Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01118

 

“М-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02459 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалтай,

“М-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“СК” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 85,337,920.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч С.Баярзулын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М-И” ХХК нь “СК” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 85,337,920.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02459 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч СК ХХК-аас 66,130,004.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,207,915.69 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 488,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч С.Баярзул хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Манай компани нэхэмжлэлийн шаардлагаас худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөгдөх үндсэн төлбөрийн үлдэгдэл 50,410,894 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин №SC_МН2018/02 тоот гэрээний тусгай нөхцөлийн 7-д зааснаар “барааг хугацаандаа нийлүүлээгүй болон төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногт тооцох алданги нь нийлүүлээгүй барааны үнийн дүнгийн 0,3 хувь байна. Алдангийн нийт хэмжээ гэрээний нийт дүнгийн 10 хувиас хэтрэхгүй” гэсэн нь 1-рт алдангийн хариуцлагыг зөвхөн нийлүүлэгч талд тооцохоор байгааг ойлгох, мөн 2-рт хэрэв энэ заалтад манай тал буюу төлбөр төлөгч талыг алданги төлөх хариуцлагад хамаарна гэж үзвэл алдангийн нийт хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн нь гэрээний нийт үнийн дүнд гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй үүрэг давхар хамаардаг тул хэрвээ үүнийг хуулийн заалтад нийцүүлж ойлговол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар тооцох буюу шүүхийн дүгнэснээр №SC_МН2018/02 тоот гэрээний үлдэгдэл 37,970,171 төгрөгийн 10 хувиас хэтрэхгүй алданги бодохоор байгаа юм. Иймд шүүхүүд алдангийн талаарх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “М-И” ХХК нь хариуцагч “СК” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 85,337,920 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 66,130,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 19,207,915 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэнд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч “М-И” ХХК 2022.11.16-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж, хариуцагч төлбөрийг төлсөн тул хэргийг хааж өгнө үү гэсэн нь нэхэмжлэлээсээ татгалзсан агуулгатай, хариуцагч төлбөрийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг хуралдаан дээр гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуулийг зөрчөөгүй, бусдын ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч “М-И” ХХК нь хариуцагч “СК” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 85,337,920 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/02459 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “М-И” ХХК нь хариуцагч “СК” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 85,337,920 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 228,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД