Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 64

 

Т.М-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:               Л.Атарцэцэг,                                   

Шүүгчид:                             Г.Банзрагч,

                                            П.Соёл-Эрдэнэ,

                                           Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                  Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Э.Номин-Эрдэнэ.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгүүдээс маргаан бүхий газартай давхцалтай 180 м.кв газрыг тус тус хүчингүй болгуулах, маргаан бүхий 180 м.кв газрыг Т.М-д олгож, газар эзэмших хууль ёсны эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг даалгах”,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0627 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И, түүний өмгөөлөгч Л.О, М.Б нар.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Т.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгүүдээс маргаан бүхий газартай давхцалтай 180 м.кв газрыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Т.М-ад маргаан бүхий 180 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0627 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.С-ын өмгөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд Ж.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0627 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч Т.Батмөнх нь маргаан бүхий газрыг иргэн М.Оюунчимэгээс худалдаж авсан, үүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж шүүхээр маргадаг. Иргэн М.Оюунчимэг нь хэзээ ч газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй байгаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд хууль ёсны захирамж, гэрчилгээтэй хүн л газрын эрхийг шилжүүлэх, бусад байдлаар захиран зарцуулах боломжтой. Гэтэл нэхэмжлэлээс хуулийн энэхүү шаардлага хангагдсан гэх талаар ямар ч тайлбар, баримт олдохгүй байна. Гэтэл шүүх иргэн М.Оюунчимэг нь нэхэмжлэгч Т.Батмөнхөд газраа шилжүүлсэн гэж дүгнэсэн нь буруу байна.

5. Маргаан бүхий газарт 1999 оноос хойш амьдарч байсан иргэн Г.А Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлтээ гарган дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжаар анх газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байна. Үүнээс өмнө тухайн газар нь хэн нэг иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаагүй юм. Үүний дараа Ж.С нь газар эзэмшигч Г.Атай тохиролцож, 2009 оны 10 дугаар сард “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-ээр газрын эрхийг шилжүүлж авсан, холбогдох журмын дагуу дүүргийн Газрын албанд хүсэлтээ гаргаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ 5 жилийн хугацаатай баталгаажуулж авсан. Улмаар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан. Маргаан бүхий газар дээр гуравдагч этгээдийн хамаатны хүн 2013 оноос хойш гэр барин амьдарч байна.

6. Шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “...урьд энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5561 дугаар шүүгчийн захирамжийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн архиваас хуулбарлан авснаар танилцаж, мэдсэн болно” гэж тайлбарладаг бөгөөд хэргийн оролцогч хавтаст хэргээс хэдийд ч материал хуулбарлан авах эрхтэй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус 5561 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжийг гардуулсан талаарх шүүхийн баримтыг хэрэгт хавсарган өгөх ёстой, шүүх энэхүү баримтыг хэрэгт нотлох баримтаар авах ёстой байсан. Тус баримт дээр нэхэмжлэгч талд захирамжийг гардуулж, гарын үсэг зуруулсан байх ч боломжтой байна. Нэхэмжлэгч Т.Батмөнх хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

7. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий, шаардлагатай баримтыг цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нотлох баримт цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Шүүхээс нотлох баримт гаргуулах тухай 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/4378 дугаар, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/4988 дугаар албан бичгүүдийн хариу тус тус ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Уг албан бичгээр нэхэмжлэгч Т.Батмөнх, гуравдагч этгээд Ж.С нарыг маргаан бүхий газарт хэзээнээс амьдарч байсан, амьдарч байгаа эсэхийг тодруулж, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг гаргуулахаар шаардсан байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд хэзээнээс энэхүү газар дээрээ амьдарч байгаа эсэх дээр ихэд маргадаг. Шүүх шаардлагатай гэж үзсэн баримтаа ирээгүй байхад, дахин шаардан гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. 

8. Мөн шүүх дүүргийн Газрын албанд баримт бичгийн үзлэг хийж нэхэмжлэгч газрын албанд хүсэлтээ гаргаж байсан эсэх, хүсэлтдээ баримтууд хавсаргасан эсэх талаарх баримтуудыг цуглуулж, дүгнэх ёстой байсан. БЗДГА-ны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13/916 дугаар албан бичигт “Иргэн М.Оюунчимэгээс иргэн Т.М-ад газрын эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаж байгаагүй” гэж дурдсан нь бусад тайлбартай зөрүүтэй байгааг шүүх мухарлаж тогтоох ёстой байжээ. 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн: Шүүх маргаан бүхий газрын үзлэг хийх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И-ийн аав болох /хамаарал бүхий этгээд/ иргэн н.Түмэнжаргалаас тайлбар, мэдүүлэг авч шүүхийн шийдвэрт дүгнэсэн байдаг. Ийнхүү тайлбар авахдаа хууль сануулсан, үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй гэдгийг танилцуулсан зүйл огт байдаггүй. Өөрөөр хэлбэл тус иргэнийг гэрч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний тайлбараар хэргийг шийдэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал болжээ.

10. Мөн иргэн М.Оюунчимэгийн тайлбар ч дээрхтэй адил байна. М.Оюунчимэг нь хэргийн оролцогч биш бөгөөд энэхүү хэрэгт бичгээр тайлбар гаргасан байдаг. Шүүх шийдвэртээ энэхүү тайлбарыг дүгнэсэн байдаг. М.Оюунчимэг нь хэрэв гэрч юм бол түүнд хууль сануулж, тайлбар мэдүүлгийг зүй ёсоор авах ёстой байсан. Хэрэгт огт хамааралгүй дээрх хоёр иргэний тайлбар мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимтай зөрчилдөж байна. Үзлэгт хөндлөгийн гэрчээр оролцсон Н.Энхтунгалаг гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Н.Энхтунгалагаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл нь ЗХШХШТХ 42.5-д заасан шаардлагыг хангаагүй байсан. Гэрчийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан, хөндлөнгийн гэрчийг гэрчээр оролцуулсан эсэх нь ойлгомжгүй байна. Үүнээс гадна гэрч асуух, үзлэг хийх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулалгүй, зөвхөн нэг талын тайлбар мэдүүлэг зэргийг харгалзаж, асуулт, тэмдэглэлийг нэхэмжлэгч талын нөлөөтэй үйлдэж, баримтжуулжээ. Энэ нь ЗХШХШТХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “...ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж заасныг зөрсөн.

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж давхцал бүхий 180 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах хэмээн тодорхойлсныг шүүх шалгаж, тогтоогоогүй: Нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газар гуравдагч этгээдийн газартай 180 м.кв хэмжээгээр давхцаж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагаар шүүх тогтоолгох ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай хашаалсан газар 118 м.кв хэмжээтэй гэх тайлбарыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хашааныхаа хэмжээгээр кадастрын зураг хийлгэж, эсхүл шүүх эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулан давхацсан талбайн хэмжээг тогтоох ёстой байсан. Ийнхүү эцэслэн тогтоогоогүй байж 180 м.кв хэмжээгээр давхацжээ гэж дүгнэж, шийдвэртээ “180 м.кв хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

12. Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан гэдэг нь тогтоогдоогүй: Газрын тухай хуульд зааснаар шинээр газар эзэмших хүсэлт гаргаж буй иргэн батлагдсан маягтын дагуу хүсэлтээ гаргаж, газрын байршил, хэмжээг харуулсан тойм эсхүл кадастрын зургийг хавсаргаж өгөх ёстой байдаг. Хэрэгт авагдсан баримтуудын дунд нэхэмжлэгчээс батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөл, газрын байршил, хэмжээг тодорхойлсон кадастрын зураг огт байдаггүй. Нэхэмжлэгч ашиглаж буй газрын кадастрын зургаа хэзээ ч хийлгэж байгаагүй гэдэг нь одоо хашаалсан газрын хэмжээгээ мэдэхгүй байгаагаас илэрхий харагдаж байна.

13. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эсхүл хэргийг анхан шатны шүүх рүү буцаан нотлох баримтуудыг дахин цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөвтгүүлж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 14. Нэхэмжлэгч Т.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2006 оноос эхлэн өөрийн эзэмшилд байгаа газар болон иргэн М.Оюунчимэгээс худалдан авсан газрын эзэмших эрхийг баталгаажуулахаар дүүргийн газрын албанд өргөдөл, гомдол, хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа боловч шийдэгдээгүй. ...дүүргийн газрын алба нь ...миний нэр дээр газрыг шилжүүлэхийг хүсч М.Оюунчимэгээс өргөдөл бичсэнийг хүлээж аваагүй, энэ газар маргаантай байдгийг мэдсээр байж, Г.А, Ж.С нарт газрыг эзэмшүүлсэн нь миний эрхийг зориуд санаатайгаар зөрчиж, шударга бусаар хандаж байна...” гэж тодорхойлон маргасан байна.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаанд хэрэглэгдэх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ.      

16. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.5-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг, түүнд хавсаргах баримтын хамт тухайн шатны Засаг даргад баталсан маягтын дагуу гаргахыг, харин газрын алба газар эзэмшихээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдэх үүрэгтэйг заасны гадна 23 дугаар зүйлийн 23.4.3-т дүүргийн газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх эрх, үүрэгтэйг заасан. Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: ...10.2.6-д аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх” гэж хуульчилсан байна.

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.М нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 1-155 тоотод байрлалтай, 223.2 м.кв газрыг иргэн М.Оюунчимэгээс 450,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон, мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан байх ба энэ хэмжээгээр кадастрын зурагт өөрчлөлт оруулах болон газар эзэмших хүсэлтийг Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаж байжээ.              

18. Гэвч Баянзүрх дүүргийн Газрын алба нь хуульд заасан дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, 2006 онд иргэн Т.М-аас маргаан бүхий газрыг эзэмшихээр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны гадна газрын давхцлыг бодит байдал дээр нь шалгаж тогтоолгүй, нэхэмжлэгчийн 2006 оноос хойш хашаалан амьдарч буй газар /180 м.кв газар/-ыг оролцуулан гуравдагч этгээд Г.А-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар 446 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар гуравдагч этгээд Ж.С-т 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 484 дүгээр захирамжаар уг газрыг шилжүүлж, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

19. Иймд маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 342 дугаар захирамжийн Г.А-т холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 484, 2018 оны А/86 дугаар захирамжийн Ж.С-т холбогдох хэсгүүдээс маргаан бүхий газартай давхцалтай хэсэг буюу 180 м.кв газрыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын, нэхэмжлэгч Т.М-ад маргаан бүхий 180 м.кв газрыг эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг зохих журмын дагуу эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

20. Гуравдагч этгээд Ж.С-ын өмгөөлөгчийн “...шүүх нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна. Учир нь Т.М нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1419 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захирамжийг хянаж, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар тогтоолоор, нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн, шүүгчийн дээрх, 1419 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, иймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

21. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг ...давхцал бүхий 180 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсныг шүүх шалгаж тогтоогоогүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Т.М нь дээрх маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргаан бүхий газартай давхацсан, худалдаж авсан гэх 223.2 м.кв газрын хэмжээнд маргаж, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг “...маргаан бүхий захиргааны актуудын ...маргаан бүхий газартай давхцалтай 180 м.кв газрыг /хашаалсан хэмжээгээр/ тус тус хүчингүй болгуулах, уг 180 м.кв газрыг Т.М-ад олгож, газар эзэмших захирамж гаргахыг даалгах” гэж тодруулсан шаардлагын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад хариуцагч захиргааны байгууллагаас хашаалсан газрын хэмжээг тогтоож тухайн газрын маргааныг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой байна.

22. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэсэн, мөн хяналтын гомдолд дурдсан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, тухайлбал үзлэг хийх, гэрч асуухдаа журам зөрчсөн гэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхөөр алдаа гэж үзэхгүй талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэжээ.

23. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Сын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0630 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0627 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Л.АТАРЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА