Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02415

 

Д.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02734 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ы хариуцагч Ж.О-т холбогдуулан гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгө болон шүүхийн зардалд нийт 1 302 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Ж.О-, түүний өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Ж.О-тай танилцаж, 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2012 онд том хүү О.Б-, 2014 онд 2 ихэр хүүхэд болох О.Б-, О.А- нарыг төрүүлэн 3 хүүхдийн эцэг, эх болсон. Гэр бүл болсноос хойш удалгүй нөхөр Ж.О-ийн зан ааш эвдэрч, огцом ширүүн ааш нь илэрч нийт 6 удаа надад гар хүрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хохирогч болж эрүүгийн хэрэг үүсгэн ял эдлүүлэх бүрэн боломжтой байсан боловч миний бие 3 хүүхдээ бодон эвлэрч амьдардаг байсан. Гэвч 2017 оноос хойш Ж.О-ийн ааш улам эвдрэн, хүүхдүүдийн минь хажууд намайг зүй бусаар хэлж, хэл амаар доромжлохын хажуугаар хүч хэрэглэн сэтгэл санааны гүн хямралд оруулан бие махбодийн болоод сэтгэл санааны хүчирхийллийг байнга үйлддэг болсон тул миний бие 2019 оны 02 сараас эхлэн хүүхдүүдээ аван өөрийн төрсөн эх болох н.Ариунаагийн гэрт амьдрах болсон. Миний бие ийнхүү тусдаа амьдарч хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт элсүүлэн суралцуулж байх хугацаанд буюу 2019 оны 3 сард Ж.О- нь хүүхдүүдтэйгээ уулзахаар ирэхдээ охин О.А-ыг гадаа салхилуулна гэх нэрийдлээр худал хэлэн төрсөн эхэд нь мэдэгдэлгүйгээр хулгайлан авч явсан ба намайг хүүхдээ хайн холбогдоход хүүхэд чинь ирээгүй та нараас амийг нь нэхнэ хэмээн худал хэлж, сэтгэл санааны гүн дарамтад оруулсан. Энэ явдлын дараагаар Ж.О- нь намайг хэл амаар гутаан доромжилсоор хүү О.Б-ыг өөр дээрээ авсан ба сургууль, цэцэрлэгээс нь тасалдуулан сурч боловсрох эрхийг нь зөрчсөн болно. Мөн 2019 оны 7 сарын 04-ний өдөр эзгүй байхад минь ирж, том хүү О.Б-ийг хүчээр авч явсан байсан ба ингэхдээ надад гаргадаг зан авир. үйлдлээ миний төрсөн эх болох н.Ариунаад гаргаж, түүний биед гэмтэл учруулан, торгох ялаар шийтгүүлсэн. Ийнхүү 3 хүүхдийг өөр дээрээ авснаас хойш Ж.О- нь өнгөрсөн хугацаанд намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, над руу мессеж бичиж утсаар ярихдаа хүүхдүүдийн чинь ой санамжаас чамайг мартуулна, чи гэж хүн энэ хорвоо дээр байхгүй болсон гэх мэтээр намайг дарамтлан эх үрийн хоорондох харилцааг үгүй хийхийг оролдож байна. Иймд Ж.О-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдүүд болох О.Б-, О.Б-, Б.Азжаргал нарыг өөрийн асрамжид үлдээх, эцэг Ж.О-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.О- нь Д.М-тай 2009 оноос 2019 оны 02 сар хүртэл хамтран амьдарч, О.Б-, О.Б-, О.А- нарын эцэг, эх болсон юм. 2019 оны 02 сар буюу цагаан сарын дараа Хэнтий аймагт хадам ээжийнд золголтоор очих үед тэнд байдаг Шар гэх залуутай ёс бус үйлдэл хийж байгаад надад баригдаж, бид муудалцсан юм. Тэгээд тэр үеэс зан ааш нь эрс өөрчлөгдсөн ба Улаанбаатарт ирээд хэд хоногийн дараа том хүүг зодохоор нь боль гэж хэлэхэд намайг болон хүүхдүүдээ элдэв янзаар харааж, зүхэж байгаад эгчийнх рүүгээ явсан юм. Тэр цагаас хойш надтай хамт амьдраагүй, миний бие 3 хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тэрээр нэхэмжлэлдээ маш их худал зүйл бичсэн байна. Д.М- нь надтай маргалдаж явснаас хойш 7 хоногийн дараа миний 3 хүүхдийг сургууль, цэцэрлэгээс нь гаргаад надад хэлэлгүй Хэнтий аймаг руу аваад явсан байсан. Миний бие хүүхдүүдээ гэрт авчрахаар очиход хүүхдүүдэд сайн хараа хяналт тавиагүйгээс охин О.А- нохойд уруулж гэмтсэн байсан. Би эхлээд 2 ихэр хүүхдээ хотод гэртээ авчирсан ба Д.М- том хүүг 6 сард араас авчирч өгнө гэсэн боловч авчирч өгөхгүй, хадам ээжтэй Хэнтийд үлдээсэн байсан. Энэ үед эхнэр хотод амьдарч байсан боловч 2 хүүхэдтэйгээ ирж уулздаггүй, холбоо барьдаггүй байсан юм. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 03-нд манай хүү, хадам ээжтэй хотод ирсэн гэж сонссон тул том хүүгээ авахаар Баянзүрх дүүрэгт амьдардаг Мөрөнчулууны эгчийнд нь очиж уулзсан юм. Гэтэл хүү маань надад эрхлээд, дагаад байсан тул тэндээс аваад гэртээ харих гэтэл хадам ээж Ариунаа нь миний хүүг өгч явуулахгүй хэмээн хашааны хаалган дээр араас зуурч байгаад шатнаас унаж, бэртсэн гэсэн. Тэр үед намайг түлхээд унагааж, гэмтээсэн мэтээр цагдаад гомдол өгсөн байсан ба 2019 оны 10 дугаар сард цагдаагаас дуудаж, чамтай маргалдаж байгаад газарт унаж бэртсэн тул чиний буруу болдог юм. Чи гэм буруугаа хүлээвэл асуудал чинь түргэн шийдэгдэж, чамайг байн байн дуудаад байхааргүй болно шүү гэсэн тул шүүхээр гэм буруутай гэж мэдүүлснээр 3 хоногийн дотор хурдан асуудлаа шийдүүлсэн юм. Миний бие 2019 оны 7 сараас хойш өнөөдрийг хүртэл 3 хүүхэдтэйгээ хамт Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, 13-392 А тоотод амьдарч байгаа. Харин Д.М- нь одоог хүртэл хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн мэтээр Засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, нэхэмжлэлдээ хавсаргасан байна. Д.М- нь нэхэмжлэлдээ намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 6 удаа гар хүрсэн мэтээр бичсэн нь бүгд худлаа бөгөөд миний бие эхнэр болон 3 хүүхдэдээ гар хүрч, зодож, дарамталж байсан тохиолдол байхгүй болно. Харин Д.М- нь харилцаа муутай, намайг болон хүүхдүүдээ элдэв хараал, хэлэх хэлэхгүй үгээр байнга хэлдэг. Хүүхдүүдээ хааяа зодож, түүнээс нь болоод бид маргалдах тохиолдол гардаг байсан. 2018 онд том хүүгийн гарыг хутгаар цохиж гэмтээсэн байдаг ба сорви нь одоог хүртэл арилаагүй байгаа. Нэхэмжлэлд бичсэнчлэн надад түүнийг хүүхдүүдтэй уулзуулахгүй, мартуулна гэх зэргээр хэлж байсан тохиолдол байхгүй ба харин ч хүүхдүүдтэйгээ хааяа утсаар ярьж, уулзаж бай гэж хэлэхэд чамаар заалгахгүй гэж хэлж байсан ба түүнээс хойш утасны дугаараа солиод, фэфсбүүкээс блоклоод ор сураггүй алга болж байгаад одоо сэрж байгаа мэт ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Миний бие хүүхдүүдээ өөрөө өсгөж, хүмүүжүүлж ирсэн ба цаашид ч энэ хэвээр нь 3 хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж, хүмүүжүүлэх хүсэлтэй тул Д.М-ы хүүхдүүдээ авна гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Д.М-аас хүүхдийн тэтгэлэг авахгүй тул шийдвэрлэж өгнө үү. Намайг энэ хүн маш их гүтгэж худал ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагуудаас хамтын амьдралтай байсан болохыг хүлээн зөвшөөрнө. Хүүхдүүдээ энэ хүнд өгөхгүй. Би өөрөө хүүхдүүдээ өсгөөд явах бүрэн боломжтой. Энэ хүн утсаа авахгүй, бичиг баримт байхгүй байсан учир хүүхдүүдийнхээ сургуулийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар сургууль завсардуулахгүй байх гээд хүү О.Б-ийг Сүхбаатар аймгийн 2 дугаар сургуульд суралцуулахаар төрсөн эгчийнх рүүгээ явуулсан байгаа. Амралтын өдрүүдээр аав, дүү нар дээрээ ирдэг. Цаашид асрамжаа шийдвэрлүүлээд харьяаллын дагуу сургуульд нь суралцуулах боломжтой. Энэ хүнд хүүхдээ өгөх хүсэлгүй байна. Учир нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа учир хүүхдүүдийн маань дэргэд зүй бус үйлдэл хийдэг. Нөгөө хүн нь хүлээн зөвшөөрөхгүй, гадуурхах байх гэж бодож байна. Миний ээж хүүхдүүдийг маань надтай хамт асраад явах бүрэн боломжтой гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.М-ыг 2019 оны 02 дугаар сард гэрээс явснаас хойш өнөөдрийг хүртэл хүү О.Б-, О.Б-, охин О.А- нар нь миний асрамжид өнөөдрийг хүртэл байгаа билээ. Д.М- нь хүүхдүүдийг төрснөөс нь хойш Монгол улсын Засгийн газраас хүүхэд бүрт олгож буй хүүхдийн мөнгийг Төрийн банк дахь өөрийн дансаар дамжуулан авдаг байсан ба тусдаа амьдарснаас хойш буюу 2019 оны 3 сараас өнөөдрийг хүртэлх хугацааны мөнгийг өөрийн дансаараа авч, өөртөө зарцуулсан байна. Миний бие 2020 оны 4 сараас нэг хүүхдийн мөнгө 100 000 төгрөг болсонтой холбоотой, хүүхдүүдийн мөнгө хаана, хэнд очоод байгааг харьяа хороо, дүүргийнхээ халамжийн газраас асуухад Танай 3 хүүхдийн мөнгө ямар ч саадгүй олгогдож байгаа ба ээж Д.М-ы Төрийн банкны дансанд ордог тухай мэдэж авлаа. Энэ талаар Д.М-тай холбогдож хүүхдүүдийн мөнгийг яагаад өөртөө зарцуулаад байгаа юм бэ, хүүхдүүддээ өөрсдөд нь зарцуулмаар юм гэхэд чамд ямар хамаатай юм, хэрэгтэй гэвэл би буцаагаад өгчихнө гэх зэргээр дургүйцэж байна. Улмаар ямар ч шалтгаангүй цагдаад хуурамч дуудлага өгч, дуудлагаар ирсэн цагдаа нар нь хуурамч дуудлага өгсөн хэмээн Д.М-ыг 31 дүгээр хорооны цагдаа дуудаж байцаалт авсан ба түүгээр ахиж худлаа дуудлага өгөхгүй хэмээн бичиг үйлдэж өгсөн. Энэ мэтээр тодорхойгүй шалтгаанаар зүй бус авирлаж, хамт амьдарч буй залуус нь мессеж, утсаар элдэв дарамт үзүүлж миний болон хүүхдүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Тиймээс Засгийн газраас өгч буй хүүхдүүдэд зориулсан мөнгийг өөрийн хэрэгцээндээ ашигласан байх тул 2019 оны 3 сараас 2020 оны 3 сар /сард 1 хүүхэд 20 000/ хүртэл гурван хүүхдийн мөнгө 720 000 төгрөг, 2020 оны 4 сарын хүүхдийн мөнгө 300 000 төгрөг /нэг хүүхдийн 100 000/ төгрөг нийт 1 020 000 төгрөгийг, шинжээчийн дүгнэлтийн хөлс 282 000 /572 000 төгрөгийн 50 хувь/ төгрөгийг, нийт 1 302 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.О- нь хүү О.Б-, О.Б-, охин О.А- нарыг 2019 оны 02 сараас өдийг хүртэл өөрийн асрамжид байсан гэсэн мэдээлэл өгсөн байна. Харин энэ үед миний гурван хүүхэд надтай хамт амьдарч цэцэрлэг сургуульд хамрагдаж байсан. Намайг Хэнтий аймагт хүүхдүүдээ авч ирэхэд сар шинийн амралт эхэлсэн байсан тул амралт дуусангуут хоёр ихрээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэгт, хүү О.Б-ийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 1б ангид шилжүүлэн суралцуулж байсан ба харин аав Ж.О- нь охин О.А-ыг минь хүүхдүүдтэйгээ уулзана гэж манайд ирээд байж байхдаа бидэнд хэлэлгүй шууд авч явснаар охиныг минь эргэж авчраагүй. Харин хүү О.Б-ыг бол цэцэрлэг тарахад О.А-ыгаа санаад байна нааш явуулаач гэхэд Ж.О- руу авчирч өгсөн. Том хүү О.Б-ийг зуны амралтаар нь би ээжийнхээ хамт хотод авчирч дүү нартаа нь уулзуулах гэж очиход ээжийг минь элдвээр доромжлон зодож булааж авч явсан Түүнээс хойш хүүхдүүд минь аавтайгаа хамт амьдарч байгаа. Нэхэмжлэгч Ж.О- хүүхдийн мөнгийг буцааж төлөхийг шаардсан байна. Д.М- миний бие гурван хүүхдийнхээ мөнгийг тус бүрд нь 18 нас хүртэл хадгаламжийн данс нээж хадгалуулсан болно. Нэхэмжлэгч Ж.О- нь намайг цагдаагийн газарт худал дуудлага өгс гүтгэсэн гэж гомдол гаргажээ. Бид анхан шатны шүүхээс хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ өгөх шийдвэр гарч шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж Ж.О-ийн зөвшөөрлийг хүлээн харзнаж байх үед намайг утсаар заналхийлэн дарамталсан. Энэ үеийн бичлэгийг хураан авч өмгөөлөгч рүүгээ тэр даруй нь илгээж зөвлөгөө авахад өмгөөлөгч цагдаад мэдэгд гэж зөвлөсний дагуу цагдаад мэдэгдсэн. Би худал дуудлагаа өгөөгүй Тэр үеийн Очирхуягийн ярьсан бичлэг надад одоо байгаа болно Мөн бид Ж.О-ийг шинжилгээ өгөхийг хүлээсээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шүүхийн шийдвэрийн хугацаанд амжиж чадаагүй буцаж ирсэн гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Б-, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Б-, охин О.А- нарыг эх Д.М-ы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Баянхайрхан овогт Жамбалдоржийн Очирхуяг /РД:ПН90111914/-аас О.Б-, О.Б-, О.А- нарыг 11 нас хүртэл тэдний амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6, Иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ж.О-ийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1 020 000 төгрөг, шүүхийн зардал 282 000 төгрөг, нийт 1 302 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 35 780 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд нэхэмжлэгч нь өөрийн асрамжид хүүхдүүд нь байхгүй хариуцагч талд хүүхдүүдийн асрамж одоог хүртэл байгаа бөгөөд хүүхдүүдийг асран хамгаалах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй учир шүүхийн шийдвэрт заасны дагуу хүүхдийг өөрөө асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж байгаа ба хариуцагч хариу тайлбартаа өөрийн асрамжиндаа үлдээхээ илэрхийлж, татгалзлаа нотолдог болно. Шүүх хүүхдийн асрамжийн талаар шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэх нь зүйтэй болохоос хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр хүүхдүүдийн асрамжийг эх Д.М-ы асрамжид үлдээж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дах хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг. Гэтэл талууд хүүхдийн асрамжийн талаар эх Д.М- хүүхдүүдийн асрамжийг өөр дээрээ авах эцэг Ж.О- хүүхдүүдийн асрамжийг өөр дээрээ үлдээх талаар маргадаг. Шүүхээс хүүхдийн асрамжийг тогтоож эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээж буй явдал нь тусдаа амьдрах болсон эдаг, эхийн хэнтэй нь тухайн хүүхзд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн үг болохоос биш эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш юм. Эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагдаж үлдцэг. Иймээс хариуцагч Ж.О- хүүхдүүдтэйгээ хамтран амьдарч байсан тул асрамжийг өөр дээрээ тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч Ж.О- хүүхдүүдийг эх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ... гэж дүгнэж байгаа нь хууль зэрчсен ундэслэлгүй дүгнэлт байна. учир хүүхдийн асрамжийг тогтоолгохоор маргаж, шүүхэд нэхэмжлэл өгсөн байдаг. Тиймээс хариуцагчийн татгалзлыг үнэлэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр хүүхдүүдийн асрамжийн талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ. Шинжээчдийн баг Д.М-, Ж.О- нараас хувийн байдал, ажил, ахуй байдалтай холбоотой нотлох баримт гаргуулан авч, уулзаж, гэр, орон байрны нөхцөлтэй танилцаж, ярилцсаны үндсэн дээр дүгнэлтээ гаргасан байдаг. Ж.О- нь өөрийн ажил байдлын тодорхойлолт, өрхийн амьдралын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг шинжээчийн багт гаргаж өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд Д.М-, Ж.О- нарын хувийн байдал, ажил, мэргэжил, орлогын талаар дүгнэлт гаргасан байх ба Ж.О-ийн талаар дүгнэлтдээ тодорхой бичсэн. Одоо Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд наран 13-392А тоотод О.Б-, О.А-, О.Б- нарын хамт амьдардаг ... гэж баримтаар нотлогдож буй асуудлыг бичсэн байна. Энэхүү шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан ба талууд маргаагүй учир шүүхэд нотлох баримтаар үнэлэх нотлох баримт болох учиртай. Өөрөөр хэлбэл нэгэнт шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон асуудал, үйл баримтыг талууд маргаагүй тохиолдолд шүүхэд дахин нотлох баримт байдлаар гаргаж өгөх шаардлагагүй юм. Шинжээчийн багийн саналаар хүүхдийн асран хамгаалагчаар аав, хариуцагч Ж.О-ийг тогтоовол цаашид ээнэгшсэн дассан байдал, амьдрах гэр оронтой, хүүхдийг өсгөж халамжлах, ирээдүйн боловсрол болон хүмүүжилд нь анхаарал тавьж, ахуйн болон санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй байж чадна гэж үндэслэж байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Мөн хүүхдүүд шинжээчийн багийн сэтгэл зүйн тодорхойлолтод хүүхдүүд бүгд аавтайгаа хамтран амьдрах хүсэлтэй ээжтэйгээ ээнэгшилгүй ээж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар ярьсан байхад уг сэтгэл зүйн дүгнэлтийг үнэлээгүй байна. Мөн хүү О.Б-өөс санал асуусан саналыг харгалзан үзэж нотлох баримтаар үнэлээгүй. Ж.О- нь хүүхдээ авч буцаж хуучин сургуульд нь оруулах гэтэл сургуулиас нь шилжилт хийлгэсэн гээд авахгүй байсан учир хүүхдийн суралцах эрхийг тасалдуулахгүйн тулд түр хугацаагаар Сүхбаатар аймагт төрсөн эгчийндээ байлгасан байдаг ба одоо Улаанбаатар хот дахь Хөгжил цогцолбор сургуулийн 3 дугаар ангид суралцаж байгаа болно. Шинжээчийн багийн сэтгэл зүйн тодорхйололт, дүгнэлтэд хүүхдүүд бүгд аавтайгаа байх сонирхолтой, мөн багш сурган хүмүүжүүлэгч нар аав нь илүү анхаарал халамж тавьдаг, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлт болон хүү О.Б-ийн өөрийн саналыг харгалзан хүүхдүүдийг эцэг Ж.О-ийн асрамжинд үлдээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгаалж хүүхдийн эрхийг дээдэлсэн шийдвэр юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хүү О.Б-, хүү О.Б-, охин О.А- нарыг эцэг Ж.О- миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Ж.О-т холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгө болон шүүхийн зардалд нийт 1 302 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2009 онд танилцан, хамтран амьдарч байхдаа 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү О.Б-, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Б-, охин О.А- нарыг төрүүлсэн байх бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарсан болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогоогдсон байна. /хх-ийн 11-13-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаж байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт ... хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, тус хэлтэс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан байна. /хх-ийн 24-27, 31-42-р тал/

 

Дээрх шинжээчийн дүгнэлтэд хүү О.Б-, хүү О.Б- аавтайгаа хамт амьдрах талаар ярилцсан тэмдэглэл авагджээ. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт зааснаар 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүхээс том хүү О.Б-ийн саналыг асуухад ... цаашид аав, ээж хоёр тусдаа амьдарвал аавтайгаа амьдарна, аав намайг зодож байгаагүй, аав илүү анхаарал тавьдаг гэсэн агуулга бүхий саналыг өгсөн байна. /хх-ийн 68-р тал/

 

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн багийн эцэг, эхийн чадамжийг үнэлэх багц оношилгоо, хүүхдийн сэтгэл зүйн нөхцөл байдал, ярилцлага, ажиглалт болон хүү О.Б- нарын саналыг үндэслэн, хүү О.Б-, О.Б-, охин О.А- нарыг эцэг Ж.О-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Тодуулбал, шинжээчийн баг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдрах нэхэмжлэгч Д.М-, Улаанбатар хот, Сонгинохайрхан дүүрэгт амьдрах хариуцагч Ж.О-ийн гэрт тус бүрт нь очиж, орчин нөхцөлтэй танилцан, уулзалт, ярилцлага хийснээр дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: ... хариуцагч Ж.О-ийг хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоовол, хүүхдүүд хамт амьдрах гэр оронтой, хүүхдийг өсгөж халамжлахад туслах дэмжих хүнтэй, хоол унд, хувцас, санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй байлгаж чадах ба ээнэгшин дассан байдал, хүүхдүүдийн хувьд ирээдүйн төлөвлөгөөтэй байгаа зэргийг илүү харж, аавтайгаа амьдрах нөхцөл боломжоор хангах нь зөв ... гэсэн дүгнэлтийг хийсэн байна. /хх-ийн 32-34-р тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.М- нь 2019 оны 02 дугаар сараас эхлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ээж Б.Ариунаагийн хамт амьдарч байгаа талаараа тайлбарласан, хариуцагч Ж.О- нь Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунд наран, 13 дугаар гудамж, 392а тоот хаягт өөрийн гэртээ 3 хүүхдийн хамт амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн амин чухал, анхдагч хэрэгцээ зэргийг харгалзан үзсэн болно. Хариуцагч нь хэдийгээр хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч хүүхдийн асрамжийн талаар гаргасан Д.М-ы нэхэмжлэлд маргасан тул шүүхээс хүүхдийн асрамжийг шийдвэрлэх бөгөөд хариуцагч Ж.О- нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 23-р тал/

 

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч тухайн шаардлагыг хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

 

Харин Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгө болон шүүхийн зардалд нийт 1 302 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд анхан шатны шүүх үндэслэл бүхийн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.

 

Цаашид хүүхдүүд эхийн асрамжид байх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон эсхүл хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөж байна гэж үзвэл нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү О.Б-, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Б-, охин О.А- нарыг эцэг Ж.О-ийн асрамжид үлдээж, энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02734 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү О.Б-, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Б-, охин О.А- нарыг эцэг Ж.О-ийн асрамжид үлдээсүгэй гэж,

2 дах заалтыг Хариуцагч Ж.О- нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 35 780 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж, өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ