| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2211014261657 |
| Дугаар | 2023/ДШМ/655 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ДШМ/655
З.Э, Э.Онарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батзаяа,
шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр,
хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдол гаргасныг үндэслэн З.Э, Э.Онарт холбогдох 2211014261657 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. тоотод оршин суух, ял шийтгэлгүй.
2. тоотод оршин суух, ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.Э нь Э.Отэй үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 8 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух иргэн Ж.А-ийн байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 0000 тоотод иргэн Ж.А-ийг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх хэрэг болсон цаг хугацаа, орон байранд иргэн Ж.А-ийн эзэмшлийн 2 ширхэг модон сандлыг хугалж, гал тогооны баганыг тахийлгаж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.Онь З.Этой үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 8 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух иргэн Ж.А-ийн байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: З.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч З.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.900.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Учир нь миний үйлчлүүлэгч Э.Оийн үйлдлийн талаар шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгч Э.Онь хохирогч Ж.А-ийн гэрт орсон зорилго нь найз З.Эыг биеэ барьж чадахгүй элдэв асуудал гаргаж, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн түүний араас орсон.... Гэвч түүний тодорхойлж буй санаа зорилго хэрэгжээгүй буюу найзыгаа гэмт хэрэг үйлдэхээс сэргийлээгүй, бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх, бусдын бие, эд хөрөнгөд халдаж гэмтэл учруулан, эвдэж сүйтгэхэд таслан зогсоогоогүй байна. Энэ нь хохирогч Ж.А, гэрч Б.А нарын мэдүүлэг болон тэдний үйлдлийн улмаас үүссэн үр дагавраар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэжээ.
Гэтэл Хавтастт хэрэгт авагдсан хохирогч Ж.А-ийн мэдүүлэгт “...Би хэн хэн намайг цохиж байгаа талаар бол хараагүй. Би шууд доошоо нүүрээ дараад хэвтсэн. Намайг цохиж байгаа талаар А нь хараад байж байсан. А нь тухайн үед Эоо болиоч ээ гэж орилсон. Тэгсэн Э нь гар утас гаргаж ирээд бичлэг хийгээд чамайг фэйсбүүкээр од болгоноо гэж хэлсэн. Харин О нь миний орны хажууд зогсож байгаад түрүүвч үзэж байснаа миний иргэний үнэмлэхийг аваад халаасандаа хийчихсэн...” гэжээ. Уг мэдүүлгээс үзвэл миний үйлчлүүлэгч З.О нь хохирогч болон шүүгдэгч Э нарыг зодолдох үед гэрт байгаагүй гэж үзэхээр байна. Үнэхээр миний үйлчлүүлэгч болон Э нар тухайн үед цуг байсан бол гэрч А үүнийг салгаач, болиулаач гэх байдлаар миний үйлчлүүлэгчид хандах боломжтой байсан дүгнэж байна.
Харин гэрч Б.А мэдүүлэхдээ “...Миний харснаар Э нь А-ийн дээр нь гарчихсан нүүр хэсэг рүү нь цохиж байхаар нь би салгасан. Тэр үед О нь хаана байгааг нь анзаараагүй. Тэгсэн нэг харсан чинь А-ийн гадаад паспортыг нь эргүүлчихсэн зогсож байгаа харагдаж байсан...” гэж мэдүүлжээ.
Дээрх гэрч, хохирогч нарын болон шүүгдэгч Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт анхаараагүй байна. Тухайлбал хохирогчийн мэдүүлэгт А нь гаднаас хүн орж ирэхэд унтаж байсан учир хэдүүлээ орж ирсэнийг мэдээгүй байна. Харин зодоон болох үед гэрч А зодооныг салгахад Оийг хаана байгааг анзаараагүй гэж мэдүүлснээс үзэхэд тухайн зодоон болох үйл явцад миний үйлчлүүлэгч хохирогчийн гэрт нэвтрээгүй байсан гэх мэдүүлэг үнэн зөв байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй харилцан хамаарал бүхий буюу бусад баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна.
Мөн шүүхээс миний үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа “...Үүнийг хууль тогтоогч нар 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хуульчлахдаа ямар санаа сэдэлт, зорилго байхыг шаардахгүйгээр гагцхүү оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтэрсэн бол уг гэмт хэрэг төгссөн байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч Э.Онь Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байсан бөгөөд албаны чиг үүрэг хэрэгжүүлж ороогүй, зөвхөн найзыгаа гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж орсон гэх боловч субъектын санаа зорилго, сэдэл үүнд хамааралгүй байна. Тэрээр хохирогчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч шүүгдэгч З.Эийн үйлдлийг таслан зогсоогоогүйгээс гадна хохирогчийн бичиг баримтыг үзэх зэргээр дураараа авирласан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэжээ.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг хуульчлахдаа оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр хуульчилжээ. Гэтэл миний үйлчлүүлэгч нь тухайн орон сууцанд нэвтрэхдээ оршин суугчийн зөвшөөрлийг аваагүй боловч харин тухайн орон сууцанд орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, улмаар дураараа авирласан үйлдэл гаргаагүй байна. Учир нь хохирогчийн биед халдсан, хэл амаар доромжилсон аливаа үйлдэл гаргаагүй байхад дураараа авирласан гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байх тул Э.Оөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Оийг бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, улмаар дураараа авирласан гэх зүйл ангиар буруутгадаг. Дураараа авирласан хэмээн буруутгахдаа З.Эын үйлдэлд шууд хамааралтай яллах дүгнэлт ч тэр, яллагдагчаар татсан тогтоолд ч тэр шинжээчийн дүгнэлт болон хохирлын хэмжээг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээгээр буруутгасан байдаг. Энэ үйлдэл нь дураараа авирласан буюу бусдын орон байранд нэвтэрсэн Э.Оийн үйлдэлтэй шууд холбоотой юу гэдэгт шүүх бүрэлдэхүүн үнэлэлт, дүгнэлт өгнө үү гэж хүсэж байна. Э.Оийн хувьд ямар нэгэн байдлаар бусдын биед халдаагүй, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгээгүй. Хавтаст хэргийн хүрээнд авч үзвэл шүүгдэгч З.Этой үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдсэн гэдэг ямар ч агуулга, үйл баримт байдаггүй. Миний хувьд Хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйл болон 2 дугаар зүйлийг иш татан бусадтай хамтран, эсхүл бүлэглэн гэмт хэрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол дураараа авирласан ямар үйлдэл гаргасан болох нь Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй байна. Гэрчийн мэдүүлгээр буруутгадаг. Гэтэл, Ж.А хаалгаа түгжсэн гэснээ дараа нь хаалгаа түгжээгүй байх гэдэг. Хаалгаа түгжсэн эсэх нь эргэлзээтэй. Мөн Ж.А хэн цохисныг сайн хараагүй гэж байснаа дараа нь “хоёулаа цохисон” гэдэг. Шүүгдэгч нар болон гэрч А “Э.Оширээн дээр байсан ногоон паспортыг харж байсан” гэх үйл баримтын талаар ярьдаг. Гэвч эсрэгээр нь ногоон паспорт хараагүй, иргэний үнэмлэх харсан ч юм уу. Өөрийнх нь мэдүүлэг өөр хоорондын хүний зөрүүтэй мэдүүлгээр Э.Оөд ашиггүй хэсгийг нь яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолд тусгаж, буруутгаж байгаа нь эргэлзээтэй. Магадгүй орон байр руу нь түлхүүр тааруулаад юм уу, хаалгыг нь эвдэж орсон бол бусдын орон байранд шууд нэвтрэх санаа зорилго байжээ гэдэг нь тодорхой харагдана. Тэгэхэд бусдын орон байранд нэвтрэх гэж байгаа үйлдлийг таслан зогсоож, найз З.Эыг 2-3 удаа ятгаж “болье, буцъя” гээд явах гэж байхад нь хаалгахных нь бариулыг З.Э дарахад онгойж орсон болохоо шүүгдэгч З.Э гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ч хэлдэг. Миний хувьд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны сул тал нь шүүгдэгч, яллагдагч, сэжигтний мэдүүлгийг огт үнэлдэггүй, холбогдох ажиллагааг хийдэггүй. Үүний тод жишээ нь, гэрийнхээ хаалгыг түгжсэн үү, араас нь орсон уу, дагаж араас нь орсон уу гэдэг, уг нь нотлоход хялбар юм. Хавтаст хэрэгт авагдсан байрны жижүүрийн мэдүүлэгтээ давхар болгон камертай гэсэн байдаг. Гэрч, хохирогч “утсаараа бичлэг хийж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл бичлэг байхгүй. Хэрэв хийсэн бол бичлэгт үзлэг хийж, эсхүл хөндлөнгөөс орцны камерын бичлэгт үзлэг хийж хэн, хэзээ, хэрхэн орсон талаарх үйл баримтыг тогтоох боломжтой. Гэм буруутай эсэх нь бүрэн нотлогдоогүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй байхад гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бусдын орон байранд зөвшөөрөлгүй орж, халдашгүй байдалд нь халдаж, дураараа авирласан З.Этой нийлж үйлдсэн гэдэг нь харагдахгүй байна. Учир нь, энэ талаарх гэрч, хохирогчийн мэдүүлэг ч байдаггүй. З.Эыг орох гэж байхад “буцъя” гэж ятгасан нь гэмт хэрэг юм уу. Магадгүй найз нь гэр рүү нь орж илүү хүнд төрлийн асуудалд орохоос сэргийлж байгаа нь буруу гэж үү. Хавтаст хэргийн хүрээнд прокурор, мөрдөгчийн зүгээс ч З.Э нь өөрөө очиж гэмт хэрэг үйлдсэн үү, “буцъя” гэхэд нь зөрж бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгөд нь халдаж, дураараа авирласан үйлдэл хийсэн эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй нөхцөл байдалд боломжит арга хэмжээ авсан эсэхийг та бүхэн Хавтаст хэргийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, давж заалдах гомдол гаргасны дагуу Э.Оөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Хохирогч Ж.А-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Оийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хангасан гэж үзэж байна. Хавтаст хэргээс үзэхэд орон байран нэвтэрсэн үйлдлийн дараалал нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Унтлагын өрөөний гэрэл асахад З.Э, Э.Онар зогсож байсан. Тэгэхээр аль эрт орон байранд орж ирсэн байсан гэсэн үг. Хаалга түгжээтэй байна уу, үгүй юу гэдэг нь ач холбогдолгүй. З.Э нь орж ирээд зодох, бичлэг хийх, эд хөрөнгөд халдах үйлдлийг ээлж дарааллаар гаргасан. Ингэхэд Э.Оуг үйлдлийг зогсоогоогүй. Хэрэв Э.Охууль сахиулагчийн хувьд зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч, танхай байдлыг зогсоох сэдэл байсан бол “уучлаарай, манай найз түргэдчихлээ, одоо бид гарлаа” гэдэг байдлаар зогсоох байсан. Гэтэл ийм үйлдэл огт хийгээгүй болохыг гэрч, хохирогч нар мэдүүлдэг. Харин зогсоох гэхээс илүүтэй хохирогчийн хувийн мэдээлэлд халдаж, зөвшөөрөлгүйгээр бусдын паспортын мэдээллээс регистрийн дугаарыг цээжилсэн, эсхүл иргэний үнэмлэхийг нь авч гарсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа. Тухайн шөнөө АСАП сангаас регистрийн дугаараар нь хайлт хийсэн. Миний үйлчлүүлэгч иргэний үнэмлэх алга болсон талаараа гомдол, санал гаргасан. Одоо хүртэл иргэний үнэмлэхийг нь олж чадаагүй. Ингээд бусдыг зодож байгаа орон байранд нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн, эд хөрөнгийг нь эвдэж, гэмтээсэн үйлдлийг зогсоогоогүй атлаа амь насыг нь хамгаалсан г_ээд байна. Тэгэхээр гэмт хэргийн санаа сэдэл, зорилгын талаар өгсөн тайлбартай нь авцалдахгүй байгаа юм. Иймд үйлдлээрээ санаатай нэгдэж, дураараа авирлаж, бусдын эд хөрөнгө, орон байранд нэвтэрч, хувийн халдашгүй байдалд нь халдсан. Мөн энэ гэмт хэргийн талаар мэдээлээгүй. Хохирогчийн хувьд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа хандсан. Энэ хугацаанд З.Э руу залгаж “...эр хүн шиг учраа олъё, би яваад очъё. Би А гэх хүнийг нөхөртэй гэж мэдээгүй...” гэсэн боловч уулзаагүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Э, Э.Онарын үйлдэл 2022 оны 8 дугаар сарын 5-аас 6-ны өдөрт шилжих шөнө үйлдэгдсэн. З.Э нь өөрийн найз буюу цагдаагийн албан хаагч, мөрдөгч Э.Оийг дуудаж, “эхнэр нууц амрагтайгаа орон байр руу орчихлоо, хоёулаа хамт оръё” гэх байдлаар дуудсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, яллагдагчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Шүүгдэгч З.Э, Э.Онар нь хохирогч Ж.А-ийн гэрийн хаалгыг 5 орчим нүдэж, онгойлгохгүй болохоор нь эвдэж, оршин суугч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн” гэх үйлдлийг үйлдсэн. Мөн гэрч, хохирогч нарын удаа дараа өгсөн мэдүүлэгт “...тухайн үед Э.О, З.Э нар нь хамт орж ирсэн байсан. Гэрэл асаахад Э.О, З.Э нар манай унтлагын өрөөнд ороод ирчихсэн байсан...” гэсэн бөгөөд ямар нэгэн зөрүүтэй байдлын талаар мэдүүлдэггүй. Уг мэдүүлгээр тухайн үед орон байранд З.Э түрүүлж орж ирсэн, зодоон цохион болж, орилж, чарласны дараа Э.Оорж ирсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа юм. Мөн Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Цагдаагийн алба хаагч буюу шүүгдэгч Э.Онь хохирогч Ж.А-ийн орон байранд оршин суугч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шөнийн цагаар нэвтэрч болохгүй гэдгийг мэдэж байсан. Шүүгдэгч Э.Онь эрүүгийн цагдаагийн албаны 5 дугаар хэлтэст мөрдөгч хийдэг, мөн хууль сахиулагчаар төгссөн, эрх зүйн дээд боловсролтой хүн юм. Иймд шүүгдэгч З.Этой үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, З.Эыг өөрийн салсан эхнэр болох хамтран амьдрагч Аг нууц амрагтайгаа явж байна гэж хардаж, улмаар зодож бусдын эд хөрөнгөд халдсан үйлдэлд нь ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс зогсоосон нөхцөл байдал гаргаагүй гэдгийг Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.А, гэрч А мэдүүлгүүдээр тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч З.Э бусдын эд хөрөнгө буюу бичиг баримтыг дураараа авч, тухайн бичиг баримтын мэдээллээр эрүүгийн цагдаагийн албаны АСАП сангаас хайлт хийсэн нөхцөл байдал өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Мөн тухайн бичиг баримтыг үзэж байсан гэх гэх гэрч А, шүүгдэгч З.Эын мэдүүлгээр тогтоогддог. Харин гадаад паспортыг авч арын халаасандаа хийж байсан талаар хохирогч Ж.А мэдүүлдэг боловч тухайн үед айсан, сандарсан, бусдад зодуулсан нөхцөл байдалтай байсан учраас хохирогч Ж.А-ийн өөрийн иргэний үнэмлэхийг авч халаасандаа хийсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна. Харин гадаад паспортыг үзэж байсан талаарх үйл баримтыг гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тийм учраас шүүгдэгч Э.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзсэн. Анхан шатны шүүхээс тухайн хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч З.Э, Э.Онарт холбогдох 2211014261657 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
2022 оны 8 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө шүүгдэгч З.Э, Э.Онар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух иргэн Ж.А-ийн байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, улмаар З.Э нь ганцаараа иргэн Ж.А-ийг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтэл санаатай учруулсан, иргэн Ж.А-ийн гэрийн 2 ширхэг модон сандлыг хугалж, гал тогооны тавилгын баганыг тахийлган гэмтээсний улмаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ж.А-ийн: “...А бид хоёр хоорондоо уулздаг юм. Тэгээд манай гэрт хонохоор ирсэн. Би Аг ирэх үед нь хаалгаа түгжсэн байсан учир хаалгаа онгойлгож өгөөд буцаагаад хаалгаа дотор талаас нь түгжсэн. ... Манай гэрийн хаалгыг гаднаас хүмүүс нүдэх шиг болсон. Тэгэхээр нь би сэрээд хаалга нүдэх шиг боллоо гэж бодоод хэвтэж байтал шууд гэнэт гэрлүүд астал яав гэтэл орж ирээд намайг зодож цохиж эхэлсэн. Би хэн хэн намайг цохиж байгаа талаар бол хараагүй, шууд доошоо нүүрээ дараад хэвтсэн. Харин намайг хоёулаа цохиод байгаа юм шиг байсан. Намайг цохиж байгаа талаар А нь хараад байж байсан. А нь тухайн үед Эоо болиоч ээ гэж орилсон. Тэгсэн Э нь гар утас гаргаж ирээд бичлэг хийгээд чамайг фейсбүүкээр од болгоно гэж хэлсэн. Харин О нь миний орны хажууд зогсож байгаад түрүүвч үзэж байснаа миний иргэний цахим үнэмлэхийг аваад халаасандаа хийчихсэн. Манай гэрийн хаалганд эвдрэл гэмтэл учраагүй байсан. ...Би энэ хүмүүсийг огт танихгүй. Харин сүүлд нь А, Э нар гэр бүлийн харилцаатай гэж байсан. Тэрнээс би Э, О нарыг огт харж байгаагүй. Харин манай гэрийн эвдэрсэн эд зүйл нь хөрөнгийн үнэлгээгээр 400.000 төгрөг болсон. Миний биед учирсан гэмтэл дээр эм тариа эмчилгээний зардал гэх зүйл байхгүй. ...гаднаас 2 хүн орж ирэх үед би унтлагын өрөөндөө Агийн хамт хэвтэж байсан. ...Э нь манай гэрээс гарч явсныхаа дараа миний ...утас руу ...залгаад чамайг олоход амархан байгаа биз дээ, би чамайг ална гэж хэлсэн. ...Би харин хариуд нь өөрийынхөө утаснаас “...Цагдаад дуулага өгөөгүй байгаа. Хууль хатуу болсон. Орон гэрт дайырч орж ирж гэмтэл учруулна гэдэг хүнд шүү. Маргааш уулзаж зөв хүн шиг учраа ольё. ...” гэсэн утгатай мэссэж бичсэн. Надад хариу өгөөгүй. ...” /1-р хх-13-18, 129/,
гэрч Б.Агийн: “..Би Этой албан ёсны эхнэр, нөхөр хоёр байгаа юм. ...Би Этой 2022 оны 01 дүгээр сараас хойш хамт амьдрахаа больсон. Харин Амар-Эрдэнэ нь манай найз залуу байгаа юм. Энэ О гэх хүнийг нь танихгүй. ...Би О, Э нарыг унтлагын өрөөний гэрэл асаагаад орж ирснийг нь л мэдсэн. Тэрнээс өмнө би унтаж байсан болохоор хаалга нүдсэн эсэхийг нь бол мэдээгүй. Би гэрэл асаад сэрэхэд Э гэрэл асаагаад орны зүүн тал руу орж байсан. Харин О нь орж ирээд миний зүүн талд орны хажуу талд зогсож байсан. Тэгсэн Э нь чи миний эхнэртэй юу хийж байгаа юм гэсэн утгатай зүйл яриад гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд, чи нөхөр хүүхэдтэйг нь мэдэх үү гэсэн утгатай зүйл ярьж байсан. Миний харснаар Э нь А-ийн дээр нь гарчихсан нүүр хэсэг рүү нь цохиж байхаар нь би салгасан. Тэр үед О нь хаана байгааг нь анзаараагүй. Тэгсэн нэг харсан чинь А-ийн гадаад паспортыг нь эргүүлчихсэн зогсож байгаа харагдаж байсан. ...” /1-р хх-20-25, 136-137/ гэх мэдүүлгүүд,
2022 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл: “...Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 0000 тоотод бусдад зодуулсан гэх амаар гаргасан гомдлыг 2022 оны 8 дугаар сарын 6-ныб өдрийн 16 цаг 28 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. ...” /хх 2/,
20222 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хохирогч Ж.А-ийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10926 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ж.А-ийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-33-34/,
З.Эын эвдэж, гэмтээсэн эд хөрөнгийг үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-922/4369 дугаартай үнэлгээ: “...модон сандал 300,000 төгрөг, багана 100,000 төгрөг...” /1-р хх-40-42/,
Ж.А-ийн гэрт нэвтрэхдээ өөрийн олж авсан хохирогч Ж.А-ийн регистрийн мэдээллийг ашиглан Э.О нь цагдаагийн байгууллагын мэдээллийн санд нэвтрэн орж хайлт хийсэн болохыг нотолж буй Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13г/539 дугаартай албан бичиг, түүний хавсралт: “...Ж.А-ийн регистрээр 2022.08.06 05:22:39 search.police.gov системд, 2022.08.06 05:22:43 жолоочийн мэдээлэл хайсан, 2022.08.06 06:42:48 онооны мэдээлэл хайсан...” /хх-106-107/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч З.Э, Э.Онарын тус тус үйлдлээрээ санаатай нэгдэж Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух иргэн Ж.А-ийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж ”...шөнийн цагаар унтаж байсан Ж.А-ийн биед З.Э халдан зодсон, гэрт нь байсан Б.Атай маргаан үүсгэсэн, Ж.А-ийн иргэний мэдээллийг нь бичиг баримтаас нь зөвшөөрөлгүйгээр авсан, гэрийнх нь эд хөрөнгийг гэмтээсэн...” зэргээр Ж.А-ийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан...” гэсэн шинжийг,
З.Эын эхнэрээ хардсаны улмаас Ж.А-ийн нүүр рүү нь гараараа цохих зэргээр хүч хэрэглэн халдахдаа түүний эрүүл мэндэд нь “...баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг, Ж.А-ийн гэрийн 2 ширхэг модон сандлыг хугалж, гал тогооны баганыг тахийлгаж гэмтээж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, ...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэсэн шинжийг тус тус агуулсан байна.
Анхан шатны шүүх
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй,
хэргийн үйл баримтын талаар тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн,
Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн шүүгдэгч З.Э, Э.Онарын үйлдлүүдийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн:
шүүгдэгч З.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор,
шүүгдэгч Э.Оөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор тус тус оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгаж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч З.Э, Э.Онар нь гэм хорын хохиролд 400,000 төгрөгийг хохирогч Ж.Ад /1 хх 162/ төлсөн байна.
Шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нь Э.Оөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэдийгээр Э.Онь нь найз З.Эын дуудлагаар түүний эхнэрийн гэр бүлийн гадуурх харилцаатай холбоотойгоор З.Этой уулзсан боловч энэ нь Э.Оийн “...Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхээ эдэлдэг орон гэрт нь гэрийн эзэн Ж.А-ийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, найз З.Эын Ж.Ад хүч хэрэглэж байгаа үйлдлийг таслан зогсоохгүйгээр, Ж.А-ийн иргэний мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгөд нь хүрч, авсан...” үйлдлийг зөвтгөхгүй бөгөөд Э.Оийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан...” гэсэн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Э.Онь өөрийн гэм буруугаа үгүйсгэн “...Би Эыг хүн зодоод эсвэл уурласан уураа барьж дийлэхгүй ямар нэгэн үйлдэл гаргачихвий гэдэг үүднээс Амар-Эрдэнэ гэх хүний гэрт орчихоор нь араас нь дагаж орсон. Тэрнээс биш би ямар нэгэн санаа зорилгоор Амар-Эрдэний гэрт нэвтрэн орж хууль бусаар шалгаж, мөрдөж, олж тогтоосон асуудал бол байхгүй. ...” / гэж мэдүүлж байгаа ч З.Эын хүний биед халдан хүч хэрэглэж байгаа үйлдлийг таслан зогсоогоогүй, харин Ж.А-ийн гэрт орных нь хажуудах тавилга дээр байсан Ж.А-ийн иргэний бичиг баримтыг нь авч, иргэний мэдээллийг нь мэдэж авч байсан болох нь:
хохирогч Ж.А-ийн “... шууд гэнэт гэрлүүд астал яав гэтэл орж ирээд намайг зодож цохиж эхэлсэн. Би хэн хэн намайг цохиж байгаа талаар бол хараагүй, шууд доошоо нүүрээ дараад хэвтсэн. Харин намайг хоёулаа цохиод байгаа юм шиг байсан. Намайг цохиж байгаа талаар А нь хараад байж байсан. А нь тухайн үед Эоо болиоч ээ гэж орилсон. Тэгсэн Э нь гар утас гаргаж ирээд бичлэг хийгээд чамайг фейсбүүкээр од болгоно гэж хэлсэн. Харин О нь миний орны хажууд зогсож байгаад түрүүвч үзэж байснаа миний иргэний цахим үнэмлэхийг аваад халаасандаа хийчихсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-13-18, 129/,
гэрч Б.Агийн “...Би гэрэл асаад сэрэхэд Э гэрэл асаагаад орны зүүн тал руу орж байсан. Харин О нь орж ирээд миний зүүн талд орны хажуу талд зогсож байсан. ...Миний харснаар Э нь А-ийн дээр нь гарчихсан нүүр хэсэг рүү нь цохиж байхаар нь би салгасан. Тэр үед О нь хаана байгааг нь анзаараагүй. Тэгсэн нэг харсан чинь А-ийн гадаад паспортыг нь эргүүлчихсэн зогсож байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-20-25, 136-137/ зэргээр нотлогдож байна.
Тиймээс анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Э.Онь хохирогч Ж.А-ийн гэрт орсон санаа зорилго нь найз З.Эыг биеэ барьж чадахгүй элдэв асуудал гаргаж, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн түүний араас орсон. Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурь илэрхийлж шүүх хуралдаанд орсон. Гэвч түүний тодорхойлж буй санаа зорилго хэрэгжээгүй буюу найзыгаа гэмт хэрэг үйлдэхээс сэргийлээгүй, бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх, бусдын бие, эд хөрөнгөд халдаж гэмтэл учруулан, эвдэж сүйтгэхэд таслан зогсоогоогүй байна. Энэ нь хохирогч Ж.А, гэрч Б.А нарын мэдүүлэг болон тэдний үйлдлийн улмаас үүссэн үр дагавараар үгүйсгэгдэж байна...” гэсэн дүгнэлтийг хэргийн үйл баримтад нийцсэн, үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Оийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ