Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/442

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Т.Б******, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208027570262 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт,

 урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 446 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1099 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,

****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн,

А****** овогт Т******гийн Б****** /РД:******/.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ****** дүүргийн 34 дүгээр хороо, ****** ******-Өлзий хороолол, 759-2-103 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Ц.А******ийг бусадтай хардаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, үснээс нь зулгаах, гар, хөлөөрөө нүүрэн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****** дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын ам задгай тоотод байх хашаанд Ц.Б******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр толгой хэсэгт гараараа болон тоосгоор цохисны улмаас эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд зулгарал, зулай, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 3 дугаар сарын 10ы өдрийн 254 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Т.Б******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогч А****** надаас 5 дугаар сард салаад явсан. 7 дугаар сард ирэхдээ жирэмсэн байсан. Тухайн өдөр би гэртээ ганцаараа унтаж байсан. А******ийг ирнэ гэж мэдээгүй. Шөнө ирээд өөрийнхөө гарыг зүсээд байсан. Арай гэж хутгыг нь автал хана мөргөөд байсан. Уурлахаараа өмнө нь хана мөргөж байсан. Би ноцолдож байж хутгыг нь салгаж аваад, дарж унтуулаад өглөө гаргаад явсан. Зөрчил гарсан асуудалд би эрүүл байсан. Би цохиж зодсон зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлт гарсан учир маргах зүйлгүй. Б******ыг зодсон асуудал энэ хэргээс өмнө болсон. 10 дугаар сард гэнэт цагдаагаас залгасан. Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж эхнэрээ зодсон. 2-9 насны 3 хүүхэдтэй. Чулууны үйлдвэрт ажилладаг. Би зодсон үйлдлээ зөвшөөрч байна. Гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би архи хэрэглэхээрээ хүнээ байчихдаг. Өөр хүн миний биед орчихсон юм шиг болдог. Би архины эмчилгээ хийлгээд одоо хэрэглэдэггүй. Зодсон нь миний буруу. Б******т ер нь бол би гар хүрээгүй. Б****** шөнөжин архи уугаад агсам тавьсан гэж хажуу айлын хүн нь дараа нь хэлж байсан. Би хувиараа хөөрөг хийдэг. Нийгмийн даатгал төлдөггүй. Сарын 4,000,000-5,000,000 төгрөгийн цалинтай.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- ****** дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогч Ц.А******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Б******тай 2013 оны 8 дугаар сард танилцаад 2015 оны 7 дугаар сараас хойш хамт амьдарч эхэлсэн. Бид 8 нас, 5 нас, 1 нас 4 сартай 3 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдарч байна. Нөхөр Б****** аав, ээжтэйгээ хувиараа чулуугаар хөөрөг, эд зүйл хийдэг ажилтай. ****** дүүргийн 37 дүгээр хороо, ******-Өлзий хороолол, 759-2-103 тоот 2 өрөө байрыг түрээслэн амьдарч байсан. 2022 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 03 цагт ажлаа тараад гэртээ ирсэн. Тухайн өдөр нь байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцоод гэртээ ирсэн. Нөхөр Б****** согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ганцаараа байсан. Би унтаж амрах гэтэл намайг хардаад “чи хүнтэй явалддаг, унтдаг янхан” гэж хэл амаар доромжлоод, нүүр, ам, толгой, гар луу гараараа хэд хэдэн удаа цохисон. Ингээд намайг цаг гаран зогсоо зайгүй цохиод, үстээд хана мөргүүлсэн. Би “чамд ингэж зодуулж байхаар үхмээр байна” гэж хэлээд угаалтуур дотор байсан хутгыг аваад айлгахад Б****** утсаа гаргаж ирээд, “энэ өөрийгөө алах гээд байна” гээд бичлэг хийгээд байсан. Тэгээд өглөөний 09 цаг хүртэл миний хажуунаас холдохгүй, намайг байнга хажуудаа байлгаад байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 25ы өдрийн 11621 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Ц.А******ийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Шүүгдэгч Т.Б******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Асууж тодруулах зүйлгүй. Би гэмтэл учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 51 дэх тал),

            - Хохирогч Ц.Б******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ****** дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам 205 тоот хашааны гадаа 12 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэл дотор эхнэрийн хамаатан А****** гэх залуутай 0,75 литрийн Экс нэртэй архи хувааж ууж байсан. ******, ****** гэх 2 залуу ирсэн. Бид хэд дахиад дэлгүүрээс архи авч эзэнгүй хашаанд бид 4 архи ууж байх үед ****** гэх залуу нь “миний хоёр ахыг ингэж дарамтлахгүй” гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ над руу дайраад, миний толгой хойд хэсэгт тоосгоор 2 удаа цохиж, гараараа баруун нүд болон зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон. ...Би их зэргийн согтолттой байсан. Харин ******, А******, ****** хэр согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлж, холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлмээр байна.

...Миний бие огт унаж бэртсэн зүйл байхгүй. Би ****** гэх залууд зодуулж, дээрх гэмтлийг авсан. Б****** гараараа нүүр лүү хэд хэдэн удаа цохиж учруулсан. Би цохиулаад хэсэг манараад ухаан алдсан. Буцаад сэрэхэд толгойноос цус их гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65, 88-89 дэх тал),

- Гэрч Л.А******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******, ****** нар ирээд бид нар дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл аваад, манай гэрийн хашаанаас доод талд байрлах эзэнгүй хашаанд орж, 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж ууж байхад ****** гэх залуу Б****** гэх залуутай маргаад, би чамаас том байсан. Би цэрэгт байхдаа том байсан гээд тэр хоёр маргалдсан. Маргаад бие засахаар явах үедээ ****** Б******ын толгой хэсэгт 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 20ы өдрийн 9894 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Ц.Б******ын биед тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, зулай, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08ы өдрийн 185 дугаар хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Ц.Б******ын биед учирсан тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба эдгээр гэмтлүүдийг байрлалаар нь салгаж үзвэл зүүн зулайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл болон баруун нүдний алимын салстын цус харвалт, баруун дээд зовхины зулгаралт, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин доод уруулын язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба эдгээр толгойн хэсэгт учирсан гэмтлүүдээс үүснэ. Эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гараар цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Бүгд нэг удаа газарт унах үед үүсэх боломжгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/815 дугаар албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 150-151 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч Д.Г******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч Ц.Б****** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан. Т.Б******аас төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 158-159 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 120-122, 123-126, 128-130, 135-139, 143-148), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 140, 149) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Б.Б****** нь согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 12:00 цагийн орчимд ****** дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам задгай тоот задгай хашаанд Ц.Б******ыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр толгой хэсэгт гараараа болон тоосгоор цохисны улмаас биед нь тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд зулгарал, зулай, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

- Хохирогч Ц.Б******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед ...****** гэх залуу ...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ над руу дайраад, миний толгой хойд хэсэгт тоосгоор 2 удаа цохиж, гараараа баруун нүд болон зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65, 88-89 дэх тал),

- Гэрч Л.А******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****** Б******ын толгой хэсэгт 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),

- хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9894 дугаарЦ.Б******ын биед тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, зулай, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

- хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 185 дугаар: “Ц.Б******ын биед учирсан тархи доргилт, зүүн зулайд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод уруулд язрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба эдгээр гэмтлүүдийг байрлалаар нь салгаж үзвэл зүүн зулайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл болон баруун нүдний алимын салстын цус харвалт, баруун дээд зовхины зулгаралт, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин доод уруулын язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба эдгээр толгойн хэсэгт учирсан гэмтлүүдээс үүснэ. Эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гараар цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Бүгд нэг удаа газарт унах үед үүсэх боломжгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б****** нь “Хохирогч Б******т гар хүрээгүй” гэж мэдүүлснийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдоогүй, үгүйсгэгдсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Т.Б******ын хохирогч Ц.Б******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

2. Шүүгдэгч Т.Б****** нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 03:00 цагийн үед ****** дүүргийн 34 дүгээр хороо, ****** ******-Өлзий хороолол, 759-2-103 тоотод гэртээ хамтран амьдрагч Ц.А******ийг таарамжгүй харилцааны улмаас үснээс нь зулгаах, гар, хөлөөрөө нүүрэн тус газар нь олон удаа цохих зэргээр зодож, биед нь тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

- Шүүгдэгч Т.Б******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зодсон үйлдлээ зөвшөөрч байна. Гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- ****** дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогч Ц.А******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 03 цагт ...нөхөр Б****** согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ...намайг хардаад “чи хүнтэй явалддаг, унтдаг янхан” гэж хэл амаар доромжлоод, нүүр, ам, толгой, гар луу гараараа хэд хэдэн удаа цохисон. Ингээд намайг цаг гаран зогсоо зайгүй цохиод, үстээд хана мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал),

- хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11621 дугаар: “Ц.А******ийн биед тархи доргилт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Шүүгдэгч Т.Б******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэмтэл учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйлийн 1-д “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.” гэж тунхагласан бөгөөд Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталснаар гэр бүлийн харилцаа, хүчирхийллийг төр хамгаалах үүрэг хүлээжээ.

Шүүгдэгч Т.Б******ын хамтран амьдрагч Ц.А******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Т.Б******ын хохирогч Ц.Б******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хамтран амьдрагч, хохирогч Ц.А******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ц.А****** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, шүүгчийн туслахын утсаар ярьсан “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч Ц.А******т төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ц.Б******оос 8,000 төгрөгийн хохирлын баримт (хавтаст хэргийн 100 дахь тал) гаргаж өгснийг шүүгдэгчээс гаргуулж, түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “Шүүгдэгч Т.Б******аас 214,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяад олгуулах” саналыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.

Учир нь, нэхэмжлэгч гэж актив легитимац-материаллаг эрх зүйн үүднээс тухайн шаардах эрхийг эдлэх эрхтэй этгээдийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах зэрэг онцгой эрхийг эдэлдэг этгээдийг ойлгоно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж,

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа (хавтас хэргийн 155 дахь тал)-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн буюу иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, хуулийн этгээд нь итгэмжлэлээр ямар эрхийг олгож байгааг тусгайлан зааж, тэрхүү итгэмжлэлийн үндсэн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Б****** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Т.Б******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Т.Б******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 нэгж торгох тус тус оногдуулж, нийт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэж тус тус дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Т.Б******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, эхнэр, 3 хүүхдийн амьдардаг), бусдад учруулсан хохирлын хэмжээ (2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагч болон өмгөөлөгчийн эрүүгийн саналын хүрээнд шүүгдэгч Т.Б******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялын хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тогтоож шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б****** нь хохирогч Ц.А******т төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Т.Б******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А****** овогт Т******гийн Б******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Шүүгдэгч Т.Б******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б******т оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Б******т сануулсугай.

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б****** нь хохирогч Ц.А******т төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б******аас 8,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Б******т олгосугай.

8.Хохирогч Ц.Б****** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9.Иргэний нэхэмжлэгч Д.Г******ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БУЛГАНТАМИР