Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 1579

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Р*******ийн Дын /РД: 0000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Н-ийн А /РД: 0000/, П*******ийн Г /РД: 0000/ нарт холбогдох

24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чинхүсэл,

Хариуцагч П.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.Д миний бие Н.Б*******өөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хьюндай женесис маркийн ******* арлын дугаартай, гаалийн бичигтэй, дугаар аваагүй тээврийн хэрэгслийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Агаар дамжуулан 49.000.000 төгрөгөөр худалдан авч итгэмжлэхээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч төлбөрийг төлсөн.

Гэтэл Н.А болон эхнэр П.Г нар 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ирж уулзаж мөнгөний асуудалтай байгаа болон ломбарданд тавьсан машины хүү өндөр болсон, эдийн засгийн хувьд хямралд орсон, та надад хьюндай женесис маркийн  ******* арлын дугаартай гаалийн бичигтай машинаа өгчих, бид зараад ломбарднаас бенз Е300 маркийн машиныг аваад өөрт чинь 72.000.000 төгрөгөөр тооцож өгье, таны машиныг 49.000.000 төгрөгөөр тооцож авах ба үлдэгдэл 23.000.000 төгрөгийг бартер хийх замаар дуусгая гэсэн саналыг удаа дараа тавьсан.

Саналыг зөвшөөрсөний дагуу нөхөр Н.А 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ирж миний хьюндай женесис маркийн  ******* арлын дугаартай, гаалийн бичигтэй авто машиныг гараар гэрээ үйлдэн зогсоол дээрээс авч явсан.

Н.А болон Р.Д бидний хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний бичгээр байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох 72.000.000 төгрөгийн бенз Е300 маркийн авто машиныг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны дотор Р.Дд шилжүүлэхээр тохиролцсон.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сард Н.А гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйл болох бенз Е300 маркийн авто машиныг шилжүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн.

Бенз Е300 маркийн авто машиныг шилжүүлж өгөөгүй, мөн миний хьюндай женесис маркийн  ******* арлын дугаартай, гаалийн бичигтэй машиныг дур мэдэн хүнд шилжүүлж намайг хохироосон.

Энэ талаар бенз Е300 маркийн машиныг шилжүүлэн өгөх шаардлага тавихад машиныг зарсан тул буцаан өгөх боломжгүй мөнгөөр төлье гээд 11 сард 2 удаагийн үйлдлээр нийт 25.000.000 төгрөгийг миний Хаан банкны дансанд буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 24.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд талууд гэрээнэс татгалзаж төлбөрийг буцаасан үйл баримт тодорхой байгаа тул гэрээнээс татгалзсан” гэж үзнэ.

Гэрээнээс татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан тул машины үлдэгдэл 24.000.000 төгрөгийг шаардах эрхтэй.

Иймд Н.А, түүний эхнэр Л.Ггаас нараас 24.000.000 төгрөгийг Р.Дд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.А 2019 оны 10 дугаар сарын 9-ний орой Р.Дтай уулзаж гэрээ хийсэн нь үнэн болно. Миний бие Р.Дтай Солонгос улсаас орж ирсэн хьюндай женесис маркийн машиныг 49.000.000 төгрөгөөр үнэ үнэлж худалдсан ба машины үнэ 45.000.000 төгрөг дээр нэмээд 1 айлын газрыг 4.000.000 төгрөгөөр бодож нийт 49.000.000 төгрөгөөр Р.Д нь худалдан авсан нь үнэн.

Миний бие Р.Дтай уулзаж мерседес бенз 2014 оны Е300 маркийн машиныг санал болгож 2 талаас ярьж байгаад Р.Д нь худалдан авахаар болж хьюндай женесис маркийн авто машиныг буцааж авах үед гэрээ хийсэн ба хэдэн өдрийн дараа Р.Д нь мерседес бенз Е300 маркийн авто машиныг очиж үзээд сонирхохгүй гэдгээ хэлж бид хоёрын хоорондын наймаа буцсан.

Р.Д манай эхнэр П.Гтай хийсэн гэрээгээ өөрөө биелүүлээгүй тул хьюндай женесис маркийн машины үнэ 45.000.00 төгрөгөөс 5 айлын газрын мөнгө болох 27.000.000 төгрөгийг Р.Дын данс руу 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 22.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус бүр шилжүүлсэн.

Иймд Р.Д бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөр тооцоогүй гэж бодож байгаа гэжээ.

Хариуцагч П.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П.Г Р.Дтай 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр АНУ-аас орж ирсэн мерседес бенз GLK350 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн авто машиныг худалдсан ба үнийн дүнгийн тодорхой хувьд 5 айлын газар худалдан авсан. Үнийн дүн нь 18.000.000 төгрөг. 4 айлын газрыг 1 айлыг 4.000.000 төгрөгөөр тус бүр бодож 1 айлын газрыг 2.000.000 төгрөгөөр, нийт 18.000.000 төгрөгөөр авсан.

Р.Дтай миний бие тухайн 5 айлын газрыг 2019 оны 8 дугаар сард багтаан өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх, тухайн сард багтаан шилжүүлж өгөөгүй нөхцөлд 5 айлын газрын мөнгө болох 18.000.000 төгрөгийг бэлэн өгнө гэж хоорондын гэрээ байгуулсан боловч Р.Д нь шилжүүлж өгөөгүй учир хийсэн гэрээгээ зөрчин миний нэр дээр ямар нэгэн газар шилжиж ирээгүй болно. Иймд Р.Дын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Н.А, П.Г нарт холбогдуулан 24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Н.Атай 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулан дараах зүйлийн харилцан тохирчээ.

-Р.Д нь Hyunday genius маркийн авто машиныг Benz-E300 маркийн авто машины урьдчилгаанд 49.000.000 төгрөгт тооцон Н.Ад хүлээлгэн өгч,

-Benz-E300 маркийн авто машины 72.000.000 төгрөгийн үлдэгдэл 23.000.000 төгрөгт бартер оролцуулж тооцоог дуусгахаар тохирч,

-Benz-E300 маркийн машиныг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны дотор Р.Дд хүлээлгэн өгч үлдэх төлбөрийг бартер оролцуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор дуусгахаар тус тус тохирч хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 8 дугаар тал/

Нэхэмжлэгч Р.Д нь иргэн Т.Б*******өөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу Hyunday genеsis маркийн, ******* арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн суудлын авто машиныг худалдан авагч Р.Дын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон бөгөөд гэрээний үнийг 10.000.000 төгрөг, төлбөр дууссан хэмээн гэрээнд тусгажээ.

Уг гэрээнд үнийг 10.000.000 төгрөг гэж тусгасан хэдий ч уг авто машиныг талууд 49.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон нь зохигчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд өгсөн тайлбар болон Н.А, Р.Д нарын 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн дээр дурьдсан гэрээгээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

Нэхэмжлэгч Р.Д нь иргэн Т.Б*******өөс Hyunday genеsis маркийн, ******* арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн суудлын авто машиныг 49.000.000 төгрөгөөр худалдан авч уг авто машинаа Benz-E300 маркийн авто машины урьдчилгаа 49.000.000 төгрөгт тооцон Н.Ад хүлээлгэн өгч Benz-E300 маркийн авто машины үнэ 72.000.000 төгрөгийн үлдэх төлбөр 23.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бартераар төлөхөөр, хариуцагч Н.А нь Benz-E300 маркийн авто машиныг нэхэмжлэгч Р.Дд 2019 оны 11 дүгээр сарын  7-ны дотор хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохирсон үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч Н.А нь Hyunday genеsis маркийн, ******* арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн суудлын авто машиныг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгч Р.Даас хүлээн авсан бөгөөд уг авто машиныг хариуцагч П.Г бусдад худалдсан талаараа 2020 оны 3 дугаар сарын 25, 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд тус тус тайлбарласан болно.

Хариуцагч Н.А, П.Г нар нэхэмжлэгч Р.Дд  Benz-E300 маркийн авто машиныг 2019 оны  11 дүгээр сарын 7-ны өдрийн дотор шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардахад хариуцагч Н.А уг Benz-E300 маркийн авто машиныг бусдад худалдсан тул мөнгийг нь төлье гээд 2019 оны  11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд нийт 25.000.000 төгрөгийг түүний Хаан банкны дансанд шилжүүлсэн тул машины үлдэх төлбөр 24.000.000 төгрөгийг нэхэмжилсэн болно хэмээн нэхэмжлэгч Р.Д маргаж байна.

Нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Н.А нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээний дагуу Н.А Benz-E300 маркийн машиныг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны дотор нэхэмжлэгч Р.Дд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч тэрээр уг үүргээ биелүүлээгүй бөгөөд уг авто машиныг бусдад худалдсан нь түүний өөрийн тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 80-98 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн гэрээ ёсоор нэхэмжлэгч Р.Даас хариуцагч Н.А Hyunday genius маркийн авто машиныг 49.000.000 төгрөгт тооцон хүлээн авсан бөгөөд тэрээр уг авто машины үнэд эхнэр П.Ггийн Хаан банк дахь ******* тоот данснаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “gene ама буц” гэсэн гүйлгэнэий утгатай 22.000.000 төгрөг, мөн данснаас 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “gene x mongo үлд” гэсэн утгатай 3.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын тайлбар болон нэхэмжлэгч Р.Дын Хаан банк дахь 5014460933 тоот дансны хуулгаар нотлогдож байна.

/ХХ-ийн 71-77, 102-103, 108-120 дугаар тал/

Хариуцагч Н.А нь нэхэмжлэгч Р.Даас Hyunday genеsis маркийн, ******* арлын дугаартай, 2014 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн 49.000.000 төгрөгийн үнэ бүхий суудлын авто машиныг хүлээн авсан ч уг гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 7-ны дотор хүлээлгэн өгөх ёстой Benz-E300 маркийн машинаа Н.А нь бусдад худалдсан, мөн уг Hyunday genеsis маркийн авто машиныг нь хариуцагч П.Г бусдад худалдсан тул нэхэмжлэгч Р.Д нь Hyunday genеsis машиныхаа үлдэх төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч нар нь авто машины үнэд нэхэмжлэгч Р.Дд нийт 25.000.000 төгрөг төлсөн бөгөөд Н.А нь өөрийн найзын данснаас 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсоныг дурьдлаа.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч талыг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээсээ татгалзан машины үлдэгдэл төлбөр 22.000.000 төгрөгөө буцаан шаардсан үндэслэлтэй.

49.000.000 төгрөг-22.000.000 төгрөг-3.000.000 төгрөг-2.000.000 төгрөг=22.000.000 төгрөг

  Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Н.А, П.Г нараас 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгох нь зүйтэй.

Р.Д нь П.Гтай 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үйлч******* үзүүлэх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар бага хоолой, бага аманд байрлах Г.Ө*******, Ө.М*******, Г.Б*******, Б.А******* нарын эзэмших эрх бүхий газруудыг П.Гд шилжүүлэх үйл ажиллагааг зуучлах үүргийг хүлээсэн гэжээ.

/ХХ-ийн 32-45, 134 дүгээр тал/

Г.Т, Б.Л нар 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан Г.Тд мерседес бенз GLK350 маркийн авто машиныг 25.000.000 төгрөгөөр, Р.Д нь Н.Атай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан Н.Ад хьюндай портер маркийн авто машиныг 11.000.000 төгрөгөөр тус тус худалдсан гэжээ.

/ХХ-ийн 37, 107 дугаар тал/

Дээрхи үйлч******* үзүүлэх гэрээ, мөн Г.Т, Б.Л нарын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн худалдах, худалдан авах, Р.Д, Н.А нарын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, иргэн Д.Оийн газар эзэмших эрхийн гэрч******* /эх хувь/ зэрэг нь  2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн гэрээний үүргийн биелэлт шаардсан Р.Дын нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хамааралгүй нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Р.Дын хариуцагч Н.Атай 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн гэрээний биелэлтийг шаардан ярилцсан 2 минутын ярианы бичлэг гэх 1 ширхэг си ди-г бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бэхжүүлсэн нь тодорхойгүй тул мөн нотлох баримтаар үнэлээгүйг дурьдлаа.

  Нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Н.А нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т заасны дагуу болон нэхэмжлэгч өмгөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Н.А, П.Г нараас 22.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А, П.Г нараас нийт 267.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгосугай.

 

3.  Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2740 дугаар бүхий захирамжаар хариуцагч Н.А, П.Г нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн ба уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.САРАНГҮН