Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00574

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00574

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар магадлалтай,

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гранд электро техноком ХХК, Б.Эрдэнэбаатар, Д.Дуламбаяр нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 102,513,119 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Гранд электро техноком ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Гранд электро техноком ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Гранд электро техноком ХХК, Б.Эрдэнэбаатар, Д.Дуламбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 102,513,119 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Гранд электро техноком ХХК үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Гранд электро техноком ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,513,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан барьцааны гэрээний зүйл болох Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 3 дугаар байрны 81 тоотод байшилтай, 56.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Д.Дуламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/2 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 236 дугаар зүйлийн 236.1-д заасныг баримтлан хариуцагч Гранд элекро техноком ХХК-ийн барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хас банк ХХК-иас төлсөн 740,716 төгрөгийг, хариуцагч Гранд элекро техноком ХХК-иас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Гранд элекро техноком ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 740,716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Гранд электро техноком ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.13-ны өдрийн 135 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус Компани нь нэхэмжлэгч банкнаас 500,000,000 төгрөгийн зээл авахдаа өөрийн үндсэн хөрөнгө болох өрөмдлөгийн тоног төхөөрөмж, нэхэмжлэгч банкны зээлээс нэмж авсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүдийг Фидуцийн гэрээний үндсэн дээр барьцаалсан. Мөн нэхэмжлэгч банкны шаардлагаар хувь иргэдийн дараах орон сууцыг нэмэлтээр барьцаалсан болно. Үүнд: Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлтийн Ү-220613547 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн 000101697 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Рапид Харш /17011/ 3-р байрны 81 тоот хаягт байршилтай 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Дуламбаярын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлтийн Ү-2206032279 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000322208 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Хунгийн хотхон 54/2 байр 14 тоот хаягт байршилтай 92,78 м.кв талбайтай 3 өрөө орон сууц. Тус компани нь 500,000,000 төгрөгийн зээлээс банкны нэхэмжлэлд дурьдсанаар үндсэн зээлээс 408,000,000 төгрөгийг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 92,000,000 төгрөг болсон байгаа. Тус компани нь дээрх иргэдийн орон сууцанд холбогдох үүргийг бүрэн биелүүлсэн байтал үүнийг авч хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч банкнаас 500,000,000 төгрөгийн зээлийг тус компани нь авч өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд зээлийн барьцаанд байгаа компанийн хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргах бүрэн боломжтой байтал зөвхөн зээлийг авч ашиглаагүй иргэдийн орон сууцнаас төлбөр гаргахаар шаардаж байгааг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Фидуцийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч банк нь өрөмдлөгийн тоног төхөөрөмж, нэхэмжлэгч банкны зээлээс нэмж авсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүдийг үнэлгээ тогтоон барьцаалсан уг үнэлгээнээс үзэхэд шаардаж байгаа төлбөрийг гаргуулах бүрэн боломжтой нь нотлогдож байгаа болно. Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүд нь стандарт гэрээ тул тус компани нь өөрчлөлт оруулах эрхгүй байсан болно. Давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг ... нөгөө талаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ... гэж үнэлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болосон байна. 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд иргэдийн өмчлөлийн 3 ширхэг орон сууц, өөрийн өмчлөлийн нийт 8 нэр төрөл бүхий тоног төхөөрөмжийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч банкны тайлбараар тус тус нотлогдож байгаа. Нэхэмжлэгч Банкны нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 92,000,000 төгрөг болох мөн нотлогдож байхад барьцааны эрх дуусгавар болох нь нотлогдохгүй байгаа гэсэн үндэслэлээр тус компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.13-ны өдрийн 135 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, тус компанийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Гранд электро техноком ХХК, иргэн Б.Эрдэнэбаатар, Д.Дуламбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 102,513,119 төгрөг гаргуулах, Д.Дуламбаяр, Б.Эрдэнэбаатар нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч Гранд электро техноком ХХК нь эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Гранд электро техноком ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102,513,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, барьцааны гэрээний зүйл болох Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш, 3 дугаар байрны 81 тоотод байшилтай, 56.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Д.Дуламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/2 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай, 92.78 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч Гранд элекро техноком ХХК-ийн барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 

7. Хэргийн баримтаас үзэхэд Хас банк ХХК нь 2012.12.27-ны өдөр Гранд электро техноком ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Хас банк ХХК нь 500,000,000 төгрөгийг, 84 сарын хугацаатай, 360 хоногт банкны 8 хувийн жилийн хувьсах хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Гранд электро техноком ХХК нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, 500,000,000 төгрөгийг хариуцагч компани хүлээн авсан байна.

 

8. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Гранд электро техноком ХХК-тай 2012.12.27, 2013.01.30, 2013.10.22-ны өдөр фидуцийн гэрээ байгуулан, хариуцагч Гранд электро техноком ХХК нь өөрийн өмчлөлийн нийт 8 нэр төрөл бүхий тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

9. Хас банк ХХК нь хариуцагч Б.Эрдэнэбаатар, Д.Дуламбаяр нартай 2012.12.27-ны өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 3 дугаар байр, 81 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013547 дугаарт бүртгэлтэй, 56.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, хариуцагч Д.Дуламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, 54/2 байр, 14 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032279 дугаарт бүртгэлтэй, 92.78 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн С.Энхтуяатай баталгаат итотекийн гэрээ байгуулан, С.Энхтуяа, Б.Ганзоригт, Г.Самданшийрэв нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 360 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009012 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.2.1-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрт тооцохоор тохиролцсон байх тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

11. Гранд электро техноком ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 583,931,509.13 төгрөг төлсөн ч гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх бөгөөд 2020.05.25-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт үүрэг 102,513,119 төгрөг болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэргээр тогтоогдсон байх тул хариуцагч Гранд электро техноком ХХК-аас нийт 102,513,119 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлд шаардсанаар хариуцагч Д.Дуламбаяр, Б.Эрдэнэбаатар нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн.

 

12. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дах хэсэгт зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг сонгох эрхтэй, мөн талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.12-т банк нь барьцаа хөрөнгүүдийг худалдах дарааллыг тогтоохоор тохиролцсон байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

13. Хариуцагч Гранд электро техноком ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02960 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Гранд электро техноком ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН