Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/01090

 

П.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч П.Түмэндэлгэрийннэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Дуламсүрэнд холбогдох,

 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Миний Nissan X-trial машиныг   2015.05.01-ны өдөр ар талаас нь  Prius-11 маркийн машинаар Д.Дуламсүрэн  мөргөн машины эд ангийг эвдэлсэн. Дуламсүрэн нь өнөөг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байна.   Эвдэрсэн Nissan X-trial машины эд анги түүнийг дахин авч засварлахад гупер 350.000 /зөвхөн худалдан авах үнэ/, арын хаалга 300.000 төгрөг /худалдаж авах үнэ/, яндан /кушител/ 250.000 төгрөг /худалдаж авах үнэ/, тэнхлэгийн гажилт засах 100.000 төгрөг, дээрх эд ангийг Улаанбаатар хотод /Вьетнам засвар/ засуулах үнэ, замын зардал /ирж очих/, бензиний өртөг, машины эвдэрсэн цагаас өнөөг хүртэлх зорчсон таксины мөнгө зэрэг нийт  1,6 сая  төгрөгийг Д.Дуламсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015.05.01-нд жолооч П.Түмэндэлгэр нь Nissan X-trial маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс  осол гарсан. Энэ осолд жолооч П.Түмэндэлгэр өөрөө буруутай. Уртбаяр нь  машин чинь сүртэй гэмтээгүй байна, зохицоод л засварын газар очоод засуулчих  гэж байсан. Тухайн үед бид 2 хоёулаа 102-т дуудлага өгөхөд Эрдэнэбаяр гэдэг замын цагдаа ирж үзсэн боловч хэмжилт хийж тэмдэглэл үйлдээгүй, ул мөрийг бэхжүүлж аваагүй. П.Түмэндэлгэрийн машины хойд гуперын зүүн булан цуурсан боловч машиндаа бэхэлгээтэй хэвээр байсан. Тухайн үедээ П.Түмэндэлгэр бид 2 тохироод хамгийн сайн засварын газар гэж үзээд Анхаагийн засварын газар очсон. Засварын хүн үзээд 120.000 төгрөгийн төлбөрөөр засаж хэвийн байдалд оруулж болно гэж үзсэн. Би тэр үед нь засварчинд 80.000  төгрөгийг нь бэлнээр өгсөн. П.Түмэндэлгэрт 40.000 төгрөг өгөөд салсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан  хариуцагчаас 496.000 төгрөгийг гаргуулан П.Түмэндэлгэрт олгож, нэхэмжлэлээс 1.104.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан  П.Түмэндэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  15.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэсэн байна. 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 496.000 гэснийг 200.000 гэж, 1.104.000 төгрөгийг гэснийг 1.400.000 гэж, 2 дахь заалтын хариуцагч П.Түмэндэлгэрээс 15.530 гэснийг хариуцагч Д.Дуламсүрэнгээс 6650 гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.1-д заасныг зөрчиж нотлох баримтыг хэрэг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. 2015.05.01-2015.08.22-ны өдөр хүртэл машинаар үйлчлүүлж төлбөр нь 760.000 төгрөг төлсөн баримт хэрэгт байхад давж заалдах  шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ машин Түмэндэлгэр миний машин эвдрээгүй байсан бол би 264.000 төгрөгийн бензин хийх байсан тул уг мөнгийг 760.000 төгрөгөөс хасч тооцоод 496.000 төгрөг болгон нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг анхан шатны шүүх хууль ёсны гэж үзсэн байхад 496.000 төгрөгийг 200.000 төгрөг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 П.Түмэндэлгэр нь хариуцагчаас 49-15 УНВ дугаартай, NISSAN X-TRAIL автомашины  гуперийн үнэ  350.000 төгрөг, арын хаалганы үнэ 300.000 төгрөг, яндангийн үнэ 250.000 төгрөг,тэнхлэгийн засварын үнэ 100.000 төгрөг, Улаанбаатар хот очиж засуулах замын болон бусад зардал нийт 1.6 сая төгрөг гаргуулахыг шаардсан, Д.Дуламсүрэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна. /хх1, 16,77-78/

Анхан шатны шүүх хариуцагчаас  496.000 төгрөг гаргуулсныг давж заалдах шатны шүүх 200.000 төгрөг болгон өөрчилж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.  /хх 117-119, 138-140/  

Шийдвэр,  магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж   хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг, Цагдаагийн газрын зүүн талын зам дээр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11.40 цагийн орчим  Ниссан Х трэйл 49-15 УНВ дугаартай автомашин 37-69 УБА дугаартай Приус маркийн  машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 Бусдын  эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан тул П.Түмэндэлгэр өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Замын Цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн актаас /хх 33/   Д.Дуламсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 –н “...жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй , хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна..”гэснийг зөрчсөн учир ослын улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй  болно   /хх34/

Ослын улмаас нэхэмжлэгчийн автомашины  хойд буфер хагарсан, кузов, хойд хормой чихэглсэн, яндангийн хойд хэсэг доод талаараа цөмөрсөн, хойд хаалга гажсан талаар Замын Цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн актад дурдсан /хх 33/, үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй байна.

Хэргийн  53 талд буй баримтаас үзвэл нэхэмжлэгчийн автомашинд  814 .000 төгрөгийн засвар орох байсан, П.Түмэндэлгэр нь өөрийн автомашиныг  600.000 төгрөгөөр засварлуудсан  /хх79/ болох нь тогтоогдсон, үүнийг   үгүйсгэх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй тул  600.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 120.000 төгрөгийг хасаж үлдэх 480.000 төгрөгийг Д.Дуламсүрэнгээр  төлүүлэх нь Иргэний хуулийн 497,510, 229 дугаар зүйлийг зөрчихгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Д.Дуламсүрэнгээс 480.000 төгрөг гаргуулж П.Түмэндэлгэрт олгож, нэхэмжлэлээс 1.120.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...15.530/арван таван мянга таван зуун гуч/ төгрөгийг ...” гэснийг “...15050/ арван таван мянга тавь/ төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдөр 6650 /зургаан мянга зургаан зуун тавь/ төгрөг төлснийг П.Түмэндэлгэрт захирамжаар буцаан олгосугай.  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ