Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00040

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-гийн хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х- ХХК-д ажилд ороод 15 жил болж байна. Х-ны вэб сайтад тавьсан зүйлүүдийг харахад банк алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа зүйл харагдахгүй байна. Би банкинд 15 жил ажиллахдаа ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа одоо болтол ойлгохгүй байна. 4 ахлах мэргэжилтэн байхад яагаад зөвхөн намайг ажлаас халсан юм, яагаад 4 ахлах мэргэжилтний дунд сонгон шалгаруулалт явуулаагүй юм. Тухайн үед намайг ажлаас гарч байх үед тэтгэвэрт гарч байгаа болон ажилд ороод жинхлээгүй хүмүүс байсан. Надад тухайн хүмүүсийн оронд ажиллах санал ч тавиагүй. Би одоо 52 настай, тэтгэвэрт гарахад надад 3 жил дутуу байгаа. Х- ХХК нь 4 ахлахтай байсан бөгөөд гадаад төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Н-гийн нэг орон тоог цөөрүүлэх замаар Б.Н-г ажлаас чөлөөлсөн баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Иймээс орон тоо цөөрүүлэх гэсэн ангилалд багтана. Хариуцагч тал 4 ахлахын албан тушаалын тодорхойлолт ялгаагүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр гадаад төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн гэж үзээд ажлаас халсан гэх боловч энэ талаар баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд намайг төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар Б.Н-гийн ажиллаж байсан орон тоог хассан. Өмнөх хэрэг маргааны хувьд шүүхээр шийдвэрлэгдэхдээ орон тоо хассан эсхүл цөөрүүлсний аль нь болохыг тодруулах шаардлагатай гэдэг байдлаар давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан. Х- ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоог хассан, харин цөөрүүлээгүй гэх байр суурьтай оролцож байгаа. Б.Н- нь тухайн нэгж дотроо ахлах гэдэг албан тушаалын хувьд адил мэргэжилтэй боловч хариуцаж байсан чиг үүргийн хувьд гадаад төлбөр тооцооны ахлахын албан тушаалд ажиллаж байсан. Улсын Дээд шүүхийн 2006 оны тайлбараас харахад орон тоо цөөрүүлэх гэдэг нь хуулийн этгээдийн байгууллагын бүтцийн адил албан тушаал, адил чиг үүргүүдээс аль нэг нь нэгээр хорогдож цөөрсөн байхыг ойлгоно. Харин орон тоо хасах гэдэг нь тухайн хийгдэж байсан ажил, албан тушаал, аж ахуйн нэгжийг байхгүй болгохыг ойлгоно. Дээрх агуулгаар тухайн ажил, албан тушаал нь нэг байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлийг хэрэглэж орон тоо хасах буюу Б.Н-г ажлаас халах шийдвэр гаргасан. Ажил олгогчийн зүгээс гүйцэтгэх захирлын тушаалаар төв албаны 33 ажил, албан тушаалыг хасаж, түүний нэг нь төлбөр тооцооны хэлтсийн ахлах Б.Н-гийн ажил албан тушаалыг хассан үйлдэл өнөөдөр үндэслэлтэй эсэх талаар талууд маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х- ХХК-ийн төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн Б.Н-гийн гэх ажлын байрны тодорхойлолт төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт гэж тодорхойлсон байх төдийгүй түүний гүйцэтгэх үндсэн үүргийн 2.1-д хөрөнгө зохицуулалт, худалдааны санхүүжилт, арын албаны үйл ажиллагаа, гадаад төлбөр тооцоо, банк хоорондын төлбөр тооцоо, картын төлбөр тооцоо, үнэт цаасны төлбөр тооцоог ... үнэн зөв, түргэн шуурхай гүйцэтгэх, хяналт тавих, хянаж баталгаажуулах гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Д.Н- зөвхөн гадаад төлбөр тооцоо бус бусад 3 ахлахын ажлын байрны үүргийг давхар гүйцэтгэдэг байсан нь нотлогдож байна. Тийм ч учраас өмнө нь давж заалдах шатны шүүх ахлах мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолт адилхан чиг, үүргийг хооронд нь ялгаагүй байна гэж дүгнэжээ. Гэтэл Б.Н-г ажлаас чөлөөлөх үед уг нэгжид ахлах нягтлан бодогч гэх ажлын байр байгаагүйгээс гадна Б.Н-гийн хасагдсан гэх ажлын байрнаас бусад ажлын байрны тодорхойлолтууд ижил байгаа нь нотлогдож байгааг шүүх өөрөө хүлээн зөвшөөрч дүгнэжээ. Гэсэн хэдий ч шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан үнэт цаас, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн илүү мэргэшсэн байдаг. Харин салбар бүр гадаад тооцоо хийх боломжтой тул уг ажлын байрыг хассан хэмээн үндэслэлгүй тайлбарласныг зөвтгөн үзэж шийдвэрийнхээ гол үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг бүрэн дүүрэн дүгнэж, харьцуулаагүй гэж үзэхэд хүргэж байна. Учир нь гадаад төлбөр тооцоо хийх буюу гадаад гуйвуулгыг салбар дээр хүлээн авдаг хэдий ч гадаадын банкууд руу илгээх процесс нь төв дээрээс сүлжээгээр хийгддэг. Энэ нь дотоодын банк хоорондын төлбөр хийхтэй яг адил процесс юм. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх нягтлаагүй гэж үзэж байна. Тодруулбал, Б.Н-гийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд үнэт цаасны төлбөр тооцоог үнэн зөв, түргэн шуурхай гүйцэтгэх, хяналт тавих, хянаж баталгаажуулах чиг үүргийг бусад ахлахтай нэгэн адил хэрэгжүүлдэг байсан төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаж байсанчлан зөвхөн удирдлагаас өгсөн даалгаврын хүрээнд 4 ахлах ажил үүргээ зааглан ажилладаг байсан, мөн нэхэмжлэгч Б.Н-гийн 4 ахлах аль алинаа орлон ажил үүрэг гүйцэтгэдэг байсан, миний хувьд энэхүү 4 ахлахын аль ч чиг үүргийг гүйцэтгэдэг байсан буюу гүйцэтгэх боломжтой, банк нь зөвхөн Б.Н- намайг л ажлаас чөлөөлөх зорилго сэдэлтэй байсан гэх тайлбар, мэдүүлэг зэргээр анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт няцаагдаж байна. Гэрч Анхбаяр мэдүүлэхдээ Б.Н-г ажлаас чөлөөлсний дараа Х- төлбөр тооцооны хэлтэстээ ажиллуулах ахлах мэргэжилтний ажлын байрны зар тавьж сонгон шалгаруулалт зохион байгуулсныг хүлээн зөвшөөрсөн төдийгүй Б.Н-гийн шууд удирдлагад ажиллаж байсан мэргэжилтнийг дэвшүүлэн томилсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч мэдүүлснийг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн тушаал, хариу тайлбар болон шүүхэд гаргасан хариу тайлбарт Б.Н-гийн ажлын байрыг хассан гэж мэтгэлцдэг. Гэвч Б.Н-гийн орон тоо хасагдсан, эсхүл түүнийг ажлын байрыг цөөрүүлсэн эсэхээс үл хамааран түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш дахин ахлах мэргэжилтний ажлын байрны зар тавьж, улмаар 3 биш буцаад 4 ахлах мэргэжилтэн ажилтантай болсноор барахгүй ахлах нягтлан бодогч нэмж ажиллуулан нийт 5 ахлахтай ажиллаж байгаа нь тодорхой буюу орон тоог нэмсэн байхад анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг нягтлахгүйгээр орон тоог цөөрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Х-инд ажилтнуудаа чөлөөлөх бодит нөхцөл байдал үүсээгүй төдийгүй Б.Н-г сонгон ялгаварлаж халсан гэж үзэж байна. Мөн Б.Н-г ажлаас чөлөөлсөн Б/246 дугаартай, 2020 оны 3 дугаар сарын 12-ны огноотой тушаалыг хөдөлмөрийн дотоод журмаар эрх олгогдоогүй этгээд гаргасан. Хариуцагч Х- хөдөлмөрийн хуульд нийцүүлэн гаргасан өөрийн дотоод журмын 16.10-д заасан маш тодорхой зохицуулалтаа зөрчсөн үйлдлээ зөвтгөх гэж ийм бүдүүлэг, дээрэнгүй зүйл хийснийг анхан шатны шүүх Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх замаар зөвтгөж байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг илт зөрчсөн ажил олгогчийн үйлдлийг зөвтгөсөн шүүхийн практик бий болгох аюултай ба шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Иймд, дээр дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь нэгтгэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Х- ХХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд томилогдон ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 4, 20-27-р тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч Х- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Х-ны төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай А-145 дугаар тушаалаар Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний 1 орон тоог хассан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-г ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 31-37-р тал/

Нэхэмжлэгч Б.Н-гийн ажиллаж байсан Төлбөр тооцооны хэлтэст гадаад тооцоо хариуцсан ахлах, худалдааны санхүүжилтын арын албаны үйл ажиллагаа хариуцсан ахлах, картын төлбөр тооцоо, үнэт цаасны төлбөр тооцоо хариуцсан ахлах, хөрөнгө зохицуулалтын арын албаны үйл ажиллагаа, валютын арилжааны мөнгөний захын төлбөр тооцоо, банк хоорондын төлбөр тооцоо харилцагчийн бусад гэрээний гүйлгээ хариуцсан ахлах гэсэн 4 ахлах мэргэжилтэн ажиллаж байсан болох нь талуудын тайлбар болон гэрч Ш.Анхбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. /хх-ийн 179-180-р тал/

 

Дээрх 4 албан тушаалын ажлын байрны тодорхойлолт адил байх бөгөөд өөр өөр чиг үүргийг хэрэгжүүлдэг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс байгууллага дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд, орон тоог цөөрүүлэн, нэхэмжлэгч Б.Н-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасан харилцаанд ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох тухай заалтад нийцээгүй байна. /хх-ийн 166-170-р тал/. Өөрөөр хэлбэл, 4 албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд уг ажилтныг чөлөөлөх болсон үндэслэл нь тодорхой бус байна.

 

Хариуцагч байгууллагын Төлбөр тооцооны хэлтсийн 4 ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт адил байгаа тохиолдолд нэхэмжлэгч Б.Н-гийн ажиллаж байсан орон тоог хассан гэж шууд дүгнэх боломжгүй. Харин орон тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн эрх зүйн ерөнхий зарчим болох үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримталсан болохоо нотлох учиртай.

 

Гэвч ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тодорхой шалгуур, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг хариуцагч Х- ХХК-ийн Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 324 596 төгрөгийг хариуцагч Х- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Б.Н-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Х- ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалин 2019 оны 12 сард 3 728 432 төгрөг, 2020 оны 01 сард 2 238 095 төгрөг, 2020 оны 02 сард 2 350 000 төгрөг, нийт 8 316 527 төгрөг байна. 8 316 527 төгрөгийн дундаж 2 772 175 төгрөгийг /8 316 527нийт : 3 сар = 2 772 175 дундаж цалин/, ажлаас чөлөөлөх тушаал гарсан 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдөр хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 9 сар, 3 хоногийн цалин нийт 25 324 596 төгрөг /2 772 175 : 22 = 126 007, 126 007 х 3 хоног = 375 021, 2 772 175 х 9 сар = 24 949 575, 24 949 575 + 375 021 = 25 324 596/-ийг хариуцагч Х- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Б.Н-д олгож шийдвэрлэсэн болно. /хх-ийн 8-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02780 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н-г Х- ХХК-ийн Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 324 596 төгрөгийг хариуцагч Х- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Б.Н-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Х- ХХК-д даалгасугай гэж,

 

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Х- ХХК-иас 284 572 төгрөг гаргуулан, улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ