Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/02329

 

2020 09 04 183/ШШ2020/02329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ................... тоот хаягт оршин суух С овогт П.Т /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................. өөрийн байранд байрлах УБЦТС ТӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Т миний бие 2010 онд УБЦТС ТӨХК-д нятлан бодогчоор ажилд орж, УБЦТС Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, УБЦТС Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор тасралтгүй 10 жил ажилласан. Миний бие хамгийн сүүлд Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд ахлах нягтлан бодогчоор нэг сарын 1.074.100 төгрөгийн үндсэн цалинтай, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Албан даалгавар хүргүүлэх тухай албан бичгээр УБЦТС ТӨХК-ийн бүх салбар нэгжүүдэд хандан, шинэ төрлийн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг байгууллагын бүх нэгжид даалгасан ба тус тушаалын хэрэгжилтийг хангуулан ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтыг хэрэгжүүлж ажилласан юм. УБЦТС ТӨХК-ийн дотоод аудитын хэлтсээс Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой худалдан авсан материалын анхан шатны баримтуудад шалгалт хийсэн ба П.Т намайг ажлын байрны тодорхойлолтын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтлүүлж, хяналт тавих, ажил гүйлгээ бүрийг шалгаж, зааварчлан удирдлагаар хангаж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт ажил гүйлгээний бичилтийг шалгаж нэгтгэх, урсгал зардлыг хэмнэх бодлого боловсруулан үр дүнг тооцож ажиллах үүргээ зөрчсөн гэж үзсэн. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/410 тоот тушаал гарч, тус тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.42, 11.2.1, 11.2.5.1, 11.2.5.8, 11.2.5.13, Хөдөлмөрийн гэрээний 7.4.4.1, 7.4.4.8 дахь заалтуудыг үндэслэн П.Т намайг ажлын байрны тодорхойлолтын 1.1-1.3, 2.2, 8.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ахлах нягтлан бодогчийн ажлаас халсан. П.Т би тушаалын үндэслэлд дурдсан шиг хуурамч баримт бичиг огт үйлдээгүй бөгөөд хуурамч баримт үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй худал зүйл юм. Мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад сахилгын шийтгэлийн хамгийн хүнд төрөл болох ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсанд гомдолтой байна. Дотоод аудитын хэлтсээс намайг хуурамч баримт бичиг үйлдсэн гэж үзээгүй байхад ямар үндэслэлээр хуурамч баримт бичиг үйлдсэн гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тус байгууллагад тасралтгүй 10 жил ажиллахдаа компанийн эрх ашгийн төлөө удирдах болон доод шатны ажилчдын ажлын харилцан уялдаа холбоог зөв зохистой зохион байгуулж, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлэн хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн. Гэтэл гүйцэтгэх захирлын үндэслэлгүй, нотлох баримтад үндэслээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй асуудлаар гаргасан тушаалыг хууль бус гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгөхийг хүсэж байна. Иймд П.Т намайг УБЦТС ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах нягтлан бодогчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Т нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/179 тоот албан даалгаврыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дотоод аудитын албаны даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу Чингэлтэй ХҮТ-ийн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой гарсан зардлын гүйцэтгэлийг шалгасан. Тус ХҮТ-ээс худалдан авсан бараа материалын баримтыг 2 удаа ирүүлсэн байна Үүнд:

1. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр А программын захидлаар / 3 файл/

2. 2020 оны 05 дугаар сарын 21-ны ддер цаасаар баримт материалыг өгсөн. /19 хуудас/

Эхний удаа ирүүлсэн материалыг хүлээн авч шалгахад дотооддоо 9,215,700 төгрөгийг зарцуулснаас 7,983,700 төгрөгийн худалдан авалтыг зөвшөөрөлгүй хийсэн.

Шалгалтаар илэрсэн зөрчил:

1. Жагсаалтаар 1 сард 1,517,700 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх боловч санхүүгийн бүртгэлд 1832,700 төгрөгийн худалдан авалт хийсэн нь бүртгэгдсэн, 315,000 төгрөгийн баримт ирүүлээгүй.

2. 2 сард авсан 1,620,000 төгрөгийн баримт НӨАТ-ын баримт ирүүлээгүй.

3. 1 удаагийн бээлий 1 ширхэг 2 000 төгрөгийн үнэтэй /өндөр үнэтэй/, НӨАТ-ын баримтгүй.

4. Аарц, аарц /хуурай/ баримт нь 1,232,000 төгрөгийн зарлагын падаантай. /НӨАТ-ын баримтгүй /

5. Жагсаалтаар аарц, аарц /хуурай/ гэсэн 888,000 төгрөгийн /776,000+112,000/ төлбөрийн баримттай боловч материалын нэр нь тодорхойгүй.

6. 3 сарын 3,935,000 төгрөгийн худалдан авалтаас 330,000 төгрөгийн НӨАТ- баримттай, бусад нь баримтгүй.

Шалгалтаар илэрсэн үл нийцлийг арилгах, дахин давтан гаргуулахгүй байх талаар Гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 19-ний 1/1172 тоот албан даалгавар гарсны дараа Чингэлтэй ХҮТ-ээс 05 дугаар сарын 21-ний өдөр дахин баримт бүрдүүлж өгсөн. Уг баримтыг шалгахад илэрсэн зөрчил:

1. НӨАТ-ын төлбөрийн баримт болон зарлагын падааны дүнгүүд өөрчлөгдсөн.

2. 2 сард худалдан авалт хийсэн 1,840,000 төгрөгийн НӨАТ-ын төлбөрийн баримт 05 дугаар сарын 20-ны огноотой болж өөрчлөгдсөн.

3. Өөрсдийн буруугаас амны хаалт 1,080,000 төгрөгийг андуурч буруу тайлагнасан гэх боловч энэ нь аарц /хуурай/ нэртэй 120,000 төгрөгийн зарлагын падаантай.

4. Нийт зарцуулалтаас 1,080,000 төгрөгийг хасахад /9,215,700-1,080,000/ 8,135,700 төгрөг болох байтал ирсэн баримтын нийлбэр дүн /8907700 төгрөг/ зөрүүтэй.

Ахлах нягтлан бодогч П.Т нь НБББББ-ийн 1.3.1.2-ын Анхан шатны баримтыг бүрдүүлэх баталгаажуулах-ын 3-т Нягтлан бодогч бүрдүүлсэн анхан шатны баримтыг хянаж, няравын тайланг шалган, НББ-д тусгана, 9-т Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 10-т Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, 1.3.1.4-ын 4-т Баримт, тайлангийн тоог нягтлан шалгах, тулган баталгаажуулалгүйгээр бүртгэлд тусгах, тоог хүчээр тааруулж бариулах, 2.2.4.1.1-ын 4-т Бэлэн мөнгөний зарлагыг зорилго тодорхой бус, их дүнтэй ажил гүйлгээнд хэрэглэхээс аль болохоор татгалзана. Их дүн гэдэгт нэг удаагийн зарлагын гүйлгээ нь ХҮТ, ТТ-ийн хэмжээнд нэг сая төгрөгнөөс ихгүй байна. Энэ хязгаараас давах бол заавал харилцах дансаар гүйлгээг хийх бөгөөд хязгаар заахгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын:

1.1 НББОУС, компанийн НББ-ийн бодлогын баримт бичигт нийцүүлэн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв бүрэн хөтлүүлж, хяналт тавьж ажиллах 1.3 Ажил гүйлгээ бүрийг шалгаж, зааварчлан удирдлагаар хангаж ажиллах

2.2 Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт ажил гүйлгээний бичилтийг шалгаж нэгтгэх 8.1 Урсгал зардлыг хэмнэх бодлого боловсруулан үр дүнг тооцож ажиллах гэсэн заалтуудыг тус тус мөрдөж ажиллаагүй байна.

Иймд П.Тд дээрх дүрэм журам, баримт материал, Дотоод аудитын шалгалтын дагуу гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Пүрэвсүрэнгийн Т нь хариуцагч УБЦТС ТӨХК-д холбогдуулан Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Т нь 2010 оноос хойш УБЦТС ТӨХК-д ажиллаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч тал маргаагүй бөгөөд УБЦТС ТӨХК-ийн захирлын 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн N136 дугаар тушаалаар П.Тг нягтлан бодогчоор томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт зэргээр тогтоогдож байна /хх-ийн 6-7/.

Харин УБЦТС ТӨХК-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/410 дугаар тушаалаар, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.42, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.4.1, 7.4.4.8 дахь заалтыг үндэслэн ...Гүйцэтгэх захирлын 2020 оны 1/179 дугаар албан бичгээр өгсөн даалгавар, Компанийн 2019 оны А/319 дугаар Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, хуваарилалт, зардлын бүртгэл хийх журмыг шинэчлэн батлах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолтын 1.1-1.3, 2.2, 8.1 дэх заалтуудын зөрчсөн гэх үндэслэл зааж П.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч байгууллага нь тушаалын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн, хуурамч баримт бичиг ашигласан, санхүүгийн сахилга бат алдаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, дураараа худалдан авалт хийсэн зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь дотоод аудитын илтгэх хуудсаар тогтоогдсон гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, илтгэх хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг гаргажээ.

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д /байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.5.13/ тушаалд заасан үндэслэлийг тохирсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс П.Т нь корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын материалыг худалдан авах ажиллагааны явцад санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв бүрэн хөтлүүлж, хяналт тавьж ажиллах, ажил гүйлгээ бүрийг шалгаж зааварчлан удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй байна.

Тодруулбал ажил олгогчоос Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2020 оны 1-3 дугаар сард Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой худалдан авсан материалын анхан шатны баримтуудад шалгалт хийсэн байх бөгөөд илтгэх хуудасны дүгнэлтэд тусгагдсанаар тус төв нь 4 055 700 төгрөгийн зөвшөөрөлгүй худалдан авалт хийсэн, бараа материалыг орлогод авахдаа харилцагч байгууллагын зарлагын падааны дагуу бүртгээгүй зөрүүтэй орлогод авсан зэрэг зөрчлийг гаргасан талаар дурддаг.

Түүнчлэн нэхэмжлэгч П.Тгийн гаргасан зөрчлийг нарийвчлан заасан байх ба ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.3, 2.2, 8.1 дэх заалтуудыг нэг бүрчлэн нэрлэн заажээ.

Эдгээрт санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв бүрэн хөтлүүлж, хяналт тавьж ажиллах, ажил гүйлгээ бүрийг шалгаж зааварчлан удирдлагаар хангаж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт ажил үйлчилгээний бичилтийг шалгаж нэгтгэх, урсгал зардлыг хэмнэх бодлого боловсруулан үр дүнг тооцож ажиллах зэрэг багтжээ.

Нэхэмжлэгч П.Т нь зөвшөөрөлгүй худалдан авалт хийсэн гэх 4 055 700 төгрөгнөөс 1 500 000 төгрөгийг ажил олгогч байгууллагын данс руу шилжүүлсэн талаар хариуцагч тал маргаагүйн дээр, хариуцагч байгууллага нь энэ талаарх баримтыг хэрэгт гарган өгсөн байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний 7.4-д ноцтой зөрчлийг харилцан тохиролцсон байх боловч П.Тгийн санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв бүрэн хөтлүүлж, хяналт тавьж ажиллах, ажил гүйлгээ бүрийг шалгаж зааварчлан удирдлагаар хангаж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт ажил үйлчилгээний бичилтийг шалгаж нэгтгэх, урсгал зардлыг хэмнэх бодлого боловсруулан үр дүнг тооцож ажиллах зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой худалдан авалтын үед хангалтгүй биелүүлсэн асуудал нь хариуцагч байгууллагын тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний 7.4.4.1, 7.4.4.8-д нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд хариуцагч талын ...хөдөлмөрийн гэрээний дээрх заалтууд нь нэг бүрчлэн тохирч байгаа гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь П.Т нь ахлах нягтлан бодогч бөгөөд тэрээр байгууллагад юуг худалдан авах талаарх зөвшөөрлийг олгодог этгээд биш бөгөөд хэрэгт авагдсан корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын материал гэх жагсаалтуудыг төвийн захирал Д.Б баталж, П.Т нь хянасан гэх хэсэгт гарын үсэг зуржээ.

Шалгалт хийгдсэний дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр удирдлагаас ирүүлсэн албан бичигт зөвшөөрөлгүй худалдан авалт хийсэнтэй холбоотойгоор зохих мөнгийг нэгжүүдийн дарга, ахлан нягтлан бодогч, эдийн засагч нар 2020 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлөх талаар шаардлага хүргүүлсний дагуу П.Т 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгууллагын Төрийн банкин дах 00000000000 тоот данс руу шилжүүлсэн нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлтэд хяналт тавьж чадаагүй хариуцлагаа хүлээсэн байна.

Энэхүү хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй асуудал нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор нэг удаагийн тохиолдол гэж шүүх үзсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/179 дугаар бичгээр өгсөн албан даалгавар нь нэгжүүдийн дарга нарт хамааралтай болохоос ахлах нягтлан бодогчид ямар нэг үүрэг даалгавар өгөөгүй байна.

Хуурамч баримт бичиг ашигласан гэх тухайд гэрч Л.Эын ...худалдан авалт хийгээгүй газраасаа баримт авсан юм биш, нөхөж авсан асуудлууд байгаа гэх мэдүүлгээс харахад Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн худалдан авсан бараа бүтээгдэхүүний санхүүгийн анхан шатны баримтуудыг шууд хуурамч гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч П.Тг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгч П.Тгийн ажилгүй байсан 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх ажлын 39 хоногийн олговор 4 140 501 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Тгийн цалинг нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс /хх-ийн 6/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 2 229 500 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар/ цалин авсан байх ба 39 өдрийн /2229500:21= 106166/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 4 140 501 төгрөгөөр /106166 х 39 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч П.Т нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/410 тоот тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Тг УБЦТС ТӨХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 140 501 төгрөгийг хариуцагч УБЦТС ТӨХК-иас гаргуулан П.Тд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Тгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг УБЦТС ТӨХК -д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч УБЦТС ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81 198 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                         О.ЧУЛУУНЧИМЭГ