Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02417

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02506 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э- миний бие Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-тай аман гэрээ хийж, 2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б- ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарыг хариуцан ажиллаж ирсэн. Ингэхдээ хариуцагч Б- ХХК нь Дархан-Уул аймагт байрлах газар, барилга байгууламжид манаач ажиллуулан, манаачид цалингаас гадна жил болгон нүүрсний төлбөр өгдөг байсан. Б- ХХК-ийн захирал Баяраа нь 2009 он хүртэл надаар дамжуулан манаачийн нүүрсний төлбөрийг өгч байсан. Тухайн үед нүүрсний төлбөр нь 250 000 төгрөг байсан. 2010, 2011 онд нүүрсний төлбөр 300 000 төгрөг болсныг мөнгөөр бус Хөх ган ХК-иас нүүрсээр өгсөн. 2012 оноос нүүрсний төлбөр жилийн 400 000 төгрөг болсон. Б- ХХК-ийн захирал Ц.Б-аас та нүүрсний төлбөрийг өгч бай, дараа нэг мөр Б- ХХК-иас олгох болно гэсэн учир миний бие 2012, 2013 оны нүүрсний төлбөрт жил бүр 400 000 төгрөгийг манаачид өгч, Б- ХХК-иас мөнгийг надруу шилжүүлдэг байсан. Гэтэл 2014 оноос мөн адил та өгч бай гэсэн учир миний бие 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудын манаачийн нүүрсний төлбөрт жил бүр 400 000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. 2019 оны 11 дүгээр сард ажил хүлээлцэх болоод 2014-2018 онуудын компанийн өмнөөс манаачид өгсөн нүүрсний төлбөр нийт 2 000 000 төгрөг болсныг хэлэхэд өгнө, баримтуудаа аваад ир гэж байснаа, сүүлдээ өгөхгүй, шүүхдээ ханд гэх болсон. Иймд Б- ХХК-иас манаачийн нүүрсний төлбөрт төлсөн 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б- ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Т.Э-ын гаргасан манаачийн нүүрсний зардалд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компани нь Т.Э-той гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болно. Нэхэмжлэгч Т.Э- нь Ц.Б- гэж хүнтэй амаар тохирсон байх. Тэгэхээр хувь хүнтэй холбоотой асуудлыг өөртэй нь ярих нь зүйтэй. Мөн тухайн асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Яагаад 2013, 2014 оны төлбөрийн асуудлыг одоо ярьж байгаа юм. Нэхэмжлэгч Т.Э- нь манаачаар ажилласан байсан В.Т-тай хамаатан садны харьцаатай юм билээ. Тийм учраас шүүхэд гаргасан В.Т-ын тодорхойлолт гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б- ХХК-иас 1 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 33 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонбаганад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Б- ХХК-тай манаачийн нүүрсний төлбөр төлөх асуудлаар огт тохиролцож, гэрээ хэлцэл байгаагүй. Тухайн асуудлаар захирал Ц.Б-тай амаар гэрээ хийсэн буюу хувь хүнтэй тохиролцсон талаараа нэхэмжлэгч нь тайлбарласан байхад анхан шатны шүүхээс хариуцагч Б- ХХК-иас 1 200 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Б- ХХК нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг үүсэх хэлцэл хийгээгүй, үйл явдал болоогүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр хариуцагчийг тодорхой болголгүйгээр нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02506 дугаар шийдвэрээр Б- ХХК-иас манаачийн нүүрсний төлбөрт 1 200 000 төгрөгийг гаргуулж, Т.Э-од олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг буруу бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие хариуцагч Б- ХХК-ийн захирал Ц.Б-тай тохиролцож, 2007 оноос хойш тус компанийн Дархан-Уул аймаг дахь салбарыг хариуцан ажиллаж байсан, Б- ХХК нь цалингаас гадна манаачийн нүүрсний төлбөрт жилд 400 000 төгрөг өгдөг байсан бөгөөд 2014-2018 оны манаачийн нүүрсний төлбөрийг намайг өгчих, дараа тооцоо хийнэ гэсэн учир би хариуцагч компанийн өмнөөс манаач В.Т-д нийт 2 000 000 төгрөг өгсөн тул 2 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч нь хариуцагч Б- ХХК-тай гэрээ байгуулаагүй, захирал Ц.Б-тай амаар тохиролцсон тул компани хариуцахгүй гэжээ.

 

Хариуцагч Б- ХХК нь 2014-2019 онд Дархан-Уул аймаг дахь үйлдвэртээ манаачаар В.Т-ыг ажиллуулж, цалингаас гадна жилд 1 удаа нүүрсний төлбөр олгож байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч В.Т-ын мэдүүлэг, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 25/02 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 29, 39, 46-47, 49-р тал/

 

Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагч Б- ХХК нь 2013-2014 оны манаачийн нүүрсний төлбөрийг нэхэмжлэгч Т.Э-ын дансанд шилжүүлжээ. Уг хугацаанаас хойш 2018 он хүртэл манаачийн нүүрсний төлбөрт жилд 300 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Э-оос авч байсан талаар гэрч В.Т- мэдүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарах юм. Иймд нэхэмжлэгч Т.Э-ыг хариуцагч Б- ХХК-ийн өмнөөс манаач В.Т-д нүүрсний төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан тул 2014-2018 оны нүүрсний төлбөрийг 1 жилд 300 000 төгрөгөөр тооцож, нийт 1 200 000 төгрөгийг хариуцагч Б- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Т.Э-од олгож, нэхэмжлэлээс 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн нэрийг буруу бичсэнийг залруулан өөрчлөх боломжтой.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Т.Э- нь манаачийн нүүрсний төлбөр төлөх асуудлаар хариуцагч Б- ХХК-тай тохиролцоогүй, тухайн асуудлаар захирал Ц.Б-тай амаар гэрээ хийсэн гэжээ. Гэвч хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Б- болох нь хариуцагч Б- ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоогдсон байх тул манаачийн нүүрсний төлбөрийг компани хариуцахгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дах заалтын ... хариуцагч Т.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 33.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонбаганад олгосугай. гэснийг хариуцагч Б- ХХК-иас 33 350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Э-од олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ