Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00135

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Г- ХХК, Б.Э-, Д.Д- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 102 513 119 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г- ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г- ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г- ХХК нь Х--тай 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1540000132 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 500 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 408 000 000 төгрөг, зээлийн хүүд 174 042 918 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 888 590 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 92 000 000 төгрөг, зээлийн хүүд 9 418 540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 094 579 төгрөгийг төлөөгүй байх тул зээлдэгч Г- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 102 513 119 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1540000132-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Б.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220613547 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000101697 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид Харш /17011/ 3 дугаар байр, 81 тоот хаягт байршилтай, 56.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ1540000132-02 тоот баталгаат ипотекийн гэрээгээр Д.Д-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032279 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн 000322208 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2016 оны 4 дүгээр сарны 01-ний өдрийн БИ1540000132-02 тоот баталгаат ипотекийн гэрээгээр С.Энхтуяагийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009012 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн 000050697 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Иймд хариуцагч Г- ХХК-иас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан бөгөөд С.Энхтуяагийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсад цар тахал /ковид 19/ гарсантай холбоотойгоор Засгийн газар болон Сангийн яамнаас холбогдох арга хэмжээг авсан байдаг. Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Барьцаа хөрөнгийн тухайд тоног төхөөрөмжүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь 500 000 000 төгрөгийн зээлээс 408 000 000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 92 000 000 төгрөг болсон байгаа. Барьцааны доорх хөрөнгүүд нь тус компанийн хөрөнгө биш бөгөөд дээрх иргэдийн орон сууцанд холбогдох үүргийг компаниас бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул Б.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид Харш /17011/ 3 дугаар байрны 81 тоот хаягт байршилтай, 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр, 14 тоот хаягт байршилтай 92.78 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, С.Энхтуяагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьцааны зүйлээс чөлөөлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Компанийн барьцаалсан бусад зүйл болох техник, тоног төхөөрөмж болон автомашинууд нь нэхэмжлэгчийн шаардлагын төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжтой гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийн үлдэгдэл 92 000 000 төгрөг болсон нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх болохгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, талуудын байгуулсан гэрээний 3.2.6-т зааснаар барьцаа хөрөнгийн дарааллыг барьцаалагч тогтоохоор заасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102 513 119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан барьцааны гэрээний зүйл болох Б.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 3 дугаар байрны 81 тоотод байшилтай, 56.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Д.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/2 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 236 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан хариуцагч Гранд элекро техноком ХХК-ийн барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х- ХХК-иас төлсөн 740 716 төгрөгийг, хариуцагч Гранд элекро техноком ХХК-иас төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Гранд элекро техноком ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 740 716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай компани нь нэхэмжлэгч банкнаас 500 000 000 төгрөгийн зээл авахдаа өөрийн үндсэн хөрөнгө болох өрөмдлөгийн тоног төхөөрөмж, нэхэмжлэгч банкны зээлээс нэмж авсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлүүдийг фидуцийн гэрээний үндсэн дээр барьцаалсан. Мөн нэхэмжлэгч банкны шаардлагаар хувь иргэдийн дараахь орон сууцыг нэмэлтээр барьцаалсан. Үүнд: Б.Э-ын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-220613547 дугаарт бүртгэлтэй, үл хөддөх эд хөрөнгийн 000101697 дугаартай гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Рапид Харш /17011/ 3-р байрны 81 тоот хаягт байршилтай 56.1 м2 талбайтай 2 өрөө орон сууц, Д.Д-ын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2206032279 дугаарт бүртгэлтэй, үл хөддөх эд хөрөнгийн 000322208 дугаартай гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр 14 тоот хаягт байршилтай 92,78 м2 талбайтай 3 өрөө орон сууц. Тус Компани нь 500 000 000 төгрөгийн зээлээс нэхэмжлэгч банкны нэхэмжлэлд дурьдсанаар үндсэн зээлээс 408 000 000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 92 000 000 төгрөг болсон байгаа. Тус компани нь дээрх иргэдийн орон сууцанд холбогдох үүргийг бүрэн биелүүлсэн байтал үүнийг авч хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч банкнаас 500 000 000 төгрөгийн зээлийг тус компани нь авч өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд зээлийн барьцаанд байгаа компанийн хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргах бүрэн боломжтой байтал зөвхөн зээлийг авч ашиглаагүй иргэдийн орон сууцнаас төлбөр гаргахаар шаардаж байгааг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Фидуцийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч банк нь өрөмдлөгийн тоног төхөөрөмж, нэхэмжлэгч банкны зээлээс нэмж авсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлүүдийг үнэлгээ тогтоон барьцаалсан уг үнэлгээнээс үзэхэд шаардаж байгаа төлбөрийг гаргуулах бүрэн боломжтой нь нотлогдож байгаа болно. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь стандарт гэрээ тул тус компани нь өөрчлөлт оруулах эрхгүй байсан болно. Иймд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02690 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож тус компанийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Г- ХХК, Б.Э-, Д.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 102 513 119 төгрөг гаргуулах, Д.Д-, Б.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г- нь эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Г- ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь 500 000 000 төгрөгийг, 84 сарын хугацаатай, 360 хоногт банкны 8 хувийн жилийн хувьсах хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Г- ХХК нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгө болох 500 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 18-22, 53-р тал/

 

Мөн нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Г- ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 27, 2013 оны 01 дүгээр сарын 30, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр фидуцийн гэрээ байгуулан, хариуцагч Г- ХХК нь өөрийн өмчлөлийн нийт 8 нэр төрөл бүхий тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Х- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 8-12, 33-43-р тал/

Улмаар нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Б.Э-, Д.Д- нартай 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 3 дугаар байр, 81 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013547 дугаарт бүртгэлтэй, 56.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, хариуцагч Д.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, 54/2 байр, 14 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032279 дугаарт бүртгэлтэй, 92.78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн С.Энхтуяатай баталгаат итотекийн гэрээ байгуулан, С.Энхтуяа, Б.Ганзоригт, Г.Самданшийрэв нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009012 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 8-12, 27-43-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.2.1-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрт тооцохоор тохиролцсон байх тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

Хариуцагч Г- ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 583 931 509.13 төгрөг төлж гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт үүрэг 102 513 119 төгрөг болсон болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 53-р тал/

 

Иймд хариуцагч Г- ХХК-иас үндсэн зээлд 92 000 000 төгрөг, хүү 9 418 540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 094 579 төгрөг, нийт 102 513 119 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлд шаардсанаар хариуцагч Д.Д-, Б.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсагт заасанд тус тус нийцжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь зөв. Учир нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дах хэсэгт зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг сонгох эрхтэй, мөн талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.12-т банк нь барьцаа хөрөнгүүдийг худалдах дарааллыг тогтоохоор тохиролцсон байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул сөрөг шаардлага үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ