Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00017

 

 

“М И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02459 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М И” ХХК-ийн хариуцагч “С К” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 85 337 920.61 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М И” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “С К” ХХК-тай 110 кв хэмжээтэй тоноглол нийлүүлэх №SC_MH 2018/01 тоот гэрээг байгуулсан. Гэрээний нийт үнэ 253 737 457 төгрөг боловч талуудын харилцан тохиролцооны дагуу 15 836 181 төгрөгийн үнэ бүхий тоноглолыг дээрх үнээс хасаж нийлүүлэхээр тохиролцсоны дагуу гэрээний үнэ 237 901 276 төгрөг болсон. Гэрээний тусгай нөхцөлийн 4-р зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний нийт төлбөрийг 2 хувааж урьдчилгаа 40 хувь, бараа үйлдвэрт бэлэн болсноор 60 хувийг төлөхөөр гэрээгээр тохиролцсон. “С К” ХХК нь гэрээний урьдчилгаанд 94 073 453 төгрөг төлсөн бөгөөд дараагийн төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөг нийт 129 073 453 төгрөг төлсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 108 827 823 төгрөгийг төлөөгүй байна. “М И” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “С К” ХХК-тай Реле хамгаалалтын панель нийлүүлэх, суурилуулах №SC_MH 2018/02 тоот гэрээг байгуулсан, Бараа нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 326 275 төгрөг бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрийг 4 хувааж буюу 40 хувь, 30 хувь, 25 хувь, 5 хувь гэсэн графикаар төлж дуусгахаар харилцан тохиролцсон. “С К” ХХК нь гэрээний урьдчилгаанд 56 730 510 төгрөг төлсөн бөгөөд дараагийн төлбөрүүдийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөг нийт 96 730 510 төгрөгийг төлсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 45 095 765 төгрөгийг төлөөгүй байна. Мөн “М И” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “С К” ХХК-д гэрээний нэмэлт захиалга гэж 4057 ам.доллар буюу 9 831 206 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсний төлбөрийг төлөөгүй. “М И” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “С К” ХХК СР-Е24/2.5 power supply тоног төхөөрөмжийг 4 724 800 төгрөгөөр нийлүүлсэн төлбөрийг төлөөгүй. Иймд 110 кв-ийн тоноглол нийлүүлэх №SС_МН 2018/01 тоот бараа нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 108 827 823 төгрөг, Реле хамгаалалтын панель нийлүүлэх, суурилуулах №SС_МН 2018/02 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 45 095 765 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлтээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ болох 4057 ам.доллар буюу 9 831 206 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №SС_МН power supple тоног төхөөрөмж нийлүүлсэн төлбөр болох 4 724 800 төгрөг, нийт эдгээр гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 168 479 594 төгрөг байна. Манай компани нь хариуцагч компани болох “С К” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж тоног төхөөрөмж худалдан авсан ба уг тоног төхөөрөмжийн төлбөрт 115 953 416 төгрөгийг хариуцагч компанид төлөх өглөгтэй. Иймд хариуцагч компанид өгөх өглөгийг нэхэмжлэлийн нийт дүнгээс хасаж үндсэн төлбөрт 52 526 178 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 7-р зүйл болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангид 26 263 089 төгрөг нэхэмжилж байна. Манай компани Худалдаа хөгжлийн банкны Зээлийн шугамын гэрээтэй бөгөөд энэхүү нэхэмжлэлтэй холбоотой гэрээнүүдийн санхүүжилтэд дээрх зээлээс хийгдсэн байдаг хэрэв хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо цаг хугацаандаа төлсөн бол бид энэ нэхэмжлэлийн дүнгээр зээлийн төлбөрөөс хасагдаж хүү төлөхгүй байсан. Гэтэл одоог хүртэл бид гэрээний төлөөгүй үлдэгдэлд банкинд хүү төлж байгаа тул манай компанид учирсан хохирол болох зээлийн хүүд төлсөн бодит хохирол болох 6 548 653.58 төгрөг нийт 85 337 920.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С К” ХХК нь "М И” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №SС_МН2018/01 тоот 110 кв-ийн тоноглол нийлүүлэх гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №SС_МН2018/02 тоот Реле хамгаалалтын панель нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан. Хоёр компанийн хоорондын өглөг авлагын асуудал нь хоорондын үл ойлголцол, тооцоо нийлэхгүй, зөвшилцөхгүй байсны улмаас он дамжиж улмаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар “С К" ХХК нь "М И” ХХК-д 67 526 178.02 төгрөгийн өглөгтэй хэмээн тооцоо нийлсэн. Ийнхүү тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 15 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлж. нийт 2 115 284 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг тус компанид нийлүүлсэн тул 50 410 894.02 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С К” ХХК-аас 66 130 004.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 207 915.69 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610 445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 488 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 50 410 894 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг. Харин худалдах, худалдан авах гэрээний дагуу алданги тооцсон нь: №SС_М№2018/01 тоот гэрээний тусгай нөхцөлийн 7-д алдангийн хэмжээ нийлүүлээгүй болон төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувь байна. Алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтэрч болохгүй. Харин №SС_МN2018/02 тоот гэрээний мөн тусгай нөхцөлийн 7-д хоногт тооцох алдангийн хэмжээг зөвхөн нийлүүлээгүй барааны үнийн 0,3 хувийн алданги тооцох нөхцөлийг заажээ. Нэхэмжлэгч бараа материалыг хугацаандаа нийлүүлээгүй гэрээгээр алдангийн хариуцлага хүлээхээр байсан тул талууд хожим хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлээр тооцоо нийлж үзэхдээ алдангийн тооцоогүй билээ. Шүүх алдангийг хангаж шийдвэрлэхдээ: №SС_МN2018/02 тоот гэрээний тусгай нөхцөлийн 7-д алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж дүгнээд гэрээний үнэ 141 826 275 төгрөгийн 10 хувь 14 182 627 төгрөгийн алданги гэж бодсон. Тэгвэл тэрхүү 02 тоот гэрээнд алдангийн талаар тохиролцохдоо хоногт тооцох алдангийн хэмжээг зөвхөн нийлүүлээгүй барааны үнийн 0,3 хувийн алданги тооцох нөхцөлийг заажээ. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж алдангид тооцсон 14 182 627.52 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “М И” ХХК нь хариуцагч “С К” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85 337 920.61 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч алданги тооцсон хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бараа нийлүүлэх №SC_MH 2018/01 тоот, бараа, нийлүүлэх, суурилуулах №SC_MH 2018/02 тоот гэрээ тус тус байгуулагдаж, нэхэмжлэгч уг хоёр гэрээнд тусгагдаагүй мөн 14 556 006 төгрөгийн барааг хариуцагчид нийлүүлсэн нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогджээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /Хэргийн 6-23 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь бараа нийлүүлэх №SC_MH2018/01 дугаар гэрээний тусгай нөхцлийн 3-д зааснаар урьдчилгаа төлөгдөж, техникийн үзүүлэлт баталгаажуулснаас хойш хуанлийн 12 долоо хоногт бүтээгдэхүүнийг үйлдвэрт бэлэн болгох, тээвэрлэлт 2 долоо хоног гэж, хариуцагч нь тус гэрээний 4-д зааснаар урьдчилгаа төлбөр гэрээ баталгаажсанаар ажлын 3 хоногийн дотор гэрээний үнийн 40 хувь буюу 101 494 982 төгрөг, бараа үйлдвэрт бэлэн болсноор 60 хувь буюу 152 242 475 төгрөг төлөгдөж, барааны тээвэрлэлт эхлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Мөн бараа нийлүүлэх, суурилуулах №SC_MH2018/02 дугаар гэрээний тусгай нөхцөлийн 3-д зааснаар нэхэмжлэгч нь “урьдчилгаа төлөгдөж, техникийн үзүүлэлт баталгаажуулснаас хойш хуанлийн 8 долоо хоногт үйлдвэрт бэлэн болгох, тээвэрлэлт нэг долоо хоног, самбар угсралт 2 долоо хоног, суурилуулалтын ажлыг дэд станцын өргөтгөлийн ажлын хуваарьтай уялдуулан гүйцэтгэнэ” гэж, тус гэрээний 4-д зааснаар “хариуцагч урьдчилгаа төлбөр гэрээ баталгаажсанаар ажлын 3 хоногийн дотор гэрээний үнийн 40 хувь буюу 56 730 510.09 төгрөг, бараа үйлдвэрт бэлэн болсноор, 30 хувийн төлбөр 42 547 882.57 төгрөг төлөгдсөнөөр барааны тээвэрлэлт эхэлнэ, угсралт дуусахад 25 хувь буюу 35 456 568.81 төгрөг, Улсын комисс хүлээлцэхэд 5 хувь буюу 7 091 313.76 төгрөг төлөх”-өөр тус тус харилцан тохиролцсон байна. Талууд нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний биет байдлын болон эрхийн доголдлын талаар маргаагүй.

Хэрэв хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд дээрх 2 гэрээний тусгай нөхцөлийн 7-д заасны дагуу хоног тутамд тооцох алдангийг нийлүүлээгүй барааны болон төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувь байна. Алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар талууд гэрээгээрээ тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

            Хариуцагч №SC_MH2018/01 дугаар гэрээний дагуу нийт 144 909 634 төгрөг, №SC_MH2018/02 дугаар гэрээний дагуу нийт 96 730 510 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба хариуцагчаас 115 953 416 төгрөгийн барааг нэхэмжлэгчид нийлүүлэн 2 гэрээний төлбөрийн үүргээс хасаж тооцсон үйл баримт болон зарлагын баримтад авагдсан 578 800 төгрөгийн барааг хариуцагчаас хүлээж авсан үйл баримтын тухайд талууд маргаагүй. /хэргийн 22, 23, 47, 48, 51-53 дугаар тал/

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тооцооны үлдэгдлийн баталгааг хийхдээ талууд алданги тооцоогүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь гэрээгээр тохиролцсон нэмэлт үүргээс чөлөөлөх, алдангийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй бөгөөд тухайн тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн өдрөөс 0,3 хувиар алданги тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээр байна. Анхан шатны шүүхээс №SC_MH2018/01 дугаар гэрээний үүргийг дуусгавар болгон тооцож, №SC_MH2018/00 дугаар гэрээний үүрэгт 37 970 171.40 төгрөг төлөхөөр үлдсэн гэж дүгнэж, тус гэрээний үнэ 141 826 275.23 төгрөгийн 10 хувь болох 14 182 627.52 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар тооцсон нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд заасан алдангийн хэмжээг зөрчөөгүй байна.

            Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хохиролд нэхэмжилсэн 6 548 653.58 төгрөгийг хэрэгсэхгүй болгож нь шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу                       66 130 004.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 19 207 915.69 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                С.ЭНХТӨР