Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/01092

 

Л.Булганы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03828 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1259 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Булганы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Гомбожавд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Энхжин, хариуцагчийн төлөөлөгч Ц.Нацагдорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 4 сард 2.000.000 төгрөгийг сарын 10 хүүтэй зээлүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээг амаар тохирч байгуулсан бөгөөд 2.000.000 төгрөгийг Т.Гомбожавын данс руу шилжүүлсэн. Үүнээс 2 сарын дараа Т.Гомбожав нь зээлийн хүү гэж 600.000 төгрөг төлсөн. Сүүлд 300.000 төгрөг, 200.000 төгрөг, 1.000.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг өгөөгүй. Ингээд 2015.11.10-ны өдөр Л.Булган, Т.Гомбожав бидний хооронд "Төлбөр барагдуулах" гэрээ байгуулагдаж өмнө зээлсэн 2.000.000 төгрөг болон хүүгийн хамт нийт 3.850.000 төгрөгийг 2016.01.25-ны өдрийн дотор төлөхийг харилцан зөвшөөрч гэрээ байгуулсан.Уг мөнгийг хариуцагч төлөөгүй тул Т.Гомбожаваас 3.850.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282.1, 282.3-т заасан шаардлага хангаагүй тул хүү төлөх үүрэг үүсээгүй. Т.Гомбожав, Л.Булган нарын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 282.3-т нийцээгүй. 2 сая төгрөгийг буцаан төлөх үүрэг 2015.11.10-ны өдрийн "Төлбөр барагдуулах хэлцэл"-ээр дуусгавар болсон нь хэргийн нотлох баримтаар гэрчлэгдэж байна. Хариуцагч 2014.04.03-ны өдөр хүү тогтоогоогүй зээлийн гэрээг амаар байгуулсан боловч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03828 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг баримтлан Т.Гомбожаваас 3.850.000 төгрөг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1259 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Гомбожавт холбогдох 3.850.000 төгрөг гаргуулах тухай  Л.Булганы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь анх хариуцагчид 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд талууд зээлийн хүүгийн талаар харилцан тохиролцсон. 2016.01.25-ны өдрийн 3.850.000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ баталж бичин, хууль ёсны дагуу нотариатаар баталгаажуулан Төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Хэрвээ мөнгө төлөх ёсгүй байсан бол 2015.11.10-ны өдөр төлхөө баталж гэрээ байгуулахгүй байсан. 2015.02.01-ний өдөр өөрийн гараар 2015.03.15-ны өдрийн дотор 3.400.000 төгрөг төлнө гэж бичсэн баталгаа нь хүртэл байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 189.1-д заалттай нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн бид амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүү нэхэмжлээгүй. Харин талуудын өөрсдийн хүсэл зоригийн дагуу харилцан зөвшөөрч, тооцоо нийлж баталгаажуулан, хэн нэгний дарамт шахалтгүйгээр гэрээ байгуулсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Булганы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж Т.Гомбожаваас зээлийн гэрээний үүрэгт нийт 3.850.000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” болон 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн баримтыг /хх 5, 6/ үндэслэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна. /хх 1, 17 /

Анхан шатны шүүх хариуцагчаас 3.850.000 төгрөг гаргуулж Л.Булганд олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. /хх 25-29, 41-45/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...бид амаар байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүг нэхэмжлээгүй, харин дарамт шахалгүй хийсэн төлбөр барагдуулах гэрээний үүргийг буюу хариуцагч хүсэл зоригоо илэрхийлж төлөхийг зөвшөөрсөн 3.850.000 төгрөгийг шаардсан...” гэсэн үндэслэл заасан байна. /хх 49/

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Т.Гомбожав нь Л.Булганаас 2014 оны 04 дүгээр сард 2.000.000 төгрөгийг амаар тохиролцон зээлж 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2.150.000 төгрөг буцааж төлсөн талаар зохигчид маргаагүй мөн 2014 оны 04 дүгээр сард зээлүүлсэн уг  2.000.000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотойгоор талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хоёр баримтыг /хх 5, 6/ үйлдсэн талаар нэхэмжлэгч нь тайлбартаа дурдсан /хх 1, 21/ тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сард амаар тохиролцон хариуцагчид 2 сая  төгрөг зээлүүлсэн бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдах хэдий ч зохигчид нь 2 сая төгрөгт хүү тооцох талаар 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тохиролцсон байна. /хх 5/

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Талууд 2 сая төгрөгт хүү тооцох талаар тохиролцсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 43, 196 дугаар зүйлд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний талаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн ч нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулна.   

“Төлбөр барагдуулах гэрээ” –с үзвэл /хх 6/ хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид 2.150.000 төгрөг төлсөн байхад зээлдэгчээс нэмж 3.850.000 төгрөг авах талаар тохиролцсон тооцооны үндэслэлийг зээлдүүлэгч тайлбарлаж чадаагүй тул уг баримтаар хариуцагчаас төлбөр гаргуулах боломжгүй гэж үзлээ. Талууд  гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч энэ нь хуулийн хүрээнд байх учиртай. 

Т.Гомбожав нь 2 сая төгрөгийн зээлд хүү төлөх талаар 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тохиролцсон байх тул 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 2 сая, хүү 1.600.000 төгрөг нийт 3.600.000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс төлөгдсөн 2.150.000 төгрөгийг хасаж үлдэх 1.450.000 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :      

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1259 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03828 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.3-т заасныг баримтлан Т.Гомбожаваас 1.450.000 төгрөг гаргуулж Л.Булганд олгож, нэхэмжлэлээс 2.350.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...76.550 төгрөг...” гэснийг “...38.150 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 76.550 /далан зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг Л.Булганд захирамжаар буцаан олгосугай

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ