүйлийг ‘Т’ ХХК хариуцах ёстой шүү” гэж хэлж, өөрийн хүсэл зоригийг тайлбарлаж өгсөн. Гэтэл миний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой, намайг төлөөлж байсан Б.Д нь надад огт мэдэгдэлгүйгээр тус шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэгч талын нэхсэн байр, гараашийг миний бие худалдаж авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлд “Т” ХХК нь ямар ч хамааралгүй. Төлбөр тооцоог буюу байр гарааш миний эзэмшилд ирж, би захиран зарцуулсан” гэж огт үндэслэлгүй, худал тайлбар өгч шударга бусаар “нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэлцэл хийсэн байсан. Энэхүү яриа нь худал болох нь “Т” ХХК-ийн нягтлан бодогч Болор-Эрдэнийн надтай утсаар ярьсан бичлэг зэрэг хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой харагдана.

Б.Д-н тайлбартаа дурдсан байр, гарааш нь “ИК” ХХК болон “Т” ХХК-ийн хоорондын өр, төлбөрийн асуудал болох нь хоёр компанийн тооцоо нийлсэн акт болон “ИК” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд тодорхой тусгасан байдаг. Тухайн үед би “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас байр, гараашийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэхдээ би бусдад байрыг худалдсан, худалдсан төлбөрийг “Т” ХХК-д шилжүүлэн өгсөн ба уг мөнгийг “Т” ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Харин тэр гараашийг авах хүн олдохгүй, миний нэр дээр байдаг бөгөөд би хувьдаа огт захиран зарцуулаагүй. Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийнхээ хүсэл зоригийг хууль ёсны дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд илэрхийлэх үүргийг хуулиар хүлээдэг. Гэвч Б.Д нь энэ үүргээ зөрчиж Д.Ө болон “ИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, надад, мөн “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон 2019.9.26-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр миний хүсэл зоригийн эсрэг тайлбарууд өгснийг би дараа нь олж мэдсэн. Миний бие анх Б.Д-н  2019.9.26-ны өдөр хийсэн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргасан байсан. Улмаар өөрийн шаардлагыг Б.Д нь Иргэний хуульд заасан төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2019.4.4-ний өдөр “ИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, Б.Э-д холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Э надад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл болон хуульд заасан хариуцагчийн бүх эрхийг хэрэгжүүлэх, эдлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримтыг бүрдүүлэн өгөх, нэхэмжлэлийг гардан авах, хэргийн материалтай танилцах, холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах, хүсэлт гаргах, эвлэрэх, бүх шатны шүүх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талын бүхий л эрхийг эдлэх, баримт бүрдүүлж өгөх, авах, шүүхийн шийдвэрийг хүлээн авах, өмгөөлөгч авах үйлдэл хийх бүрэн эрхийг зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлэн итгэмжлэл олгосон. Надад олгосон итгэмжлэлийн хүрээнд эрх үүргийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд итгэмжлэлд заагдсан үйл ажиллагааг явуулж, итгэмжлэлээс гадуур ямарваа нэгэн зүйл хийгээгүй болохыг хавтас хэрэгт байгаа итгэмжлэлд тусгагдсан байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Даваасүрэнгийн 2019.9.26-ны өдөр хийсэн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хариуцагч Б.Д нь Иргэний хуульд заасан төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 017 315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Б.Днь өөрт нь олгосон итгэмжлэлээр миний нэрийн өмнөөс намайг төлөөлж эрх зүйн үр дагавартай үйлдэл хийхдээ шударгаар, миний хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлэх ёстой гэж би ойлгож байна. Гэтэл Б.Д худал тайлбар хийсний үр дүнд “Т” ХХК-ийн хариуцах ёстой төлбөрийг надаас гаргуулахаар “шүүгчийн захирамж” гарсан. Энэхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь миний гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг хангалттай нотолж байсан боловч шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсэгт зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж,хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүй бол уг гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос хамаарах юм. Нөгөөтэйгүүр, зохигчид 2019.4.4-ний өдрийн итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй" гэж “итгэмжлэл” нь хэлцэл мөн эсэхийг тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч Б.Эын зүгээс Б.Д-д 2019.4.4-ний өдөр олгосон итгэмжлэлээ хэлцэл мөн эсэхийг тогтоолгох, эсвэл хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулах зэргийн алийг нь ч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй байхад эдгээрийг дурдаж, тайлбарласан нь ямар ач холбогдолгүй юм.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүнийг үндэслэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар, холбогдох нотлох баримтуудыг харгалзан үзээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж. түүнийгээ үндэслэн шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт  зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж,хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүй бол уг гэрээ, хэлиэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос хамаарах юм. Нөгөөтэйгүүр, зохигчид 2019.4.4-ний өдрийн итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй" гэж “итгэмжлэл” нь хэлцэл мөн эсэхийг тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч Б.Э зүгээс Б.Д-д 2019.4.4-ний өдөр олгосон итгэмжлэлээ хэлцэл мөн эсэхийг тогтоолгох, эсвэл хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулах зэргийн алийг нь ч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй байхад эдгээрийг дурдаж, тайлбарласан нь ямар ач холбогдолгүй юм.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь харицагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хулээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчид хууль зүйн үр дагавар бий болсон. Гэхдээ хариуцагч Б.Д-н “зөвшөөрсөн" үйлдэл буюу тайлбарыг хэлцэл гэж үзэхгүй. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зөвшөөрөл нь хэлцэл биш тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ ” гэсэн нь логикийн алдаатай. Гэтэл шүүхээс Б.Д-н “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зовшөөрсөн үйлдэл”-ийг хууль зүйн үр дагавартай гэсэн атлаа, хэлцэл биш” гэж илэрхий авцалдаагүй дүгнэлт хийсэн. Мөн энэ дүгнэлт дээрээ үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх маргааны гол асуудлууд болох төлөөлөгч Б.Д нь үүргээ шударгаар, төлөөлүүлэгч Б.Э ын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцүүлж хэрэгжүүлсэн үү? Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй үйлдэл нь хариуцагчийн хийж буй нэг талт “хэлцэл” мөн үү? зэрэгт хариулт, дүгнэлт өгөлгүй “тойрсоор”, нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй асуудлаар буюу “итгэмжлэл хүчин төголдөр байна” гэсэн дүгнэлтийг хийж, энэхүү дүгнэлт дээрээ үндэслэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас маргаж буй дээрх гол хоёр асуудалд тодорхой хариултуудыг авах бүрэн боломжтой. Тухайлбал, 1-р асуудлын хувьд, төлөөлөгч Б.Днь “илтэд” компани хоорондын тооцооны асуудал /1-р хавтасны 17-19, 20, 21, 23, 167 хуудас/ болохыг ойлгож байсан /1-р хавтасны хуудас 166/, ойлгох бүрэн боломжтой байсан. Мөн Б.Эаас Б.Даваасүрэнд итгэмжлэл огөх үедээ 2019 оны 4-р сарын 04-ний өдөр, хамт байхдаа "Т” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Бадамгаравтай утсаар “надад ямар ч хамаагүй асуудал” гэдгийг хэлж. "над дээр ор төлбөр гарахгүй” гэдгээ илэрхийлсэн, тухайн хэрэгт Б.Эын Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Д.Онон ч энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн /1-р Хавтасны хуудас 179-180/ зэргээс Б.Д хуульд заасан төлөөлөгчийн үүргээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлж хэрэгжүүлээгүй болох нь "... иэхэмжлэлийг хүлээи зовшөөрч байна. Уг нэхэмжлэлд “Т” ХХК иь ямар ч хамааралгүй” гэж тайлбартаа дурдсан байдгаар нотлогддог. 2-р асуудлын хувьд, Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зѳвшѳѳрѳх хариуцагчийн үйлдэл нь ИХ-ийн 39.1, 39.2- т заасны дагуу нэг талт хэлцэлд хамаарна. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өөртөө төлбөр төлөх үр дагаврыг бий болгож буй нэг талт хэлцэл юм. Төлөөлөгч Б.Д нь Б.Э-ын өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэлцлийг хийсэн байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг буюу хэлцлийг шүүхээс баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг. Тухайлбал, талууд эвлэрвэл эвлэрлийн гэрээг үндэслэж. нэхэмжлэлээ татаж авбал энэ хүсэл зоригийг үндэслэж, харин манай хэргийн хувьд Б.Д-н гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл буюу 157 832 911 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн нэг талт хэлцлийг баталгаажуулж захирамж гаргасан байдаг. Гэвч Б.Днь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хэлцлийг хийхдээ төлөөлүүлэгч Б.Э-ын хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хэлж, анхааруулж байснаас нь эсрэг үр дагаврыг бий болгосон юм.

 Мөн Б.Д-н зүгээс өөрийн хариу тайлбарыг нотлох “нэг ч” баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй. Дээр дурдсан хэргийн бүхий л нөхцөл байдлууд, тэдгээрийг нотлохоор гаргаж өгсөн баримтууд. Иргэний хуулийн толооллийн харилцааны зохицуулалт зэргийг анхан шатны шүүхээс харгалзан үзээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагагыг хангаагүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Д-д холбогдуулан

 

1. Б.Д-н 2019 оны 9 дүгээр сарын 26-ны, өдөр хийсэн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст тооцуулах;

 

2. Б.Днь Иргэний хуульд заасан төлөөлөгчийн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. / 1-р хх 1, 78-79/

 

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “ИК” ХХК-аас хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 157 832 911 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан үйл баримт тогтоогдсон. /1-р хх 23/

 

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Э нь Б.Д-д Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт заасныг үндэслэн “ИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлээр Б.Э нь Б.Д-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдлэх эрхийг 3 жилийн хугацаатай олгосон үйл баримтад талууд маргаангүй. /1-р хх 4/

 

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д“...Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн байр, гараашийг миний бие худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлд ‘Т’ ХХК огт хамааралгүй болно. Төлбөр тооцоо буюу байр, гарааш миний эзэмшилд ирж, би захиран зарцуулсан болно” гэсэн тайлбар гаргаснаа үгүйсгээгүй.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02534 дүгээр захирамжаар “ИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э болон “Т” ХХК-иудад холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, хариуцагч Б.Эын 157 832 911 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1-р хх 5-6/

 

Нэхэмжлэгч нь “...Б.Д нь төлөөлүүлэгчид мэдэгдэлгүйгээр шүүхэд худал тайлбар гаргаж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зѳвшѳѳрч эрх ашиг сонирхлыг зөрчиж хохироосон. “ИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э болон “Т” ХХК-д холбогдох хэргийн маргааны зүйл болох байр гараашийн өмчлөх эрх хэдий Б.Эын нэр дээр бүртгэлтэй байсан ч нэг үл хөдлөх хөрөнгийг худалдаад мөнгийг нь Т” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, нөгөө үл хөдлөх хөрөнгийн хувьд худалдан борлогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны үнийг эрх бүхий этгээдүүдэд хүлээлгээд өгчихсөн гэх тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. / 2-р хх 27-30/

 

Нэхэмжлэгч энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэлээ “Б.Д-н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн үйлдэл” нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцэл мөн. Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ‘Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсэгт ‘Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй’ гэж заасныг зөрчсөн. Энэ байдлыг шүүхээр тогтоолгоно: Эдгээр шаардлагыг хангуулснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02534 дүгээр захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах боломж гарч ирнэ гэж үзэж байна гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс тухайн үед олгосон итгэмжлэлийн дагуу бүрэн эрхийн хүрээнд хэргийн баримт, бодит байдалд нийцсэн тайлбар гаргасан гэж маргажээ./1-р хх 15/

 

Талууд тухайн үед шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-н гаргасан тайлбар буюу 157 832 911 төгрөгийг ИК” ХХК-д Б.Э дангаараа төлнө гэх  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь хэлцэл мөн эсэх, уг хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй эсэх, төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүй эсэх, төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлсэн эсэхэд маргаж байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Б.Днь тухайн үедээ Б.Эыг төлөөлж шүүхэд худал тайлбар гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн үйлдлээс гадна хэргийн нотлох баримт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт зааснаар зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргахаар байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд нотлох баримт буюу нотолгооны хэрэгсэлд зохигчийн тайлбар хамаарч байна.

 

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно. Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

“ИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Б.Э, “Т” ХХК нарт  холбогдох 157 832 911 төгрөг гаргуулах тухай хэрэгт Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-н гаргасан тайлбар хуурамч нотлох баримт байсан бол түүний хуурамч гэдгийг шүүхээс гадуур урьдчилан шалгуулж тогтоолгох журамтай юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-т шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч , хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар авч үзэх талаар заажээ.

 

Тайлбар нь зүгээр нэг үйлдэл биш шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт юм. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт буюу тайлбарыг дахин авч хэлэлцүүлэх гэж буй үндэслэлээ нэхэмжлэгч тодорхой болгож тодруулах нь зүйтэй.

 

Талууд тухайн үед олгогдсон итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Хариуцагчийг бүрэн төлөөлөх эрх авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй хэдий ч нэхэмжлэгчийн тодорхойлсноор төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлсэн эсэхийг тодруулан мэтгэлцүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн “хэлцэл буюу 157 832 911 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн Б.Д-н үйлдлийг хүчин төгөлдөр буст тооцуулах” нь нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүүтэй нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэгч нь өөрт нь гэм хор, хохирол учруулсан гэж үзэж буй Б.Д-с хохирол шаардаагүй,харин хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь уг 157 832 911 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн үйлдлийг хүчин төгөлдөр буст тооцуулснаараа үр дагаврын асуудлыг хэрхэх нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заажээ.

 

Хэрэв шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт гаргуулахаар заасан 157 832 911 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл буюу хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах гэж байгаа бол хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр дээрх 157 832 911 төгрөгийг хариуцагчаас хүлээн авах авлагатай төлбөр авагч “ИК” ХХК-ийн эрх ашиг сонирхол  хөндөгдөхөөр байгааг анхаарч түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 017 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                             ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                    Ш.ОЮУНХАНД