Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2020/02487

 

    2020        11         04

                   182/ШШ2020/02487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, давхар хаягт байрлах, /регистрийн дугаар /, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, Г ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 6,343,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг, Ч.Дэлгэрдаваа, хариуцагчийн төлөөлөгч Ч.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд болон төлөөлөгч Ж.Э, Ч.Д нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК нь манай компанийн эзэмшлийн Дүүрэг, хороо, , -ийн хойд талд байрлах 132 м.кв талбайд машин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Түрээсийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Түрээсийн гэрээний хугацаа дууссан бөгөөд түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс албан бичгээр Түрээсийн гэрээний дагуу төлбөр болон алданги төлж барагдуулах үйл ажиллагаа явуулж байхдаа байршуулан ашиглаж байсан эд зүйлээ авч, газрыг хуучин хэвэнд нь оруулж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Түрээслэгчийн зүгээс тодорхой хугацаа зааж, төлбөрийг төлнө гэдэг хариу ирүүлдэг байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд түрээсийн үндсэн төлбөр 2,720,000 төгрөг, түрээсийн гэрээний 3.2.2-т заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар алданги 3,823,400 төгрөг нийт 6,343,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Ч.Баттулга шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа:  Манай  Г ХХК нь 2017 оноос 2019 он хүртэл  дахь “Миний дэлгүүр”-ийн талбайд өөртөө үйлчлэх машин угаалгын үйл ажиллагаа эрхэлсэн. Уг үйл ажиллагаа нь 5 сараас 10 сарын хооронд дулааны улиралд ажилладаг ба сарын 1,300,000 төгрөгөөр түрээсэлсэн.  2017-2018 оны хооронд 13,000,000 төгрөгийн түрээс төлсөн. 2019 онд “Миний дэлгүүр” манай үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан тул манай талаас хүсэлт гаргаж 2019 оны зун ажиллахаар тохирч 6 дугаар сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаа эхэлсэн боловч 7, 8 сард бороо ихээр орж орлого олоогүй. Тэгээд 9,10 сард нөхөн төлөх хүсэлт гаргасан боловч “Миний дэлгүүр” тог тасалж үйл ажиллагаа бүрэн зогссон. “Миний дэлгүүр”-ийн захиргаа анхнаасаа дархан цаазат газрын нутаг дэвсгэрт газар түрээсэлж, хууль бус гэрээ байгуулсан тул түрээсийн төлбөр, алданги төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6,343,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

 

Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар түрээсэлж, Мэргэжлийн хяналт үйл ажиллагаа явуулж болохгүй гэж амаар мэдэгдсэн тул түрээсийн төлбөр, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дүүрэг, хороо,  -ийн хойд талд байршилтай, 132 м.кв талбайтай газрыг Авто угаагын зориулалтаар 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай , түрээсийн нэг сарын төлбөрт 1,200,000 төгрөг төлөхөөр тохирч түрээсийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 10-12 тал/-гээр тогтоогдож байна.  

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 242 тоот тушаалын хавсралтаар Х ХХК-нд Дүүрэг, хороо,  -ийн хойд талд байршилтай 0,8 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу 5 жилийн хугацаагаар олгож Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2012/50 дугаартай гэрчилгээ, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2012/50 тоот гэрээ байгуулсан байжээ.

 

Хариуцагч Г ХХК нь Автомашины угаалга үйлчилгээний чиглэлтэй хуулийн этгээд болох нь /регистрийн дугаар 5278082/ Улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх-ийн 35 тал/ нотлогдож байна. 

Хариуцагч Г ХХК нь түрээсийн гэрээг Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа боловч түрээслүүлэгч нь тухазйн газрын зарим хэсгийг түрээсэлсэн байх ба Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэг зөвхөн түрээслүүлэгчийн үүрэг бус түрээслэгч Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрх нь нээлттэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.

 

Түрээслэгч Г ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэгт 2,720,000 төгрөгийн төлөлт хийгээгүй тухайд маргаагүй бөгөөд түрээслэгч нь “2019 оны түрээсийн төлбөр болох 2,720,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах болно” гэх Мэдэгдэлийн хариуг /хх-ийн 26 тал/ хүргүүлсэн байх ба Мэргэжлийн хяналт үйл ажиллагаа явуулж болохгүй гэж амаар мэдэгдсэн гэх татгалзалаа баримтаар нотолж чадаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Г ХХК-иас “2019 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөрт 600,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрт 920,000 төгрөг нийт 2,720,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги 3,623,400 төгрөг нийт 6,343,400 төгрөг шаардаж байна” гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.2.2-т “гэрээнд заасан түрээсийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж тохиролцжээ.  

 

Хариуцагч Г ХХК-иас түрээсийн төлбөрт 2,720,000 төгрөг төгрөгийг гаргуулж үүнээс дэнчин болох 200,000 төгрөгийг хасч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг 2,520,000 төгрөгт алданги тооцож алданги 1,260,000 төгрөг нийт 3,780,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2,563,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 3,780,000 /гурван сая долоон зуун наян мянга / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,563,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 116,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 75,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2020/07521 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ