Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 22

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:     

      Улсын яллагч                                                    А.Энхтуяа  

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Монгол овог Дашнямын Баасанжавт холбогдох 1731000000109 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, Салхит 1-р гудамж, 107 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй,  Монгол овогт Дашнямын Баасанжав /РД:РА82070918/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Баасанжав нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Ц.Мөнхбатын эзэмшлийн тоёота приус -10 маркийн 39-13 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

            1. Шүүгдэгч Д.Баасанжавын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Алтанбулаг сумын Сараагийн буудлаас эхнэртэйгээ гарч ирээд дэлгүүрээс юм аваад явах гэж байтал Улаанаа Пүүжээ 2-той таарсан. Надаас 2000 төгрөг асуухаар нь өгсөн чинь дэгүүрээс архи аваад Мөнхбатынд очиж ууя гэхээр нь хамт уусан. Тэгээд Пүүжээгийнд хоол идээд архиа хувааж ууцгаасан. Дахиад Бямба эгчийн дэлгүүрээс 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи 2 пивотой аваад хувааж уусан. Би нэг мэдсэн чинь машин жолоодоод өөр нэг машиныг мөргөсөн байсан гэв.

 

2.Хохирогч Ц.Мөнхбатын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн приус -10 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Бугант тосгонд ирсэн. Учир нь манай хоёр найз самар их гарч байна хүрээд ир гэсэн. Тэгээд хоёр хоног найз нартайгаа самарт явахаар хөөцөлдөж 2 хоносон. Ингээд мөнгө төгрөгөөр шатаж байхаар больё гээд Сэлэнгэ рүү аав ээж рүүгээ явсан. Ингээд 2017 оны 11 сарын 14-ний өдөр Алтанбулаг суманд гэрт хоол унд идчихээд найз нөхөдтэйгээ уулзалдсан ба модонд явах ажил гараад 2 хоног хүний модонд хөлсөөр явж өгсөн. Аав ээж хоёр Орос руу бараа зарна гээд 2-3 хоногоор явсан. Над руу Улаанаа буюу Мөнгөнтөгс залгаад та намайг гэр рүү хүргээд өгөөч “Хөх чулуут”-ын гадна байж байна гэж ярьсан. Намайг очих үед Мөнгөнтөгс, Пүрэвдорж нар хамт байсан ба урьд шөнө архи уусан дотор муу байна гэж ярьж байсан. Тэгээд “Самбуу” гэх дэлгүүрийн гадна Пүрэвдорж, Мөнгөнтөгс нар буугаад миний зүс таних Баасанжав гэж хүнээс мөнгө нэмээд 1 шил 0.75 граммын Ерөөл архи авсан. Ингээд бүгдээрээ манай гэр рүү явсан. Ингээд манайд ирээд архиа хувааж ууцгаасан. Эхний архинаас би бараг уугаагүй. Тэр хүмүүс хоол унд хийж өгөхөд архи нь дуусан байсан. Гэтэл Баасанжав “би дахиад 1 шил архи авъя машинтайгаа яваад өг” гэхээр нь за гээд Баасанжав, Пүрэвдорж бид 3 дэлгүүр явсан. Манай гэрт Мөнгөнтөгс үлдсэн. Тэгээд Ерөөл архи 2 лааз пиво авч ирсэн. Ингээд машинаа хашааны гадна тавиад түлхүүрээ аваад гэрт орсон. Гэрт ороод түлхүүрээ хоолны шүүгээн дээр тавьж орхиод авсан архи пивийг бид 4 хувааж уусан. Архи дуусахад Мөнгөнтөгс согтоод унтаад өгсөн. Ингээд Баасанжав бид 2 сууж үлдэхэд надад хандаж би хойшоо хил орлоо гэж хэлээд гарч явсан. Гэрээс гарч явж байгаа нь сонсогдсон. Ингээд би гарч шээе, гадаа хаалгаа хаая гэж бодоод гэрээс хаалгаа онгойлгох үед машины хаалга хаагдах чимээ гарсан. Ингээд юу билээ гээд машин руугаа очоод харахад машин хөдлөөд явсан би араас нь гүйсэн. Баасанжавыг унаад явчихлаа гэдгийг мэдсэн. Араас нь гүйгээд гүйцээгүй. Маш хурдан алга болчихсон. Ингээд хаашаа явсныг нь мэдээгүй ямартаа ч хил явна гэж байсныг нь санаад хил рүү явж байтал миний танил Энхцэцэг эгч машинтайгаа явж байхаар нь хил рүү дөхүүлээд өгөөч гэхэд за гээд машинд нь суугаад явж байхад хөх чулуутын ойролцоо хар зам дээр миний машин соната 6 маркийн машинтай мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Санота 6 маркийн машины зүүн талаас мөргөсөн арын дугуйг нь салгасан байдалтай санота 6 маркийн машин замын хажууханд зогсож байсан. Машин руугаа очиход Баасанжав согтуу сууж байсан. Санота 6- маркийн машины жолооч ах надад хэлэхдээ намайг зүгээр зүгсож байхад ирээд мөргөчихсөн. Би яг хөдөлгөөнд оролцохоор зам руу орж байхад урсгал сөрж орж ирээд мөргөсөн гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/

3.Гэрч Я.Лхагванямын 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 11 сарын 19-ний өдөр хил дээр хүн авч явахаар зогсоход хүн олдохгүй байсан ба хүнгүй болохоор нь зам дагуу хүн үзэхээр хилээс доошоо уруудаад засмал замаар явсан. Тэгээд явж байтал Хөх чулуут нэртэй караокены хажуугаас нэг хүн гараа өргөсөн тэгээд замаа чөлөөлөөд өөрийн урсгалын хөвөө шороо хэсэг рүү машинаа гаргаж зогсоогоод тухайн хүнээс хаашаа явах талаар нь асуухад орой нэг хүүхэд аймаг руу явуулъя гэж ярьсан. Тэгээд за гэж хэлчихээд утасны дугаарыг нь аваад хөдлөөд дөнгөж засмал зам руу дарж орох үед өөдөөс нилээн хурдтай приус 10 юм уу 11 маркийн саарал өнгийн машин урсгал сөрж орж ирээд яах ийхийн зуургүй шууд миний машины зүүн урд талын дугуй руу мөргөөд арагшаа давхар мөргөөд арын дугуйг хуг мөргөөд машин нь засмал замын гол хэсэгт очиж зогссон. Ингээд би машинаасаа буугаад шууд машин руу гүйгээд очиход машин дотор миний зүс таних Д.Баасанжав шал согтуу машин нь асаалттай байхаар нь машиныг нь унтрааж түлхүүрийг нь сугалж аваад “чи яаж байнаа” гэхэд “яасын“ гээд юу болж байгааг мэдэхгүй шахуу шал согтуу байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

4.Гэрч Б.Бүрнээгийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 11 сарын 19-ний өдөр зохицуулагч Батбаярын утас руу хүн залгаж зам дээр осол гарсан байна гэж мэдээлсэн. Хэргийн газар очиход 2 машин мөргөлдсөн байдалтай байсан ба 39-13 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 10  юм уу 11 маркийн мөшин урсгал сөрж санота 6 маркийн 56-05 СЭА улсын дугаартай автомашины зүүн талаас нь мөргөсөн байдалтай байсан. Приус маркийн машины дотор Алтанбулаг сумын иргэн Д.Баасанжав гэх залуу үрүүл дээр нь шал согтуу байдалтай сууж байсан. Энэ үед маштны жолооч гэх Мөнхбат гэх залуу ирсэн байсан. Миний машиныг надад мэдэгдэлгүй аваад явчихсан араас нь гүйж ирэхэд осол гарчихсан байсан гэж согтуу яриад байсан. Ингээд авч явж эрүүлжүүлсэн.....гэх мэдүүлэг /хавтаст хэргий5.н 35-36 дугаар хуудас/

5.Шинжээчийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн №111 тоот:

Хариулт 1: Санота -6 маркийн 56-06 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Лхагваням нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчөөгүй байна.

Хариулт 2: Тоёота приус маркийн 39-13 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Баасанжав нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу торйон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.

Хариулт 3: Тоёота приус маркийн 39-13 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Баасанжав нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг 2.7 Жолоочид  дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу торйон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс осол гарсан гэж үзэв.

Хариулт 4: Нэмэлт хариулт байхгүй болно ...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

6.Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

7.Шүүгдэгч Д.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 сарын 08-нд яллагдагчаар өгсөн...2017 оны 11 сарын 19-ний өдөр Алтанбулаг суманд өдрийн 12 цагийн үед байх би 5 давхар байрны хажуугийн “Самбуу” Сараагийн гэх дэлгүүрээс тамхи авчихаад гарч ирээд тамхиа татаад зогсож байхад миний хажууд приус 10 маркийн машинтай Улаанаа Пүүжээ нар явж байсан. Машиныг миний зүс таних залуу жолоодож явсан. Ингээд дүү нар надад хандаж “ах ганц юм авах гэсэн чинь мөнгө дутаад байна танд нэмэрлэх мөнгө байна уу” гэж асуухаар нь өөрт байсан 2500 төгрөгөө өгөөд 1 шил 0.75 граммын Ерөөл архи авсан. Ингээд Мөнхбат гэх залуугийн гэр рүү явцгаасан. Очиход гэрт нь ямар нэг хүн байгаагүй. Ингээд архиа уух зуур Пүүжээ дүү шөлтэй хоол хийж өгсөн. Тэгээд архи дуусахаар нь Мөнхбатаар машиныг нь бариулаад Пүүжээ бид 3 явж дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл архи 2 лаазтай Сэнгүр пиво зээлж аваад Мөнхбатын гэр рүү нь очоод авсан архи пивийг уусан. Ингээд нилээн бүрэнхий болсон үед Пүүжээ Улаанаа нар унтлаа гээд хэвтэж харагдсан. Мөнхбат сууж байсан. Ингээд би гадаа гарч шээхээр гэрээс гарч байснаа санаж байгаа шээчихээд Мөнхбатын машинд орж суусан. Тэгээд цонхыг нь онгойлгож тамхи татсанаа мөн хагас дутуу санаад байгаа юм. Ингээд юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн машины жолооны ард ганцаараа сууж байсан. Приус 10 машин санота-6 машинтай мөргөлдсөн байдалтай замын хажуу тийшээ гарчихсан байсан. Миний биед ямар нэгэн шарх гэмтэл учраагүй байсан.  ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр дугаар хуудас/,

8.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 07-12 дугаар хуудас/

9.Согтуурал шалгах хуудас /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/

10.Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай /хавтаст хэргийн 15-18 дугаар хууудас/

11.Шүүгдэгч Д.Баасанжавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50, 54-56 дугаар  хуудас/

12.Шүүгдэгч Д.Баасанжавын урьд захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-73 дугаар  хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Баасанжавын гэм буруу, хохирогчийн эд хөрөнгийн

хохирлын талаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Монгол овог Дашнямын Баасанжавыг  согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Ц.Мөнхбатын эзэмшлийн тоёота приус -10 маркийн 39-13 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 04 дугаартай яллах дүгнэлтийг 2018 оны 01 сарын 04-ний өдөр үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Хохирогч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ингээд Баасанжав бид 2 сууж үлдэхэд надад хандаж “би хойшоо хил орлоо” гэж хэлээд гарч явсан. Гэрээс гараад явж байгаа нь сонсогдсон. Ингээд би гарч бие засъя, гадаа хаалгаа хаая” гэж бодоод гэрийн хаалгаа онгойлгоод гарах үед машины хаалга хаагдах чимээ гарсан. Юу билээ гээд машин руугаа очоод харахад машин хөдлөөд явсан би араас нь гүйсэн. Баасанжавыг унаад явчихлаа гэдгийг мэдсэн. Араас нь гүйгээд гүйцээгүй. Маш хурдан алга болчихсон. Ингээд хаашаа явсныг нь мэдээгүй ямартаа ч хил явна гэж байсныг нь санаад хил рүү явж байтал миний танил Энхцэцэг эгч машинтайгаа явж байхаар нь хил рүү дөхүүлээд өгөөч гэхэд за гээд машинд нь суугаад явж байхад Хөх чулуут”-ын ойролцоо хар зам дээр миний машин соната 6 маркийн машинтай мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Санота 6 маркийн машины зүүн талаас мөргөсөн арын дугуйг нь салгасан байдалтай санота 6 маркийн машин замын хажууханд зогсож байсан...” гэх, хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудсанд байгаа гэрч Я.Лхагванямын мэдүүлэг, хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд байгаа гэрч Б.Бүрнээгийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудсанд байгаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэнгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Баасанжав нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Ц.Мөнхбатын эзэмшлийн “тоёота приус-10” маркийн 39-13 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан байна.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд хуульд нийцсэн, хуулийн шаардлага хангасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Дээрхи нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг бүрэн төлж гэм хорыг арилгасан байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцов.

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт “...450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, заасан ялаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан  500 нэгжээр торгох ялыг сонгон авч хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Баасанжав нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол овгийн Дашнямын Баасанжавыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Монгол овгийн Дашнямын Баасанжавыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Ялтан Д.Баасанжав нь гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

5.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ