Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01144

 

Т.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02506 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2417 дугаар магадлалтай,

Т.Эын нэхэмжлэлтэй,

“БГ” ХХК-д холбогдох,

Манаачийн нүүрсний төлбөрт төлсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “БГ” ХХК-д холбогдуулан манаачийн нүүрсний төлбөрт төлсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02506 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БГ” ХХК-аас 1,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Эод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 33,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонбаганад олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2417 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02506 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... хариуцагч Т.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 33,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонбаганад олгосугай.” гэснийг “хариуцагч “БГ” ХХК-аас 33,350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Эод олгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар “БГ” ХХК-аас манаачийн нүүрсний төлбөрт 1,200,000 төгрөгийг гаргуулж Т.Эод олгохоор шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “БГ” ХХК-тай манаачийн нүүрсний төлбөр төлөх асуудлаар огт тохиролцож, гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Тухайн асуудлаар амаар гэрээ хийсэн буюу хувь хүнтэй тохиролцсон талаараа нэхэмжлэгч нь тайлбарласан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч “БГ” ХХК-аас 1,200,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, Иргэний хуулийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу “БГ” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг үүсэх хэлцэл хийгээгүй, үйл явдал болоогүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн жинхэнэ хариуцагч биш байхад үндэслэлгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “БГ” ХХК-аас 1,200,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно.” гэж заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан манаачийн нүүрсний төлбөр гаргуулах бүхий харилцаанд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд иргэн Т.Эын өмнө “БГ” ХХК нь төлбөр төлөх үүрэг үүсээгүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар “БГ” ХХК-аас манаачийн нүүрсний төлбөрт 1,200,000 төгрөгийг гаргуулж Т.Эод олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч “БГ” ХХК-д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “тус компанийн захиралтай тохиролцож Дархан-Уул салбарыг хариуцан ажиллаж байсан, 2014-2018 онуудад манаачид өгөх нүүрсний төлбөрийг намайг өгчих, дараа тооцоо хийнэ гэсэн учир хариуцагчийн өмнөөс манаач В.Тогоодуламд мөнгийг өгсөн тул гаргуулна” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “компани нь Т.Этой гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй, Т.Э нь захирал Ц.Батбаяртай амаар тохирсон байх, хувь хүнтэй холбоотой асуудлыг компани хариуцахгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Т.Э нь манаач В.Тогоодуламтай садангийн харьцаатай” гэжээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн техникийн шинжтэй алдааг залруулж энэ үндэслэлээр өөрчлөлт оруулсан байна.

8.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9.“БГ” ХХК нь нэхэмжлэгчээр дамжуулж буюу түүний дансанд мөнгө шилжүүлэх замаар 2013-2014 оны онуудад Дархан-Уул аймаг дахь үйлдвэрийн манаач В.Тогоодуламд нүүрсний үнэд жилд 400,000 төгрөг шилжүүлж байсан нь тогтоогдсон, уг хугацаанаас хойш 2018 он хүртэл 4 жилийн туршид нүүрсний үнэд жилд 300,000 төгрөгийг Т.Эоос авч байсан тухай В.Тогоодулам гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн, эдгээр баримтыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

10.Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болохыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан, иймээс нотлогдсон хэмжээгээр хариуцагчаас нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй болно.

11.“БГ” ХХК-ийн ажилтан В.Тогоодуламд олгогдох ёсгүй нүүрсний үнийг нэхэмжлэгч дур мэдэж олгосон гэх үндэслэл тогтоогдоогүй тул “компани болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээ хэлцэл байгуулагдаагүй, нэхэмжлэлийг хариуцах этгээд биш” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

12.Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “БГ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал/-ийн 2021.01.28-ны өдөр 33,350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД