Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00269

 

 

 

 

 

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 182/ШШ2020/02487 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн хариуцагч “ГНТ ” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 6 343 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, Ч.Дэлгэрдаваа, хариуцагчийн төлөөлөгч Ч.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартааГНТ  ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, талд байрлах 132 м.кв талбайд машин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2019.6.6-ны өдрөөс 2019.10.31-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Гэрээний хугацаа дууссан, төлбөрийг төлөөгүй. Компанийн зүгээс албан бичгээр төлбөр, алданги төлж,  байршуулан ашиглаж байсан эд зүйлээ авч, газрыг хуучин хэвэнд нь оруулахыг удаа дараа шаардсан. Түрээслэгчийн зүгээс тодорхой хугацаа зааж, төлбөрийг төлнө гэдэг ч үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд түрээсийн төлбөр 2 720 000 төгрөг, түрээсийн гэрээний 3.2.2-т заасны дагуу 2020.4.20-ны өдрийн байдлаар алданги 3 823 400 төгрөг, нийт 6 343 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ГНТ ” ХХК нь 2017 оноос 2019 он хүртэл Зайсан дахь Миний дэлгүүрийн талбайд өөртөө үйлчлэх машин угаалгын үйл ажиллагаа эрхэлсэн. Уг үйл ажиллагаа нь 5 сараас 10 сарын хооронд дулааны улиралд ажилладаг ба сарын 1 300 000 төгрөгийн түрээсээр  2017-2018 оны хооронд 13 000 000 төгрөгийг  түрээст төлсөн.  2019 онд  манай үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан тул манай талаас хүсэлт гаргаж 2019 оны зун ажиллахаар тохирч 6 дугаар сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаа эхэлсэн боловч 7, 8 сард бороо ихээр орж орлого олоогүй. Тэгээд 9,10 сард нөхөн төлөх хүсэлт гаргасан боловч тог тасалж үйл ажиллагаа бүрэн зогссон. Анхнаасаа дархан цаазат газрын нутаг дэвсгэрт газар түрээсэлж, хууль бус гэрээ байгуулсан тул түрээсийн төлбөр, алданги төлөхгүй гэжээ.

 

                Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГНТ ” ХХК-иас 3 780 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 563 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 116 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГНТ ” ХХК-иас 75 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

                Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэргийн  үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй.   “ГНТ ” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхтэй газар автомашин угаалгын үйлчилгээ явуулах боломжгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч нуун дарагдуулсан. “ГНТ ” ХХК нь автомашин угаалгын газар барьсны дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас угаалгын газар явуулах боломжгүй болохыг 2020.7.10-ны үеэр мэдэж нэг ч удаа угаалгын үйл ажиллагаа явуулж чадаагүй тул түрээсийн гэрээний үүрэгт 2 520 000 төгрөг, алданги 1 260 000 төгрөг шаардах эрхгүй.

                “ГНТ ” ХХК нь “Х ” ХХК-тай байгуулсан 2019.6.6-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу автомашин угаалгын газраа ашиглаагүй түрээсийн орлого олоогүй, түрээсийн газрыг автомашин угаалгын зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулсан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд нийцэхгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

                Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр  2 720 000 төгрөгалданги 3 623 400 төгрөг нийт 6 343 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх 43/

 

                Талууд 2019 оны 6 дугаар сарын 6-нд Хан-уул дүүргийн 11-р хороо, тоот 132 м.кв талбайтай газрыг машин угаалга чиглэлээр ашиглахаар түрээсийн гэрээ байгуулсан. /хх 10-12/

 

                Гэрээнд 1 м.кв талбайн сарын төлбөр 9 090 нийт 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд гэрээг бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримт талуудын тайлбар, гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогджээ. /хх 10-12/

               

                Нэхэмжлэгчийн хариуцагчид түрээслүүлсэн газар нь дархан цаазат газар байх бөгөөд нэхэмжлэгч дээрх газрыг 2012 оны 6 дугаар сарын 20-ноос 2022 оны 4 дүгээр сарын 27 хүртэл ашиглах эрхтэй болох нь газрын гэрчилгээ, хавсралт, гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх 19-24/

 

Газрын зориулалт нь  аялал жуулчлал байх бөгөөд Улсын тусгай хамгаалалттай  газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээний дөрөвийн 11-д  газрыг зориулалтын дагуу ашиглана гэж заасан. /хх 21-22/

 

Хариуцагч нь дээрх газар дээр машин угаалгын үйл ажиллагаа явуулж, байгууламж, тоног төхөөрөмж суулгасан, талууд харилцан мэдэгдэл хүргүүлж, хариу өгч байсан үйл баримт тогтоогдсон. /хх 9, 25, 26/

 

                Нэхэмжлэгчийн “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  менежер түрээсэлж байсан газарт очиж шалгалт хийсэн. “ГНТ” ХХК нь бусдад тус газрыг дамжуулан түрээсэлсэн байсан. Хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эд хөрөнгөө орхиод өдийг хүртэл 1 жил 2 сарын хугацаанд талбайг чөлөөлөөгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. Хариуцагч “одоо 20 000 000 төгрөгийн байгууламж нэхэмжлэгчийн газар дээр байгаа. Энийг яах вэ гэдэг асуудал шийдэгдээгүй” гэж тайлбарлажээ. /хх 106-116/

 

                Талууд түрээс, алданги төлөх эсэхэд  маргаантай байна.

 

                Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд тухайн хуулиар газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан.

               

                Нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж буй газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн З дугаар зүйлийн 1.1-д зааснаар дархан цаазат газар бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

                Нэхэмжлэгч нь дээрх газар дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай  хуулийн 5/-д зааснаар аялал жуулчлалынхаас өөр барилга байгууламж барих, мөн хуулийн 6/ -д зааснаар хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах эрхгүй.

 

Тусгай хамгаалалттай газар нутагт машин угаалгын үйл ажиллагаа явуулахаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

Хэрэгт талуудын хоорондын гэрээ хэрэгжээд дууссан, хариуцагч нь нэхэмжлэгчийн  газрыг чөлөөлж өгөхгүй саатуулж байгаа үйл баримт тогтоогдсон. Иргэний хуульд зааснаар хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул бусдын эзэмшлийн газрыг чөлөөлөхгүй байгаа хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар  зүйлийн 492.1.1-д зааснаар  төлбөрийг гаргуулах нь зүйтэй.  Нэхэмжлэгч нь төлбөрт 2 720 000 төгрөг шаардсанаас 200 000 төгрөгийг урьдчилж авсан тул суутган тооцож 2 520 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, анз гэх  3 623 400 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

                Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж  буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9-д заасан буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлээр анз шаардах эрхгүй юм.

 

                Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2 520 000 төгрөг гаргуулж, анз гэх  3 623 400 + 200 000  нийт 3 823 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

               

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 182/ШШ2020/02487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГНТ ” ХХК-аас 2 520 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 823 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын  “...75 430 төгрөг” гэснийг “...55 270 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                

                                                 ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                                                            Ш.ОЮУНХАНД