Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/679

 

    

 

Т.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Х.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/442 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаяр 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 21 дугаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Т.Бт холбогдох 2208027570262 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:

тоотод оршин суух бүртгэлтэй, урд ял шийтгэгдэж байсан:

2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1099 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн;  

Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, ТБӨ хороолол, 000 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Ц.Аийг бусадтай хардаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, үснээс нь зулгаах, гар, хөлөөрөө нүүрэн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын ам задгай тоотод байх хашаанд Ц.Бтой тухайн үед таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр, толгой хэсэгт гараараа болон тоосгоор цохисны улмаас эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд зулгарал, зулай, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Шүүгдэгч Т.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, хохирогч Ц.Ат төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 8,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Бт олгож, хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Ггийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн:

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Ц.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ц.Бтой маргалдаж, түүний нүүр толгой хэсэгт гараараа болон тоосгоор цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан ба түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 болон 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилж ял оногдуулсан нь буруу байна.

Учир нь, хууль тогтоогч "хоёр, түүнээс олон хүнийг алсан" үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулахаар байна. Дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилж, тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШТ/442 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилж, ял оногдуулах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.  

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэмж хэлэх тайлбаргүй. Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна...” гэв. 

Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Б нь гэм буруу болон анхан шатны шүүхээс оногдуулсан ял дээр маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Т.Бт холбогдох 2208027570262 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Т.Бын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар:

1. 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, ТБӨ хороолол, 000 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Ц.Аийг бусадтай хардаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, үснээс нь зулгаах, гар, хөлөөрөө нүүрэн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 хохирогч Ц.Аийн: “...Би унтаж амрах гэтэл намайг хардаад “чи хүнтэй явалддаг, унтдаг янхан” гэж хэл амаар доромжлоод, нүүр, ам, толгой, гар руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Ингээд намайг цаг гаран зогсоо зайгүй цохиод, үстээд хана мөргүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11621 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ц.Аийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /хх-ийн 18-19/,  

шүүгдэгч Т.Бын хэргээ хүлээн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35/ зэргээр,

2. 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, задгай тоотод байх хашаанд Ц.Бтой тухайн үед таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр, толгой хэсэгт гараараа болон тоосгоор цохисны улмаас эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд зулгарал, зулай, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Бын: “...эзэнгүй хашаанд бид 4 архи ууж байх үед Баянаа гэх залуу нь “миний хоёр ахыг ингэж дарамтлахгүй” гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ над руу дайраад, миний толгой хойд хэсэгт тоосгоор 2 удаа цохиж, гараараа баруун нүд болон зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон. Баянбаатар гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиж учруулсан. Би цохиулаад хэсэг манараад ухаан алдсан. Буцаад сэрэхэд толгойноос цус их гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65, 88-89/,

гэрч Л.А-ийн: “...Баянаа гэх залуу Б гэх залуутай маргаад, би чамаас том байсан. Би цэрэгт байхдаа том байсан гээд тэр хоёр маргалдсан. Маргаад бие засахаар явах үедээ Б Бын толгой хэсэгт 2 удаа цохисон...” /хх-ийн 71/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9894 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ц.Бын биед тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, зулай, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” /хх-ийн 54-55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 185 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт: “Ц.Бын биед учирсан тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба эдгээр гэмтлүүдийг байрлалаар нь салгаж үзвэл зүүн зулайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл болон баруун нүдний алимын салстын цус харвалт, баруун дээд зовхины зулгаралт, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин доод уруулын язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба эдгээр толгойн хэсэгт учирсан гэмтлүүдээс үүснэ. Эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гараар цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Бүгд нэг удаа газарт унах үед үүсэх боломжгүй.” /хх-ийн 83-84/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Прокуророос шүүгдэгч Т.Бын 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Ц.Аийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Ц.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь Эрүүгийн хуулийн нэг зүйлийн 2 хэсгээр зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх зөвтгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хууль тогтоогч “...Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх талаар заасан байх ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...2.6.хоёр, түүнээс олон хүнийг; ...2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;...” гэж Т.Бын 2 хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг нэг зүйл, хэсгээр зүйлчлэхээр заасан байна.

 Дээрх үндэслэлээр Т.Бт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг үйл баримтад нийцүүлэн зөв шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/442 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Адуучийнхан овогт Тогоохүүгийн Баянбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай....” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Д.Отгонбаярын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 21 дүгээр дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ