Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00347

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00347

 

 

 

 

АУГ ББСБ ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/03247 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Ад холбогдуулан гаргасан 120 149 192 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ш.А нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол Дилав Хутагт Жамсранжавын гудамж,  3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан манай байгууллагаас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг, 2,6 хувийн хүүтэй, 546 хоног буюу 18 сарын хугацаатай зээлсэн. Ш.А нь зээл, хүүд нийт 17 039 096 төгрөг төлсөн ба 2016.10.7-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2016.9.19-ний өдөр дуусгавар болсон. Одоо Ш.Ааас зээлийн үлдэгдэл 41 875 527 төгрөг, хүү 67 712 536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 452 129 төгрөг, зардал 100 000 төгрөг, нотариатын хөлс 9 000 төгрөг, нийт 120 149 192 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.А нь нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийн зээл авч, 20 000 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд 30 000 000 төгрөгийн маргаан байгаа. Гэтэл 30 000 000 төгрөгийг 114 313 418 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь байж боломгүй мөнгө хүүлэлт. Зээлийн гэрээний хугацаа эрт дууссан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа учир 114 313 418 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахдаа хэвлэмэл маягт бүхий өөрийн нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан гэрээнд зээлдэгчээр гарын үсэг зуруулсан байх бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг илтэд зөрчсөн гэрээ болсон. Гэрээний 1.6-д Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэх мэт нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж заажээ. АУГ ББСБ ХХК ХХК-аас энэхүү гэрээгээ Иргэний хуулийн дагуу байгуулсан гэж тайлбарлах бөгөөд Засгийн газрын шийдвэр, хууль журам энэ гэрээний үүрэгт хамаарахгүй гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчсөн. Гэрээний 4.8-д зааснаар зээлийн гэрээг сунгаж болох нөхцөл тусгагдсан байсан бөгөөд зээлдэгч талаас удаа дараа хүсэлтээ бичгээр болон амаар гаргасаар байтал шийдвэрлэлгүй үлдээж гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна. Мөн гэрээний үйлчлэх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 19 хүртэл 546 хоног гэж тогтоосон байтал гэрээнд байхгүй хугацааны хүү, алданги тооцож илтэд маш их хэмжээний хохиролтой нөхцөлд зээлдэгчийг оруулсан. Иймд 2015.3.20-ны өдрийн ЗГ143015 тоот АУГ ББСБ ХХК ХХК-ийн хэвлэмэл, өөрийн нэг талын эрхийг хамгаалсан, зээлдэгчийн эрхийг хязгаарласан зээлийн гэрээ нь нийтээр даган мөрдөх хэм хэмжээнээс хальсан, хууль зөрчиж байгуулсан гэж үзэж байгаа тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Гэрээ хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Ааас 120 149 192 /нэг зуун хорин сая нэг зуун дөчин есөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан АУГ ББСБ ХХК ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.А шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар АУГ ББСБ ХХК ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай Ш.Аын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 908 043 төгрөг, хариуцагч Ш.Аын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ааас 758 696 төгрөгийг гаргуулан АУГ ББСБ ХХК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хариуцагчийн эрхийг хэт доройтуулан мөнгө хүүлэгч нарт хуулиас давсан эрх олголоо. Ш.А 50 000 000 төгрөгийн зээл авсан. 17 039 096 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл болох 32 960 004 төгрөгт ногдох дүнгээр маргааныг хянан шийдвэрлэлгүй зээлийн үндсэн төлбөрт төлсөн баримтыг үнэлж дүгнэлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Жишээ нь 2016.5.7-ны өдөр үндсэн зээлд төлж шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг зээлийн дүнгээс хасаагүй. Хэрэв уг дүнг хасаж тооцсон бол зээлийн үлдэгдэл дүн гэх 41 875 527 төгрөг гэх нэмэгдүүлсэн хүүг бодож тооцсон нь өөрчлөгдөх ба шүүх уг баримтын утга, зээлээс хасагдах байсан байдлыг хянаж үзээгүй байна.

2. АУГ ББСБ ХХК ХХК-ийн бүх зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээний 1.6 д Байгалын гамшиг давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэх мэт нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байдаг бөгөөд энэ зүйл заалт нь нийтээр дагаж мөрдөж байгаа цар тахлын нөхцөл Монгол улсын засгийн газрын шийдвэр хууль журмаас давсан үйлдэл байгаа юм. Энэ заалтыг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж АУГ ББСБ ХХК аас нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүй нэмэгдүүлсэн (2020 оны 5 сарын 9 нөөс 2020 оны 9 сарын 16 хүртэлх хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулах шаардлагыг нь бүрэн хангаж шийдвэрлэсэн. Монгол улсын засгийн газрын шийдвэр, тогтоол, корона вируст халдвараас сэргийлэх гухай хууль. түүнтэй холбоотой гарсан хууль журмыг зөрчиж мөнгө хүүлэгчийн эрх ашигт нийцсэн хууль бус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

3.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа Ш.Атай удаа дараа уулзаж гэрт нь очиж байсан гэж мэдүүлсэн байдаг бөгөөд өөрсдийн эрх ашгийг бодож хөөн хэлэлцэх хугацааг хэвийн болгох зорилгоор Ш.Аыг шүүхээр эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн байдаг. Уг үйл ажиллагааг зориудаар зохион байгуулж хариуцагчийг өр төлбөрт оруулах хүү алданги тооцогдох, хохироох сэдэлтэй байсан байна. Зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн төлбөрийг шударга бусаар тооцож байгааг засаж залруулах, өөрт учирсан хүнд өвчний улмаас зээлийн төлбөрөө төлж барагдуулах боломжгүй байгааг АУГ ББСБ ХХК ХХК удаа дараа өргөдөл болон амаар, бичгээр мэдэгдэж байсан боловч түүнийг нь шийдвэрлэж өгөлгүй орон байрыг нь авах шунахай сэдэлтээр хүнлэг бус хандаж байна. Зээлийн гэрээний 4.8-д заасан заалтаар зээлийн гэрээг өөрчлөх, шинэчлэх өр төлбөрт орохгүй байх нөхцөл байдал байсан бөгөөд үүнийг нь АУГ ББСБ ХХК ХХК хэрэгжүүлэлгүй орхигдуулж гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан байна. Ш.А нь хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр гадаад улсад эмчлүүлсэн түүнийгээ нотолж БНСУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаас холбогдох хүсэлтээ АУГ ББСБ ХХК ХХК-д илгээж байсан, тухайн байгууллагын ажилтан өр барагдуулагч нар гэрт нь ирэхэд уулзаж бодит байдлыг мэдэгдэж байсан зэргийг нь шүүх харгалзан үзэж шийдвэрлээгүй байна. Хэт нэг талын эрх ашгийн төлөө өөртөө давуу эрх олгосон АУГ ББСБ ХХК ХХК-аас зээлдэгч талтай харилцан тохироогүй урьдчилан бэлтгэсэн загварыг шууд тулгаж байгуулагдсан тэгш эрхийн зарчимгүй 2015.3.20-ны ЗГ-1432015 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

5 835 774 төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах болсон байгаа бөгөөд 2020 оны 1 сараас Монгол улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хуульд заагдсан онцгой нөхцөл байдал үүссэн байтал хариуцагч нь хаанаас ийм үед ажил хийж орлого олж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах ямар ч боломжгүй байдлыг харгалзан үзэж шийдвэрлээгүй.

Ш.А нь АУГ ББСБ ХХК ХХК-ийн ажилтнуудтай удаа дараа уулзаж өргөдөл гаргаж байсан бөгөөд өөрийн хаяг байршилдаа одоог хүртэл амьдарч байгаа боловч шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж зарим нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн байна. Сураггүй алга болсон гэж тайлбарлаж байгаа боловч гэрт очсон зардал гэх 190 000 төгрөгийг ямарч баримт нотолгоог үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид олгохыг шүүх шийдвэрлэсэн байна.

Сөрөг нэхэмжлэл гаргахдаа 70 200 төлөөгүй бөгөөд 410 200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Шүүх үүнийг буруу тооцсон байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК ХХК нь хариуцагч Ш.Ад холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 120 149 192 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч Ш.А нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол Дилав хутагт Жамсранжавын  гудамж өрөө сууцаа барьцаалан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 546 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж авсан үйл баримт талуудын тайлбар, бичмэл баримт болох зээл, барьцааны гэрээгээр тогтоогдсон. /хх 11-15/

Хэрэгт хариуцагч зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хооронд нийт 17 039 096 төгрөг төлсөн, 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 19-нд дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон. /хх 1-2, 11-12/

Нэхэмжлэгчийн Өнгөрсөн хугацаанд Ш.Атай утсаар холбогдох болон гэрт нь шаардлага хүргэж зээлээ төлөхийг шаардахад хэд хэдэн удаа өөрийн биеээр ирж уулзан удахгүй төлнө, ах Ш.Г ЭТ ХХК нь төлж барагдуулна гэж өөрийн гараар хүсэлт бичин хугацаа авсаар ирсэн. Эв зүйгээр шийдэх хэд хэдэн санал тавьсан тохиролцох сонирхолгүй гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. /хх 22/

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт нийт 120 040 192 төгрөг үлдсэн гэх зээлийн тооцоололд, хариуцагч маргаантай байна. /хх 1-2, 58-59/

Нэхэмжлэгч мөн зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд маргаагүй ч суутган авсан дараалалд, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн гэж маргаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй хэдий ч анхан шатны шүүхээс үүрэг гүйцэтгэх дараалал, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлд 2 170 000 төгрөг, хүүд 1 300 000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлд 610 000 төгрөг, хүүд 529 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 291 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлд 2 780 000 төгрөг, хүүд 1 237 537, нэмэгдүүлсэн хүүд 32 739 төгрөг,

2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр зээлд 2 564 473 төгрөг, хүүд 1 227 686, нэмэгдүүлсэн хүүд 107 841 төгрөг,

2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүүд 1 668 381 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 331 619 төгрөг, нийт зээлд 8 124 473 төгрөг, хүү 5 434 133 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 480 490 нийлбэр дүнгээр 17 039 096 төгрөг төлсөн. /хх 58-59/

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дууссан байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх юм. Иймд гэрээний хугацаа дууссан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 41 875 527 төгрөгөөс хасч тооцох бөгөөд зээлийн үлдэгдэл 36 875 527 төгрөг болно. Мөн өдрийн байдлаар хүүд төлвөл зохих 12 463 828 төгрөгөөс төлсөн 3 765 752 төгрөгийг хасч тооцоход хүүгийн үлдэгдэл 8 698 076 төгрөг, зээл 36 875 527 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 331 619 төгрөгийн үүргийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид бичгээр хүсэлт гаргаж мөн оны 3 дугаар сард хүнд өвчний улмаас Солонгос улсад эмчилгээнд ирсэн. Цаашид зээлийн хүү алданги төлөх боломжгүй болж байгаа талаар мэдэгджээ. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагчаас үүрэг гүйцэтгэхийг шаардах нөхцөл үүссэн байхад нэхэмжлэгч тал үүргийг буцаан шаардах ажиллагаа хийгээгүй. /хх 63/

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дах хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно. Иймд хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн хүнд өвчний улмаас эмчлүүлсэн зэргийг тооцон зээлийн тооцооллыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тооцож хариуцагчаас нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 74 255 368 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Талуудын гэрээний 1.6-р зүйлд Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгуулагаас тогтоосон хорио цээр гэх мэт нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж заажээ. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. Нэхэмжлэгчийн санал болгосон гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ юм. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Дээрх заалт нь шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байх тул хэлцлийг бүхэлд нь бус харин гэрээний 1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой байх ёстой. Шийдвэрийн 2 дах заалтад барьцаа хөрөнгийг нэрлэн заагаагүй байгаа нь шийдвэрийн биелэлтэд нөлөөлөх тул барьцааны хөрөнгийн нэг бүрийн шинжийг нэрлэн заасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсоныг залруулж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/03247 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Ааас 74 255 368 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АУГ ББСБ ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 893 824 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.А шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 82,2 м.кв, тайлбатай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай гэж,

3 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар АУГ ББСБ ХХК ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №ЗГ1432015 тоот зээлийн гэрээний 1.6 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох тухай хариуцагч Ш.Аын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 908 043 төгрөг, хариуцагчийн төлсөн 407 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 337 750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч Ш.Ад олгож, хариуцагчаас 529 226 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 696 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД