Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00095

 

Р.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03934 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Д-ын хариуцагч Н.А-, П.Г- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чинхүсэл, хариуцагч Н.А-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Н.Баттөмөрөөс Хьюндай женесис маркийн автомашиныг Н.А-гаар дамжуулан 49 000 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Н.А, П.Г- нар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирж уулзан Хьюндай женесис маркийн автомашиныг чинь авъя, бид зараад ломбарднаас Бенз Е300 маркийн автомашиныг авч, 72 000 000 төгрөгөөр тооцож өгье, таны машиныг 49 000 000 төгрөгт тооцон авч, үлдэгдэл 23 000 000 төгрөгийг бартераар дуусгая гэх саналыг тавьсан. Бид 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл болох 72 000 000 төгрөгийн Бенз Е300 маркийн автомашиныг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны дотор Р.Д-д шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл Н.А- нь гэрээнд заасан хугацаанд автомашиныг шилжүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Бенз Е300 маркийн автомашиныг шилжүүлэн өгөх шаардлага тавихад машиныг зарсан тул буцаан өгөх боломжгүй мөнгөөр төлье гээд 11 сард 2 удаагийн үйлдлээр нийт 25 000 000 төгрөгийг миний Хаан банкны дансанд буцаан шилжүүлсэн, дараа нь 2 000 000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 22 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Р.Д-тай гэрээ байгуулсан нь үнэн. Би Солонгос Улсаас орж ирсэн Хьюндай женесис маркийн автомашиныг 49 000 000 төгрөгөөр үнэлж худалдсан ба автомашины үнэ 45 000 000 төгрөг дээр нэмээд 1 айлын газрыг 4 000 000 төгрөгөөр бодож, нийт 49 000 000 төгрөгөөр худалдан авсан. Би Р.Д-тай уулзаж мерседес бенз 2014 оны Е300 маркийн автомашиныг санал болгож, 2 талаас ярьж байгаад Р.Д- нь худалдан авахаар болж Хьюндай женесис маркийн автомашиныг буцааж авах үед гэрээ хийсэн ба хэдэн өдрийн дараа Р.Д- нь мерседес бенз Е300 маркийн автомашиныг очиж үзээд сонирхохгүй гэдгээ хэлж бид хоёрын хоорондын наймаа буцсан. Р.Д- манай эхнэр П.Г-тай хийсэн гэрээгээ өөрөө биелүүлээгүй тул Хьюндай женесис маркийн автомашины үнэ 45 000 000 төгрөгөөс 5 айлын газрын мөнгө болох 27 000 000 төгрөгийг Р.Д-ын данс руу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус бүр шилжүүлсэн. Иймд Р.Д- бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөр тооцоогүй гэж бодож байгаа гэжээ.

 

Хариуцагч П.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Д-тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр АНУ-аас орж ирсэн мерседес бенз маркийн 2010 онд үйлдвэрлэсэн автомашиныг худалдсан ба үнийн дүнгийн тодорхой хувьд 5 айлын газар худалдан авсан. Үнийн дүн нь 18 000 000 төгрөг. 4 айлын газрыг 1 айлыг 4 000 000 төгрөгөөр тус бүр бодож 1 айлын газрыг 2 000 000 төгрөгөөр, нийт 18 000 000 төгрөгөөр авсан. Р.Д-тай миний бие тухайн 5 айлын газрыг 2019 оны 8 дугаар сард багтаан өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх, тухайн сард багтаан шилжүүлж өгөөгүй нөхцөлд 5 айлын газрын мөнгө болох 18 000 000 төгрөгийг бэлэн өгнө гэж хоорондын гэрээ байгуулсан боловч Р.Д- нь шилжүүлж өгөөгүй учир хийсэн гэрээгээ зөрчин миний нэр дээр ямар нэгэн газар шилжиж ирээгүй болно. Иймд Р.Д-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Н.А-гаас 22 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Д-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч П.Г-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.А-гаас 267 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Д-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.А- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг огт хийлгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж зөвхөн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь энэ үйл явдал болохоос өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Н.А- би өөрийн өмчлөлийн авто ломбардаас авсан зээлийн барьцаанд байсан Бенз жи эл кэй 350 маркын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Р.Д-д худалдсан. Тодруулбал Р.Д- нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж өөрийн эхнэрийн дүү гэх Н.Лувсангийн нэр дээр тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авсан ба тээврийн хэрэгсэл худалдсаны үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгт тооцож, 5 айлын газрыг надад өгөхөөр тохиролцсон. Улмаар Р.Д- нь өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээрх эзэмшил газрыг гэрээ байгуулан, надад хэлбэрийн төдий шилжүүлсэн ба уг гэрээ огт хэрэгжээгүй учир 2019 оны 7 сард хариуцагчид худалдсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Д- нь надад өгөхөөр болсон. Энэ нөхцөл байдлыг мэдэх миний тээврийн хэрэгслийг худалдах гэрээнд худалдагч талаас оролцсон гэрч Н.Тэмүүжинг шүүх хуралдаанд гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна. Р.Д-ын надад худалдсан Хьюндай женесис маркын тээврийн хэрэгслийн үнэ 49 000 000 төгрөг биш бөгөөд жинхэнэ үнэ нь 45 000 000 төгрөгөөр тохирсон, 4 000 000 төгрөгт надад газар өгөхөөр тохиролцсон тул нийт үнийг 49 000 000 төгрөг гэж бичсэн. Маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчаас худалдаж авсан ба түүнд 27 000 000 төгрөгийг өгч үлдэх 22 000 000 төгрөгт надаас худалдаж авсан тээврийн хэрэгслийн төлбөрийг үлдэгдэл 22 000 000 төгрөгт бодон харилцан тооцож төлбөр дууссан. Энэ нөхцөл байдлыг Р.Д- өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрс бичлэгийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргаж өгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Намайг бусдын өмнө гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд гэж эргэлзээгүй дүгнэж байгаад туйлын ихээр харамсаж байна. Энэхүү хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд Р.Д- нь надтай холбогдож 2-3 сая төгрөг өгчих би газраа чамд шилжүүлж өгөөгүй учир чамаас худалдаж авсан машины үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгөө хасаад маргаанаа шийдвэрлүүлэх санал тавьсныг миний бие тухайд үед нь хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь үнэн олдоно, бид хэн хэндээ өглөггүй байж яахаараа бусдад мөнгө өгдөг юм гэдэг зарчим барьснаас үүдэлтэй. Шүүх хуралдаанд Р.Д-ыг биеэр оролцуулж нүүр тулж мэтгэлцэх, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн аваагүйд гайхаж байна. Би энэ хүнд нэг ч төгрөгийн өргүй. Дээрх нөхцөл байдлыг тогтоосны дараа шүүх шийдвэрээ гаргасан тохиолдолд Р.Д-ын нэхэмжлэл хэрэгсэхгүй болох нь тодорхой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Д- нь хариуцагч Н.А-, П.Г- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н.А- нь нэхэмжлэгч Р.Д-тай 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н.А- нь бенз-Е300 маркийн автомашиныг 72 000 000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Р.Д- нь 49 000 000 төгрөгт Хьюндай женесис маркийн автомашин, 23 000 000 төгрөгт хөөрөг, газар зэргийг харилцан шилжүүлэхээр тохиролцож, хариуцагч Н.А- нь Хьюндай женесис маркийн автомашиныг хүлээн авсан болох нь талуудын тайлбар болон тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Талууд дээрх гэрээгээр тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байгаагаас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч Н.А- нь гэрээний зүйл болох 72 000 000 төгрөгийн үнэ бүхий бенз-Е300 маркийн автомашиныг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч Р.Д-ын өмчлөлд шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Хариуцагч Н.А- нь гэрээний зүйл болох Хьюндай женесис маркийн автомашиныг бусдад худалдсан талаараа тайлбарласан байх бөгөөд 27 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Д-д буцаан төлж, үлдэх 22 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. Иймд дээрх хуульд зааснаар хариуцагч Н.А- нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 22 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Д-д төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 70-79-р тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч П.Г-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч Р.Д- нь дээрх арилжааны гэрээг хариуцагч Н.А-тай байгуулсан байх тул хариуцагч П.Г-д гэрээний дагуу үүрэг үүсэхгүй.

 

Хариуцагч нар татгалзалдаа 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Р.Д-ын эхнэрийн дүү Б.Лувсантай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийн автомашин худалдсан, тус автомашиныг нэхэмжлэгч Р.Д- авч, оронд нь газар өгөхөөр мөн өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан боловч газраа өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч уг гэрээнүүд нь нэхэмжлэлээр шаардаж буй арилжааны гэрээтэй хамааралтай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Н.А-гаас 22 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р.Д-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч П.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-т заасанд тус тус нийцэх юм.

 

Хариуцагч Н.А- давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хариуцагчийн гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой гэх боловч хариуцагчийн дээрх хүсэлт нь нэхэмжлэлээр шаардаж буй гэрээний үүрэгт хамааралтай бус өөр гэрээний үүрэгтэй холбоотой байх тул уг хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй.

 

Мөн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэргийн 188 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Очирваань нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх хариуцагч Н.А-гийн гомдол үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч нар нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ болон үйлчилгээ үзүүлэх гэрээтэй холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлагаа гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдлаа.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03934 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ... гэснийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 гэж, ... 205 дугаар зүйлийн 205.1 ... гэсний дараа, 205.2.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Г.ДАВААДОРЖ