Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1259

 

 Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03828 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хы нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн тайлбарт:

Миний бие хариуцагч ХХтай хамт ажилладаг байсан бөгөөд ХХ нь миний дээд албан тушаалтан байсан. ХХ "мөнгө олоод өгөөч, сарын 10 хувийн хүүтэй зээлье" гэхээр нь надад өөрт мөнгө байгаагүй учраас 2014 оны 4 сард манай эгч Х мөнгө зээлүүлэхээр болж аман хэлцэл байгуулан 2 000 000 төгрөгийг сарын 10 хүүтэйгээр зээлүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээг амаар тохирч байгуулсан бөгөөд 2 000 000 төгрөгийг ХХын данс руу шилжүүлсэн. Үүнээс 2 сарын дараа ХХ нь зээлийн хүү гэж 600 000 төгрөг төлсөн. Тэгээд утсаа салгаж, ажлаасаа гараад сураггүй болсон. Сүүлд 300 000 төгрөг, 200 000 төгрөг, 1 000 000 төгрөг өгсөн боловч үлдсэн мөнгөө өгөхгүй алга болсон. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Х, ХХ бидний хооронд "Төлбөр барагдуулах" гэрээ байгуулагдаж өмнө зээлсэн 2 000 000 төгрөг болон хүүгийн хамт нийт 3 850 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхийг харилцан зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэвч дээрх төлбөр барагдуулах гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч ХХ нь одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа болно. ХХаас буцааж өгсөн мөнгө, нэг газар ажиллаж байсан, найз, ах гэж үзсэн учраас 3 850 000 төгрөгийг л гаргуулах хүсэлттэй байна. Бидний хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөхийг бүрэн зөвшөөрч "Төлбөр барагдуулах" гэрээг байгуулсан, мөн төлөх ёстой төлбөрөө одоо болтол төлж барагдуулаагүй тул зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн хамт ХХ нь Хд буцаан төлөөгүй тул 3 850 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн тайлбарт:

Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282.1, 282.3-т заасан шаардлага хангаагүй буюу хүү төлөх үүрэг үүсээгүй байна. ХХ, Х нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ нь амаар байгуулагдсан гэрээ тул Иргэний хуулийн 282.3-т "хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж заасан тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүүтэй гэрээний шаардлагыг хангахгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжилж байгаа 2 сая төгрөгийг буцаан төлөх үүрэг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Төлбөр барагдуулах хэлцэл"-ээр дуусгавар болсон нь хэргийн нотлох баримтаар гэрчлэгдэж байна. Хариуцагчийн зүгээс 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүү тогтоогоогүй зээлийн гэрээг амаар байгуулсан боловч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн баримтыг нотлох баримтаар өгсөн. Мөн 600 000 төгрөг, 200 000 төгрөг, 300 000 төгрөгийг авсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр 2 150 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэдгийг талууд баталгаажуулсан. Ингэснээр зээлийн гэрээний үүрэг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч ХХаас 3 850 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХаас улсын тэмдэгтийн хураамжид 76 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн   итгэмжлэгдсэн   төлөөлөгч ХХХийн давж заалдах гомдолд:

ХХ нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаас авсан 2 000 000 төгрөгийг хүүтэй авсанаа хүлээн зөвшөөрч баталгааг бичгээр гаргаж, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн зөвшөөрсөн. Мөн зохигчид хожим 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "төлбөр барагдуулах гэрээ" байгуулж, тухай гэрээгээр 2014 оны 4 сард амаар байгуулсан зээлийн гэрээгээ баталгаажуулсан, харилцан тохиролцож "Төлбөр барагдуулах" буюу нэрлэгдээгүй гэрээнд Х, ХХ нар хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсэг зурж баталгаажуулсан, нотариатчаар гэрчлүүлсэн хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтын дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй, бодитойгоор үнэлээгүй.

Тодруулбал 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аман хэлцэл хийж зээлдүүлсэн 2 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Иргэний хуулийн 282.3-т заасан шаардалга хангаагүй байтал 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч зээлдүүлэгчийн давуу байдлаа ашиглан хийсэн Төлбөр барагдуулах гэрээгээр 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн аман хэлцлийг хуулийн шаардлага хангасанд тооцож, Иргэний хуулийн 282.3-т нийцсэн гэж хууль буруу хэрэглэсэн байна. ХХ 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр авсан 2 000 000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн зөвшөөрсөн бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ" хийгдсэн байгаа хэдий ч нөхцөл байдал дээр дээрх хоёр хэлцэл Иргэний хуулийн 282.3-т заасан шаардлага хангаагүй байна.

Иргэний хуулийн 282, 282.1-д тухайн зээлийн гэрээнд хүү тогтоосон байх гэдэг нь тодорхой хувь, хэмжээ, тоогоор тодорхой бичигдсэн байх мөн Иргэний хуулийн 281, 281.2-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн шаардлага хангасан байхыг шаарддаг. 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ХХын бичгээр гаргасан баталгаа нь хүүгийн хувь хэмжэээг тогтоогоогүй, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн "Төлбөр барагдуулах гэрээ" нь мөн л хүүгийн хувь хэмжээг тодорхой тогтоож зааж өгөөгүйгээс гадна тухайн зээлдэгч ХХд мөнгө болон эд хөрөнгө, түүнтэй адилтгах эд хөрөнгө шилжиж ирээгүй нь Иргэний хуулийн 281, 281.2, 282, 282.3-т тус тус заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Үүнээс үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2 150 000 төгрөг төлсөн нь баримт болон зээлдүүлэгчийн тайлбараар нотлогдож, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бичсэн баталгаа болон 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн хэлцлүүд үүрэг дуусгавар болсон нь тогтоогдож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/03828 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                              ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х зээлийн гэрээний үүрэгт 3 850 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ХХ эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" гэрээг үндэслэж, 3 850 000 төгрөг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл муутай дүгнэлт хийж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

 

2014 оны 4 сард нэхэмжлэгч Х 2 000 000 төгрөг хариуцагч ХХт зээлдүүлсэн байх боловч зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй, хариуцагч 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 2 150 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хариуцагч ХХ 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг хүүтэй зээлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн баталгааг бичгээр гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй хэдий ч хуулийн хүрээнд гэрээний нөхцөлийг тодорхойлох ёстой. 2014 оны 4 сард олгосон 2 000 000 төгрөгийн зээлд хүү авах талаар зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 2 150 000 төгрөгийг нэхэмжлэгч хүүнд суутган авч, үндсэн зээлийн 2 000 000 төгрөгт гэрээ байгуулахаас өмнөх хугацаанаас төлбөр төлөх хүртэлх хугацааг хамруулан 1 850 000 төгрөгийн хүү тооцож гэрээ хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул 3 850 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.  

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан ХХт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                          ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                              А.МӨНХЗУЛ