Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00267

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00267

 

 

 

 

 

 

П.Т-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2020/02329 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Т-н хариуцагч УЦТС ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:  Миний бие 2010 онд “УЦТС ” ТӨХК-д нятлан бодогчоор ажилд орсон.  Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд ахлах нягтлан бодогчоор  сарын 1 074 100 төгрөгийн  цалинтай, ажиллаж байсан. “УЦТС ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.1.28-ны өдрийн Албан даалгавар хүргүүлэх тухай албан бичгээр бүх салбар нэгжүүдэд хандан, шинэ төрлийн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгасан ба тус тушаалын хэрэгжилтийг хангуулан халдвараас урьдчилан сэргийлэх хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтыг хэрэгжүүлж ажилласан. “УЦТС ” ТӨХК-ийн дотоод аудитын хэлтсээс Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой худалдан авсан материалын анхан шатны баримтуудад шалгалт хийсэн.

Тус шалгалатаар намайг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтлүүлж, хяналт тавих, ажил гүйлгээ бүрийг шалгаж, зааварчлан удирдлагаар хангаж ажиллах,  бүртгэлийн хөтлөлт ажил гүйлгээний бичилтийг шалгаж нэгтгэх, урсгал зардлыг хэмнэх бодлого боловсруулан үр дүнг тооцож ажиллах үүргээ зөрчсөн гэж үзсэн.

2020.7.9-ний өдөр “УЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/410 тоот тушаал гарч,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.42, 11.2.1, 11.2.5.1, 11.2.5.8, 11.2.5.13, Хөдөлмөрийн гэрээний 7.4.4.1, 7.4.4.8 дахь заалтуудыг үндэслэн намайг ажлын байрны тодорхойлолтын 1.1-1.3, 2.2, 8.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ахлах нягтлан бодогчийн ажлаас халсан.

Тушаалын үндэслэлд дурдсан шиг хуурамч баримт бичиг огт үйлдээгүй бөгөөд үндэслэлгүй худал зүйл юм. Мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад сахилгын шийтгэлийн хамгийн хүнд төрөл болох ажлаас халах шийтгэлийг ногдуулсанд гомдолтой. Дотоод аудитын хэлтсээс намайг хуурамч баримт бичиг үйлдсэн гэж үзээгүй байхад ямар үндэслэлээр хуурамч баримт бичиг үйлдсэн гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Компанийн эрх ашгийн төлөө удирдах болон доод шатны ажилчдын ажлын харилцан уялдаа холбоог зөв зохистой зохион байгуулж, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлэн хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн. Гүйцэтгэх захирлын үндэслэлгүй, нотлох баримтад үндэслээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй асуудлаар гаргасан тушаалыг хууль бус гэж үзэж байна. Иймд П.Т г  “УЦТС ” ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор  гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2020.1.28-ны өдрийн 1/179 тоот албан даалгаврыг үндэслэн 2020.5.8-ны өдөр Дотоод аудитын албаны даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу Чингэлтэй ХҮТ-ийн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой гарсан зардлын гүйцэтгэлийг шалгасан. Тус ХҮТ-ээс худалдан авсан бараа материалын баримтыг 2 удаа ирүүлсэн байна Үүнд:

1. 2020.5.8-ны өдөр Абле программын захидлаар / 3 файл/

2. 2020.5.21-ны ддер цаасаар баримт материалыг өгсөн. /19 хуудас/

Эхний удаа ирүүлсэн материалыг хүлээн авч шалгахад дотооддоо 9 215 700 төгрөгийг зарцуулснаас 7 983 700 төгрөгийн худалдан авалтыг зөвшөөрөлгүй хийсэн.

Шалгалтаар илэрсэн зөрчил:

1. Жагсаалтаар 1 сард 1 517 700 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх боловч санхүүгийн бүртгэлд 1 832 700 төгрөгийн худалдан авалт хийсэн нь бүртгэгдсэн, 315 000 төгрөгийн баримт ирүүлээгүй.

2. 2 сард авсан 1 620 000 төгрөгийн баримт НӨАТ-ын баримт ирүүлээгүй.

3. 1 удаагийн бээлий 1 ширхэг 2 000 төгрөгийн үнэтэй /өндөр үнэтэй/, НӨАТ-ын баримтгүй.

4. Аарц, аарц /хуурай/ баримт нь 1 232 000 төгрөгийн зарлагын падаантай. /НӨАТ-ын баримтгүй /

5. Жагсаалтаар аарц, аарц /хуурай/ гэсэн 888 000 төгрөгийн /776 000+112 000/ төлбөрийн баримттай боловч материалын нэр нь тодорхойгүй.

6. 3 сарын 3 935 000 төгрөгийн худалдан авалтаас 330 000 төгрөгийн НӨАТ- баримттай, бусад нь баримтгүй.

Шалгалтаар илэрсэн үл нийцлийг арилгах, дахин давтан гаргуулахгүй байх талаар Гүйцэтгэх захирлын 2020.5.19-ний 1/1172 тоот албан даалгавар гарсны дараа Чингэлтэй ХҮТ-ээс 2020.5.21-ний өдөр дахин баримт бүрдүүлж өгсөн. Уг баримтыг шалгахад илэрсэн зөрчил:

1. НӨАТ-ын төлбөрийн баримт болон зарлагын падааны дүнгүүд өөрчлөгдсөн.

2. 2 сард худалдан авалт хийсэн 1 840 000 төгрөгийн НӨАТ-ын төлбөрийн баримт 2020.5.20-ны огноотой болж өөрчлөгдсөн.

3. Өөрсдийн буруугаас амны хаалт 1 080 000 төгрөгийг андуурч буруу тайлагнасан гэх боловч энэ нь аарц /хуурай/ нэртэй 120 000 төгрөгийн зарлагын падаантай.

4. Нийт зарцуулалтаас 1 080 000 төгрөгийг хасахад /9 215 700-1 080 000/ 8 135 700 төгрөг болох байтал ирсэн баримтын нийлбэр дүн /8907700 төгрөг/ зөрүүтэй.

Ахлах нягтлан бодогч П.Т нь НБББББ-ийн 1.3.1.2-ын Анхан шатны баримтыг бүрдүүлэх баталгаажуулах-ын 3-т Нягтлан бодогч бүрдүүлсэн анхан шатны баримтыг хянаж, няравын тайланг шалган, НББ-д тусгана, 9-т Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 10-т Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, 1.3.1.4-ын 4-т Баримт, тайлангийн тоог нягтлан шалгах, тулган баталгаажуулалгүйгээр бүртгэлд тусгах, тоог хүчээр тааруулж бариулах, 2.2.4.1.1-ын 4-т Бэлэн мөнгөний зарлагыг зорилго тодорхой бус, их дүнтэй ажил гүйлгээнд хэрэглэхээс аль болохоор татгалзана. Их дүн гэдэгт нэг удаагийн зарлагын гүйлгээ нь ХҮТ, ТТ-ийн хэмжээнд нэг сая төгрөгнөөс ихгүй байна. Энэ хязгаараас давах бол заавал харилцах дансаар гүйлгээг хийх бөгөөд хязгаар заахгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын:

1.1 НББОУС, компанийн НББ-ийн бодлогын баримт бичигт нийцүүлэн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв бүрэн хөтлүүлж, хяналт тавьж ажиллах 1.3 Ажил гүйлгээ бүрийг шалгаж, зааварчлан удирдлагаар хангаж ажиллах

2.2 Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт ажил гүйлгээний бичилтийг шалгаж нэгтгэх 8.1 Урсгал зардлыг хэмнэх бодлого боловсруулан үр дүнг тооцож ажиллах гэсэн заалтуудыг тус тус мөрдөж ажиллаагүй байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Т-г “УЦТС ” ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 140 501 төгрөгийг хариуцагч “УЦТС ” ТӨХК-иас гаргуулан П.Т-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Т-нажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “УЦТС ” ТӨХК -д даалгаж шийдвэрлэжээ.

               

                Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ахлах нягтлан бодогч П.Т нь өөрийн удирдлагад байдаг аж ахуй мөнгөн хөрөнгийн нярав Л.Э-н 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар сард худалдан авсан бараа материалын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв бүрэн хөтлүүлж, хяналт тавьж ажиллах байсан боловч хяналтаа тавилгүй харин өөрөө санхүүгийн зөрчилтэй баримт материалыг бүрдүүлж ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэж зөрчил гаргасан. Дээрх асуудлаар шүүхийн шийцвэрийн үндэслэх хэсгийн 3 дугаар хуудасны ар талын 2 дах доголд “... удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй байна.” гэсэн бөгөөд шүүх хурлын асуултын үе шатанд П.Т  нь би дэлгүүрээс зарлагын баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба гэрч Л.Э мөн гэрчилсэн. Энэ асуудал нь Хөдөлмөрийн гзрзэний 7.4.4.1 Хөдөлмөрийн дотоод журмын нсцтой зөрчил буюу 11.2.5.1"... ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн” гэж нэрлэн заасан байдаг бөгөөд тогтоогдож байхад шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудасны эхний доголд "... 7.4.4.1, 7.4.4.8-д нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд хариуцагч талын ... хөдөлмөрийн гэрзэний дээрх заалтууд нь нэг бүрчлэн тохирч байгаа гэсэн нь үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

                Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудасны 3 дах доголд "... П.Т  2020.09.03-ны өдөр байгууллагын Терийн банкин дахь 102тоот дансруу шилжүүлсэн нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтэд хяналт тавьж чадаагүй хариуцлагаа хүлээсэн байна” гэсэн.

                П.Т  нь компанид 1 500 000 төгрөгийг тушааж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч төлбөрөө барагдуулсан. Зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.4.13, Хедөлмөрийн дотоод журмын 11.2.5.13-т “Санхүүгийн хариуцлага, сахилга блт алдсанаас эдийн засгийн шинжтэй ноцтой зөрчил гаргасан, өөрийн буруутай үйлдлззр компами болон бусдад хохирол учруулсан” гэж нэрлэн заасны дагуу хариудлага хүлээлгэсэн. Тус мөнгө төлж байгаа байдал нь хохирлоо барагдуулж бойгаа асуудал бөгөөд хариуцлагаа хүлээсэн хэлбэр биш юм. Гэтэл шүүхээс мөнгө төлсөн нь хариуцлагаа хүлээсэн байна тушаал үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.

Хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 131.1.3-т ноцтой зөрчилд захиргааны санаачлагаар гэрээг цуцалж ажлаас халдаг бөгөөд төлбөрийг барагдуулж хариуцлага ногдуулах хуулийн заалт байхгүй болно.

                Шүүхийн шийдвэрийн 4 дүгээр хуудасны 5 дахь доголд “Хуурамч баримт бичиг ашигласан гэх тухайд гэрч Л.Энхмандалын худалдан авалт хийгээгүй газраас баримт авсан биш, нөхөж авсан асуудлууд байгаа” гэх мэдүүлгээс харахад Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн худалдан авсан бараа бүтээгдэхүүний санхүүгийн анхан шатны баримтуудыг шууд хуурамч гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн. П.Т  нь компанийн дотоод аудитын албанд шалгуулж 2020.5.8-нд 1 дүгээр сард худалдан авалт хийсэн баримт гаргаж өгөхдөө “РМ”  ХХК-иас 1 517 700 төгрөгөөр худалдан авалт хийсэн гэсэн баримт гаргаж өгсөн бөгөөд дахин 2020.5.21-нд баримт материал дахин автал худалдан авсан үнийн дүн зөрж 1 832 700 төгрөг болсон ба анхний худалдан авалт хийсэн “РМ” ХХК-ний баримт байхгүй болж “ИШ” ХХК-аас 784 000”, “НД” ХХК-иас 733 700 НӨАТ байхгүй”, “ТА” ХХК-иас 315 000” төгрөгийн баримт гаргаж өгсөн. /Шалгалтын илтгэх хуудасны 1 дүгээр сарын хүснэгтнээс тодорхой харагдана/.

                Тус “РМ” ХХК-иас худалдан авсан анхны зарлагын баримт санхүүгийн баримтад байхгүй бөгөөд гэрч Чингэлтэй ХҮТ-ийн нярав Л.Э-с баримт яасан талаар асуутал нэхэмжпэгч П.Т тэй хамт устгасан гэж мэдүүлсэн. Иймд гаргасан зөрчил нь тодорхой баримт материал, шалгалтаар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байтал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал, хуулийг буруу тайлбарлаж үндзслэлгүй гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч П.Т  нь “УЦТС ” ТӨХК-д холбогдуулан Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2,17-18 /

 

Хэрэгт “УЦТС ” ТӨХК-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Б/410 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.42, хөдөлмөрийн гэрээний 7.4.4.1, 7.4.4.8 дах заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2020 оны 1/179 дугаар албан бичгээр өгсөн даалгавар, Компанийн 2019 оны А/319 дугаар Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, хуваарилалт, зардлын бүртгэл хийх журмыг шинэчлэн батлах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолтын 1.1-1.3, 2.2, 8.1 дэх заалтуудын зөрчсөн гэх үндэслэл зааж П.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна. /хх 4,22/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд урьдчилан тусгасан байхаас гадна зөрчил тус бүр эргэлзээгүй баримтаар тогтоогдсон байхыг ойлгох юм.

 

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д ноцтой зөрчил тус бүрийг тохиролцсон талаар ажил олгогч тайлбарлажээ. /хх 64-65/

 

Ажилтан П.Т  нь санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв бүрэн хөтлүүлж, хяналт тавьж ажиллах, ажил гүйлгээ бүрийг шалгаж зааварчлан удирдлагаар хангаж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт ажил үйлчилгээний бичилтийг шалгаж нэгтгэх, урсгал зардлыг хэмнэх бодлого боловсруулан үр дүнг тооцож ажиллах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой худалдан авалтын үед хангалтгүй биелүүлсэн нь ноцтой зөрчилд тооцогдоно гэж ажил олгогч мэтгэлцсэн. /хх 99-101

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардага, түүний үндэслэлийг нотлох үүрэгтэй юм.

Хэрэгт 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дотоод аудитын албанаас Чингэлтэй ХҮТ-ийн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой гарсан зардлын гүйцэтгэлийг шалгасан баримтыг гаргасан байна./хх 72-77/

 

Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын материал, худалдан авалтыг төвийн ахлах нягтлан бодогч П.Т  зохион байгуулж дур мэдэн хийсэн, байгууллагад өөрийн шууд үйлдлээр хохирол учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй.

 

Ахлах нягтлан бодогч нь шууд худалдан авалтыг хийдэг этгээд биш талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг  буруутгах боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/179 тоот бичгээр өгсөн албан даалгавар нь нэгжүүдийн дарга нарт хамааралтай болохоос ахлах нягтлан бодогчид ямар нэг үүрэг даалгавар өгсөн агуулгагүй талаар анхан шатны шүүх дүгнэжээ.

 

Мөн хуурамч баримт бичиг ашигласан гэх тухайд гэрч Л.Эн “...худалдан авалт хийгээгүй газраасаа баримт авсан юм биш, нөхөж авсан асуудлууд байгаа”  гэх мэдүүлгийг шүүх үнэлэн үзэж, Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн худалдан авсан бараа бүтээгдэхүүний санхүүгийн анхан шатны баримтуудыг шууд хуурамч гэж үзэх үндэслэлгүй, ажилтны зарим зөрчлийн шинжтэй байж болох үйлдэл нь ялимгүй, ноцтой биш гэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй.

 

Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаасан, эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон ажилтны хөдөлмөрийн  гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй юм. П.Т-н хувьд эргэлзээгүй баримтаар тогтоогдсон, өөрийнх нь үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж үзэж, нэхэсжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

                Шүүх П.Т г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх ажлын 39 хоногийн олговор 4 140 501 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасан журамтай нийцжээ.

 

                Түүнчлэн нэхэмжлэгч П.Т  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ. /хх 1,2,4/

 

                Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 70 гаруй хоног үргэлжилсэн, хариуцагчийн өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг бүрэн хангасан. Хариуцагч тал шүүх хуралдаан давхацсан талаар хүсэлт ирүүлсэн боловч хавсаргасан баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шууд нэрлэн заагаагүй, хамааралгүй баримт байна.

 

                Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2020/02329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 198 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ИЧИНХОРЛОО

   

                                                ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

   

                               Ш.ОЮУНХАНД