Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00780

 

Д.Мөрөнчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02734 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2415 дугаар магадлалтай, 

Д.Мөрөнчулууны нэхэмжлэлтэй,

Ж.Очирхуягт холбогдох, 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн,

Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгө болон шүүхийн зардалд нийт 1,302,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөрөнчулуун, өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагч Ж.Очирхуяг, өмгөөлөгч Д.Очирдорж, Н.Энхтуяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Д.Мөрөнчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 онд хариуцагч Ж.Очирхуягтай танилцаж, улмаар 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2012 онд том хүү болох О.Бүрэнтөгс, 2014 онд 2 ихэр хүүхэд болох О.Бүрэнжаргал, О.Азжаргал нарыг төрүүлэн 3 хүүхдийн эцэг, эх болсон. Гэр бүл болсноос хойш удалгүй нөхөр Ж.Очирхуягийн зан ааш эвдэрч, огцом ширүүн ааш нь илэрч нийт 6 удаа надад гар хүрч гэмт хэргийн хохирогч болж эрүүгийн хэрэг үүсгэн ял эдлүүлэх бүрэн боломжтой байсан боловч миний бие 3 хүүхдээ бодон эвлэрч амьдардаг байсан. 2019 оны 02 дугаар сараас эхлэн хүүхдүүдээ аван өөрийн ээжийнхээ гэрт амьдрах болсон. Ж.Очирхуяг нь намайг хэл амаар гутаан доромжилсоор 3 хүүхдийг өөр дээрээ авснаас хойш Ж.Очирхуяг нь өнгөрсөн хугацаанд намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, над руу мессеж бичиж утсаар ярихдаа хүүхдүүдийн чинь ой санамжаас чамайг мартуулна, чи гэж хүн энэ хорвоо дээр байхгүй болсон гэх мэтээр намайг дарамтлан эх үрийн хоорондох харилцааг үгүй хийхийг оролдож байна.

Иймд миний бие дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Ж.Очирхуягтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, өөрийн хүүхдүүд болох О.Бүрэнтөгс, О.Бүрэнжаргал, Б.Азжаргал нарыг өөрийн асрамжид үлдээх, Ж.Очирхуягаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах зэрэг болно гэжээ.

Хариуцагч Ж.Очирхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос 2019 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарч, О.Бүрэнтөгс, О.Бүрэнжаргал, О.Азжаргал нарын эцэг, эх болсон юм. 2019 оны 02 дугаар сар буюу цагаан сарын дараа Хэнтий аймагт нь хадам ээжийнд золголтоор очих үед тэнд байдаг Шар гэх залуутай ёс бус үйлдэл хийж байгаад надад баригдаж, бид муудалцсан юм. Тэгээд тэр үеэс зан ааш нь эрс өөрчлөгдсөн ба Улаанбаатарт ирээд хэд хоногийн хугацааны дараа том хүүг зодохоор нь боль гэж хэлэхэд намайг болон хүүхдүүдээ элдэв янзаар харааж, зүхэж байгаад эгчийнх рүүгээ явсан. Тэр цагаас хойш надтай хамт амьдраагүй, миний бие 3 хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Д.Мөрөнчулуун нь надтай маргалдаж явснаас хойш 7 хоногийн дараа миний 3 хүүхдийг сургууль, цэцэрлэгээс нь гаргаад надад хэлэлгүй Хэнтий аймаг руу аваад явсан байсан. Миний бие хүүхдүүдээ гэрт авчрахаар очиход хүүхдүүдэд сайн хараа хяналт тавиагүйгээс охин О.Азжаргал нохойд уруулж гэмтсэн байсан. Би эхлээд 2 ихэр хүүхдээ хотод гэртээ авчирсан ба Д.Мөрөнчулуун том хүүг 6 сард араас авчирч өгнө гэсэн боловч авчирч өгөхгүй, хадам ээжтэй Хэнтийд үлдээсэн байсан. Миний бие 2019 оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 3 хүүхэдтэйгээ хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 13-392А тоотод амьдарч байгаа. Д.Мөрөнчулуун нь нэхэмжлэлдээ намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 6 удаа гар хүрсэн мэтээр бичсэн нь бүгд худлаа бөгөөд миний бие эхнэр болон 3 хүүхдэдээ гар хүрч, зодож, дарамталж байсан тохиолдол огт байхгүй болно.

Миний бие хүүхдүүдээ өөрөө өсгөж, хүмүүжүүлж ирсэн ба цаашид ч энэ хэвээр нь 3 хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж, хүмүүжүүлэх хүсэлтэй тул Д.Мөрөнчулууны хүүхдүүдээ авна гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Д.Мөрөнчулуунаас хүүхдийн тэтгэлэг авахгүй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.Очирхуяг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Мөрөнчулууныг 2019 оны 02 дугаар сард гэрээс явснаас хойш өнөөдрийг хүртэл хүү О.Бүрэнтөгс, О.Бүрэнжаргал, охин О.Азжаргал нар нь миний асрамжид өнөөдрийг хүртэл байгаа. Д.Мөрөнчулуун нь хүүхдүүдийг төрснөөс нь хойш Монгол улсын Засгийн газраас хүүхэд бүрт олгож буй Хүүхдийн мөнгө-ийг Төрийн банкин дахь өөрийн дансаар дамжуулан авдаг байсан ба тусдаа амьдарснаас хойш буюу 2019 оны 03 сараас өнөөдрийг хүртэлх хугацааны мөнгийг өөрийн дансаараа авч, өөртөө зарцуулсан байна. Тиймээс Засгийн газраас өгч буй хүүхдүүдэд зориулсан мөнгийг өөрийн хэрэгцээндээ ашигласан байх тул 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 03 сар /сард 1 хүүхэд 20,000/ хүртэл гурван хүүхдийн мөнгө 720,000 төгрөг, 2020 оны 04 сарын хүүхдийн мөнгө 300,000 /Нэг хүүхдийн 100,000/ төгрөг нийт 1.020.000 төгрөгийг, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхийн зардал болох Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвд төлсөн төлбөр 282,000 /572.000 төгрөгийн 50 хувь/ төгрөгийг, нийт 1,302,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Мөрөнчулуун сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:   Ж.Очирхуяг нь хүү Бүрэнтөгс, Бүрэнжаргал, охин Азжаргал нарыг 2019 оны 02 дугаар сараас өдийг хүртэл өөрийн асрамжид байсан гэсэн мэдээлэл өгсөн байна. Харин энэ үед миний гурван хүүхэд надтай хамт амьдарч цэцэрлэг сургуульд хамрагдаж байсан. Д.Мөрөнчулуун миний бие гурван хүүхдийнхээ мөнгийг тус бүрд нь 18 нас хүртэл хадгаламжийн данс нээж хадгалуулсан болно гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02734 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 10-нд төрсөн хүү О.Бүрэнтөгс, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү О.Бүрэнжаргал, охин О.Азжаргал нарыг эх Д.Мөрөнчулууны асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Баянхайрхан овогт Жамбалдоржийн Очирхуяг /РД:ПН90111914/-аас О.Бүрэнтөгс, О.Бүрэнжаргал, О.Азжаргал нарыг 11 нас хүртэл тэдний амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6, Иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ж.Очирхуягийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1,020,000 төгрөг, шүүхийн зардал 282,000 төгрөг, нийт 1,302,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.Очирхуягийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 35,780 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Очирхуягаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөрөнчулуунд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2415 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2020/02734 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Мөрөнчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү О.Бүрэнтөгс, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү О.Бүрэнжаргал, охин О.Азжаргал нарыг эцэг Ж.Очирхуягийн асрамжид үлдээсүгэй гэж, 2 дах заалтыг Хариуцагч Ж.Очирхуяг нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай гэж, 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 35 780 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж, өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Д.Мөрөнчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2415 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Д.Мөрөнчулуун миний бив Очирхуягтай хамтран амьдарч бид 3 хүүхдийн эцэг эх болцгоосон. Амьдралын эхний жилүүдэд Очирхуяг нь хэвийн амьдарч болж байсан боловч хүүхдүүд гарсны дараагаар зан ааш нь хувирч намайг ямар ч үндэслэлгүйгээр хардаж, хий хоосон зүйл төсөөлөн бодож анхан гичийгээр дуудаж, удаа дараа гар хүрч амьдрах араггүй болсон.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт хүүхдүүдийг Очирхуягт үлдээх нь зүйтэй гэж үзсэнээс гадна хүү Бүрэнтөгсийн эцэгтэйгээ хамт байна гэж хариулсан хариулт байгаа. Гэвч эдгээр нотлох баримтууд нь Очирхуягт давуу талыг бий болгох бүхий л нөхцөл байдал үүссэн байсан үөд цугларсан баримтууд юм. Учир нь эдгээр нотлох баримтыг цуглуулах үөд би хүүхдүүдтэйгээ уулзалгүй, уулзах гэсэн боловч Очирхуягын сүрдүүлэг, дарамтлалын улмаас уулзаж чадалгүй бүтэн жилийн хугацаа өнгөрсний дараа цуглуулсан нотлох баримт юм. Хэнтий аймгаас ирж зөвхөн асуулгад хариулах байдлаар дүгнэлт гаргахад оролцсон. Мөн хүү Бүрэнтөгс аавтайгаа жил амьдарч, ээжтэйгээ нэг ч удаа уулзалгүйгээр асуултад хариулсан бөгөөд ааваасаа айсандаа л аавтай байна гэж хариулсан. Хүүг минь аав нь надаас хол байлгахын тулд Сүхбаатар аймагт байдаг эгчийндээ аваачиж өгдөг ба тэнд надтай уулзахгүй гэсэн хатуу хяналт, харуул хамгааллын дор амьдардаг. Хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход том хүү минь гар утаснаас нүд салгахгүй юм үзэж тоглож, 2 ихэр хүүхэд минь надад ойртож ирж чадахгүй болтлоо санаж бэтгэрсэн байсан. Тэр уулзалтыг дуусгаад явах болоход намайг багалзуурдаж хоолойг минь боож хөх няц болгоод явсан, Анхан шатны шүүх хуралдаан дээр би тийм л байдалтай зогсож байсан учраас анхан шатны шүүх эл нөхцөл байдлыг хүртэл үнэлж дүгнэж үзээд хүүхдүүд ээжтэйгээ байх нь зүйтэй гэж үзсэн болов уу. Очирхуяг хүүхдүүдээ гэх чин хүсэл эрмэлзэлтэй нь эргэлзээтэй хүн гэдэг нь түүний хэрэг шийдэгдэх хугацаанд гаргасан хэд хэдэн үйлдлээр харагддаг. Нэгдүгээр тэрээр давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгомогц хүүхдүүдийн мөнгө олгодог Төрийн банкин дээр очиж хүүхдийн мөнгө олголтыг өөрийн нэр дээр авсан үйлдлийг гаргасан. Очирхуяг нь угийн байнгын тогтсон ажил, орлогогүй олдсон ажлаа хийж явдаг, нийгмийн даатгал төлдөг зэрэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн түүнчлэн Очирхуяг 2 ихэр хүүхдээ өөрийн гэдэгт байнга эргэлздэг, энэ байдлаа нэг бус удаа илэрхийлж хүүхдүүдэд минь таагүй харилцаа хандлага гаргаж байсан тул би шинжээчийн дүгнэлт гаргуулах гэж хүсэлт гаргасныг шүүх хангасан ч өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Тэгсэн атлаа анхан шатны шүүх хэргийг шийдсэний дараа хувийн лабортороор эцэг нь мөн эсэхээ тогтоолгоно гэж надтай ярьсан. Очирхуяг надтай ярих болгондоо хүүхдүүдэд чинь чамайг мартуулна, чи гэж хүн байдаг үгүйг мэдэхгүй өсгөнө гэх мэтээр намайг дарамталж, энэхүү гомдлыг гаргах хүртэл хүүхдүүдтэй минь уулзуулахгүй биднийг амьдын хагацал үзүүлж байгаад би гомдолтой байна.

Хэрэгт миний хүүхдүүдээ өсгөөд яаж чадахаа нотлох зорилгоор өгсөн баримтуудыг үнэлэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Д.Мөрөнчулуун нь Ж.Очирхуягт холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хүүхдийн мөнгө, шүүхийн зардалд 1,302,000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Анхан шатны шүүх О.Бүрэнтөгс, О.Бүрэнжаргал, О.Азжаргал нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Ж.Очирхуягаас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...Ж.Очирхуяг хүүхдүүдээ гэх чин хүсэл эрмэлзэлтэй нь эргэлзээтэй, ...байнгын тогтсон ажил орлогогүй, олдсон ажлаа хийж явдаг, ...ихэр хүүхдээ өөрийнх гэдэгт эргэлздэг, энэ байдлаа нэг бус удаа илэрхийлж байсан, хүүхдүүдтэй минь уулзахгүй байгаа гэсэн агуулга дурджээ.  

1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хамтран амьдарч байх хугацаанд 2012 онд хүү О.Бүрэнтөгс, 2014 онд хүү О.Бүрэнжаргал, охин О.Азжаргал нар төрсөн, хувийн таарамжгүй харьцааны улмаас 2019 оноос тус тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.  

Харин талууд хүүхдийн асрамжийн талаар маргажээ.  

Хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаж шинжээч томилсон, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дүгнэлтэд ...Ж.Очирхуягийг асран хамгаалагчаар тогтоовол хүүхдүүд хамт амьдрах гэр оронтой, хүүхдийг өсгөж халамжлахад туслах дэмжих хүнтэй, хоол, унд хувцас, санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй байлгаж чадах ба ээнэгшин дассан байдал, хүүхдүүдийн ирээдүйн төлөвлөгөөтэй нийцэх тул эцгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэжээ /хэргийн 31-42 дугаар тал/.

 Хүүхэд долоо ба үүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-т заасан, хүү О.Бүрэнтөгс аавтайгаа амьдрах санал гаргажээ /хэргийн 68 дугаар тал/. 

Анхан шатны шүүх хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор хянан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүүхдүүдийг эцэг Ж.Очирхуягийн асрамжид үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ. Тодруулбал, тус шүүх хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэж, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзсэн нь хэргийн баримтад үндэслэжээ.  

Насанд хүрээгүй хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй тохиолдолд тэдний дассан орчныг солих нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ. 

2.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна.  

3.Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ талаар магадлалд тодорхой дурдсан байна. 

Ж.Очирхуяг нь Д.Мөрөнчулууныг хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй, шийдвэрт тодорхой заасан тул энэ талаарх гомдол магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2415 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД  

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

П.ЗОЛЗАЯА 

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ