Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/03247

 
 

 

 

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/03247

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А У ГББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

ХариуцагчШ.Ад холбогдох, 

120 149 192 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөх тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А У ГББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Ш.А нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол Дилав Хутагт Жамсранжавын гудамж, тоотод байрлах, 82,2 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан манай байгууллагаас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг, 2,6 хувийн хүүтэй, 546 хоног буюу 18 сарын хугацаатай зээлж авсан. Ш.А нь зээл, зээлийн хүүнд нийт 17 039 096 төгрөг төлсөн ба 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон. Одоо Ш.Ааас үндсэн зээлийн үлдэгдэл 41 875 527 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 67 712 536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 452 129 төгрөг, зардал 100 000 төгрөг, нотариатын хөлс 9 000 төгрөг, нийт 120 149 192 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.А нь өөрийн эзэмшлийн байрыг барьцаанд тавьж, манай А У ГББСБ ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-1432015 тоот зээлийн гэрээг ЗГ-1432017 тоот барьцааны гэрээг байгуулж, 50 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн авсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг 5 удаа хийсэн. Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17 039 096 төгрөгийг төлсөн. Үүнээс 41 875 527 төгрөгийг үлдэгдэл үлдсэн. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хамгийн сүүлд төлөлт хийсэн. Үүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр дууссан. Энэ хугацаанд Ш.Атай утсаар болон гэрт очиж холбогдож байсан. Ш.А зээлийн эргэн төлөлтийг хийнэ, байраа зарах гэж байгаа гэх тайлбарыг тавьдаг байсан боловч, сүүлдээ манай төрсөн ах Ш.Г мөнгийг авч өөрийн бизнестэй оруулсан буцааж төлөхгүй байна, манай ах зээлийг төлнө гэж хэлсэн. Ш.Ганбат манай компанитай ирж уулзаад би зээлийг төлнө гэсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ш.Аын нөхөр ирж уулзсан, зээлийг манай хадам ах төлнө, би мөн тусална гэж хэлсэн. Түүнээс хойш огт холбоо тогтоогоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр буцаагдсан. Бид эрэн сурвалжлуулж, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 41 875 527 төгрөг, зээлийн хүү 67 712 536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 452 129 төгрөг, гэрээнд заасны дагуу хариуцагчийн гэрт очсоны зардал 100 000 төгрөг, нотариатын хөлс 9 000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт нийт 120 149 192 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.А нь нэхэмжлэгч байгууллагаас 50 000 000 төгрөгийн зээл авч, 20 000 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд 30 000 000 төгрөгийн маргаан байгаа. Гэтэл 30 000 000 төгрөгийг 114 313 418 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь байж боломгүй мөнгө хүүлэлт байна. Зээлийн гэрээний хугацаа эрт дууссан, хөөн хэлэлцэх хуульд заасан байдлаас хэтэрсэн байгаа учир 114 313 418 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ш.А нь А У ГББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 546 хоногийн хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй зээлсэн, 50 000 000 төгрөгийн хүүнд 12 463 828 төгрөгийг төлж, нийт 62 463 828 төгрөгийг эргэн төлөхөөр зээлийн гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 5 дугаар байрны 22 тоот, 82,2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Ш.А нь 17 039 096 төгрөгийг эргэн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч талаас зээлээс хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч хасагдаагүй. 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг үндсэн зээл гэж шилжүүлсэн. Гэтэл үндсэн зээлээс хасаагүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хассан байна. 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж байсан. Үүнээс хойш хугацаанд нь төлөлтийг хийж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д хамаарах заалтыг авч үзээгүй. Мөн хариуцагч Ш.А удаа дараа зээлийг эргэн төлж чадахгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлж, гэрээг сунгах хүсэлтийн талаар бичиг хүргүүлж байсан боловч хариу өгөөгүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д гэрээг сунгах гэх заалт байдаг. Уг заалтыг хэрэгжүүлээгүй. Хариуцагч Ш.А гэрээний дагуу 62 463 828 төгрөг төлөх ёстой байтал 114 313 418 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хариуцагчийг маш хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Тиймээс 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ нь анх байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч байгууллага нь гэрээ байгуулахдаа хэвлэмэл маягт бүхий өөрийн нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан гэрээнд зээлдэгчээр гарын үсэг зуруулсан байх бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг илтэд зөрчсөн гэрээ байгуулсан байна. Гэрээний 1.6-д Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэх мэт нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж заажээ. ББСБ-аас энэхүү гэрээгээ Иргэний хуулийн дагуу байгуулсан гэж тайлбарлах бөгөөд Монгол улсын засгийн газрын шийдвэр, хууль журам энэ гэрээний үүрэгт хамаарахгүй байна гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээний 4.8-д зааснаар зээлийн гэрээг сунгаж болох нөхцөл тусгагдсан байсан бөгөөд зээлдэгч талаас удаа дараа хүсэлтээ бичгээр болон амаар гаргасаар байтал шийдвэрлэлгүй үлдээж гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна.Мөн гэрээний үйлчлэх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 19 хүртэл 546 хоног гэж тогтоосон байтал гэрээнд байхгүй хугацааны хүү, алданги тооцож илтэд маш их хэмжээний хохиролтой нөхцөлд зээлдэгчийн оруулсан байна. Иймд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ143015 тоот А У ГББСБ-ын хэвлэмэл, өөрийн нэг талын эрхийг хамгаалсан, зээлдэгчийн эрхийг хязгаарласан зээлийн гэрээ нь нийтээр даган мөрдөх хэм хэмжээнээс хальсан, хууль зөрчиж байгуулсан гэж үзэж байгаа тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А У ГББСБ ХХК-ийн хариуцагч Ш.Атай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ нь үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан. Гэрээний заалтууд нь А У ГББСБ ХХК-ийн эрх ашгийг хамгаалсан, хэт нэг талыг барьсан гэрээ юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй. Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тооцуулахаар сөрөг шаардлага гаргасан.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 57.2-т Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэх хуулийн заалтууд бий.Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гэрээ хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А У ГББСБ ХХК нь хариуцагч Ш.Ааас үндсэн зээлийн үлдэгдэл 41 875 527 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 67 712 536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 452 129 төгрөг, зардал 100 000 төгрөг, нотариатын хөлс 9 000 төгрөг нийт 120 149 192 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь А У ГББСБ ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэлд тооцох тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргажээ.

Ш.А нь А У ГББСБ ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 30 хоногт 2,6 хувийн хүүтэй, 546 хоногийн хугацаатай зээлсэн болох нь зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж талууд тохирсон байна.

Ш.А нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 17 039 096 төгрөгийг эргүүлж төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дууссан байхад зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгын баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байна.

Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байхад талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-т ...нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 21 хувь байна гэж заасан байх боловч нэхэмжлэгч байгууллагын зээлийн хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагын шаардаж байгаа нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь хуульд зааснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрээгүй байна.

Иймд хариуцагч Ш.Ааас үндсэн зээлийн үлдэгдэл зээлийн үлдэгдэл 41 875 527 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 67 712 536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 452 129 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Мөн хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдон гарсан зардал болох 190 000 төгрөгийг Ш.Ааас гаргуулах нь зүйтэй байна.

Мөн талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэстэй байх бөгөөд уг гэрээнд Ш.А нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Дилав Хутагт Жамсранжавын гудамж  тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Ш.А нь А У ГББСБ ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан, гарын үсэг зурсан үйл баримтад маргахгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж заажээ.

Зохигч талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөн, хуулийн аль шаардлагыг хангаагүй болох, мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан болохыг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.

Зээлийн гэрээний 1.6-д Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэх мэт нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байх боловч хэдийд ямар байгууллагаас тогтоосон хорио цээрийн улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухайгаа нотлоогүй байна.

Нөгөө талаар зээлийн гэрээний хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусан байх бөгөөд хариуцагч Ш.А нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгахаар талууд тохирсон байна.

Иймд хариуцагч Ш.Аын А У ГББСБ ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Зээлийн гэрээний 4.8-д зааснаар зээлийн гэрээг сунгаж болох талаар дурдсан байх боловч тухайн гэрээний хугацааг сунгах эсэх гэрээний талуудын харилцан тохиролцох асуудал тул үүнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний үйлчлэх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 546 хоног гэж тогтоосон байтал гэрээнд байхгүй хугацааны хүү, алданги тооцож илтэд маш их хэмжээний хохиролтой нөхцөлд зээлдэгчийг оруулсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Ааас 120 149 192 /нэг зуун хорин сая нэг зуун дөчин есөн мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан А У ГББСБ ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.А шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар А У ГББСБ ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай Ш.Аын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 908 043 төгрөг, хариуцагч Ш.Аын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ааас 758 696 төгрөгийг гаргуулан А У ГББСБ ХХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН